Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

Х.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Ө- нарт холбогдох эрүүгийн 2413002840406 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч өмгөөлөгч Х.Бакен, С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ** хүнтэй, *********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж овогт Х.Е- /РД:************/.

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ******** мэргэжилтэй, аймгийн ********* ажилтай, ам бүл *** хүнтэй, ************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж овогт Х.Ө- /РД:***************/.

 

3. Холбогдсон хэргийн талаар:

3.1. Яллагдагч Х.Ө- нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар /Цагаан арал/ багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Р-тай дүү болох Х.Е-т цэргийн зарлан дуудах хуудас өгсөн” гэх асуудлаар маргалдах явцдаа хохирогч Т.Г-г нөхрийнхөө гар утас авахаар гэр лүүгээ орох гэж байхад нь түүний хөлийг хаалгаар хавчиж, биед зүүн тавхайн дээд хэсэг 3x2 хэмжээтэй шалбарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

3.2. 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 баг /Цагаан арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Р-н хувийн орон сууцын цоожтой байсан цонхны түгжээг хүчээр түлхэн онгойлгон, нэвтэрч улмаар хохирогч Т.Г-д “та нарыг ална” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Т.Г-, Н.Р- нарын өмчлөлийн орон байранд хууль бусаар нэвтрэн орсон,   

3.3. Яллагдагч Х.Е- нь 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар /Цагаан арал/ багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Р-тай “цэргийн зарлан дуудах хуудас өгсөн” гэх асуудлаар маргалдах явцад хохирогч Т.Г-г гар утсаар бичлэг хийж байхад нь түүнийг хавирч унагаж зууралдах явцдаа биед нь баруун бугалгын гадна хэсэгт 5x3,5см, зүүн гуяны гадна хажуу дунд хэсэгт 8x4, зүүн дээд хэсэгт 4хЗсм, Зх2см, зүүн шагайн дотор хэсэгт 8х5см хэмжээтэй тус тус хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Х.Ө-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Х.Е-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн  2025/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийг  тус тус удирдлага болгож, Х.Ө- нарт холбогдох эрүүгийн 2413002840406 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

5.1. Яллагдагч Н.Р-н хохирогч Х.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг нарийвчлан шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан тогтоох,

5.2. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан “Яллагдагч Х.Ө-, Х.Е- нар нь тухайн өдөр хохирогч Т.Г-д байсан түүний гар утас, мөн түүний нөхөр H.Р- нарын гар утсыг хохирогч Т.Г-д хүч хэрэглэн буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, булааж авч явсны дараа цагдаагийн байгууллагын тусламжтайгаар буцаан өгсөн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж байгаа эсэх,

5.3. Яллагдагч Х.Ө-, Х.Е- нарын тухайн өдөр Н.Р-н байшингийн дээвэрт байрлуулсан хяналтын камерыг хэд хэдэн удаа цохисон үйлдэл, Х.Ө-ийн хохирогч Т.Г-гийн гар утсыг булаан авч, газар шидэж, дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйлдэлд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхийг завдах гэмт хэргийн шинж тогтоогдох эсэх, эсхүл уг үйлдэл нь зөрчлийн шинжтэй эсэх,

5.4. Яллагдагч Х.Ө-ийн хохирогч Т.Г-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалгыг хутгаар гэмтээсэн, байшингийн цонхны түгжээ, хаалга зэргийг гэмтээсэн үйлдэлд бусдын эд хөрөнгийг гэмтээх, устгах гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинж тогтоогдох эсэх зэргийг нарийвчлан тогтоож, яллагдагч нарын дээрх үйлдэл тус бүрд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх,

 

6. Прокурорын эсэргүүцэлд: 

6.1. Шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

6.2. Яллагдагч Х.Ө-, Х.Е- нарын үйлдлийг бүлэглэн хохирогч Т.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь яллагдагч Х.Ө- нь хохирогч Т.Г-г гэр рүүгээ орж гар утсаа авах гэж байхад нь түүнийг гэр рүү нь оруулахгүй байх зорилгоор хаалганд хөлийг нь хавчсаны улмаас биеийн зүүн тавхайнд шалбарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан.

Харин яллагдагч Н.Р-н хувьд хохирогч Т.Г-г бичлэг хийх гэж байхад нь тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг хавирч унаган зүүн гуя, зүүн тавхай, шагайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч нар нь тухайн цаг хугацаанд өөр өөр сэдэлт, санаа зорилгоор, өөр өөр газарт хохирогчийн биед халдсан үйлдлийг яллагдагч Х.Ө-, Х.Е- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж дүгнэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

6.3. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянахад Х.Ө-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, Х.Ө-ийн биед учирсан гэмтэл нь Н.Р-н үйлдлийн улмаас учирсан эсэхэд эргэлзээ үүссэн тул Н.Р-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал Х.Ө-ийн биед учирсан гэмтэл нь бусдын буруутай үйлдлийн улмаас учраагүй, Х.Ө- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн зүй бус үйлдлийн улмаас биедээ гэмтэл учруулсан гэж дүгнэхээр байна.

6.4. Яллагдагч Х.Ө- Х.Е- нар нь тухайн өдөр хохирогч Т.Г-, Н.Р- нарын гар утсыг авсан боловч маргааш нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан "Дээрэмдэх" дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй. Учир нь: Дээрэмдэм гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэх болон хүч хэрэглэхгүйгээр халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байхыг шаарддаг. Харин яллагдагч Х.Ө-, Х.Е- нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Г-д хохирол учраагүй бөгөөд яллагдагч нарын хувьд хохирогчийн утсаар бичлэг хийх үйлдлийг хязгаарлах зорилгоор хохирогчийн утсыг авч явсан болох нь тогтоогддог.

Харин яллагдагч Х.Ө-ийн хувьд хохирогч Т.Г-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмтээсний улмаас 200,000 төгрөг, цонхны түгжээ 60,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бол хохирогч Т.Г-гийн гар утсыг булаан авч, газар шидэж, дээр нь хэд хэдэн удаа дэвссэн, хяналтын камерыг хэд хэдэн удаа цохисон гэх боловч тухайн эд зүйлүүдэд эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн авсан талаар хохирогч мэдүүлсэн тул яллагдагч Х.Ө-ийн дээрх үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээхийг завдах” гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн тус Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт шилжүүлэхээр тогтсон болно.

6.5. Эцэст нь дүгнэхэд тус хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтойг дурдах нь зүйтэй.

6.6. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/Ш348 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

7. Өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдолд:

7.1. Өмгөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/348 дугаартай захирамжийг яллагдагч Н.Р-н өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. /Энэхүү захирамжийг Н.Р- болон түүний өмгөөлөгч С.Нургайып бидэнд огт гардуулж өгөөгүй, танилцуулаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулаагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй болно/

7.2. Яллагдагч Х.Ө-, Х.Е- нарын өмгөөлөгч Х.Бакен нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч Н.Р-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хүсэлт гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/348 дугаартай захирамжаар Н.Р- нь Х.Ө-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлыг нарийн шалга гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй болжээ. Миний үйлчлүүлэгч Н.Р-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрт дээд шатны прокурорт яллагдагч Х.Ө-, Х.Е- нарын өмгөөлөгч Х.Бакен нар гомдол гаргаагүй байсан. Энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэр байсан гэдгийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь хууль зөрчсөн.

7.3. Мөн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой атлаа анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн нэмж хэрэг оруулах асуудлыг даалгасан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/348 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч С.Нургайпын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцэл болон  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно.

Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

 

10. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 9, 10 дахь заалтаар хэргийн үйл баримт, түүнийг тогтооход шаардагдах ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоож, яллагдагч нарын дээрх үйлдэл тус бүрд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх, тодруулах зэргээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг гүйцэтгэх, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангасан байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

11. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамжийн дээрх үндэслэлүүдийг нарийвчлан тодруулж, дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

 

11.1. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр хэрэгт авагдсан СД хуурцаг дахь 6 файл бүхий дуу-дүрс бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл болон 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орчуулагчийн тэмдэглэлд тухайн дуу-дүрс бүхий 6 файл дахь дууны орчуулгыг хийж тусгасан боловч тухайн дүрс бичлэгүүд дэх хүмүүс хэн нь хэн болохыг тодорхойлж мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд бүрэн тусгаагүйг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэвэл зохино.

 

11.2. Яллагдагч Х.Ө-, тус аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Н.Р- нар “багийн Засаг даргаас цэргийн зарлан дуудах хуудас өгсөн” гэх асуудлаас маргалдаж харилцан зодолдохдоо Х.Ө- нь Н.Р-н эхнэр Т.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд түүний нөхөр Н.Р-н ажил, албан тушаалтай нь холбогдуулж буюу Эрүүгийн хуулийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх   заалтад  заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;” гэх хүндрүүлэх шинжээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан эсэхийг шалгаж тогтоох нь хууль хэрэглээний ач холбогдолтой гэж дүгнэв.

 

12. Хуульд заасан нотлогдвол зохих бүхий л нөхцөл байдал буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч С.Нургайыпын гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК