Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 780

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох

Гуравдагч этгээд: “С” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн захирал Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн захирал Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ТТ- дугаар бүхий “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх" тухай нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан ба энэ ч*******ээр тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа засвар үйлчилгээг 25 жил эрхлэн ирсэн туршлагатай мэргэжлийн компаний хувьд тухайн тендерт оролцсон.

Тендерийн шалгаруулалтын эцсийн хугацаа буюу оролцогчдоос материал хүлээж авахаас 8 хоногнйн өмнө 2016 оны 0З дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 2/1796 дугаартай албан бичгээр “Тендерт залруулга” ирүүлсэн бөгөөд уг залруулгын хамгийн гол нөхцөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу “Дотоодын давуу эрхийн зөрүүг тооцно" гэсэн нөхцөл байсан юм.

Манай компанийн хувьд гадаад улс орнуудаас гал тогооны тоног төхөөрөмж импортлохоос гадна өөрийн туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүдэг цөөхөн компанийн нэг бөгөөд " Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар" нээлттэй тендерт үйлдвэрлэл эрхэлдэг зөвхөн манай компани оролцсоноороо давуу талыг агуулж байсан.

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тендерийг үнэлж, шалгаруулах эрх бүхий этгээдүүд нь хуйвалдааны шинжтэйгээр ажиллаж, өөрсдийн тендерт хийсэн

залруулгаасаа эрс зөрүүтэйгээр шийдвэр гаргаж, огт үйлдвэрлэл эрхэлдэггүй, гал тогооны тоног төхөөрөмжийн худалдааг чанарын түвшинд эрхэлдэггүй, тендерт өгсөн үнийн хувьд ч эрс өндөр дүнг санал болгосон компанийг шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10, 11, 12, 15, 16, 28 дугаар зүйлүүдэд тус тус заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10-р зүйлд “Захиалагч тендерийн үнэлгээг хийхдээ дотоодын давуу эрхийн зөрүү тооцно” гэж тендерийн шалгаруулалтандаа заасан бол уг зөрүүг давуу эрхтэйгээр үнэлэх байдлыг зохицуулсан ба уг хуулийн 11 дүгээр зүйлд “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ шаардагдах бүх үзүүлэлтүүд”-ийг тодорхойлсон байна. Гэтэл үнэлгээний хороо нь энэ үүргээ биелүүлэлгүйгээр урьдны жилүүдэд яг ийм аргаар тендерт шалгарч, нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, монголын бяцхан үрсийн хүнсэнд хортой нөлөөлж, эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулж байгаа компанийг дахин шалгаруулсанд гомдолтой байна. 

Түүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж заасан байхад хамгийн өндөр үнийг санал болгосон компанийг шалгаруулсанд гомдолтой байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тендерийг үнэлж, шалгаруулах эрх бүхий этгээд болох үнэлгээний хорооны энэ мэт хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас Монгол Улсын хойч ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл мэндэд чанарын шаардлага хангахгүй, зэвэрдэг материалаар хийгдсэн тоног төхөөрөмжид хийсэн хүнс хэрэглэснээс учрах аюул, занал учирч болзошгүй байдлыг харгалзан үзэж, үндэсний үйлдвэрлэгч, улс орондоо өөрийнхөө хэмжээнд баялаг бүтээгч болсныхоо хувьд сэтгэл зовниж байна. 

Манай компанийн тендер шалгаруулалтанд санал болгосон тендерийг шалгаруулахгүй байх үндэслэлээ заасан албан бичгээс нь үзвэл хамгийн гол үнэлвэл зохих асуудлууд гэж үзэхээргүй шалтгаанууд байх ба Сангийн яамнаас ирүүлсэн хариунд дурдагдсан захиалагчийн зүгээс хамгийн сайн гэж үнэлээд байгаа "С" ХХК-ийн тендерийн материалд дахин нягтлах ажиллагааг ч захиалагч хийхгүйгээр гэрээ байгуулсан нь хуулийн ноцтой зөрчилд тооцогдох болно.

"Ч*******” ХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа өөрсдийгөө энэхүү тендерт заавал ялалт байгуулах ёстой гэж үзээгүй бөгөөд урьд жилүүдэд яг ийм байдлаар ялалт байгуулчихаад, эрүүл ахуйн шаардлагыг огт хангахгүй, захиалагчийн зүгээс тавьсан техникийн тодорхойлолтыг илт зөрчсөн, хүнс бэлтгэхэд хортой тоног төхөөрөмжийг нийлүүлсэн хуулийн этгээдийг дахин шалгаруулж, улс орныхоо ирээдүй хойч үеийг хохироосонтой хэзээ ч эвлэрч болохгүй гэж үзсэнийх билээ. 

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/11 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхээр “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх” гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нээлттэй зарласан. 

Тендерийн баримт бичгийг Сангийн сайдын холбогдох тушаалаар баталсан тендерийн жишиг баримт бичигт үндэслэн боловсруулсан. Тендерийг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээсэн. Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “...Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж, 21.5 дахь хэсэгт “Тендерийн баталгааны эх хувийг ирүүлэхдээ захиалагчийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-д заасан хоног (он, сар, өдөр)-оор тооцож ирүүлнэ” гэж, 21.7 дахь хэсэгт “Энэ зүйлд шаардсаны дагуу хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерээс захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тус тус заасан. Үүний дагуу тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 21.1 дүгээрт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг “2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл” гэж тодорхой заасан болно.

 Нэхэмжлэл гаргаад буй тендерт оролцогч болох “Ч*******” ХХК-ийн “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт ирүүлсэн тендерийн баталгаа нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. 

Үнэлгээний хороо Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу “үндсэн шаардлага хангаагүй” гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20

дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт ч энэ тохиолдолд тендерээс татгалзах тухай заасан байдаг. 

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 18.2(б)-д “Сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй нэг эсхүл хэд хэдэн гэрээг гүйцэтгэсэн байх бөгөөд тэдгээрийн үнийн дүн нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60.0 хувиас багагүй байна” гэсэн заалт орсон. “Ч*******” компани “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерийн ТТ-/01 1 дүгээр багцад 514,240,000.0 төгрөгийн санал ирүүлсэн бол 2 дугаар багц болох ТТ-/02 дугаар багцад 434,775,000.0 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Ирүүлсэн хямд үнийн санал 434,775,000.0 төгрөгийн 60 хувийг тооцвол 260,865,000.0 төгрөг болж байна. “Ч*******” ХХК нь тендерт сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/-д хамаарах гүйцэтгэсэн ажпын гэрээ болгон 9 гэрээ ирүүлсэн бөгөөд тэдгээр гэрээнүүдийн үнийн дүнгийн нийлбэр нь 241,680,960.0 төгрөг болж байгаа нь Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 18.2(б)-д заасан шаардлагыг мөн байна.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хуулийн холбогдох журамд зааснаар ерөнхий нөхцөл хангаагүй тендерийг үнэлгээний дараагийн шатанд оруулахгүйгээр тендерээс татгалзах эрхтэй билээ. Энэ тохиолдолд буюу шаардлагад нийцсэн тендерийн баталгаа ирүүлээгүй тендерт оролцогч “Ч*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь үнэлгээний дараагийн шатанд ороогүй тул үнийн харьцуулалт хийх, дотоод давуу эрхийн зөрүү тооцох боломжгүй юм.

Тендер шалгаруулалттай холбогдуулан нэхэмжпэгч “Ч*******” ХХК-ийн Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас холбогдох материалуудыг татан авч хянан үзсэн билээ. Сангийн яамны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/2888 албан бичигт "...“Ч*******” ХХК нь тендерийн баталгаагаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй байхаар ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 21.1-д заасан шаардлагыг хангаагүй, “Т*******” ХХК нь тендерийн материалдаа ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1(ё)-ийн 14-т заасан мэдэгдлийг хавсарган ирүүлээгүй байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж, “...Захиалагчийн “хамгийн сайн” гэж үнэлсэн “С” ХХК-ийн тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн баталгаат хугацааны сертификат /ирүүлсэн тендерийн материалын 97 болон 98 дугаар хуудас/ нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1(ё)-ийн 2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягталж тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна” гэж мэдэгдсэн болно. 

Үнэлгээний хороо энэхүү албан тоотод зааснаар “С” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Гу*******” компанид тодруулга хүссэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний 2/3940 дугаар бүхий албан бичгийг явуулсан. “Гу*******” компаниас хариу албан бичиг ирсний дараа Үнэлгээний хороо 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж шийдвэрээ захиалагч буюу Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны “Комисс байгуулах тухай” А/265 дугаар тушаалаар “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдэх гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээн авах комисс” байгуулагдсан. Комиссын бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "С” ХХК дээр ажиллаж барааны чанар, тээвэрлэлт, хадгалалт болон тендер шалгаруулалтад заасан техникийн тодорхойлолтыг хангаж байгаа эсэхийг хянан үзээд гүйцэтгэгч байгууллагыг гэрээний дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзсэн байна.

“Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендер сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо болон Захиалагч холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж гүйцэтгэсэн тул “Ч*******” ХХК- ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “С” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, өмгөөлөгч Д.Ч******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэснийг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх үндэслэлтэй байна.

Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Ч*******” ХХК-нд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/3151 тоот албан бичгээр тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэн бөгөөд “Ч*******” ХХК нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/2888 тоот албан бичгээр гомдолд хариуг мэдэгдсэн байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал даруй 60 хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/-наас зарласан

“Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол

Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх” гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд “С” XХК оролцсон болно. 

“С” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.а-д заасны дагуу оролцсон бөгөөд зарлагдсан тендер шалгаруулалтанд үнийн санал хүргүүлэхдээ ТТ- дугаар тендөрийн 1 дүгээр багцад 540,675,000.0 төгрөг, 2 дугаар багцад 369,750,000.0 төгрөг нийт 910,425,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн болно.

Тухайн тендерийг нээхэд “Т*******” ХХК нь ТТ- дугаар тендерийн 1 дүгээр багцад 505,190,000.0 төгрөг, 2 дугаар багцад 400,000,000.0 төгрөг нийт 905,190,000 төгрөгийн, “Ч*******” ХХК нь ТТ- дугаар тендерийн 1 дүгээр багцад 514,240,000 төгрөг, 2 дугаар багцад 434,775,000 төгрөг нийт 949,015,000 төгрөгийн, “Мянган өндөр цахиур” ХХК нь ТТ- дугаар тендерийн 1 дүгээр багцад 669,883,400 төгрөг, 2 дугаар багцад 404,220,000 төгрөг нийт 1,074,103,400 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байсан.

Тендерийн явцад хамгийн бага үнийн санал гаргасан “Т*******” ХХК нь тендерийн матөриалдаа ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1(ё)-ийн 14-т заасан мэдэгдлийг хавсарган ирүүлээгүй үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу захиалагч татгалзсан шийдвэр гаргасан байсан тул дараагийн хамгийн бага үнийн санал гаргасан манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу сонгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн маргаан гаргаж буй “Ч*******” ХХК нь тендерийн баталгаагаа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй байхаар ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 21.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр захиалагч татгалзсан шийдвэр гаргасан байсан бөгөөд дээрх нь үндэслэлтэй шийдвэр гэж үзэхээр байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Сангийн яам 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/2888 тоот албан бичгийг үндэслэн манай компанитай гэрээ байгуулж, гэрээний дагуу Боловсрол, соёл, шинжпэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/265 дугаар тушаалаар “Шинээр ашиглалтанд орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдэх гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээн авах комисс” байгуулагдаж, комиссын бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр барааны чанар, тээвэрлэлт, хадгалалт болон тендер шалгаруулалтад заасан техникийн тодорхойлолтыг хангаж байгаа эсэхийг хянаж хүлээн авсан тул тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үнэлгээний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар хурлаар тендерийн сонгон шалгаруулалтанд манай компанийг шалгаруулсан шийдвэр нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүх “Ч*******”-ийн ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2016 он 6 дугаар сарын 15-ны өдрийн 4846 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байх бөгөөд нэхэмжлэлийг дахин 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч мөн өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/19 дүгээр тушаалаар “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад Монгол Улсын 2016 оны төсвийн хөрөнгөөр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, ТТ- дугаар” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  байгуулжээ. 

Үнэлгээний хороо 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар “Т*******” ХХК, “Ч*******” ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй, хянан үзэх шатанд тэнцэхгүй гэж дүгнээд, тендерийн нарийвчилсан үнэлгээнд оруулаагүй байна. 

Харин “М*******” ХХК, “С” ХХК-иудыг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “С” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэжээ.

Гэтэл “Ч*******” ХХК энэхүү Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/2888 дугаар албан бичгээр захиалагч болон тус компанид хариуг өгсөн байна. 

Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 5/2888 дугаар албан бичгийн хүлээн авсаны дараа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хэлэлцээд “2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар хуралдааны “С” ХХК-ийг шалгаруулсан” шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улмаар захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан яамнаас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тендерт ялагч “С” ХХК-тай “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж” нийлүүлэх ТТ- дугаар гэрээг байгуулжээ. 

Нэхэмжлэгч “Ч*******” ХХК нь дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрсөн үндэслэлээ:

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан яамнаас “Залруулга хүргүүлээх тухай” албан бичгийг ирүүлсэн бөгөөд 4-д “дотоодын давуу эрхийн зөрүү тооцно” гэсэн нөхцөл байсан нь үйлдвэрлэл эрхэлдэг манай компани оролцсоноороо давуу талыг агуулж байсан.  Манай компанийн тендерийг шалгаруулаагүй үндэслэл нь хамгийн гол үнэлвэл зохих асуудлууд гэж үзэхээргүй шалтгаанууд байсан;

- Гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа чанарын түвшинд эрхэлдэггүй, тендерт өгсөн үнийн хувьд ч эрс өндөр дүнг санал болгосон компанийг шалгаруулсан. Сангийн яамны 5/2888 дугаар албан бичигт дурдсаны дагуу “С” ХХК-ийн тендерийн материалд дахин нягтлан ажиллагааг захиалагч хийхгүйгээр гэрээ байгуулсан гэснийг тус тус хянавал:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Захиалагч энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана”, 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж тус тус заасан байна.

Захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам нь хуулийн дээрх заалтуудын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 21.1-д “...Хүчинтэй байх хугацаа: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл”, ТОӨЗ-ний 21.4-т “...Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна”, 21.7-д “...хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерээс захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэсэн шаардлагыг тогтоосны дагуу тендерийн баталгаа нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчинтэй байх ёстой байжээ.

Гэтэл “Ч*******” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн ХААН банкны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баталгаа гаргах тухай” 16/14174 дүгээр албан бичигт  “Энэхүү баталгаа нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй” байсан болох нь уг баримтаар тогтоогдлоо.

Мөн түүнчлэн Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 18.2(б)-д “Сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй нэг эсхүл хэд хэдэн гэрээг гүйцэтгэсэн байх бөгөөд тэдгээрийн үнийн дүн нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60.0 хувиас багагүй байна” гэсэн шаардлага тавигдсан бөгөөд “Ч*******” ХХК-ийн ирүүлсэн бага үнийн санал болох 434,775,000.0 төгрөгийн 60.0 хувь нь 260,865,000.0 төгрөг байх ёстой боловч 2014-2015 онд хамаарах гүйцэтгэсэн ажлын гэрээнүүдийн үнийн дүнгийн нийлбэр нь 241,680,960,0 төгрөг болж байгаа нь ТШӨХ-ийн 18.2(б)-д заасан шаардлагыг хангахгүй байсан байна.  

Иймд Үнэлгээний хороо нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар хуралдаанаас “Ч*******” ХХК-ийн тендерийг “Шаардлагад нийцсэн тендерийн баталгаа ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр уг тендерийг хянан үзэх шатанд хассан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцсэн байна. 

Мөн захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан яамны 2016 оны  3 дугаар сарын 01-ний өдрийн “Залруулга хүргүүлээх тухай” 2/1796 дугаар албан бичгийн 4-т “...дотоодын давуу эрхийн зөрүү тооцно” гэж заасан боловч “Ч*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй, нарийвчилсан үнэлгээнд ороогүй учраас үнийн харьцуулалт хийх, дотоодын давуу эрхийн зөрүү тооцох боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар  үндэслэл бүхий байна. 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-т зааснаар “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Үнэлгээний хороо 2016 оны 02 дугаар хуралдаанаар “М*******” ХХК, “С” ХХК-иудыг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэж хуулийн дээрх заалтуудын дагуу тендерийн үнийн харьцуулалт хийхэд “М*******” ХХК нь  Багц 1-д 669,883,400.00 төгрөг, Багц 2-т 404,220,000.00 төгрөг, нийт 1,074,103,400.00 төгрөг, “С” ХХК нь  Багц 1-д 540,675,000.00 төгрөг, Багц 2-т 369,750,000.00 төгрөг, нийт 910,425,000.00 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байсан тул “хамгийн өндөр” үнийн саналаар “М*******” ХХК-ийн тендер хасагдаж, “С” ХХК-ийн тендерийг дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулсан нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна.

“Ч*******” ХХК нь Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хянасан тухай Сангийн яамны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/2888 дугаар албан бичгийн хүлээн авмагц Тендерийн үнэлгээний хороо нь “С” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТОӨЗ 12.1 /ё/-ийн 2-т “Үйлдвэрлэгчээс нийлүүлэх бараа тус бүрээр барааны баталгааны хуудас (баталгаат орчуулгын хамт)” заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах зорилоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан яамнаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/3940 дүгээр албан бичгээр  тодруулага хүссэний дагуу БНХАУ-ын “Гуанжоу янгир фүүд” ХХК-иас  “...бүтээгдэхүүн тус бүр 18 сарын баталгаа гаргаж байгаа нь үнэн болно” гэсэн лавлагааг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү тодруулга авсаны дараа Үнэлгээний хороо 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хэлэлцээд “2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар хуралдааны  “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “С” ХХК-ийг шалгаруулах, тус компанид гэрээ байгуулах эрх олгох тухай саналыг Захиалагчид танилцуулах” шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-т  заасантай бүрэн нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн захирал Ц.Б шүүх хуралдаан дээр “Манай компани тендерт шалгарах ёсгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, харин “ С” ХХК-ийг чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн бол шүүхэд гомдол гаргахгүй байсан ” гэж тайлбарлах бөгөөд тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйг хүлээн зөвшөөрч байсан болно.

Харин захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам, нийлүүлэгч “С” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ , мөн оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогтооны тоног төхөөрөмжийг хүлээн авах акт ”-ын дагуу “С” ХХК-иас тендерийн тодорхойлолтод заагдсан барааг тендерт нийлүүлсэн эсэх, нийлүүлсэн тоног төхөөрөмж нь эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангаж буй эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг нь төрийн захиргааны болон төрийн хяналт шалгалтын байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд тухайн байгууллагуудаас нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, эрүүл ахуй, чанар стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар хуралдааны “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт “С” ХХК-ийг шалгаруулах, тус компанид гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид танилцуулах” шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ- дугаар” тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ЦЭЦЭГМАА