| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2026/00085/И |
| Дугаар | 317/ШШ2026/00328 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2026/00328
2026 02 06 317/ШШ2026/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг *********** хаягт оршин суух, Д овогт Б ийн Аид
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Амаржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.А миний бие нь 1970 оны 11 дүгээр сарын 20-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. Би 1988 оны 08 дугаар сарын 01-нээс МХЗН-ийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйд 1 дүгээр тасгийн үтрэмд нормчноор ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цэргийн албанд татагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Угтаалын сангийн аж ахуйд 1 дүгээр тасгийн үтрэмд нормчноор, 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Угтаалын сангийн аж ахуйн даргын тушаалаар САА-н операторчиноор ажиллаж байгаад 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдөж, 1993 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс "Талын уул" ББХ компаний захирлын 01 дүгээр тушаалаар опероторчноор, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Улмаар өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч Угтаал САА болон Угтаал ХК, Талын уул ХК-иас чөлөөлөгдсөн тушаалуудыг Төв аймгийн Архивын хэлтсээс шүүж үзэхэд чөлөөлсөн тушаал гараагүй, лавлагаа олгох боломжгүй байна гэж албан бичиг ирсэн. Миний бие тухайн үеийн ажилласан талаар баримт олдохгүй ажиллаж байсан талаар өөр нотлох баримт олдохгүй байна. Нийгмийн даатгалын газраас асуухад Угтаал САА болон Угтаал ХК, Талын уул ХК-д ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд гараагүй тул 1988 оны 08 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан жилийг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг 1988 оны 08 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31- ний өдөр Угтаал Сангийн аж ахуй болон Угтаал ХК, Талын уул ХК-д нормчноор болон опероторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Итгэмжлэл /хх-6/, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж /хх-7/, Төв аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар тушаал /хх-8/, Төв аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаал, хавсралтын хамт /хх 9-11/, Төв аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр тушаал, хавсралтын хамт /хх 12-14/, Төв аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаал, хавсралтын хамт /хх 15-17/ Төв аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тушаал, хавсралтын хамт /хх 18-120/, Төв аймгийн мал аж ахуйн үржлийн албаны даргын 1995 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тушаал /хх-21/, Төв аймгийн Ус суваг орон сууцны Чандмань (УҮГ) компанийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 124 дүгээр тушаал /хх-22/, Төв аймгийн Ус суваг орон сууцны Чандмань (УҮГ) компанийн даргын 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 144 дүгээр тушаал /хх-23/, Төв аймгийн Ус суваг орон сууцны Чандмань (УҮГ) компанийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тушаал /хх-24/, Бадамгаравын Гармаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 25-26/, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тодорхойлолт /хх-27/, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаар албан бичиг /хх-28/, ажилласан жилээ нөхөн тооцуулах сангаас шалгуулсан тухай баримт /хх-29/ зэргийг гаргаж өгсөн.
2.2.Шүүхээс, Б.Гармаагийн иргэний үнэмлэхийн хуулбар гэрчээр Б.Гармааг асуусан тэмдэглэл /хх 43-44/, Ж.Ламжавын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-45/, Ж.Ламжавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-46/, гэрчээр Ж.Ламжавыг асуусан тэмдэглэл /хх 47-48/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасанд нийцсэн байна.
3.Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Б.Аийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4.Хэрэгт ач холбогдолтой дараах баримтууд авагдсан. Үүнд:
4.1.Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар Ажилд авах тухай болон ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Гунгаагийн Б.Аг 1986 оны 07-р сарын 28-аас эхлэн барилгын бригадын няраваар авч ажиллуулсугай... гэж /хх-8/,
-Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаалд ...Ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай, хавсралтын 31-д Г.Б.А, аж ахуйн эрхлэгч... гэж /хх 9-11/,
-Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр тушаалд ...1.Аппаратын ажилчин, албан хаагчдын 1988 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай... хавсралтын 35-д Г.Б.А, материалын нярав... гэж /хх 12-14/,
-Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалд ...1.Аппаратын ажилчин, албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай..., хавсралтын 40-д Г.Б.А, нярав... гэж /хх 15-17/
-Төв аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тушаалд ...Газрын ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтын хувиарыг 1-р хавсралтаар баталсугай..., хавсралтын 99-д Г.Б.А, нярав... гэж /хх 18-120/,
-Төв аймгийн Мал аж ахуйн үржлийн албаны даргын 1995 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...1.Нярав ажилтай Гунгаа овогтой Б.Аг өөрийнх нь хүсэлтийн дагуу 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэжээ.
4.2.Гэрчээр асуугдсан Б.Гармаагийн мэдүүлэгт:...Намайг тус газарт ажиллаж байхад 1994 оны 02 дугаар сард Төв аймгийн Мал аж ахуйн үржлийн газарт Г.Б.А нь няраваар ажилд орсон. 1995 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэл ажилласан гэж тайлбарлан, өөрийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна./хх 41-44/,
4.3.Гэрчээр асуугдсан Ж.Ламжавын мэдүүлэгт: Би 1984 онд цэргээс халагдаад Худалдаа бэлтгэлийн удирах газарт барилгын бригадын нормчиноор ажилд орсон. 1986 оны 08 сараас Г.Б.А нь манай байгууллагад няраваар ажилд орсон. Тэр үеэс таньдаг болсон. 1986 оноос 1990 оныг дуустал ажилласан... гэж тайлбарлан өөрийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. /хх 47-48/
5.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч Боржигон овогт Гунгаагийн Б.А /рд:НЮ64102073/-г Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оныг 12 дугаар сарыг дуустал хугацаанд няраваар, мөн Төв аймгийн Мал аж ахуйн үржлийн газарт 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТОО Х нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Даарьтан овогт Банзрагчийн Аийг Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оныг 12 дугаар сарыг дуустал хугацаанд няраваар, мөн Төв аймгийн Мал аж ахуйн үржлийн газарт 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ