Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00660

 

 

 

 

 

 

 

 

 

Сэлэнгийн тариалан ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг , ч Б.Нармандах, А.Мөнхзул

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06060 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хангайн миллс ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 975 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сэлэнгийн тариалан ХХК нь Хангай миллс ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ӨХШ 14/92-3 дугаартай 3300 тн Улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж улаанбуудай худалдсан. Гэрээний дагуу Хангай миллс ХХК нь 1300 тн улаанбуудай татан авсан боловч төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээнд зааснаар төлбөр төлөх сүүлийн хугацаа 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байсан. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж албан бичиг, и-мэйл, утсаар холбогдсон. Хангай миллс ХХК гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гэрээний 5.2 болон 5.3зааснаар үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй. Сэлэнгийн тариалан ХХК нь Гацуурт ХХК-ийн хамаарал бүхий хүүхдийнх нь компани. Баяндулаан Уул ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Номгон буудай ХХК, Гацуурт ХХК нь бүгд Л.Чинбат гэх хүний хувьцаа эзэмшигчтэй компаниуд. Хангай миллс ХХК-д Баяндулаан Уул ХХК улаанбуудай нийлүүлж компьютер дээр бичигдсэн. Үүнд хариуцагч маргах шаардлагагүй. Дээр дурдсан компаниуд бүгд тус тусдаа газар тариалангийн газартай бөгөөд тарьсан буудайг зарсан тохиолдолд тус бүр өөрсдийн нэрээр гэрээ байгуулдаг. Буудайг худалдаалахдаа компани тус бүр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Гацуурт компанийн вагоны салаа вагонд ачуулж, худалдан авагчдад хүргэгддэг. Сэлэнгийн тариалан ХХК нь хариуцагчид буудайг нийлүүлэхдээ мөн адил дээрх замаар хариуцагчийн захиалсан вагонд ачиж хүргүүлсэн. Хангай миллс ХХК нь Гацуурт ХХК-д танайхаас буудай авсан гэдгээ хүлээн зөвшөөрч албан бичиг удаа дараа явуулж байсан. Иймд хариуцагч Хангай миллс ХХК-иас улаанбуудайн үнэ 650.000.000 төгрөг, алданги 325.000.000 төгрөг нийт 975.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хангай миллс ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Манай компани Сэлэнгийн тариалан ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ӨХШ 92-3 тоот гэрээ байгуулж 3300 тн улаанбуудай авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсан боловч Сэлэнгийн тариалан ХХК буудай нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Харин манай компанид Баяндулаан Уул ХХК буудай нийлүүлсэн бөгөөд бид тус компанитай гэрээ байгуулаагүй боловч тодорхой хэмжээний тооцоо бий. Баяндулаан Уул ХХК нь улаанбуудайн төлбөрийг Гацуурт ХХК, Номгон буудай ХХК-д төл гэж хэлдэг. Баяндулаан Уул ХХК-иас төлбөрийн нэхэмжлэх ирдэггүй. Сэлэнгийн тариалан ХХК-иас улаанбуудай нийлүүлсэн талаарх баримт болон падаан ирүүлээгүй. Энэ тухай баримт ч манай компанийн санхүүд байхгүй. Гэрээний дагуу буудай нийлүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Хангай миллс ХХК-иас 975 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 032 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа давж заалдах гомдолдоо: "Хангай миллс" ХХК нь "Гацуурт" ХХК-ийн охин компани болох "Сэлэнгийн тариалан" ХХК-тай 2014 оны 09-р сарын 02-ны өдөр ӨХШ 14/92-3 дугаартай "Улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ" байгуулж нийт 1300 тонн улаанбуудай худалдан авч өөрийн Хурхын гурилын үйлдвэрт гурил үйлдвэрлэсэн байдаг. Ингэхдээ тухайн үед "Хангай миллс" ХХК нь "Гацуурт" ХХК-ийн нийт 7 охин компанитай гэрээ байгуулж, нийт 200 вагон буюу 12,489 тонн улаанбуудайг толгой компани болох "Гацуурт" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөн дэх салбар замаас Улаанбаатар хот руу вагоноор ачуулж авсан. Эдгээр гэрээ хийсэн 7 охин компанийн нэг нь "Сэлэнгийн тариалан" ХХК юм. Энэхүү нийт 200 вагон буюу 12,489 тонн улаанбуудайг вагоноор ачиж тээвэрлэн "Хангай миллс" ХХК-д хүлээлгэн өгснийг УБТЗ-ын Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар өртөө нь ачаа тээвэрлэсэн тухай албан бичгээр нотлосон болно. Гэтэл шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судлалгүй, нотлох баримтыг дутуу үнэлэн орхигдуулсан байна. Мөн "Хангай миллс" ХХК-иас Сэлэнгийн тариалан" ХХК-ийн толгой компани болох "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад хандан ирүүлсэн 2015 оны 04-р сарын 07-ны өдрийн "№31 тоот "Буудайн үнийн тухай" албан бичиг, мөн 2016 оны 04-р сарын 06-ны өдөр "Хангай миллс" ХХК-иас "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат болон Ерөнхий ня-бо Нэргүй нарт хандан ирүүлсэн "Тайлбар өгөх тухай" 04/06 тоот албан бичгүүдэд "Хангай миллс" ХХК нь улаанбуудай хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, улаанбуудайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаадаа уучлал хүссэн тухай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Бид буюу "Гацуурт" ХХК нь өөрсдийн тариалсан улаанбуудайг худалдан борлуулахдаа газар тариалангийн охин компаниуд дээрээ гэрээ хийж, ачилтыг толгой компани болох "Гацуурт" ХХК-ийн УБТЗ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөн дэх өөрийн салбар замаас вагоноор ачуулж, Улаанбаатарт хүргэж өгдөг. "Сэлэнгийн тариалан" ХХК нь "Гацуурт" ХХК-ийн охин компанийн нэг болохыг нотолсон "Гацуурт" ХХК, "Баяндулаан" ХХК болон "Сэлэнгийн тариалан" ХХК-уудын дүрмийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад мөн шинжлэн судлалгүй орхигдуулсан байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Хангай миллс" ХХК-ийн хүлээн авсан улаанбуудайг "Баяндулаан Уул" ХХК-иас нийлүүлсэн байна гэж дурджээ. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийг гаргах гол үндэслэл болсон улаанбуудай пүүлсэн баримт нь "Баяндулаан Уул" ХХК-ийн биш "Сэлэнгийн тариалан" ХХК-ийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байхад "Баяндулаан-Уул" ХХК-иас нийлүүлсэн гэж үзсэн нь энэхүү нотлох баримтыг үнэн зөв, тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж, судлалгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл "Баяндулаан Уул" ХХК-ийн тамга тэмдэггүй, харин "Сэлэнгийн тариалан" ХХК-ийн тамга тэмдэгтэй баримтыг "Баяндулаан Уул" ХХК-ийн улаанбуудай нийлүүлсэн баримт байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн хариуцагч талаас гаргасан тайлбарт "Баяндулаан Уул" ХХК-тай гэрээ хийгээгүй харин "Сэлэнгийн тариалан" ХХК-тай улаанбуудай худалдан авах гэрээ хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл "Улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ" хийсэн компаниас улаанбуудай аваагүй мөртлөө гэрээ хийгээгүй "Баяндулаан Уул" ХХК-иас улаанбуудай авсан гэх хариуцагч талын тайлбар нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байхад "Баяндулаан Уул" ХХК-иас улаан буудай нийлүүлсэн байна гэж шийдсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хангалттай нотлох баримтгүйгээр эхний шүүх хурлаар асуудлыг өнгөц шийдвэрлэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06060 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК нь хариуцагч Хангай миллс ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 975 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 7-10 дугаар талд зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №ӨХШ14/92-3 дугаартай улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК 3300 тонн улаанбуудайг худалдах, хариуцагч Хангай миллс ХХК нь улаанбуудайн үнэ 1 650 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна.

 

Талууд гэрээний 1 дэх хэсэгт Улаанбуудайг Сэлэнгийн Зэлтэр салбарт нийлүүлэхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь Баяндулаан Уул ХХК-иас Сайхан толгой-д улаанбуудай нийлүүлсэн баримтыг үндэслэн барааны үнийг нэхэмжилж байгаа нь гэрээний дээрх нөхцөл болоод Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ талууд гэрээний үүргийг бусдад шилжүүлэхээр тохиролцсон, үүрэг гүйцэтгэх газрыг өөрчилсөн гэх байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээнд заасанчлан гэрээний талууд болох нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК нь хариуцагч Хангай миллс ХХК-ийн хооронд улаанбуудай хүлээн авсан, буудайг пүүлж актад гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй тул шүүх талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн, улаанбуудай пүүлсэн баримтыг "Баяндулаан Уул" ХХК биш "Сэлэнгийн тариалан" ХХК тамга тэмдэг дарагдаж баталгаажуулсан, 200 вагон буюу 12 489 тонн улаанбуудайг вагоноор ачиж тээвэрлэн "Хангай миллс" ХХК-д хүлээлгэн өгснийг УБТЗ-ын Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар өртөө нь ачаа тээвэрлэсэн тухай албан бичиг нотлоно, Сэлэнгийн тариалан" ХХК нь "Гацуурт" ХХК-ийн охин компани, нэг этгээд бөгөөд үүсгэн байгуулагч нь иргэн Л.Чинбат болно гэх тайлбар болоод холбогдох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай биш, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тухайлбал хэргийн 95 дугаар тал дахь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн УБТЗамын ТҮТ Сүхбаатар тооцооны хэсгийн 2014 онд Хангай Миллс ХХК нь нийт 200 вагон 12 849 тонн буудайг Гацуурт ХХК-ийн салбар замаас ачсан болно гэх тодорхойлолт нь Сэлэнгийн тариалан ХХК-ийн шаардах эрхийг нотлохгүй байна.

 

Мөн хэргийн 11 дүгээр тал дахь Сэлэнгийн тариалан ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан Хангай Миллс ХХК-ийн улаанбуудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний тооцоо гэх баримт нь нэг талын баримт бөгөөд уг тооцоог гэрээнд зааснаар талууд баталгажуулаагүй байна.

 

Хариуцагч "Хангай миллс" ХХК 2015 оны 04-р сарын 07-ны өдөр "№31 тоот, 2016 оны 04-р сарын 06-ны өдөр 04/06 тоот албан бичгийг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат болон Ерөнхий ня-бо Нэргүй нарт хүргүүлж байсан талаарх баримт хэргийн 31-40 талд авагдсан байна. Хэдийгээр "Гацуурт" ХХК-тай үр тарианы үнийн талаар өглөг авлагын тооцоотой баримтад Сэлэнгийн тариалан ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаар тусгагдаагүй байна. "Гацуурт" ХХК болон Баяндулаан Уул ХХК-ийн үүсгэн байгуулагч нь иргэн Л.Чинбат болох талаар тус компаниудын дүрэмд тусгагдсан байх ба энэ үйл баримт тухайн хэрэгт хамааралгүй юм. Баяндулаан-Уул ХХК, Гацуурт ХХК-ийн үүсгэн байгуулагч хэн байх нь Сэлэнгийн тариалан ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2016/06060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 032 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ