Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 217

 

“МШ” ХК-ийн гомдолтой,

ГЕГ-ын харъяа, УХШИГГ-ын

ГУБ-д холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын, ГУБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0114 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 236 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч С.Төгсмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0114 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т заасныг баримтлан “МШ” ХК-ийн Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын ГУБ-ийн “МШ” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 236 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “МШ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ГУБ- нь МШ ХК-ийг Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан яг ямар журмын аль заалтыг зөрчсөн талаар тайлбар, танилцуулга хийгээгүй бөгөөд шүүхэд гаргасан  тайлбартаа ч тодорхой дурдаагүй.

4. Шүүх хуралдаан дээр зөрчлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлт гаргасны дараа журмыг зөрчсөн гэж тайлбарласан. Үүнд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар “Гаалийн хилээр нэвтрүүлэх, бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 9.5-д заасан “Шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт хийлгэхээр U-POST программыг ашиглан агаарын тээврийн баримтын 12 оронтой дугаарыг бичиж, шуудангийн гаалийн байгууллагад манифестын задаргааг сүлжээгээр илгээнэ” гэснийг, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/238 дугаар тушаалаар батлагдсан “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх” журмын 8.4-д заасан “гаалийн хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн ачааны манифестын 10, 14, 15, 19, 22-27 дугаар хүснэгтүүдээс /хүлээн авах газрын код, хүрэх гаалийн газрын мэдээлэл, барааны нэр, барааны үнэ, валютын код, дагалдах бичиг баримт, тоо хэмжээ, цэвэр жин, бохир жин/ бусад хүснэгтэд оруулах засварын тээвэрлэгч хийж, Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгж баталгаажуулна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж тайлбар гарсан. Гэвч дээрх заалтууд нь хоорондоо уялдаа холбоогүй “МШ” ХК-д тээвэрлэгчийн хувьд хариуцлага хүлээлгэсэн эсхүл улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчийн хувьд хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй байна.

5. Улс хоорондын шуудангийн үйлчилгээ нь бие даасан зохицуулалттай харилцаа бөгөөд Дэлхийн шуудангийн байгууллагын гишүүн орны оператор байгууллагын үүргийг “МШ” ХК биелүүлэн, гадаад улсаас ирсэн илгээмжийг хүлээн авч, хаягт эзэнд нь гардуулах үйлчилгээг Дэлхийн шуудангийн байгууллагын дүрэм, конвенц болон Монгол Улсын Шуудангийн тухай хуульд заасны дагуу үзүүлдэг.

6. Давж заалдах шатны шүүх нь Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.7-д заасан “Улсын хилээр нэвтрүүлэх барааны талаарх шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх” тээвэрлэгчийн үүргээ “МШ” ХК зөрчсөн гэж дүгнэсэн. Гаалийн тухай хуулийн гуравдугаар дэд бүлэгт Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх зохицуулалтыг тусад нь зохицуулсан бөгөөд уг бүлгийн 224 дүгээр зүйлийн 224.1-д “Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн байгууллага гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ” гэж зааснаас гадна Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дүгээр тушаалаар батлагдсан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Эдийн тодорхойлолтын маягт” /CN22. CN23. CP72 г.м/ болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, гаалийн байгууллагад шаардлагатай мэдээлэл бүрэн багтсан бол тэдгээрийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн мэдүүлэг гэж үзнэ”, 4.4-т “Шуудангийн байгууллагаас гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн илгээмжийн мэдээллийг үндэслэн урьдчилан бүрдүүлэлтийг хийж болно” гэж тус тус заасан.

7. “МШ” ХК-ийн ажилтны гаргасан гэх зөрчил буюу үнийн дүн харагдахгүй байсныг гэж системд илгээсэн үйлдэл нь Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.7-д заасан тээвэрлэгчийн үүргийн хүрээнд хийгдэж байгаа бус “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” журмын хүрээнд гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийг хийлгэхээр гаалийн байгууллагад урьдчилан илгээж буй үйлдэл юм. Гаалийн байгууллага нь бидний гаргаж өгсөн урьдчилсан мэдээллийг гаалийн мэдүүлэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд улс хоорондын шуудангийн илгээмжийн хувьд гаалийн албан ёсны мэдүүлэг нь илгээмж дээрх “эдийн тодорхойлолтын маяг” /CN22. CN23. CP72 г.м/ байхаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дугаар тушаалаар батлагдсан “Улсын хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” журмаар зохицуулсан.

8. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

10. Гомдол гаргагч “МШ” ХК-иас Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын ГУБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэ шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэж, “барааны мэдүүлгийг үнэн зөв мэдүүлээгүй, барааны үнэ бичээгүй” зөрчил гаргасан гэж 2,000,000 төгрөгөөр торгосон байна.

11. Гомдол гаргагчаас “Үнийн мэдээллийг системд оруулсан, оруулаагүйгээс үл хамааран ГУБ- өөрөө харах боломжтой, “МШ” ХК-ийн ажилчдын заавал хийх ёстой зүйл болгож хуульчлаагүй” гэж маргажээ.

12. Гаалийн тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 269/264 дүгээр тушаалаар батлагдсан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 4.4-т “Шуудангийн байгууллагаас гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн илгээмжийн мэдээллийг үндэслэн гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийг хийж болно” гэж заасан.

13. Мөн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, “МШ” ХК-ийн хооронд хамтран ажиллах 13/129 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээний дагуу гадаад улсаас ирсэн илгээмжийн мэдээллийг “МШ” ХК нь гаалийн системд урьдчилан оруулдаг байна. Зарим тохиолдолд “илгээмжийн үнэ тодорхойгүй, маягт дээр үнэ харагдахгүй байсан” гэх шалтгаанаар барааны үнийг бичээгүй орхисон, энэ үйлдэлтэй холбогдуулан хэргийн оролцогч нар “барааны үнийг бичих үүрэгтэй” эсэхэд холбогдуулан маргаж байна.

14. Улсын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, “МШ” ХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 5-д ““МШ” ХК нь Улсын хилээр нэвтрүүлэх илгээмжийн талаархи мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх. Тус ажлын хүрээнд бүртгэлийн системд илгээмжийн мэдээллийг үнэн зөв, тохирох стандартын дагуу оруулан гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байх, Шуудангийн “Эдийн тодорхойлолтын маягт” /CN22, CN23, CP72 г.м/ болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, гаалийн байгууллагад шаардлагатай мэдээллийг бүрэн багтаасан байх үүрэгтэй”, 6-д “Гаальд саатуулсан болон шууд олгох илгээмжийн олголтыг зааглах гаалийн болон бусад албан татвартай, улсын хилээр нэвтрүүлэхэд тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараа бүхий илгээмжийн тухай үнэ зөв мэдээллээр урьдчилан хангах үүрэгтэй” гэж заажээ.

15. “МШ” ХК-ийн хэсгийн үйлчилгээний ажилтан олгогч О.Дуламсүрэн нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “илгээмжийн үнийн дүн нь манифестэн дээр байхгүй байсан тул ГУБ- Мөнхзулын хамт баталгаат агуулахад орж харахад эдийн тодорхойлолт /CP72/ тус бүрийн барааны үнийн дүн бичээстэй байсан” гэсэн байна.

16. Эндээс үзэхэд гомдол гаргагч хуулийн этгээд нь гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийхдээ барааны үнийг бүрэн гүйцэд бичих, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон, нэгэнт гэрээгээр тохирсон ажил үүрэг тул “заавал хийх ёстой зүйл биш” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

17. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0114 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 236 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧ                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ