| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0231/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/235 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 179/2018/0231/Э |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-ид холбогдох эрүүгийн 1838006280311 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Д-,
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Мөрөн сумын 1 дүгээр багт Х.Б-тэй үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Мөрөн сумын 1 дүгээр баг, 38-15 тоотод байрлах гэртээ Х.Б-тэй үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... дүү Х.Б- маань намайг чи хэний буянд явж байгаагаа мэдэх үү нүүр лүү маань цохиод газар мөргүүлсэн. Тэгж байхад хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би тэндээ хэсэг сууж байгаад гэр лүүгээ орсон. Гэртээ ороод байж байхад араас Тулгаа, Х.Б- 3 нэг шил архитай орж ирсэн шиг санагдаж байна. Уг архийг ууж байгаад тасарсан байсан. Нэг ухаан ороход дүү Х.Б- нил цус болчихсон, би гартаа цүүц барьчихсан байхаар нь айсандаа шууд зугтаагаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24-р хуудас/
Хохирогч Х.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би тухайн үед Тулгатай хамт дүүгийнхээ гэрлүү амрах гээд явж байхад Б.Д- ах араас гарч ирээд Тулгатай маргалдсан. Тэр үед би Тулгаа, Б.Д- ах хоёрыг салгах гээд дундуур нь орох үед Б.Д- ах намайг үзүүртэй цүүцээр гар гэдэс толгойг маань зүссэн... Б.Д- ах намайг эхлээд гар луу хатгах үед би өөрийгөө хамгаалах зорилгоор Б.Д- ахын толгой руу нэг хоёр цохисон... Б.Д- ахын гэрт очихоосоо өмнө Б.Д- ахыг хүмүүстэй архи уугаад байж байхаар нь явж ороод та гэртээ харьж унтахгүй юу хийж яваа юм бэ гэж хэлээд мөр лүү нь гараараа 2 удаа цохиод гэрлүү нь явуулсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 406 тоот дүгнэлт: Х.Б-н биед баруун зулайн дээд хэсэг, доод хэсэг, дагзны төвгөр, доод хэсэг, дагзны доод хэсэг, хүзүүний баруун дунд хэсэг,зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн сарвууны гадна хэсэг, алганы дунд хэсэг, хэвлийн баруун доод хэсэг,нурууны баруун доод хэсэг, доод хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо... Х.Б-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Мөрөн сумын 1 дүгээр багт Х.Б-тэй үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Х.Б-, гэрч М.Г-г, Ц.Х- нарын мэдүүлэг болон хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Х.Б- хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх бат уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 47 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006280311 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР