Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1838004980276 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б-,

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-гийн цээжин тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-гийн цээжин тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: Би Түнэл суманд өөрийн ахын гэрт Ц.Б-гийн хамт архи уусан. Тэгээд бид хоёрын очсон айл мах чанаад хоол хийж байтал Ц.Б- согтоод чанга орилж хашгираад дөнгөж төрөөд удаагүй байгаа дүүг маань охинтой нь цуг айлгаад байхаар нь уур хүрээд мах идэж байсан хутгаараа цээжинд нь хатгасан гэв.

Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 25-нд ... Лхагважав ахын гэрт мах чанаад гаргаж байсан. Би суугаад мах идээд байж байсан чинь Г.Б- мах хөшиглөж байсан хутгаар цээж рүү хатгаад авсан чинь тэр үед би сайн анзаараагүй. Тэгсэн цээжнээс цус гараад ирсэн юм. Тэгээд Лхагважав ах Мөрөн сум хүргэж өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Ш.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г.Б-ы энгэр лүү нь харсан чинь подволкноос нь цус гарахаар нь би айгаад дээш өргөсөн чинь цус гараад байхаар нь би Мөрөн сум руу Г.Б-, Буурал хоёрыг аваад ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол/хх-ийн 8 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай: 1. Ц.Б-гийн биед цээжний баруун дээд хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Ц.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-гийн цээжин тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.Б-, гэрч Ш.Л-, Ж.Д- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ц.Б-д 100.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 47 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838004980276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн иштэй, 26 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Эрүүгийн 1838004980276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн иштэй, 26 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн 1838004980276 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР