Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00805

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00805

 

 

 

"Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00493 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Н" ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Н" ХХК-ийн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сард ММК ХХК-тай автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 4 чирэгч толгой, 4 чиргүүл, худалдаж авсан. Уг гэрээтэй холбоотой маргаан үүсч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678 дугаар шийдвэр гарган шийдвэрлэсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 837 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан 103 091 080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу ажиллагаа явагдаж байсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ тогтоолоо "Н" ХХК-д огт танилцуулаагүй нуун дарж өнгөрүүлсэн. Энэ тогтоолыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдэж, очиж авсан. Харин манай компанийн автомашиныг Б.М д шилжүүлсэн тухай баримтыг 2017 оны 9 дүгээр сард шүүхийн шатанд байх явцдаа мэдсэн ба мөнгөө буцааж авах талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уг тогтоолыг мэдээд холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа хандсан боловч эрх ашгаа хамгаалуулж чадахгүй, тогтоол үндэслэлтэй хариуг удаа дараалан авч байна.

Хариуцагч нь төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичигт заасан ажиллагааг бүрэн хийлгүйгээр ажиллагааг дуусгавар болгон тогтоолыг төлбөр авагчид танилцуулаагүй.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар "Н" ХХК-иас 103 728 485 төгрөгийг гаргуулж ММК ХХК-д олгож, хариуцагч "Н" ХХК нь 103 728 485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ММК ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Н.Ц нь Б.М д 1465, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.М д 1482, 1462 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшүүлж, гуравдагч этгээдээс авах авлагаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тайлбар гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдаж, хувийн хэрэгт авагдсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад "Н" ХХК-ийн өмнөөс төлөх төлбөрийг Б.М ММК ХХК-ийн дансанд төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэн нэгэн рүү шилжүүлээгүй бөгөөд "Н" ХХК-ийн захирал Н.Ц хууль бусаар Шонхорын хүлэг ХХК болон бусад хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдагдсан байна.

Төлбөр авагч хуулийн этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн. "Н" ХХК-ийн захирал Н.Ц нь Б.М , Б.М нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгааг мэдсэн төдийгүй 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар баталгаажиж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр "Н" ХХК-ийн захирал Н.Ц нь тайлбар өгөхдөө Б.М надад өгөх мөнгөө шууд ММК ХХК-д өгөхөөр болсон, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх гэрээг Б.М , ММК-тай байгуулсан гэх тайлбар өгч байсан нь тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Н" ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч "Н" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2216 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж ажиллагаа хийгдэж байх үед төлбөр авагчийн зүгээс хэд хэдэн хүсэлт гаргаж байсан нь шүүхийн үндэслэлд тусгагдсан байх бөгөөд уг хүсэлтүүд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, гаргасан хүсэлтүүд нь шийдвэрлэгдэхгүй байсан учир төлбөр авагчийн зүгээс өөрөө өр төлбөрийг барагдуулах зорилгоор автомашин эзэмшиж байсан хүмүүстэй уулзан тохиролцсон. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийг уг тохиролцоонд оруулалгүй, төлбөрийг төлсөн тохиолдолд автомашиныг өгнө гэж хэлцэл хүртэл байгуулсан. Энэ нь хууль ёсны өмчлөх эрхтэй нэхэмжлэгчийг хохироосон. Автомашинуудыг нэхэмжлэгч эзэмшиж, өмчилж байгаагүй. Иргэний хуульд өмчлөгч, эзэмшигч хоёр нь өөр өөр эрх зүйн этгээдүүд байдаг үүнийг мэдсээр байж ийм ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өмчлөх эрхээ авах талаар хандаж байгаагүй гэж үзсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагаанд өмчлөх эрхээ авах тухай хүсэлт гаргаж байсан нь тэмдэглэлээс харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь автомашинуудын өмчлөх эрхийг өөр этгээдүүдэд шилжүүлээгүй гэдэг нь хэргийг баримтаас тодорхой харагдана. Ийм байхад худалдан авсан хөрөнгөө авах эрх нь нээлттэй гэж үзэж байна

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохдоо мэдэгдэх ажиллагаа явуулаагүй хугацааг дуусгасан байхад тав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн талууд тохиролцож байгаа бол тохиролцоог нь нотолсон баримтыг үндэслэн ажиллагааг хааж болно. Гэтэл хэргийн баримтаас талууд төлбөрийг бүрэн төлсөн ч юм шиг талууд эвлэрсэн ч юм шиг ойлгомжгүй нөхцөл үүссэн байгаа нь тодорхой харагддаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "Н" ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар "Н" ХХК-аас 103 091 080 төгрөг гаргуулж, ММК ХХК-д олгож, "Н" ХХК нь 103 091 080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч ММК ХХК-д үүрэг болгон шийдвэрлэжээ. /1хх 5-11/ Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Талууд дээрх үйл баримтад маргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байна.

Хариуцагч байгууллага нь төлбөр авагч ММК ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, төлбөр авагчийн хүсэлтийг нотолгооны эх сурвалжаа болгон заажээ. /1хх13, 61/

Төлбөр авагч ММК ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 17/008 дугаартай албан бичигт компани өөрсдөө төлбөрөө төлүүлсэнтэй холбогдуулан урамшууллын гэрээний дүнг өөрчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт илэрхийлэгдсэнээс төлбөр төлөгч "Н" ХХК-тай эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох агуулга тусгагдаагүй байна. /1хх61/

Иймд хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэл бий болоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь буруу гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогджээ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч буюу нэхэмжлэгч талд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд нэхэмжлэгчийг гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс алдааг залруулах боломжтой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00493 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 640 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Н" ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД