Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/33

 

И.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-маа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нарт холбогдох эрүүгийн 2113001430100 дугаартай, 6 хавтастай хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек, шүүгдэгч Е.К-, түүний өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч Е.А-ын өмгөөлөгч Я.С-д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ *********** ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-** хүнтэй, *********** тоотод оршин суух хаягтай, ************ тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж ургийн овогтой И.Ж-, /РД: ***************/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл-** хүнтэй, ************ тоотод оршин суух хаягтай, ************** тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш ургийн овогтой Е.К-, /РД: *************/;    

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ********** ажиллаж байсан, одоогоор *********** ажилтай, ам бүл-** хүнтэй, ************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Е.А-, /РД: ***********/;

 

4. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

4.1. Шүүгдэгч И.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Н- болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А-, мөн төвийн сургалтын албаны арга зүйч Е.К- нартай,

4.2. Шүүгдэгч Е.К- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр, шүүгдэгч Е.А- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллахдаа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-тай тус тус бүлэглэж, 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй иргэн З.Г-, О.Б-, А.Е-, М.Ү-, А.Ж-, М.А-, М.Ас-, Х.С-, М.К-, Е.М-, Е.С-, Б.Б-, Е.Г-, Б.Б-, П.С-, Х.Ө-, А.Е-, А.М- нарын нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, улмаар тэдгээр иргэдийн ирцийн бүртгэлийг баталгаажуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2024 оны  6 дугаар сарын 07-ны  өдрийн 134 дүгээр яллах дүгнэлтээр И.Ж-, Е.А-, Е.К-  нарын  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

  

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн  2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор:           

6.1. Шүүгдэгч  Ж овогт И.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ш овогт Е.К-, Ш овогт Е.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 14000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.К-д  нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 11000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-ад оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Е.А-т оногдуулсан 14000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1(нэг) жилийн хугацаанд,

-шүүгдэгч Е.К-д  оногдуулсан 11000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Е.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилээр хасах, шүүгдэгч Е.К-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг тус тус тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож,  

6.6. Шүүгдэгч И.Ж-, Е.К-, Е.А- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 22.000.000 (хорин хоёр сая) төгрөгөөс иргэний хариуцагч М.Ү- 800.000 (найман зуун мянга) төгрөг, Х.Ө- 500.000 (таван зуун мянга) төгрөг, П.С- 500.000 (таван зуун мянга) төгрөг, Б.Б- 500.000 (таван зуун мянга) төгрөг, З.Г- 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, М.Ас- 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, Х.С- 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, М.К- 1.000.000 (нэг сая) төгрөг, Е.М- 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, М.А- 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, А.Ж- 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, нийт 10.600.000 (арван сая зургаан зуун мянга) төгрөг төлснийг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт иргэний хариуцагч Е.Г-аас 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, Б.Б-оос 800.000 (найман зуун мянга) төгрөг, М.У-аас 500.000 (таван зуун мянга) төгрөг, Х.Ө-ээс 800.000 (найман зуун мянга) төгрөг, П.С-оос 800.000 (найман зуун мянга) төгрөг, Б.Б-оос 800.000 (найман зуун мянга) төгрөг, А.Е-гаас 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, О.Б-аас 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, Е.С-ээс 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, А.Е-аас 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, А.М-ээс 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, нийт 11.400.000 (арван нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг тус тус гаргуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн 100900037010 тоот дансанд төлүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек нарын давж заалдах гомдолд:

7.1.Шүүхээс шүүгдэгч И.Ж-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх нөхцөлийг хэрэглэсэн боловч бусад гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх шүүгдэгч нараас ял, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан нь /хорих/ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй тул ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл болж байна.

7.2. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд: Шүүгдэгч И.Ж- нь анхан шатны шүүхийн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрт давж заалдах гомдол гараагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн талаар тайлбар мэдүүлэг гаргасан.

Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Сургуулийн элсэлтийн хяналтын тоо тухайн жилд батлагдсан хэмжээнд хүрдэггүй, энэ асуудал нь манай байгууллагад тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Тухайн үед хийсэн үйлдэл маань байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, хүүхдүүдийн суралцах эрхийг хангах үүднээс хийсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Бид жил бүрийн 3-р сард хөдөө гадаа явж, таньдаг мэддэг хүн бүртээ мэргэжлийн боловсролын сургалтад суралцах хүсэлттэй, мэргэжилтэй болох сонирхолтой хүн байвал холбогдоорой, сургуульд элсүүлж өгье гэж санал хүргүүлдэг байсан. Энэ ажлын хүрээнд надад зарим хүмүүс хандсан бөгөөд тэдгээр хүмүүсийг би бүртгүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлж, тухайн үед элсэлтийн бүртгэл хариуцаж байсан хүмүүст нэрсийг нь өгч бүртгүүлсэн гэж мэдүүлжээ. /Шийтгэх тогтоолын 3-р тал шүүгдэгчийн мэдүүлгийн хэсэг/ Энэхүү шүүгдэгчийн мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ямар шалтгаан нөхцөл байдлын улмаас суралцагч элсүүлэх болсон талаар мөн өөрийг нь буруутгаж буй элсэлтийн бүртгэл хариуцаж буй мэргэжилтэнд үүрэг даалгавар өгч бүртгэл хийлгэсэн гэх гэм буруутай үйлдлийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгчээ.

Шүүгдэгч И.Ж-ын энэхүү өөрийнх нь гэм буруутай /бүртгэл хийлгэсэн энэ талаар үүрэг даалгавар өгсөн гэх/ эсэх асуудлаар буруутгаж буй үйл баримтын талаар өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болгожээ. Тодруулбал: Шийтгэх тогтоолын 28 дугаар тал “...10 дахь заалтад ..,бүртгэл хариуцаж байсан Е.А- нь захирал И.Ж-ын үүрэг болгосноор Е.К-ийн нэгдсэн бүртгэлийн санд нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан, ангийн багш нарын нэрээр суралцагчдын ирцийн мэдээллийг оруулж байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж дүгнэжээ. Шүүгдэгч И.Ж-ын дээрх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүнийг үндэслэл болгосон шүүхийн дүгнэлт зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч И.Ж- нь өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн гэж үзнэ.

7.3. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн 1.2 дахь хэсэгт зааснаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр ...тэнсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч И.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

7.4. Шүүгдэгч И.Ж- нь өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлаж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тухайд: Анхан шатны шүүх шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нар нь 18 иргэнд хууль бусаар давуу бий болгосон үйлдлийн улмаас улсад 22.000.000 төгрөгийн хохирол учирсан үүнээс 10.600.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж 11.400.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй талаар дүгнэж, уг хохирлыг иргэний хариуцагч нараас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч И.Ж-ын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагийн зэрэгцээ өөрийнх нь үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлсөн болно. /хохирол нөхөн төлсөн баримт хавсаргав/

7.5. Шүүгдэгч энэхүү гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнх нь үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл бий болжээ. Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж өгнө үү.

7.6. Шүүгдэгч И.Ж- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс түүнд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж мөн зүйлийн 1.1 -т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл болгон хуульчилжээ. Тодруулбал: Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч И.Ж- урьд нь ял шийтгүүлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөлд “тухайн гэмт хэргийг санаатай, төлөвлөсөн байдлаар бус, харин тохиолдлын шинжтэйгээр гэнэтийн нөхцөл байдлын улмаас үйлдсэн байх нөхцөлийг мөн тухайн этгээд өмнө нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч И.Ж-ын хувийн байдлыг авч үзэхэд тэрээр урьд нь ял шийтгэлгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогддог. Энэ тохиолдолд шүүх түүнд ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байжээ.

7.7.Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэж хуульчилжээ. Угтаа бол хуулийн дээрх “...онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд” шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэнэтийн онцгой нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн онцгой байдал, Нийгмийн төлөө хийсэн эерэг үйлдэл, гавьяа шагнал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг шүүх хөнгөрүүлэхээр хуульчилсан. Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, И.Ж- хувьд дараах хувийн онцгой нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч И.Ж-ын эхнэр С.Б нь нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх” оноштойгоор байнгын эмчийн хяналтад байдаг бөгөөд түүний өвчин эмгэг нь Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон хүнд хэлбэрийн өвчин болно. Тэрээр байнгын эмчийн болон гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэдэг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул И.Ж-ын хувьд 3 өсвөр насны хүүхдийн асрамж шаардсан мөн гэр бүлийн гишүүдийг тэжээн тэтгэх хариуцлагатай үүрэг хүлээж буй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч хорих ял эдлэх тохиолдолд түүний ар гэр, тэжээгдэгчид амьдрах нөхцөл хүндрэх, гэр бүлийн гишүүний хүнд өвчин, эмгэг, эрүүл мэндийн нөхцөл байдалд тодорхой хэмжээний нөлөөлөхөөр байх тул шүүгдэгчийн дээрх хувийн онцгой нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

7.8. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх агуулга бүхий гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулж өгөхийг хүсье.

 

8. Шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд:

8.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С-д, шүүгдэгч Е.А- нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Е.А-т холбогдох хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

8.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шийдвэрийг зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу М,000,000 \арван дөрвөн сая\ төгрөгөөр торгох ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч байна.

8.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана гэжээ. Шүүгдэгч Е.А-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

8.4. Шүүгдэгч Е.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин санаасаа гэмшин ухамсарлаж буй, бусдад төлөх төлбөргүй, тухайн үед хашиж байсан албан тушаалаас чөлөөлөгдсөн, одоо өрх толгойлсон эмэгтэй, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан үндсэн болох 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг багасгаж өгөхийг хүсье.

 

9. Шүүгдэгч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд:

9.1. Шийтгэх тогтоолд “(1) ...прокурорын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 134 дугаартай яллах дүгнэлтээр шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх үйл баримтад холбогдуулан шүүгдэгч Е.А-, Е.К- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна, (2)...прокурор нь шүүгдэгч нарыг "бүлэглэж" гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтдээ тусгасан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлаагүй байгааг зөвтгөж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ, (3) ..Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоол, 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг зөрчиж, сургалтын байгууллагын дотоод журмыг мөрдөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдаагүй суралцагчийн ирцийн мэдээллийг цахим системд хуурамчаар бүртгэсэн, (4)...шүүгдэгч И.Ж- нь ...нэр бүхий 18 иргэдэд зөвхөн оюутны тэтгэлэг олгуулах ашиг сонирхлоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэдгээрийг мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэж, тэтгэлэг олгох боломж бүрдүүлэх үүргийг шүүгдэгч Е.К-, Е.А- нарт өгч, бусдад давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулж, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэжээ.

9.2. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж буй нотлох баримтыг шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хувийн этгээдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт чухал юм.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Е.К-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэрэг маргааны төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

9.3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.1-т “Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын суралцагчид тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална” гэж, 2.2. Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна: ...2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх; 2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагаар тодорхойлогдсон байх” гэж, мөн журмын 3.2-д “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулан хүргүүлнэ” гэж, мөн журмын 4.1-т “Сургалтын байгууллага суралцагчийн ирцийн мэдээллийг бодитой бус үнэлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан, удаа дараа хугацаа хоцроож ирүүлсэн бол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж,

Мөн Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 2.2-д “Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна: ... 2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;” гэж, мөн журмын 3.2-т “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж, мөн журмын 4.1-т “Сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анг дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 4.4-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэлэг олголтын явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зохих дүгнэлт улирал бүр гаргана” гэж тус тус заасан.

Хэргийн 229 дэх талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийс тэмдэглэлд: “...Зураг №4. Тухайн цэсээс "Ирцийн бүртгэл” цэс рүү орох үзлэгт байлцсан З.Есболат нь энэ хэсгээс багш нар над руу суралцагчд ирцийг ирүүлдэг ...үзлэгийг үргэлжлүүлэн анги удирдсан багш нар ирцийн бүртгэлийг хэрхэн хийдэг болох талаар тодруулахаар үзлэгийг хийв. Зураг№6. Анги удирдсан багшийн эрхээр цахим санд хэрхэн ямар байдлаар  ирцийн бүртгэлийг хийдэг болон хэдэн системд ханддаг талаар тодруулан үзэхэд 1. Суралцагч, 2. Анги бүлэг, 3. Ирцийн бүртгэл, 4. Төгсөлт,  5. Нөхөн олголт, архив гэх цэсүүд байв. Уг цэсээс ирцийн бүртгэл хэсэг рүү ороход багш нараас бүртгэл хийгдсэнээр төлөв харагдаж байв...” гэжээ.

Хэргийн 186 дугаар талд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын “Анги удирдсан багш, дадлага лаборатори, кабинет хариуцуулах тухай” 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/42 дугаартай тушаалын хуулбар авагдсан байх ба 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий 18 суралцагч нарын анги удирдах багшаар Ш.Т, Т.Б, Р.В, Ш.И, Б.С, Ш.Н, О.Б нар ажиллаж байсан, ХХ-ийн 169-р талд авагдсан нотлох баримт 2019-2020 оны хичээлийн жилийн суралцагчдын тэтгэлэг бүртгэгдэх мэдээлэл нь үнэн болохыг батлах баримтад анги удирдах багш Ш.Т, Т.Б, Р.В, Ш.И, Б.С, Ш.Н, О.Б нар бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байдалтай байна.

Яллагдагч Е.К- 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад буруугүй бэ гэхээр би өөрөө захирал И.Ж-ын баталсан элсэлтийн тушаалын хавсралтаар баталсан хүүхдүүдийн нэрсийг цахимд бүртгэсэн. Намайг яллагдагчаар татсан тогтоолд 18 хүний нэрийг сүүлд шивсэн үйлдэлд буруутгаж байгаа юм байна. Гэвч тухайн 18 хүнээс нэг ч хүнийг миний бие шивээгүй, энэ бүх хүний нэрсийг хүний нөөц, статистик хариуцсан мэргэжилтэн Е.А- миний эрхээр шивсэн байдаг юм. Тухайн үед би өөрөө ямар ч хүнийг санд шивээгүй гэдгийг нотолж чадна. Над руу Е.А- миний хувийн чат хаяг руу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "...энэ захирлын оруулсан нэрсийн жагсаалт гээд 2 excel файл явуулсан. Тус файлд байгаа хүүхдүүдийг бүртгэсэн үү гэж надаас асуусан тэгэхэд нь би үгүй амжихгүй байна гэж хариулсан. Тэгтэл А- нь тэгвэл би одоо бүртгэчихье, захирал бүртгэлд оролгүй үлдчих вий дээ гэж байна" гэхээр нь би хариу өгөөгүй. Тухайн үед шууд өөрөө бүртгэх талаар хэлсэн. Миний хувьд нэг ч хүүхдийг бүртгээгүй, харин миний кодыг өмнө нь захирал И.Ж- надаас цахимд нэвтрэх кодоо өгчих, би оруулсан хүүхдүүдийн нэрсийг хянах эрхтэй, чиний эрхээр бол бүгд харагдана тийм болохоор эрхээ өгчих гэхээр нь өгч байсан. Захирал И.Ж- нь миний цахимд нэвтрэх кодыг Е.А-т өгч шивүүлсэн гэж үзэж байна. Ийм болохоор би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би танд Е.А-ын надад явуулсан 14 хүний нэрс бүхий файлыг задалж хэвлэсэн 1 хуудас материал болон хоорондоо казах хэл дээр харилцсан чат зэргийг гаргаж өгөх болно. Иймээс надад холбогдох хэргийг би огт зөвшөөрөхгүй байгаа юм. ...над руу чат бичээд мөн 14 хүний нэр бүхий файл явуулсан байдаг түүнийг би шивээгүй, А- өөрөө шивье гээд шивсэн болохоор одоо энэ яллагдагчаар татагдаад байгаа 18 хүнийг Е.А- шивсэн гэж үзэж байна.” гэжээ.

Мөн яллагдагч Е.К- 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...Би өмнө нь хэлээгүй зүйлээ нэмж хэлэхээр ирсэн юм. Яг бодит байдал дээр миний бие энэхүү яллагдагчаар татагдаад байгаа 18 хүнтэй ямар ч хамааралгүй энэ хүмүүсийг нэгдсэн системд ч бүртгээгүй. Улаанбаатар хотод сургалт болж аймаг бүрийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд системийн админ эрхийг өгсөн. Тухайн үед манай сургуулийн админ эрх надад байсан. Ингээд миний эрхээр бол системд бүх хандалтыг хийж болдог бөгөөд сургуулийн захирал асан И.Ж- би захирлын хувьд хянах эрхтэй чи надад эрхээ өгөө гэхээр нь би захиралд эрхээ өгсөн байсан. Ингээд намайг яллагдагчаар татаад байгаа 18 хүнийг Е.А- шивсэн ингэхдээ миний эрхээр шивсэн үүнтэй холбоотой баримт болох хоорондоо харьцсан чатыг би танд гаргаж өгсөн. Өмнө би яагаад энэ талаараа хэлээгүй бэ гэхээр танайхаас шалгалт явуулж байхад И.Ж-тай холбоотой л явуулж байна гэж ойлгосон. Мөн захирал И.Ж- ч гэсэн надад тэгж ойлгуулсан. Захирал хэлэхдээ АТГ-аас надад шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухайн үед бүртгэсэн хүүхдүүд бол миний үүрэг даалгаврын дагуу бүртгэгдсэн чамд ямар ч хамаарал байхгүй гэхээр нь би энэ талаар тодорхой хэлээгүй байсан юм. Тэгээд сүүлд яллагдагчаар татагдсан хойно би бүртгээгүй талаарх баримтуудаа гаргаж өгч байгаа юм. ” гэжээ.

Яллагдагч И.Ж- 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...Энэ 18 хүний нэрсийг бол Н- гэж хүн авч ирсэн. Тухайн үед манай сургуульд суралцагч хэрэгтэй байсан болохоор би Н-ийн өгсөн нэрсийг авсан. Ингээд би өөрөө санд шивэх эрх байхгүй болохоор Е.А-т нэрсийг өгөөд энэ хүмүүсийг шивж бүртгэж ав гэдэг чиглэлийг бол өгсөн. Харин К- бол яагаад холбогдоод байгааг ойлгохгүй байна. Гэхдээ Е.К-ийн хувьд сургуулийн цахим системд Админ эрхийн сургалтад 8-р сард очиж суралцаад ирсэн болохоор Е.К- шивсэн мэт харагдаж байж магадгүй гэхдээ Е.К-д бол шив гэж хэлээгүй, гэхдээ маш олон хүүхдийг шивэх шаардлагатай болохоор А-т би Е.К-д сан дээр хүүхдийн нэрс шивэхэд туслаарай гэж байсан. Тэгэхээр ер нь бол Е.К-ийн эрхээр бүх хүүхэд шивэгддэг. Е.К-ийн эрх ганц надад гэлтгүй бүх хүнд л тараачихсан байсан. Компьютер дээр юм хийдэг бүх л хүн түүний кодыг аваад сурагчдыг шивж байсан” гэжээ.

Яллагдагч Е.А- 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...Би санаатай тухайн хүмүүсийн нэрсийг шивээгүй, тухайн хүмүүсийн нэрсийг захирал И.Ж- шив гэсний дагуу шивсэн тийм болохоор сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Тухайн 18 хүн дотор миний төрсөн дүү Е.Г-, ах О.Б-, том ах Ё.С- нар байгаа. Энэ хүмүүсийг санд шивэхдээ би захирал И.Ж-ад би энэ 3 хүнийг нэмээд шивж болох уу гэхэд болно гэсний дагуу шивсэн ...Тухайн үед манай сургуулийн анги дүүрэхгүй байсан болохоор захиралд хэлж байгаад анги дүүргэх зорилгоор шивсэн. Би Е.К- рүү чат бичсэн нь үнэн. Би чат бичээд өөрөө Е.К-ийн эрхээр бүртгэсэн. ...Е.К- нь сан дээр хүн шивээгүй, түүний эрхээр л би шивсэн. Би шивэхдээ захирлын даалгасны дагуу шивж байсан. Захирал И.Ж- надад хүмүүсийн нэрс өгөөд түүн дээр би нэмж өөрийнхөө Б, С, дүү Г- нарыг нэмж бүртгэсэн юм. Би эхлээд Б, С, Г- нарыг 2019 оны 09 дүгээр сард шивсэн учир нь би манай сургуулийн квот анги дүүргэлт бага байхаар нь шивсэн тэгтэл захирал И.Ж- 2019 оны 10 дугаар сард 15 хүний нэрс өгсөн тэгэхэд би И.Ж- захиралд өөрийнхөө ах, дуу нарыг шивсэн гэдгээ хэлсэн” гэжээ.

Мөрдөгч Д.Алтангэрэлийн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор яллагдагч Е.К-ээс гаргаж өгсөн Е.А-тай харилцсан чатны хуулбар 2 хуудас, чатын хамт ирүүлсэн файлыг хэвлэсэн тэтгэлгийн мэдээ гэх 1 хуудас, багш нарын жагсаалт 1 хуудас нийт 4 хуудас баримтыг эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг бэхжүүлж авсан чат бичлэгт орчуулга хийлгэсэн байна. 

Яллагдагч Е.К-ийн өгсөн мэдүүлгийг И.Ж-, Е.А- нар үгүйсгэдэггүй бөгөөд тэрээр нэр бүхий 18 иргэнийг захирал асан И.Ж-ын чиглэл болгосны дагуу Е.А- бүртгэсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, энэхүү нөхцөл байдал хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдсон байдаг.

9.4. Улсын Дээд Шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар тогтоолоор “...Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авахыг цаашид гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй" гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна. Сэжигтэн буюу гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдийг дуудан ирүүлэх, баривчлах нь тухайн хүнийг гэмт хэрэгт буруутган, мөрдөн байцаалтыг эхлүүлж буйг мэдэгдэх үе шат юм. Өмнөх хуулийн хүрээнд байсан хүний эрхийг сэжиг таамгаар хязгаарлахыг таслан зогсоох зорилгоор сэжигтэн гэх нэршлийг эрүүгийн процессын оролцогчоор тооцохоо больсон. Гэтэл энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан /мөрдөгч/-өөс гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээд болох шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нараас хууль зөрчиж гэрчийн мэдүүлэг авсан, гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс мэдүүлэг авч болохгүйг мэдсээр байж эдгээр гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг улам бататгах зорилгоор дахин дахин хууль сануулж, шүүгдэгч нарыг өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд прокуророос эдгээр хүмүүсийн мэдүүлгийн эх сурвалжаас үүдэлтэй баримтад мэдээлэл цуглуулж үүнийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон тул энэхүү мөрдөн шалгах ажиллагаа хүчингүйд тооцогдох ёстой гэж үзэж байна.

9.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Гэтэл шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд байхгүй, дурдаагүй зүйлээр буюу шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэг гүйцэтгэх гэнэ” гэснийг журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг ноцтой зөрчсөн явдал болсон гэж дүгнэж байна.

9.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Е.К-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

10.1.Шүүгдэгч И.Ж-, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой  тайлбар, дүгнэлт гаргая. Агуулгын хувьд тухайн гомдлыг 3 үндэслэлээр гаргасан гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Торгуулийн ял оногдуулбал төлөх боломжтой, хохироос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэдэг зүйлийг тайлбарлаж байна.

10.2. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь шүүгдэгч И.Ж-ын өвчний түүхийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба түүний биеийн байдал нь хэвийн, тогтвортой байна гэсэн эмчийн дүгнэлтэд дурдсан тодорхойлолтууд байна. Эндээс үзэхэд энэ хүний эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа гэдэгт эргэлзээ үүсэхээр байна. Хэрвээ хорих ял эдэлж байх хугацаанд эрүүл мэндийн байдал нь хүнд байвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эмчтэй,  тодруулбал, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн бичиг байхгүй.

10.3. Хохирол, хор уршгийг төлсөн гэдэг зүйл ярьж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж оруулж өгсөн. Харин иргэний хариуцагч нараас нийтдээ 11,400,000 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулах тухай шийдвэр гарсан. Энэ төлбөрийг шүүгдэгч И.Ж- төлсөн нь асуудал байна. Үүнийг ямар нэгэн байдлаар албадаж төлүүлэх шүүхийн шийдвэр гараагүй байхад 5 хоногийн дотор төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй, хэрвээ шүүх хуралдааныг завсарлуулах юм бол хууль бус шүүхийн шийдвэр байх байсан.

10.4. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Хэрвээ анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө 11,400,000 төгрөгийг төлөх боломжтой байсан. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, И.Ж-аас яллагдагчаар мэдүүлэг авсан.  И.Ж- “би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн зүйлийг ярьсан.  Тэгэхээр шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.

10.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэ мэдүүлэгтэй танилцсан эсэхийг мэдэхгүй байна. Яагаад ингэж тайлбар гаргах болсныг мэдэхгүй байна. Банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөөд, манай үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдвол төлөх боломжтой гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын ойлголтоор мөнгөтэй хүн торгуулийн ял аваад байж болно, мөнгөгүй хүн торгуулийн ялаас өөр ял авна гэдэг ойлголтыг гаргаж ирж байна. Энэ нь  шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. 

10.6. И.Ж-ын хувьд хийсэн хэрэгтээ гэмшээгүй, ухамсарлаагүй, гэмт хэрэгт хандаж буй хандлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй холбоотой  томилолтоор оролцож байгаа прокурорын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь би хүний тоо гүйцэхгүй болохоор тухайн хүмүүсийг бүртгэсэн гэдэг зүйлийг ярьж байна. Мэргэжлийн үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаа албан хаагчид өнөөдрийн энэ шүүх хуралдаанд болж байгаа нөхцөл байдлыг үзэж байгааг үгүйсгэхгүй, нээлттэй явагдаж байгаа. Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гарахыг үгүйсгэхгүй боловч дараа дараагийн хүмүүс суралцагчийн тоо гүйцэхгүй байхын бол бид нар өөрсдөө хүмүүс нэмж бүртгэж болох юм байна гэдэг ойлголт төрөхөөр байна. Тэгэхээр И.Ж- гэм буруугаа бүрэн, дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох уу. Бусдаас буруу хайсан өөрийгөө гэм буруугүй гэдэг байдлаар хандаж байна.

10.7. Прокуророос бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгч ч гэсэн 3 шүүгдэгч гурвуулаа бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл өнөөдөр  Е.К- энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоо байгаагүй гэж хэллээ.  Шүүгчийн асуусан асуултад И.Ж- бүрэн гүйцэт хариулаагүй. Тэгэхээр бүлэглэж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт эргэлзээ үүсэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас И.Ж-ын хувьд хувийн байдлыг харгалзаж үзээгүй гэдэг зүйлийг ярьж байна. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 139 дүгээр шийтгэх тогтоолын 44 дэх тал дээр ...хувийн байдлыг тодорхойлж, харгалзаж үзсэн. Бид нар ямар нэгэн гомдол гаргахдаа үндэслэл бүхий гомдлыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна.  Ялгамжтай ял оногдуулсан, энэ нь үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна. Шүүх ял оногдуулахдаа үндэслэлээ зааж өгсөн, гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, гэмт хэрэгт хандаж буй хандлага  зэргийг харгалзан үзэж ялгамжтай ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Ж-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийг үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байдаг. Шүүгдэгч И.Ж-ад оногдуулсан торгуулийн ял болон түүний хэмжээ нь дээрх нөхцөл байдалд тохирсон байна. Мөн шүүгдэгч И.Ж-ад хорих ял оногдуулахдаа анх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, 15 иргэнийг элсүүлэх, дахин бүртгүүлэх үүргийг шүүгдэгч Е.А- нарт  өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж шүүх ялгамжтай ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

10.8. Шүүгдэгч Е.К- би мэдээгүй, миний ажил үүргийн хуваарьтай  хамааралгүй ажил, анх Е.А- санаачилсан, захирал миний удирдах албан тушаалтан хүн учраас түүний үйлдэлд эсэргүүцэж чадаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Би энэ хэрэгт томилолтоор оролцож, хэргийн материалтай танилцах явцад нэг зүйлийг анхаарсан, хэрвээ Е.К- өөрийнхөө цахим эрхийн бүртгэлийн кодыг өгөөгүй байсан бол, магадгүй захирлын хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн, даалгаврыг биелүүлээгүй байсан бол өнөөдөр энэ гэмт хэрэг үүсэхгүй байсан. Гэтэл Е.К- цахим бүртгэлийн кодыг бусдад шилжүүлсэн, өөрөө ч гэсэн бүртгэсэн. Анх цахим бүртгэлийг яаж бүртгэх ёстой гэхээр захирлын тушаал гарна, тухайн тушаалын дагуу хавсралтад заагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бүртгэсэн. Гэтэл шүүгдэгч Е.К- болон Е.А- нар  /Excel/  хүснэгтээр явуулсан нэрийн жагсаалтыг бүртгэсэн.  Энэ нь гэмт хэргийн үйлдэх гол үндэс нь болсон гэж үзэж байна. Мөн Е.К-ийн хувьд би цахим бүртгэлийг бүртгэх үүрэггүй, сургалтын менежерийн үүрэг гэж байна. Гэтэл яагаад Е.К-ийг Улаанбаатар хот  руу цахим бүртгэлийн сургалтад 2 удаа явуулсан, программын эрх өгсөн бэ гэхээр Е.К-д  бүртгэх үүргийг олгож байна. Е.К-ийн хувьд үйлдлээрээ санаатай нийлж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар суралцаагүй 18 хүүхдийг суралцсан мэтээр бүртгэж, тухайн хүүхдүүдэд тэтгэмж олгосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй байсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

10.9. Шүүгдэгч Е.А-ын хувьд гэм буруу дээр маргахгүй байгаа, торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэсэн гомдлыг гаргасан. Торгуулийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаж байгаа боловч үндэслэл бүхий тайлбарыг гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Е.А-т торгуулийн ял оногдуулсан хэмжээг өөрчлөх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна.

10.10. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны  5 дугаар сарын 19-ний өдрийн шүүгдэгч нарын бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн шүүхийн шийдвэр болон эрүүгийн хариуцлага оногдуулсан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  Шүүгдэгч И.Ж-ын хувьд оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний хувьд хорихоос өөр төрлийн ял болгож өөрчлөх боломжгүй, үндэслэл тогтоогдсонгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар ч гэсэн И.Ж-ыг гэм буруугаа бүрэн, дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек, шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч Я.С-д, шүүгдэгч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

12. Шүүгдэгч  И.Ж- нь 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Н- болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А-, мөн төвийн сургалтын албаны арга зүйч Е.К- нартай бүлэглэж,

шүүгдэгч Е.К- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр, шүүгдэгч Е.А- нь тус төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-тай тус тус бүлэглэж, 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу зохих журмын дагуу бүртгүүлээгүй, тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, улмаар ирцийн цахим бүртгэлийг баталгаажуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

13. Анхан шатны шүүх шүүгдэгч И.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон”  гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж түүнийг мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч  Е.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох  ялаар,

-шүүгдэгч Е.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 11.000.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэжээ.

 

14. Шүүгдэгч Е.К-ийн үйлдэл холбогдлын талаар хэргийг хянан шийдвэрлэхэд  ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

- Шүүгдэгч Е.К- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын   2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар тус төвийн Бетон-арматур, засал чимэглэлийн онол, дадлагын багшаар  томилогдсон /2 дахь хавтаст хэргийн 201 дэх тал/,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын   2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/111 дугаар “Ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Е.К-ийг сургалтын албаны арга зүйчээр шилжүүлэн томилж ажиллуулжээ. /2 дэх хавтаст хэргийн 200 дахь тал/

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /01 дэх хавтаст хэргийн 96-108 дахь, 2 дахь хавтаст хэргийн 238-250 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн N22 дугаартай “Төгсөгчдийн нэрс батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/ зэргээр тухайн хичээлийн жилд элсэн суралцсан болон төгссөн сурагчдын нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд нэмэлт элсэлт авсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 50/А0470230/БӨА-2021/02-ГА дугаартай дүгнэлтээр “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019-2020 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх, суралцагчийн нэрсийн жагсаалт баталсан 2019 оны А/45 дугаар тушаалыг, төгсөгчдийн нэрсийг баталсан 2020 оны N22 дугаар тушаалыг, бүх багш нарын ангийн журналыг мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй тэтгэлэг олгосон суралцагчийн жагсаалттай нэг бүрчлэн тулгалт хийж шалгахад тухайн хичээлийн жилийн ангийн багшийн журналд бүртгэгдээгүй, хичээлд суугаагүй, ирцийн бүртгэл хийгдээгүй боловч цахим бүртгэлийн санд бүртгэгдсэн 18 суралцагчид 22,000,000 төгрөгийн тэтгэлгийг хууль бус олгосон зөрчил илэрлээ...” гэх акт тогтоогдсон ба энэ нь хавсралтын хамт хэргийн 1 дэх хавтасны 118-120 дахь талд авагджээ.

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, акт, албан шаардлагын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 123-148 дахь тал/ хэрэгт авагдсан ба,

- ХААН банк дахь иргэний хариуцагч З.Г-ийн эзэмшлийн ************* тоот,  О.Б-ын эзэмшлийн ************* тоот, А.Е-гийн эзэмшлийн ************* тоот,  М.Ү-гийн эзэмшлийн ************* тоот, А.Ж-ын эзэмшлийн ************* тоот,  М.А-ын эзэмшлийн ************* тоот, М.Ас-ын эзэмшлийн ************* тоот, Х.С-ы эзэмшлийн ************* тоот, М.К-гийн эзэмшлийн ************* тоот,  Е.М-ийн эзэмшлийн ************* тоот, Е.С-ийн эзэмшлийн ************* тоот,  Б.Б-ын эзэмшлийн ************* тоот, Е.Г-ын эзэмшлийн ************* тоот,  Б.Б-ны эзэмшлийн ************* тоот, П.С-ын эзэмшлийн ************* тоот,  Х.Ө-ийн эзэмшлийн ************* тоот, А.Е-ы эзэмшлийн ************* тоот,  А.М-ийн эзэмшлийн ************* тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тэдгээрт нийт 22,000,000 төгрөгийг суралцагчийн тэтгэмж олгогдсон бөгөөд эдгээр иргэд нь тухай хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалтын төвд элсэн суралцаагүй болох нь тогтоогджээ. /2 дахь хавтаст хэргийн 99-126 дахь тал/,

- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал/,

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 223-226 дахь тал, 1 дэх хавтаст хэргийн 74 дэх  тал/ зэрэг баримт бичгүүдээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэмжийн эрх зүйн үндэслэлийг тогтоожээ.

 

15. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Е.К-ийг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, харин шүүх шүүгдэгч И.Ж- болон Е.А- нарын үйлдэл холбогдолд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны дүгнэлт хийжээ.

 

16. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.К-ийг  Баян-Өлгий аймаг дахь  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын арга зүйчээр ажиллаж байхдаа тус байгууллагын цахим нэгдсэн системийн сургалтад хамрагдаж, админы эрх авч, цахим системийг хариуцан ажиллаж байсан атлаа И.Ж-, Е.А- нартай үйлдлээрээ нэгдэж, нэр бүхий 18 иргэнийг өөрийн нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан цахим системд бүртгэх боломж бүрдүүлсэн, ирцийн бүртгэлийг баталгаажуулж, холбогдох байгууллагад илгээж, нэр бүхий 18 иргэнийг хууль бусаар суралцагчийн тэтгэлэг авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, тэрээр өөрийн эрхэлж байгаа ажил үүргийн хүрээнд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор баталсан суралцагчид тэтгэлэг олгох журмыг мэдэж байсан, мэдэх үүрэгтэй байсан хэдий ч И.Ж-, Е.А- нарын хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч Е.К-ийн ажлын байрны тодорхойлолтыг судлан үзэхэд тэрээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн арга зүйчийн хувьд сургалтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, багш нарын журнал хөтлөлтөд тогтмол хяналт тавьж зөвлөгөө өгөх, суралцагчдын сургалтын дүн, үнэлгээг нэгтгэж, кредит цагийн тооцоо, цаг ашиглалтын тооцоог хийж холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг чиг үүрэгтэй болох нь тогтоогдож байна гэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.К- нь сургалтын арга зүйч гэх албаны чиг үүргийн хүрээнд тус сургуулийн сургалтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, журнал хөтлөлтөд хяналт тавьж, кредит цагийн тооцоо, суралцагчдын ирцийн бүртгэлийг баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэх, байгууллагын цахим бүртгэлийн нэгдсэн системийг хариуцаж, суралцагчдын ирцийн мэдээллийг баталгаажуулж, илгээх зэрэг үүрэгтэй байх тул цахим мэдээллийн нэгдсэн системд түүний эрхээр хандан, хуурамч ирцийн мэдээллийг оруулж, нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгосон асуудлыг Е.К-ийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Е.К- нь нэр бүхий 18 хүнийг цахим мэдээллийн нэгдсэн системд бүртгээгүй гэж маргаж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Е.А-, Е.К- нарын хоорондоо харилцсан мессенжер чат, түүний орчуулга зэрэг баримтуудаар шүүгдэгч Е.К- нь тэдгээр нэр бүхий 18 иргэнийг  өөрийнх нь нэвтрэх эрх, нууц үгийг ашиглан, цахим бүртгэлийн нэгдсэн системд хууль бусаар бүртгэж байгааг лавтай сайн мэдэж байсан атлаа И.Ж-, Е.А- нарт зүй ёсны шаардлага тавиагүй, тэдгээрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгт хамтран оролцсон, тухайн үед Е.К- завгүй байсан тул тэдгээр 18 иргэний мэдээллийг шүүгдэгч Е.А- нь шүүгдэгч Е.К-ийн  эрхээр цахим системд  бүртгэж оруулсан нөхцөл байдал тогтоогдсон нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болгожээ.

 

17. Шүүгдэгч Е.К- нь нэр бүхий 18 иргэнийг идэвхтэй үйлдлээр, өөрийн санаачилгаар болон бусдын даалгаснаар, эсхүл ажлын чиг үүргийн хүрээнд цахим мэдээллийн системд бүртгээгүй, түүнчлэн тэрээр тэдгээр иргэдийн ирцийн мэдээллийг цахим бүртгэлд сар бүр баталгаажуулаагүй, нэр бүхий иргэдийн нэрсийн жагсаалтыг сургуулийн захирал И.Ж- нь Е.А-т цахимаар бодитой жагсаалт гарган хүргүүлж, бүртгүүлэн, тэдгээр иргэдийн өдөр тутмын ирцийн мэдээллийг цахим санд бүртгэж, баталгаажуулсан үйлдэл Е.К-д хамааралгүй буюу тухайн иргэдийг анх цахим санд бүртгэх, улмаар өдөр тутмын цагийн бүртгэлийг гүйцэтгэх үүргийг шүүгдэгч Е.А- дангаараа гүйцэтгэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул, шүүгдэгч Е.К-ийг “нэр бүхий 18 иргэнийг цахим санд бүртгүүлсэн үйлдлийг тэрээр мэдэж байсан, мэдэх боломжтой байсан атлаа И.Ж- болон Е.А- нарт зүй ёсны шаардлага тавиагүй” гэх анхан шатны шүүхийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаар урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг дангаараа хангаагүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх Е.К-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. 

 

18. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж- болон Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Е.А- нар бүлэглэж, 18 иргэний бүртгэл бүхий тодорхой жагсаалт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хууль журмын дагуу элсэн ороогүй, тус сургуульд суралцаагүй, нэр бүхий 18 иргэнд зөвхөн оюутны тэтгэлэг олгох зорилгоор сургуулийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэж, улмаар хичээлийн жилийн тодорхой цаг хугацаанд тэдгээрийн ирцийн мэдээллийг тухай бүр цахимаар баталгаажуулж оруулснаар мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 22.000.000 төгрөгийн тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл, үйл баримт тогтоогдсон.

Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журмыг жил бүр баталж, мөрдүүлж байсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2019-2020 оны хичээлийн жилд  Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”, 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам” тус тус хүчин төгөлдөр үйлчилж, уг журмуудад заасны дагуу мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох асуудлыг зохицуулжээ.

Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно” гэж, мөн журмын 2.2 дахь хэсэгт “Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна” гэж, 2.2.2 дахь хэсэгт ”суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байна” гэж, 2.2.3 дахь хэсэгт “сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх” гэж, 3.1 дэх хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ” гэж, 3.2 дахь хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулж хүргүүлнэ” гэж, 3.4 дэх хэсэгт “Суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр гаргана” гэж, 4.1-д “Сургалтын байгууллага нь суралцагчийн ирцийг бодитой бус үнэлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан бол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн заасан хариуцлага хүлээлгэж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, 5.1.2 дахь хэсэгт “Суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги  дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалыг тухай бүр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хүргүүлнэ” гэж тус тус заасан. /2 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал/,

 Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жил, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагчид болон улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтныг ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэлх сарын сургалтад хамруулж байгаа 45 хүртэлх насны иргэнд энэхүү тэтгэлгийг олгоно”, мөн журмын 2.2 дахь хэсэгт “Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна”, 2.2.2 дахь хэсэгт “мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх”, 2.2.3 дахь хэсэгт “сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх; 2.3 дахь хэсэгт “суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр нэн даруй гаргасан байна”, 2.6 дахь хэсэгт”Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2.5 жилийн ангийг төгсөж үргэлжлүүлэн техникийн боловсролын 1.5 жилийн ангид шатлан суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно”, 3.1 дэх хэсэгт ”Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ”, 3.2 дахь хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 3.3 дахь хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийг хянаж баталгаажуулан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор шилжүүлнэ” гэж, 4.1 дэх хэсэгт “Сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж, 4.2 дахь хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд суралцагчийн мэдээлэл, ирцийг буруу тооцож оруулсан, хугацаанд нь баталгаажуулаагүйн улмаас суралцагчид тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, 4.3 дахь хэсэгт “Суралцагчид тэтгэлэг давхардуулан олгосон, энэ журмын 2.4-т заасан суралцагчид болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, уг асуудлыг хариуцсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх журмын заалтуудаас үзэхэд сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын  2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа, 45 хүртэлх насны  суралцагчид тэтгэлэг олгох бөгөөд тухайн суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх, сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх шаардлагуудыг хангасны үндсэн дээр тэтгэлэг авах эрх үүсэхээр байна. Энэхүү нөхцөлийг нэр бүхий 18 иргэнийг тухайн сургуулийн цахим санд нэр дурдаж бүртгүүлж, улмаар тэдгээр иргэдийн ирцийн мэдээллийг цаг тухайд нь хуурамчаар цахим санд бүртгэн, 100 хувийн ирцтэй байхаар тусгасан хуурамчаар бүрдүүлсэн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж- болон тус төвийн мэргэжилтэн Е.А- нарын хууль бус үйлдэл нь нэр бүхий 18 иргэнд суралцагчийн тэтгэлгийг улсын төсвөөс таргаж, нэр бүхий 18 иргэний хариуцагч нарын дансанд орсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

 

19. Түүнчлэн сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 05-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулж хүргүүлснээр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас суралцагчийн банк дахь харилцах дансанд тэтгэлгийг сар бүрийн 15-ны дотор шилжүүлэх бөгөөд суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, эсхүл сургуулиа орхисон тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэрээр тэтгэлгийг нэн даруй зогсоохоор, сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги  дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалыг тухай бүр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хүргүүлэхээр, сургалтын байгууллага нь суралцагчид болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр тус тус заажээ. Засгийн газраас баталсан 2019 оны 12 дугаар тогтоолын хавсралтад заасан маягтын дагуу тэтгэлэг олгох суралцагчийн жагсаалтыг сургуулийн сургалтын менежер үйлдэж, сургуулийн захирал хянан баталгаажуулж, нягтлан бодогч гарын үсэг зурж, дээд шатны байгууллагад хүргүүлэх журамтай байх бөгөөд суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг журмын хавсралтад заасан дээрх маягтын дагуу тухай бүрд нь хүргүүлж байсан гэх үйл баримт бүхий бичгийн баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, энэ талаар шүүгдэгч нараас болон иргэний хариуцагчийн төлөөлөгчөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулахад тухайн баримтыг үйлддэггүй болох нь нотлогдсон байна.

 

20. Шүүгдэгч И.Ж-, Е.А- нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Засгийн газраас батлан мөрдүүлж байсан, дээрх 2 удаагийн тэтгэлэг олгох журмыг эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд мэдэх үүрэгтэй байсан нь тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн албаны чиг үүрэгт Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоол, 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг зөрчиж, сургалтын байгууллагын тухайн Засгийн газраар тогтоосон дотоод журмыг мөрдөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдаагүй суралцагчийн ирцийн мэдээллийг цахим системд хуурамчаар бүртгэж, цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагад хүргүүлж, тэтгэлэг олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх эрх мэдэл олгогдоогүй байна. Харин мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид тэтгэлэг олгох журамд зааснаар шүүгдэгч И.Ж- нь сургалтын байгууллагын удирдлагын хувьд суралцагч сургуулиа орхисон, сургалтын агуулгыг эзэмшээгүй, 75-аас дээш хувийн ирц хүрээгүй тохиолдолд тэтгэлгийг нэн даруй зогсоох албан ёсны шийдвэрийг нэн даруй гаргах, сургалтын байгууллагын удирдлагын хувьд суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай шийдвэрийг гаргаж, тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ч энэхүү үүргээ биелүүлээгүй, харин ч тухайн тэтгэлгийг зохих журмын дагуу олгох нөхцөлийг зөрчиж, зөвхөн тэтгэлэгт хамруулах зорилгоор 15 иргэний нэрсийн жагсаалтыг гаргаж шүүгдэгч Е.А-т хүргүүлэн, цахим санд бүртгэхийг даалгасан, харин Е.А- нь өөрийн хамаарал бүхий 3 иргэний нэрийг нэмж, нийт 18 иргэнийг сургалтын цахим системд нэмж шивсэн, улмаар тэдгээр иргэд сургуульд огт суралцаагүй гэдгийг мэдсээр байж И.Ж-ын даалгасан болон өөрийн нэмж бичсэн 3 иргэний ирцийг хуурамчаар цахим системд сар бүр бүртгэж, баталгаажуулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба энэхүү үйл баримтад арга зүйч ажилтай Е.К- оролцсон гэх нөхцөл байдал хэргээс хангалттай тогтоогдоогүй болно.

           

21. Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч И.Ж-, түүнтэй үйлдэл холбогдлын хувьд санаа зорилго, сэдэлтээрээ нэгдсэн Е.А- нар нь тухайн эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй.

            Нэр бүхий  18 хүнийг  идэвхтэй үйлдлээр цахим мэдээллийн системд бүртгэсэн,  суралцагчдын ирцийг баталгаажуулсан нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх зэргээр эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй шүүгдэгч нар албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн  эсрэг урвуулан ашиглаж, сургуульд элсүүлсэн захирлын тушаалд нэр нь ороогүй, нэмэлт элсэлтээр зохих журмын дагуу өөрсдөө биечлэн ирж, эсвэл цахим сүлжээгээр, хууль журамд заасан үндэслэлээр бүртгүүлээгүй 18 иргэнийг тэдгээрт суралцагчийн тэтгэлэг олгох зорилгоор бүртгүүлж, улмаар сургуульд биечлэн ирж, эсхүл цахимаар зайнаас зуралцаагүй байхад өдөр тутмын ирцийг нь цахим санд бүртгэн, баталгаажуулж, ирцийг 100 хувьд хүргэж, тэтгэлэг авах нөхцөлийг буюу бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

22. Гэтэл шүүгдэгч Е.К-ийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байхдаа 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий:

(1) сургалтын менежерийн болон  сургалтын албаны арга зүйч хоёрын ажил байдлын тодорхойлолт, чиг үүргийн ялгаатай байдал, онцлог; 

(2) шүүгдэгч Е.К- нь тус 18 иргэнийг цахим системд анхлан, биечлэн бүртгэсэн эсэх;

(3) тэдгээр 18 иргэний ирцийн мэдээллийг цахим системд бүртгэж, баталгаажуулсан эсэх,

(4) тэтгэлэг авах суралцагчдын жагсаалтыг цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагад хүргүүлсэн эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үнэлэлт өгөөгүй байдал нь прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ, мөн анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх үндэс болжээ.

 

23. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэвэл, шүүгдэгч Е.К-ийн “шүүгдэгч И.Ж-, Е.А- нартай санаатай нэгдэж, суралцагчдын ирцийг баталгаажуулснаар нэр бүхий 18 иргэнд хууль бусаар оюутны тэтгэлэг олгох нөхцөл боломжийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад хамтран оролцсон, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүд үгүйсгэгдэж байна.

 

24. Прокуророос шүүгдэгч Е.К-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “нийтлэг үндэслэл”-ээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэ тохиолдолд 18 иргэнийг хэн цахим системд анхлан бүртгэсэн, тэдгээр 18 иргэний өдөр тутмын ирцийн мэдээллийг цахим системд хэн баталгаажуулан, ирцийг хэрхэн бүртгэж байсан эсэх нь яллах дүгнэлтийн гол үндэслэл болох учиртай. Гэвч шүүгдэгч Е.К- нь тэдгээр нэр бүхий 18 иргэнийг  цахим системд анхлан бүртгэсэн, түүнчлэн тэдгээрийн өдөр тутмын ирцийн мэдээллийг цахим системээс баталгаажуулсан гэх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй учраас түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэлгүй байна.

 

25. Шүүгдэгч Е.К- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежерээр бус, харин сургалтын албаны арга зүйчээр ажилладаг нь захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/111 дугаар “Ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар тогтоогдсон /2 дэх хавтаст хэргийн 200 дахь тал/,

 - тэрээр нэр бүхий 18 иргэнийг  цахим системд бүртгээгүй, шүүгдэгч Е.А- захирлын даалгаснаар 15 хүнийг, өөрийн хамаарал бүхий 3 хүнийг нэмж, анхлан бүртгэсэн нь Е.К-, ЕА- нарын харилцсан мессенжер чатаар тогтоогдсон /4 дэх хавтаст хэргийн 164-167 дахь тал/,

- Шүүгдэгч Е.А-ын “...Е.К- сан дээр хүн шивээгүй, түүний эрхээр би шивсэн. Би шивэхдээ захирлын даалгасны дагуу шивж байсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,

- Шүүгдэгч И.Ж-ын “…би өөрөө санд шивэх эрх байхгүй болохоор Е.А-т нэрсийг өгөөд энэ хүмүүсийг шивж бүртгэж ав гэдэг чиглэлийг өгсөн. Харин Е.К- бол яагаад холбогдоод байгааг ойлгохгүй байна. Гэхдээ Е.К- бол сургуулийн цахим системд Админ эрхийн сургалтад 8 дугаар сард суралцаад ирсэн болохоор  Е.К- шивсэн мэт харагдаж байж магадгүй гэхдээ Е.К-д бол шив гэж хэлээгүй…” гэх мэдүүлгээр /4 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

- мөн анги удирдсан багш нарын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Сар болгон суралцагчдын тэтгэлгийг статистик мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Е.А- оруулдаг байсан. Анги удирдсан багш нар журналд байгаа суралцагчдын тоо болон нэрсийн жагсаалтаар аймгийн Аудитын газар болон цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгсөн. Журналд нэрс нь байхгүй суралцагчдыг мэдэхгүй, анхан шатны баримтын талаар багшийн журналаас өөр баримт байхгүй” гэх тайлбар /2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/ болон тэдгээр багш нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “суралцагчдын ирцийн мэдээллийг Е.А- бүртгэж, цахим санд баталгаажуулдаг байсан” гэсэн агуулгатай мэдүүлгүүдээр тус тус шүүгдэгч Е.К- нь Мэргэжлийн сургалтын байгууллагад тухайн үед шинээр нэвтрүүлсэн цахим сангийн талаарх Улаанбаатар хотод зохиогдсон сургалтад ажил олгогчийн захиалгаар хамрагдаж ирээд, түүний нэрээр үүсгэгдсэн хэрэглэгчийн эрх, нууц дугаар үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон боловч тэрээр өөрт олгогдсон уг эрхээр өөрийн санаачилгаар болон захирлын даалгаснаар суралцагч нэмж бүртгээгүй, харин тухайн хичээлийн жилд сургуулийн захирлын тушаалд нэрс нь орсон 700 гаруй суралцагч иргэдийг сургуулийн холбогдох бусад албан тушаалтнуудын хамтаар цахим санд бүртгэсэн боловч захирал И.Ж-ын даалгасан 15 иргэн, мэргэжилтэн Е.А-ын нэмсэн 3 хүн, нийт 18 иргэний нэрийг анхлан цахим санд бүртгэж шивээгүйн дээр тэдгээрийн өдөр тутмын ирцийн мэдээллийг анги удирдсан багш нараас авч, баталгаажуулалт хийж байсан гэх үйлдэл тогтоогдоогүй учраас түүнд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Е.К-ийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ  гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

           

26. Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх дүгнэлт нотлох баримтуудад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй, Е.К-ийн үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, эсхүл бусадтай хамтран оролцож, бүлэглэж гүйцэтгэсэн гэх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй болно.

27. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйч Е.К- нь  www.mergejil.mn нэгдсэн бүртгэлийн сангийн сургалтад хамрагдаж админ буюу түүний нэрээр хэрэглэгчийн эрх үүссэн, мөн шинээр бий болсон цахим бүртгэлд захирлын өгсөн үүргийн дагуу  тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийг бүртгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, прокуророос шүүгдэгч Е.К-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

28. Шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын холбогдсон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 18 иргэнд давуу байдал олгосон гэмт хэргийн тухайд:

-Шүүгдэгч И.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Н- болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А- нартай бүлэглэж, 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 18 иргэнийг тэдгээр иргэдэд гагцхүү суралцагчийн тэтгэлэг олгуулах зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Е.А- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-тай бүлэглэж 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 15 иргэн, өөрийн хамаарал бүхий 3 иргэнийг нэмж, нийт 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, улмаар тэдгээр иргэдийн өдөр тутмын ирцийн мэдээллийг хуурамчаар тухайн цахим санд бүртгэж, баталгаажуулан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг захирал И.Ж-тай хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэж бүрдүүлэн, бусдад хууль бусаар тэтгэлэг авах давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь:

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 50/А0470230/БӨА-2021/02-ГА дугаартай “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019-2020 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх, суралцагчийн нэрсийн жагсаалт баталсан 2019 оны А/45 дугаар тушаалыг, төгсөгчдийн нэрсийг баталсан 2020 оны N22 дугаар тушаалыг, бүх багш нарын ангийн журналыг мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй тэтгэлэг олгосон суралцагчийн жагсаалттай нэг бүрчлэн тулгалт хийж шалгахад тухайн хичээлийн жилийн ангийн багшийн журналд бүртгэгдээгүй, хичээлд суугаагүй, ирцийн бүртгэл хийгдээгүй боловч цахим бүртгэлийн санд бүртгэгдсэн 18 суралцагчид 22,000,000 төгрөгийн тэтгэлгийг хууль бус олгосон зөрчил илэрлээ...” гэх акт, актын хавсралт /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал /,

-Гэрч П.С-, З.Г-, Е.М-, А.Е-, А.М-, Е.С-, О.Б-, Б.Б-, М.Ас-, А.Е-, М.К-, М.А-, Б.А, М.Ү-, Х.Ө-, Х.С-, А.Ж-, Б.Б- нарын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10, 12-13, 16-17, 27, 29, 31, 43, 46, 49, 51-52, 54, 57, 59, 62, 65-66, 69, 74-76, 78 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /01 дэх хавтаст хэргийн 96-108 дахь, 2 дахь хавтаст хэргийн 238-250 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн N22 дугаартай “Төгсөгчдийн нэрс батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, акт, албан шаардлагын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 123-148 дахь тал /,

- ХААН банк дахь иргэний хариуцагч З.Г-ийн эзэмшлийн ************* тоот, О.Б-ын эзэмшлийн ************* тоот, А.Е-н эзэмшлийн ************* тоот, М.Ү-гийн эзэмшлийн ************* тоот, А.Ж-ын эзэмшлийн ************* тоот, М.А-ын эзэмшлийн ************* тоот, М.Ас-ын эзэмшлийн ************* тоот, Х.С-ы эзэмшлийн ************* тоот, М.К-гийн эзэмшлийн ************* тоот,  Е.М-ийн эзэмшлийн ************* тоот, Е.С-ийн эзэмшлийн ************* тоот,  Б.Б-ын эзэмшлийн ************* тоот, Е.Г-ын эзэмшлийн ************* тоот,  Б.Б-ы эзэмшлийн ************* тоот, П.С-ын эзэмшлийн ************* тоот,  Х.Ө-ийн эзэмшлийн ************* тоот, А.Е-ы эзэмшлийн ************* тоот,  А.М-ийн эзэмшлийн ************* тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 99-126 дахь тал /,

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал /, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 223-226 дахь тал /

- Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иваны Ж-ыг танина, ...би, ...аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 10 гаруй хүн бүртгүүлж байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/59 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” тушаал /Е.А-ыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн архивч бичиг хэргийн ажлаас түр хугацаагаар чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах талаар/, /4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал /Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр түр ажиллуулж байсан Е.А-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон талаар/, /4 дэх хавтаст хэргийн 23 дахь тал /,

- Хүний нөөц хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 28-31 дэх тал /,

- Иргэн Халымын Н-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 34 дэх тал /,

-Шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

   29. Шүүгдэгч И.Ж-, Е.А- нар 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй З.Г- нарын 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгосон үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтаар зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч И.Ж-, Е.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч И.Ж-ад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Е.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдалд тус тус тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

30. Шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек нар...шүүгдэгч И.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.2 дахь заалтад заасныг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж өгнө үү, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч И.Ж-ын хувийн байдлыг авч үзэхэд тэрээр урьд нь ял шийтгэлгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогддог. Энэ тохиолдолд шүүх түүнд ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байжээ. ...Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх агуулга бүхий гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, ЭХХШТХ-н 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн “анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулж өгөхийг хүсье. ...” гэх давж заалдах гомдлыг, 

            шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Я.С-д нар “...шүүхээс шүүгдэгч Е.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана” гэжээ. Шүүгдэгч Е.А-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Е.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин санаасаа гэмшин ухамсарлаж буй, бусдад төлөх төлбөргүй, тухайн үед хашиж байсан албан тушаалаас чөлөөлөгдсөн, одоо өрх толгойлсон эмэгтэй, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан үндсэн болох 14000  нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг багасгаж өгөхийг хүсье...” гэх давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ талаарх хуульд заасан нийтлэг журам, үндэслэлүүдийг баримталсан, шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын тус бүрд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч И.Ж-ад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек нарын “анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулж өгөхийг хүсье. ...” гэх, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Я.С-д нарын “...торгуулийг багасгаж өгөхийг хүсье” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

32. Шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын хамтран оролцож, бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боловч хуульд гэмт хэргийн үндсэн шинж болгож заагаагүй “бүлэглэж” гэх шинжээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хууль хэрэглээний алдааг залруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдэл холбогдлын оролцоо, шинж бүрийг буюу гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж, хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тогтоож, тодорхойлон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан нь хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

33. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжид хууль тогтоогч “бүлэглэж” гэх шинжийг хуульчлан тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно. Харин энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохыг хуулиар үүрэг болгосон ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид “бүлэглэх” гэсэн нөхцөл байдлыг заагаагүй учраас тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг хууль хэрэглээний алдаа гэж үзэхгүй. Харин дээр дурдсанчлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцохдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эхний заалтад шүүгдэгч И.Ж- болон Е.А- нарын үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжид тодорхойлоогүй асуудлаар буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх асуудлаар гэм буруутайд тооцсон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зөвтгөж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гагцхүү мөн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчмын агуулгыг тогтоожээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас судалж үзвэл, И.Ж-, Е.А- нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдох боловч бүлэглэж үйлдсэн гэх энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжид хамааралгүй байна. Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцохдоо түүний үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжээр нь /эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаар нь бус/ гэм буруутайд тооцох нь эрүүгийн эрх зүй дэх хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс “бүлэглэж” гэснийг хасаж өөрчилснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

34. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж-, Е.А- нарын хууль бус үйлдлийн улмаас төрд учирсан нийт 22,000,000 төгрөгийн хохиролтой холбогдуулан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд зааснаар тухай хохирол төлбөрийг хариуцвал зохих этгээдүүд болох 18 иргэнийг иргэний хариуцагчаар тогтоож, тэдгээр иргэдийн зарим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бусаар авсан суралцагчийн тэтгэлгийг сайн дураараа буцаан төлсөн байдлыг харгалзаж, тодруулбал иргэний хариуцагч М.Ү-гаас 800.000 төгрөг, Х.Ө-ээс 500.000 төгрөг, П.С- 500.000 төгрөг, Б.Б- 500.000 төгрөг, З.Г- 1.100.000  төгрөг, М.Ас- 1.300.000 төгрөг, Х.С- 1.200.000 төгрөг, М.К- 1.000.000 төгрөг, Е.М- 1.100.000  төгрөг, М.А- 1.300.000  төгрөг, А.Ж- 1.300.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөг төлснийг дурдаж, үлдсэн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцон иргэний хариуцагч Е.Г-аас 1.400.000 төгрөг, Б.Б-оос 800.000 төгрөг, М.У-аас 500.000 төгрөг, Х.Ө-ээс 800.000 төгрөг, П.С-оос 800.000 төгрөг, Б.Б-оос 800.000 төгрөг, А.Е-гаас 1.200.000 төгрөг, О.Б-аас 1.300.000 төгрөг, Е.С-ээс 1.400.000 төгрөг, А.Е-аас 1.300.000 төгрөг, А.М-ээс 1.100.000 төгрөг тус тус гаргуулан, нийт 11.400.000 төгрөгийг төлүүлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь MN600090100900037010 тоот дансанд төлүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Ж-, Е.А- нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг болохыг дурдаж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэргийн оролцогч бус хуулийн этгээд болох “М” ХХК-иас шүүгдэгч И.Ж-ын учруулсан гэх хохиролд тооцож 11.400.000 төгрөг төлсөн төлбөрийн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаан нотлох баримтаар гаргаж өгчээ.

 

35. И.Ж-, Е.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас төрд учруулсан хохирол төлбөрийг хариуцвал зохих иргэдийг иргэний хариуцагчаар тогтоож, тэдгээрээр хохирол төлбөр төлүүлсэн үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл холбогдлын улмаас төрд учирсан хохирлыг нэр бүхий иргэний хариуцагч нараар нэг бүрчлэн хуваарилан төлүүлж, шүүгдэгч И.Ж- нь бусдад төлөх хохирол төлбөргүй талаар шийдвэрлэсээр байхад хэргийн оролцогч бус этгээд “М” ХХК-иас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь MN600090100900037010 тоот дансанд тушаасан 11.400.000 төгрөгийг тухайн данснаас буцаан гаргуулж, уг хуулийн этгээдэд олгохоор шийдвэрлэв.

36. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Е.К-д холбогдох хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт шүүгдэгч И.Ж- болон шүүгдэгч Е.А- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын И.Ж- болон Е.А-т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг болон бусад хэсгийг тус тус хэвээр нь үлдээж, цагаатгагдсан этгээд Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек нарын, мөн шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч Я.С-д нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Е.К-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч И.Ж-, Е.А-, Е.К- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Е.К-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш ургийн овогтой Е.К-ийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан цагаатгагдсан этгээд Е.К- нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Е.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Е.К-д урьд авсан Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон энэ шийдвэрийн талаар Хил хамгаалах ерөнхий газарт буюу хяналт тавих зохих байгууллагад даруй мэдэгдэхийг прокурорт даалгасугай.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч  Ж овогт И.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

“Шүүгдэгч Ш овогт Е.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын шүүгдэгч И.Ж-, Е.А- нарт холбогдох бусад заалт, хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Е.К-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч И.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек нарын, мөн шүүгдэгч Е.А-, түүний өмгөөлөгч Я.С-д нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэргийн оролцогч бус хуулийн этгээд “М” ХХК-аас шүүгдэгч И.Ж-ын хохиролд тооцож төлсөн гэх 11.400.000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь MN600090100900037010 тоот данснаас буцаан гаргуулж “М” ХХК-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг, мөн цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч шүүхийн энэ магадлалын  цагаатгасан шалтгаан, үндэслэлд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                               М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ