Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1028

 

2025           09            02                                                                                 2025/ДШМ/1028

 

Ч.М-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Ө.О-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,

шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1639 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.М-т холбогдох 2308017261619 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С- овгийн Ч-гийн М-, ............, ял шийтгэлгүй (РД:.............);

Шүүгдэгч Ч.М- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэсэн заалтыг зөрчсөн, цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 17 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-ийн хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрийн ажлын байранд Ө.О- нь цаас зүсэгч төхөөрөмжид баруун гараа хавчуулж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.М-ыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ч.М-т 2 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М-аас нийт 24,421,516 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.О-өд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ч.М-аас 2,597,300 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

хохирогч Ө.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ч.М-ыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ч.М-т 2 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай” гэж заасан.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгээр шүүгдэгчид ял оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй, шийтгэх тогтоолын холбогдох хэсэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдлаар бичигдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1.Zhengzhou Leizhan Technology Paper Machinery үйлдвэрлэгчийн зааврын дагуу буюу хаалтгүй байхаар зохион бүтээгдсэн яг тэр байдлаар нь нэг ч эд анги илүү, дутуугүйгээр зааврын дагуу угсарч, улмаар холбогдох зөвшөөрлийг авахаар төрийн байгууллагад хандсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан шалтгааны улмаас мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх явц удаашралтай байсан, мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс “өвлийн улиралд газардуулгын эсэргүүцлийг хэмжиж болдоггүй 04 дүгээр сараас хойш газар гэсэж эхлэхээр хэмжилт хийнэ” гэж зөвлөсний дагуу бүрдэл хангах боломжгүй байсан гэх мэтээр осол гарах үед гэрчилгээ авч амжаагүй байсан.

Тухайн үед төхөөрөмжийн ажиллагааг холбогдох “*********” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд 2022 оны 04 дүгээр сараас эхлэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнуудын удирдлага дор багагүй хугацаанд өөрсдөө ажиллуулж хангалттай туршсан ба алдаа доголдол илрээгүй учир өмнө нь төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай ажилтан Ө.О-ийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т зааснаар төхөөрөмж дээр ажиллуулахаар зааварчилгаа өгч ажилд нь гаргасан боловч ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, анхааруулга санамжийг мөрдөлгүйгээр эргэлдэж байгаа төхөөрөмжөөс илүү гарч буй цаасыг саваагаар холдуулах ёстой атал хайхрамж, болгоомжгүй үйлдэл гарган удаа дараа гараараа холдуулж байгаад 3 дахь удаагийн оролдлого дээрээ хуруугаа хавчуулсан.

Осол гарсны дараа Ө.О-тэй компанийн зүгээс байнгын эргэх холбоотой байж, шаардлагатай тусламж үзүүлэн, анхаарал тавьж эмчилгээ, эм тариа, цалин болон нөхөн төлбөрт 25,598,693 төгрөг өгсөн ба компанийн зүгээс хөдөлмөрийн чадварт нь тохирсон ажлын байр санал болгосон боловч тэрээр хүлээж аваагүй ажлаас гарсан.

Цаасыг ямар хэмжээтэй зүсэхээс хамааран зүсэлтээс гарч буй өөдөс цаасыг саваагаар холдуулаагүй тохиолдолд дамарт орооцолдох ба энэ нь төхөөрөмжийн алдаа биш бөгөөд цаас орооцолдох нь хаалттай байх, гэрчилгээтэй байх эсэхтэй үл хамаатай юм.

Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаагүй, гэм бурууг бодитой тогтоогоогүй, компанийн нөхцөл байдлын талаар судлаагүй, шүүх хурал дээр тодруулаагүй атлаа ийнхүү шийдвэр гаргасан нь шударга бус, бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн шийтгэх тогтоолын 14 дэх талд “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ө.О-ийн эмчилгээний зардалд 11,177,016 төгрөгийг шүүгдэгчид гаргуулахаар шийдвэрлэлээ” гэх атлаа хэд дэх хавтаст хэргийн ямар нотлох баримтыг үндэслэж, уг зардлыг тооцож байгааг дурдаагүй, ойлгомжгүй байдаг ба гэмтлийн улмаас ямар эд эрхтэн нь өвдөж, эмчийн ямар зааврын дагуу эм тариа хэрэглэсэн талаарх баримт хэргийн материалд авагдаагүй нь шийдвэрийн эл хэсэг нотлогдохгүй, бодит байдалтай нийцээгүй.

2.“*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг зөрчсөн эс үйлдэхүйгээс шалтгаалан осол гарсан гэж дүгнэсэн боловч гэрчилгээ аваагүй эс үйлдэхүй нь учирсан хор уршигтай хэрхэн шалтгаант холбоотой байгааг бодитой тогтоогүй нь шүүгдэгчийг яллаж байгаа гэмт хэргийн шинжийг үгүйсгэнэ.

Гэрч, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтээр Ө.О-ийн эс үйлдэхүй ослын шалтгаантай шууд холбоотой байсаар атал дүгнээгүй.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, 18.2.8-т заасан үүргийг биелүүлээгүй,

-Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гэрэлчимэг, байцаагч М.Энхжаргал нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тухайн ажилтны үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй,

-Ө.О-ийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу stор товчийг дарж унтраагаад удирдлагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй,

-“*********” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаанд заасны дагуу эргэлдэж байгаа эд ангид гараараа хүрэхгүй байх нь тухайн ажилтны ажиллах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй,

-“*********” ХХК-ийн Үйлдвэрийн албаны цаас зүсэгч дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааврын 3.5-д заасны дагуу унтраах үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй,

“*********” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 4.7.1-д заасныг биелүүлээгүй эс үйлдэхүй,

-Ө.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.5-т заасны дагуу сургалтад хамруулж, өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөөр байтал хайхрамж, болгоомжгүй хандаж зааврын дагуу ажиллаагүй эс үйлдэхүй.

Иймд энэхүү хэргийн гэм бурууг бодитой тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ямар хууль зүйн үндэслэлийг удирдлага болгож байгаагаа дурдаагүй ба мөн уг дүгнэлтийн дагуу хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалт үндэслэлгүй.

Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаал зэрэгт нийцүүлэн гаргасан журам 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд хэрэглэгдэх тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Шинжээч Б.Сэргэлэн, Д.Сэвжидмаа, Т.Номинцэцэг нар мөрдөгчийн 3 асуултад хариулахдаа бодитой дүгнээгүй, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, эргэлзээтэй дүгнэсэн ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.98.2-т заасан нэг гарын 4 хурууны тухай зохицуулалтыг баримталж уг үндэслэлээ дүгнэж тайлбарлаагүй нь асуултын дагуу хариулсан гэж үзэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байдаг. Мөн бусад үндэслэлээр энэхүү шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журмыг ноцтой зөрчсөн бөгөөд уг дүгнэлтийн дагуу хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд зөрчигдсөн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*********” ХХК нь хаягдал цаас дахин боловсруулах 50 орчим ажилтантай үйлдвэр юм. Тоног төхөөрөмж дээр гэрчилгээ аваагүй байсан нь үнэн. Гэрчилгээ авах хүсэлтээ өгсөн байсан. Тухайн тоног төхөөрөмж хаалттай байх ёстой гэдэг боловч үйлдвэрээсээ хаалттай ирээгүй. Бид байсан хаалтыг нь авсан, эсхүл угсраагүй зүйл байхгүй. Хамгийн сүүлийн дамжлага болох ороох төхөөрөмж дээр 10-аас 110 см өргөнтэй болтол нь ороодог. Түүн дээр огт хаалт байдаггүй. ...” гэв.

Хохирогч Ө.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Уг гэмтлээс болоод өнөөдрийг хүртэл ажил эрхэлж чадахгүй байгаа. Тус “*********” ХХК нь надаас уучлалт гуйгаагүй. Осол болсны дараа байгууллагаас ажиллах санал огт тавиагүй атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо намайг тэдний санал болгосон ажлыг хүлээж аваагүй гэж бичсэн нь худал юм. Хүний нөөцийн дарга н.Ч- нь намайг өрөөндөө дуудаад “дараагийн хүнээ авах шаардлагатай байна, чи ажлаас халагдах өргөдлөө өг” гэх дарамт шахалтыг үзүүлсэн. Тиймээс би ажил хийх боломжгүй болсон учраас 12 дугаар ангийн хүүхдээ сургуулиас нь гаргаж, ажил хийлгүүлэн дүү нарынх нь хичээлийн бэлтгэлийг хангуулах байдалтай явж байна. Би эргэлдэж байгаа төхөөрөмжид цаас гацахад аюулгүй байдлаа хамгаалан саваа мод гэх зүйлийг ашигладаг байсан. Гэвч тухайн үед мод нь эвдэрсэн байсан тул гацсан орооцолдоог тайлахын тулд гараа оруултал, гар хавчигдаж их хүнд хохирол учирсан. Тиймээс миний хохирлыг барагдуулж, шүүгдэгч Ч.М-аас 92,000,000 төгрөгийг гаргуулж, надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Учир нь, шүүгдэгчийн гэм буруу хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч.М- “манай компани зээлтэй байсан тул зөвшөөрөл авалгүй тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан” гэж тодорхой мэдүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг зөрчсөн. Мөн тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй гэх хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Тиймээс хохирогч Ө.О- нь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах гэж оролдсон ч ажил олгогчийн зөвшөөрөлгүй оруулж ирсэн, аюулгүй байдлыг хангаагүй тоног төхөөрөмжийн улмаас хохирол бий болсон. Шүүгдэгч Ч.М- нь “тухайн ажилд 1 дүгээр сард орсон тул уг асуудлын талаар сайн мэдэхгүй, би шинээр ажилд орсон” гэх мэдүүлгүүдийг өгч байсан. Энэ нь байгууллагын дотоод хяналт болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй байсан нь харагдана. Тиймээс үйлдэл, эс үйлдэхүй болон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Мөн хохирогч Ө.О- гартаа 7-8 удаа хүнд хагалгаа хийлгэсэн баримтаа гаргаж өгсөн. Зөвхөн НӨАТ-ын баримттай баримтаа л гаргаж өгсөн ба бусад дансаар шилжүүлсэн мөнгөний баримтуудыг өгөөгүй. Төлсөн 25,000,000 төгрөг нь компанийн нэр дээр төлсөн мөнгө байдаг. Түүнээс биш сүүлд гаргаж өгсөн 11,177,000 төгрөгтэй холбоотой нэг ч төгрөг төлөгдөөгүй. Мөн Ө.О-ийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч тогтоож дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс хохирогч Ө.О-өд хор уршиг учирсан болохыг тогтоож хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар шийтгэх тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг залруулах боломжтой гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*********” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар үйл ажиллагаа явуулахаасаа өмнө хуульд заасан үүргээ биелүүлж гэрчилгээг авсан байх ёстой. Мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан. “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч Ч.М- нь хамгаалалтгүй тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж, хуулиар олгогдсон үүргээ эс биелүүлснээр хохирогч Ө.О-өд хүнд хохирол учруулсан. Энэ үр дагавар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Зөвшөөрөл аваагүй эс үйлдэхүй нь Ө.О-ийн гэмтэлтэй хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч нь төхөөрөмжийн аюултай байдлыг мэдсээр байж хүсэж, өөрийнхөө гарыг төхөөрөмж рүү хийнэ гэх ойлголт байхгүй, харин шүүгдэгч Ч.М- нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй байдлаар учруулсан. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон атлаа тогтоох хэсэгтээ уг заалтыг зөрүүтэй байдлаар бичсэн техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй. Шүүхээс хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан. Өмгөөлөгч миний зүгээс хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах бус шүүгдэгч Ч.М-ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Уг хэрэгт компанийн эзэн холбогдсон. Хохиролтой холбоотой баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй буюу бидний зүгээс гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй. Нийт 92,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийгээ дэмжиж байна. Уг хохирлыг бүгдийг нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Ч.М-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.

Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээг хэрэглэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.

Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ба гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнд тухайн гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулиар тогтоосон ялын хүрээнд тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг.

Өөрөөр хэлбэл, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотроос сонгон хэрэглэнэ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуульд байхгүй зүйл, хэсгийг баримтлан ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд энэ талаар “шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх”-ээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй хэмээн баталгаажуулан заажээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг хэрхэн үнэлэх талаар хуульд зохицуулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой энэ хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Энэ гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн ба хохирогч Ө.О-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрсэн ба энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа талаарх баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хохирогч Ө.О-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр арилгуулахдаа ямар үйл баримтад, хэрхэн дүгнэлт хийсний эцэст холбогдох ямар хуулийн, аль заалтыг хэрэглэх болсон талаараа дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн, шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл хохирогч Ө.О-ийн эмчилгээний зардалд нийт 11,177,016 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй баримтуудаас алийг нь, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлд хамаарах тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хангах нь зүйтэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой нягт уялдаа холбоотой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алдана.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцыг бэхжүүлэх, хуулиар тогтоосон нөхцөл, журмыг төрөлжүүлж, дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр аливаа ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Тус  процессын хэлбэр нь энэхүү үйл явцын бодит байдлыг хангах чухал илэрхийлэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор журамлан зохицуулсан эрх зүйн нөхцөл, шалгуурыг бататган хангах зүй ёсны шаардлага болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ээс үзэхэд, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т 2 жилийн хугацаагаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ч.М-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж” шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдсанаас илт зөрүүтэй буюу Ч.М-ын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хассанаар шийдвэрийг уншиж сонсгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан байдлаар бичигджээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.

Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрийг бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчин, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж, хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид энэ мэт хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан боловч 9 дэх заалтад шүүгдэгч Ч.М-т оногдуулсан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг заасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байх ба шүүгдэгч Ч.М-ын ямар үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нь тодорхойгүй, “*********” ХХК-ийг Ч.М-т холбогдох 2308017261619 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээгүй атлаа тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нь ойлгомжгүй байгаа нөхцөл байдлууд нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэлийн гаргасан “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1639 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ