| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1065 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 20.16.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч Б.Эрдэнэчимэг,
шинжээч Н.Энхцолмон,
шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,
шүүгдэгч Э.У , өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг ороцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
шүүгдэгч Э.У , Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2012 0102 1120 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г А .
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э У .
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ажилтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б С .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.А нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.С нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар Э.У бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Э.У нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар Б.С бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “…2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Галакси” амралтын газар очиход хүмүүс муудалцаад байх шиг байхаар би гадаа гараад хартал Үүрийнтуяа хэдэн хүмүүс муудалцаад байхаар нь би салгах гээд очтол цаана байсан танихгүй залуу намайг цохихоор нь би унаад нүдэндээ цохиулаад хэвтэж байсан. Тэгээд би дахиад зодуулчихаж магадгүй гээд шууд гэртээ орсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бичиг баримт хурааж аваад маргааш дүүрэг дээр ирээрэй гэж хэлээд явсан….Би хохирогчийг цохиогүй учраас энэ хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “…2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найзын төрсөн өдөр болоод би амралтын газар руу хойноос 10 цагийн үед очсон. Тэгээд би очоод удаагүй байж байтал гадаа зодоон болоод байна гэхээр нь Баатарсүрэн бид 2 гартал Баатарсүрэн нэг хүнтэй муудалцаад байсан. Гэтэл нэг охин намайг ирээд үсдсэн. Тэгэхээр нь биеэ хамгаалах гээд зөрүүлээд үсдсэн. Тэгээд бид 2 хоорондоо үсдэлцээд байж байтал нэг найз маань ирээд салгаад гэр рүү орсон…Би хэн нэгэнд хохирол учруулаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “…Баруун талд Н.Урангэрэл нэг охинтой үсдэлцээд байхаар нь Отгон-Өлзийг дуудаад Н.Урангэрэлийг салгаад авсан. Тэгээд Отгонтэнгэр их сургуулийн нэг охинтой муудалцахад нэг нь ирээд гэр рүү аваад орсон…Энэ хохирогчийг би цохиогүй тул энэ хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “…2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр багынхаа найзуудтай амрахаар очсон байсан. Бид нар өмнө нь амралтанд явдаг л байсан. Тэр үед ямар нэгэн ийм асуудал гаргаж байгаагүй. Амралтын газрын гэрэлтүүлэг муу байсан. Тэр үед манай гэрийн хөвгүүд нь гадаа байсан. Гэрээс гараад харахад манай залуучууд энэ залуучуудтай муудалцаад байж байхаар нь би “боль” гээд ямар нэгэн байдлаар хэл амаар доромжлоогүй байхад хажуунаас Б.Сумъядулам над руу дайраад үсдсэн. Тэгээд бид 2 үсдэлцэхэд Н.Урангэрэл хажуу талаас хавирч унагаагаад бид нар тэр үед газар унасан. Тэгээд тэр үед “чи тавь, би тавь” гээд байсан. Бас нүүр амны маажсан байсан. Тэгээд Г.А нь л байх шиг байсан. Намайг тас гээд өшиглөх шиг болсон. Одоо энэ хэрэг 5 жил өнгөрөөд шийдэгдэхгүй байна. Надад 2.300.000 төгрөг өгсөн. Тухайн үед намайг Г.А ар гэрийнхэн нь “гомдолгүй, саналгүй гэдэг дээр гарын үсэг зур” гэхээр нь би “мөнгө хүлээн авсан гэдэг дээр л гарын үсэг зурна” гэж байсан. Бас Г.А аав нь намайг прокурор дээр дуудаад “чиний нүд бол зүгээр” гэж дарамталсанаа прокурорын өрөөнд орсноо шал өөрөөр харьцаж ярьсан. Миний нэг нүд одоо хараагүй болсон. Сая төрөхөд нэг нүд рүү маань цус харвалт болсон байсан. Дараа нь үзүүлэхэд шимэгдсэн байна. Саяхан би Солонгос улс руу нүдний хагалгаанд орох талаар хүсэлт явуулахад эмчлэгдэх боломжгүй гэсэн. Бас Энэтхэг улс руу эмчилгээний хүсэлт явуулахад боломжгүй гэсэн хариу ирсэн. Хэрвээ миний нүд харж байсан бол би гомдол саналгүй гэж хэлэх байсан. Одоо би цаашид маш их айж байна. Цаашдаа нэг нүдэндээ нөлөөлөөд 2 нүд маань хоёулаа харахгүй болчих вий гэхээс маш их айж байна. Миний хувьд одоо бол гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Энхцолмон мэдүүлэхдээ: “…Тухайн үед эхний дүгнэлтийг Чулуунсүх эмч гаргасан байсан. Тэр үед нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн дүгнэлт байгаагүй. Бусад зүйл дээр үндэслэгдэж дүгнэлт нь гарсан байсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа тухайн хүнээ үзэж байж дүгнэлтээ гаргадаг. Энэ хохирогчийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ариунзул, Энхбаяр, Амартүвшин, Эрдэнэболор нар дүгнэлт гаргахдаа хүнд гэмтэлд хамаарна гэж гаргасан. Хөдөлмөр чадварын 35 хувьд хамаарна гэдэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүснэгт гэж байдаг. Харааны хардаг хэсэг нүднийхээ хойно нь байдаг. Тэр хэсэг нь гэмтсэн гэсэн үг тэр нь эргэж сэргэж боломжгүй болоод энэ нүдний эмч нарын дүгнэлтээр тогтоогдоод байна. Гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэсэн үг” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан баримтуудаас хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн тайлбар, мэдүүлэг /1хх-9, 11, 18-20, 21, 108-109, 130-131/, Б.Наранчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-22-23/, С.Солонгын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-24-25/, Б.Ууганбаярын гэрчээр өгсөн тайлбар, мэдүүлэг /1хх-26-27/, Г.Тулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-28-29, 92-93/, Э.Ганзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-32/, Э.Ганзоригийн гэрчээр мэдүүлэг /1хх-32-34/, Ж.Отгон-Өлзийгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-35-36, 141/, Б.Жавхлангийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-48-49, 139/, О.Чулуунбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-50/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай дүгнэлт /1хх-115-118/, Ерөнхий прокурорын газрын албан бичиг /2хх-13/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дугаартай дүгнэлт /3хх-16-18/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн өвчний түүхээр шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4740 дугаартай акт /1хх-53/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1хх-69-70/, Н.У байрны ажлын байрны тодорхойлолт /1хх-203/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-39-40, 229, 231/, Б.С ын өгсөн тайлбар, мэдүүлэг /1хх-37-38/, Д.Уянгын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-39-40/, прокурорын мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол /1хх-135/, Э.У сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-163, 221/, прокурорын түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай тогтоол /1хх-217/, Г.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-227/, прокурорын тогтоол /1хх-182/, Г.А хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-185-188/, Т.Бөпежаны гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-41-42/, Л.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-44-45/, Д.Оюунсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-132/, М.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-138/, О.Чулуунбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-140/, хэргийн газрын схем зураг /1хх-206/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43/, хавтаст хэргирйн материалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн шинжилгээ /1хх-112-114/, прокурорын албан бичиг /2хх-13/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /2хх-52-53/, Б.Эрдэнэчимэгийн хувийн байдлын тухай баримтууд /2хх-79-82/, шинжээч эмч М.Энхбаярыг байцаасан тэмдэглэл /2хх-177-178/, Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1099 дугаартай тоот шинжээчдын дүгнэлт /3хх-13-15, 16-18/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
шүүгдэгч Б.С Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллахаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч Г.А ыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.С Э.У нар нь бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн байцаалтад гэрч Б.Наранчимэгийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 10 жилийн хүүхдүүдээрээ уулзаж амралтанд явахаар болж Гачууртад байдаг Их хайрхан нэртэй амралтын газар Солонго, Тулгаа, Эрдэнэчимэг, Ууганбаяр, Ганзориг, Түмэнжаргал, Монходой нарын хамтаар 16 цагийн үед байрласан. Орой харанхуй болсон байх үеэр гаднаас хүмүүс бужигналдаад байхаар нь ганцаараа гарсан. Зарим нь түрүүлээд гарсан. Солонго, Лхагвасүрэн, Эрдэнэчимэг бид нар гэрт байсан. Гараад хартал гэрийн зүүн хойно олон банди нар охидууд энд тэнд маргалдаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэхэд нэг охин ирээд намайг түлхсэн. Би тэгэхээр нь урдаас нь яагаад байгаа юм бэ гэхэд учир зүггүй түлхээд үсдсэн. Тэгтэл өөр бас хоёр охин ирээд намайг нийлж 3 охин үсдэж газар унагасан. Тэгтэл нэг эрэгтэй банди намайг татаад үснээс тавиулахаар нь би босоод гэр рүүгээ гүйгээд орсон. Намайг гэрт ороход Б.Эрдэнэчимэггийн баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Би тэгээд бусад найзуудаа дуудахад нэг нэгээрээ орж ирээд түргэн дуудаад үзүүлэхэд гэмтэл рүү явна гэсэн. Тэнд байсан хүмүүс юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Н.Эрдэнэчимэг намайг нэг өндөр залуу хүрч ирээд өшиглөсөн гэж ярьж байсан.” /1хх-23-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч С.Солонгын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ганзоригийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд Эрдэнэчимэг, Наранчимэг, Ганзориг, Ууганбаяр, Тулга, Түмэнжаргал, Монхдой нарын хамтаар “Их хайрхан” нэртэй амралтын газар 16 цагийн үед очсон. Амралын газар байж байгаад орой бүрий болсон хойно би машинаас тамхи авах санаатай ганцаараа явсан. Машинд тамхи хайж хэсэг болоод 00 орж тамхи татаад утсаар ярьж байтал гэрийн хойно олон хүмүүс орилолдоод байхаар нь гэр рүү ортол Б.Эрдэнчимэг гэрийн зүүн талын орон дээр баруун нүд нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гараад хатсан юм шиг харагдсан. Гэрийн чийдэн нь бүдэг байсан учир сайн харагдаагүй. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Би тэнд хэн нэгэнтэй маргалдаагүй бүх юм дууссаны дараа ирсэн.” /1хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ууганбаярын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ганзоригийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд Лхагвасүрэн, Солонго, Наранчимэг, Тулга, Эрдэнэчимэг, Пүрэвжав нарын хамтаар “Их хайрхан” нэртэй амралтын газар 16 цагийн үед очсон. Би 21 цагийн үед шээх гээд гэрээс ганцаараа гараад явж байтал ард нэг залуу нэгийгээ дуудаад байсан. Би тэгэхээр нь “тийм хүн байхгүй” гэхэд намайг “чи муу шоргоолж дуугүй бай” гэсэн. Би биеэ засаад гэрт ороод “намайг нэг согтуу залуу шоргоолж гэж хэллээ” гэхэд намайг шоргоолж гэсэн залуугийн гэрт манайхан бүгд орсон. Гэрт орсоны дараа “намайг хэн шоргоолж гэж хэлсэн юм бэ” гэхэд нэг нь “ахаа уучлаарай манай нэг согтсон байна, уучлаарай” гэхээр нь “за за ойлголоо хэрүүл маргаангүй сайхан амраарай” гэж хэлээд гарсан. Тэгтэл хойд талын гэрээс 4-5 залуу, охидууд орилж гарч ирээд яасаныг нь мэдэхгүй зодох гээд байхад нь харилцан маргалдсан. Бид нар гарч ирсэн хүмүүстэй зодоон хийгээгүй. Тэгтэл Лхасүрэн хүрч ирээд “Эрдэнэчимэг тэнд цохиулсан байна” гэхээр нь гэрийн хаяанд байгаа Эрдэнэчимэг дээр очиход Эрдэнэчимэгийн баруун талын нүдний орчим хавдсан ил харагдах гэмтэл шарх харагдсан. Тэгэхээр нь түргэн, цагдаа дуудсан. Би Эрдэнэчимэгийг хэн цохихыг хараагүй.” /1хх-26-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Тулгын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ганзоригийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд Эрдэнэчимэг, Ууганбаяр, Пүрэвжав, Наранчимэг, Солонго нарын хамтаар “Их хайрхан” нэртэй амралтын газар 16 цагийн үед очсон. Орой 22 цагийн үед хажуугийн гэрээс Түмэнжаргал, Ууганбаяр шиг санаж байна хамт гараад гэр рүүгээ орох гээд явж байтал хойд талын гэрээс хоёр залуу гарч ирээд согтуурхаад “хөөе пиздануудаа” гээд өөрсөдтэй нь юу ч яриагүй байхад хүрж ирээд хэл амаар доромжлоод бараг шууд зодох гээд байсан. Тэгж байтал араас нь 6-7 охид, хөвгүүд гарч ирээд “юу болоод байна” гэсэн. Би Эрдэнэчимэгийг хэн зодсоныг хараагүй. Би хэн нэгэнтэй зодолдоогүй. /1хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганзоригийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд найз Эрдэнэчимэг, Ууганбаяр, Тулга, Пүрэвжав, Наранчимэг, Солонго, Лхасүрэн нарын хамтаар Гачууртын “Их хайрхан” амралтын газар 15 цагийн үед очиж тэмдэглэсэн. Бид нар хоолны өмнө 0.75-ийн Экс нэртэй архи хүн тус бүр нэг нэг пиво, хоолны дараа нэг нэг пиво уусан. 21 цагийн үед шиг санаж байна Ууганбаяр ганцаараа биеэ засах гээд гарсан. Удалгүй буцаж орж ирэхдээ “шээж байсан чинь хэдэн согтуу банди нар намайг шоргоолж аалз гэлээ” гэсээр орж ирэхээр нь бүгдээрээ гарч хажуу талын гэр рүү ороход 10-аад охид хөвгүүд байсан. Тухайн үед бид нар тэд нартай маргалдаагүй. Тэд нар “уучлаарай ах нараа” гэхээр нь гэрээс гарцгаасан. Тэгтэл хойд талын гэрээс 5-6 банди, охидууд гарч ирээд би яг сайн санахгүй байна минйи сайн санаж байгаагаар тэд байсан хэдээсээ хамгийн өндөр нь нилээн согтуу нь “ална тална” гээд байсан. Бид нар ч дээрэлхүүлэхгүйг бодоод маргалдаад энэ тэнд хэсгээрээ маргалдсан. Бид нар тэр хэдийг өмнө нь танихгүй, амралтын газар байхдаа өмнө маргалдсан зүйл байхгүй. Би тэнд байсан банди нартай зодолдоогүй. Маргаан болж байхад Эрдэнэчимэг хажууд байхаар нь гэрт оруулаад “битгий гарч ир” гэж хэлээд буцаж гараад нэг харахад гарч ирсэн харагдсан. Би тэнд байсан залуучуудтай маргалдаад явж байсан чинь Эрдэнэчимэг гэрийн хаяа налчихсан сууж байхаар нь очоод хартал нүдний баруун тал нь битүү хавдсан, нүд нь аньсан харагдахаар нь уурлаад “эмэгтэй хүн зодсон байна” гээд бид хэд тэнд байсан залуучууд рүү дайрахад амралтын газрын зохион байгуулагч хүүхэн гарч ирээд тэр хэдийн байсан гэрийн хаалгыг хаагаад үүдэн дээр нь бид нарыг ойртуулахгүй зогсоод байсан.“ /1хх-32-33, 34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Отгон-Өлзийгийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гачуурт тосгоны “Их хайрхан” нэртэй амралтын газар найз Бөпежан, Сумъядулам, Уянга, Чулуунбаатар, Баатарсүрэн, А , Үүрийнтуяа, Урангэрэл, Жавхлан нарын хамтаар үдээс хойш очсон. Би гэрт гал түлээд Чулуунбаатар унтаж байхад бусад нь гадаа байх хойгуур гэрийн өмнө манай хэд бусад хүмүүстэй маргалдаад байгаа чимээ гарахаар нь Чулуунбаатарыг сэрээгээд гадаа зодоон болоод байх шиг гээд гартал Уянга, С хоёр гэрийн баруун талд эсрэг талын 2 охинтой тус тусдаа ойрхон нэг нэгээрээ үсдэлцээд орилолдоод байж байхаар нь Чулуунбаатар, Уянгыг очиж салгасан. Би С ыг очиж салгасан. Уянга, С хоёртой үсдэлцсэн байсан хоёр охины царай зүсийг нь сайн харж амжаагүй, тухайн үед гадаа харанхуй байсан. Гадаа гэрийн ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан тул манай хэдээс хэн хэн нь хаана эсрэг талын ямар хүмүүстэй маргалдаж байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед хэн нэгэнтэй нь маргалдаж зодолдоогүй.” /1хх-35-36, 141/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Уянгын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Бөпежаны төрсөн өдрийг тэмдэглэх гээд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байх “Их хайрхан” нэртэй амралтын газар Отгон-Өлзий, Урангэрэл, С , Бөпежан, А , Баатарсүрэн, Үүрийнтуяа, Чулуунбаатар, Жавхлан нарын хамтаар очсон. Орой 22 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал А ыг танихгүй нэг залуу доороо оруулсан цохиж байх шиг харагдсан. А ыг салгах гээд Бөпежан очсон. Тэгсэн цаанаас нь нэг бүдүүн халзан толгойтой банди нь унь барьчихсан Бөпежаны мөр рүү нь нэг удаа цохисон. Би тэгэхээр нь болиулах гээд очтол саарал цамцтай охин ирээд намайг үсдэж авахаар нь зөрүүлээд үсдэж авсан. С намайг салгах гээд иртэл урт үстэй нэг охин хүрч ирээд Сумъядуламыг үсдэж авсан. Тэгж байтал Отгон-Өлзий, Чулуунбаатар хоёр бид хоёрыг хүрч ирээд салгасан. Миний мэдэхийн тухайн үед манай найз нараас эсрэг талын хүмүүстэй хаана хаана маргалдаж байсныг нь сайн мэдэхгүй байна.” /1хх-39-40, 142/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Бөпежаны өгсөн: “….2013 оны 4 сарын 12-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд Отгон-Өлзий, Баатарсүрэн, А , Жавхлан, Чулуунбаатар, Уянга, Урангэрэл, С , Үүрийнтуяа нарын хамтаар Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байх “Их хайрхан” нэртэй амралтын газарт очиж амарсан. 21 цагийн үед шиг санаж байна. Үүрийнтуяа хамтаар биеэ засах гээд гэрээс гарсан. Биеэ засаад буцаад гэрийн гадаа бид хоёр зогсож байтал халзандуу намхан, бараан өнгийн богино куртиктэй банди, урд айлын банди гэх нэг залуугийн хамт бид хоёр дээр ирээд халзан банди нь “энд охин дуугараад байна гэлүү, эсвэл шуугилдаад байна гэлүү” нэг тиймэрхүү юм ярихаар нь Үүрийнтуяа “үгүй тийм юм болоогүй” гээд халзан толгойтой бандийг нь түлхсэн чинь гартаа барьж явсан пиво нь унасан чинь Үүрийнтуяаг заамдаад авсан. Би тэгэхээр нь халзан толгойтой бандитай хамт явсан бандиас “энэ одоо яагаад байгаа юм бэ” гэхэд нь уг залуу “энэ ах харин айл болгон руу ороод хэрүүл нэхээд байгаа юм гэсэн” юм ярьсан. Удалгүй халзан толгойтой бандийн гэрээс олон эмэгтэй, залуучууд гарч ирсэн. Манайхан ч гэсэн цувж гарч ирсэн. Би тухайн үед зодуулсан гээд байгаа Чимгээгийн найз залуугийнх дэргэд нь зогсоод боль боль хажууд нь зогсож байсан. Тэгтэл миний хажуу талаас баруун мөрний дээд хэсэгт униар нэг удаа нэг залуу цохисон. Би хэнийг нь хараагүй. Би Чимэгээг хэн цохихыг хараагүй.” /1хх-41-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Баатарсүрэнгийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр
сарын 12-ны өдөр Бөжежаны төрсөн өдөр гээд хэсэг найзуудын хамтаар Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байх “Их хайрхан” нэртэй амралтын газар 20 цагийн үед очсон. Хэсэг хугацааны дараа 23 цагийн үед гадаа эрэгтэй, эмгэтэй хүмүүс шуугилдаад байхаар нь А гарсаны дараа араас нь гартал үүдэн дээр Үүрийнтуяа, Бөпежан хоёр 3 залуутай маргалдаад зогсож байсан. Уг гурван залуугийн нэг нь махлагдуу, нөгөө хоёр нь дунд зэргийн нуруутай харагдсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир царай зүс, өмссөн хувцсыг нь сайн харж амжаагүй. Үүрийнтуяа махлагдуу залуутай нь маргалдсан бид нарын авсан гэрийн ар руу гарсан. Бөпежан тэр хавиар л байсан. А нь нэг залуутай маргалдаад л байсан. Бид нартай хамт явсан охидууд эсрэг талын ямар охидуудтай маргалдаж үснээсээ зулгаалцсаныг нь мэдэхгүй хараагүй. А ыг салгах гээд очтол нэг намайг хавираад унагаасан. Би салгах гээд явсан. Хэн нэгэнтэй маргалдаж цохилцсон зүйл байхгүй. Харин нэг удаа унасан.” /1хх-44-45/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Үүрийнтуяагийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найз Бөпежаны төрсөн өдөр болж түүнийг тэмдэглэх гээд Гачуурт тосгонд байрлах “Их хайрхан” нэртэй амралтын газар хэсэг найзуудын хамтаар 20 цагийн үед очсон. Бөпежан “00 оръё” гэхээр нь хамт хань болж явсан. Эргээд ирэхэд үл таних 2 залуу гэрийн үүдэнд дээр зогсож байсан. Гэр рүүгээ орох гэтэл “танай гэрт юун охидууд дуугараад байна” гэхээр нь би “найзуудтайгаа явж байгаа” гэж хэлэхэд “орно” гэж намхан, махлаг, үс нь нилээн жижиг ул тавиулаад авахуулсан залуу хэлэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гээд түлхсэн чинь гартаа барьж явсан лаазтай пиво нь газар унахад намайг барьж авахаар нь зөрүүлээд бариад авахад манай гэрээс Баатарсүрэн, А хоёр гарч ирээд хоёулаа миний дундуур орж ирээд салгасан. Надтай муудалцдаг залуу “хоёулаа гэрийн ард гарч учраа олъё” гэхээр нь ”тэгье” гээд намхан, махлаг залуугийн хамтаар гэрийн ард гараад “юу болсон бэ яасан” гээд л хоорондоо зүгээр ярилцаж байтал гэрийн урд зодоон болоод байгаа бололтой чимээ гарахаар нь “за за сүртэй юм болсон биш найзуудаа салгая” гээд гэрийн урд талд гарч иртэл амралтын газрын жижүүр ах, үйлчлэгч эгч хоёр салгаж байсан. Цохиулсан гээд байгаа охиныг тухайн үед хаана ямар байдалтай байсаныг хараагүй.” /1хх-46-47, 138/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Жавхлангийн өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найз Бөпежаны төрсөн өдөр болж түүнийг тэмдэглэх гээд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Их хайрхан” нэртэй амралтын газар 17 цагийн үед очсон. Орой 22 цагийн үед Бөпежан, Үүрийнтуяа нар “бие заслаа” гээд гарсан хэсэг хугацааны дараа Бөпежан, Үүрийнтуяа хоёр хүмүүстэй маргалдаад байгаа юм шиг шуугиан гарсан. Гэрээс А , Баатарсүрэн гарсан удалгүй зодолдож байх шиг байхаар нь С , Уянга бид гурав гараад харсан чинь А , Баатарсүрэн хоёрыг үл таних залуучууд доороо оруулсан цохиод байх шиг харагдсан. Би тэгэхээр нь Баатарсүрэнгийн дээр нь байсан залууг түлхэж унагаагаад Баатарсүрэнг босгож гэр рүү оруулсан. Охиудуудаас Уянга, С хоёр эсрэг талын 2 охинтой маргалдаад байсан. Гэрээс Отгон-Өлзий, Чулуунбаатар хоёр гэрээс гарч ирээд Уянга, С , Бөпежан, Үүрийнтуяа нарыг гэрт оруулж ирсэн. Бид хэдийг гэртээ байж байхад маргалдсан залуучууд хаалга, хана руу өшиглөөд манай нэг охиныг та нар зодчихлоо гээд байсан. Амралтын газрын ажилтан нэг ах, эгч хоёр ирээд зодооныг болиулах гээд бид нарыг гэрт байхад бид нартай зодолдсон залуучуудыг оруулахгүй гэсэн боловч тэр залуучууд явахгүй байсна. Би зодоон яг юунаас болж эхэлсэнийг мэдэхгүй. Би хэн нэгтэй маргалдаж зодолдоогүй.” /1хх-48-49, 139/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Чулуунбаатарын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баатарсүрэн, Үүрийнтуяа, А , Бөпежан, Отгон-Өлзий, Урангэрэл, Дууяа, Жавхлан бид нар Гачуурт тосгонд байрлах “Их хайрхан” нэртэй амралтын газар 17 цагийн үед очсон. Тухайн үед Бөпежаны төрсөн өдөр болсон гээд салхинд гарсан. Орой 22 цагийн үед унтаж байхад байтал Отгон-Өлзий намайг дуудаж сэрээгээд “гадаа зодоон болоод байна” гэхээр нь гэрээс Отгон-Өлзийгийн хамтаар гарсан. Тухайн үед гэрт хүн үлдээгүй. Намайг гарахад Уянга нэг охинд үсдүүлчихсэн. Дууяа бас нэг охинд үсдүүлсэн байхаар нь би Уянгыг салгасан. Отгон-Өлзий Дууяаг салгасан. Намайг Уянгыг очоод салгахад Уянга нөгөө охинтойгоо босоо байдалтай үсдэлцсэн байхаар нь болиоч гээд нөгөө охины гарнаас нь бариад Уянгаагийн үснээс нь бариад салгасан. Салгасаны дараа би Уянгааг гэрийн хажууд дагуулж очоод наанаа байж байгаарай гэж хэлтэл Отгон-Өлзий, Дууяаг салгаад ирж байсан. Жавхлан Бөпежан нар Баатарсүрэн, Үүрийнтуяа, А нарыг маргалдаж байсан хүмүүсээс нь салгаж гэр рүү оруулсан. Бид нар бүгдээрээ гэртээ орсоны дараа дотор талаас хаалгаа түгжсэн үүдэн дээр “Их хайрхан” амралтын газрын хамгаалагч нар зогсоод бид нартай маргалдсан хүмүүсийг оруулахгүй хориглож зогсож байхад цагдаа нар ирсэн. Намайг унтаж байхад маргаан үүссэн байсан учир юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. Бид нараас хамгийн өндөр нь А , дараагийн өндөр нь Баатарсүрэн, дараа нь би ордог./1хх-50-51, 140/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пүрэвжавын өгсөн: “….2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай найз Ганзориг гэх залуугийн төлсөн өдөр болоод бид нар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Их хайрхан” амралтын газар Эрдэнэчимэг, Ганзориг, Ууганбаяр, Лхасүрэн танихгүй охин нартай очсон. Бид на очоод гэрт байрлаад архи пиво уусан. Тэгээд орой харанхуй болсон үед 00-ын дэргэд хажуу талын гэрийн залуучуудтай манайханы нэг нь маргалдсан шиг санаж байна. Тэгээд маргалдаад салсан. Тухайн үед би гадаа байж байгаад гэрт ороход Эрдэнэчимэг зодуулсан гээд гэр дотор хэвтэж байсан. Хэдийд хэнд зодуулсан талаар би хараагүй.”/2хх-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Өнөрын өгсөн: “….2013 онд би өөрөө Налайх дүүрэгт амьдарч байсан. Зээ А нь хавар нүүр нүд нь хавдсан, хөхөрсөн байдалтай ирж байсан. Би тухайн үед яасан эсэхийг асуухад хүү надад юм хэлээгүй, зүгээрээ гээд өнгөрч байсан. Тэр үеэс хойш цагдаа дуудаад байна гээд яваад байсан. Би ч тэр үед хол амьдарч байсан учраас нэг их тоогоогүй өнгөрч байсан.” /3хх-24-25/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-69-71/,
Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /2хх-58/,
зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт иргэн Б.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайралт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт, сорвилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл үүсэж, хүнд зэргийн гэмтэл учирсан байх боловч мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Г.А Э.У Б.С нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр хавтгайруулан ялласан нь учир дутагдалтай.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоохыг /ЭХХШТХ 1.7.2/ үүрэг болгосон.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан үүргээ биелүүлж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д “нотолбол зохих байдал” тухайлбал гэмт хэргийг хэн, хэзээ хаана, яаж үйлдэгдсэн, шалтгаан нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.
Мөн хохирогч Б.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэрээс гараад харахад манай залуучууд энэ залуучуудтай муудалцаад байж байхаар нь би “боль” гээд ямар нэгэн байдлаар хэл амаар доромжлоогүй байхад хажуунаас Б.Сумъядулам над руу дайраад үсдсэн. Тэгээд бид 2 үсдэлцэхэд Н.Урангэрэл хажуу талаас хавирч унагаагаад бид нар тэр үед газар унасан. Тэгээд тэр үед “чи тавь, би тавь” гээд байсан. Бас нүүр амны маажсан байсан. Тэгээд Г.А нь л байх шиг байсан. Намайг тас гээд өшиглөх шиг болсон.” гэж мэдүүлэх боловч хавтаст хэрэгт түүний 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчийн өгсөн: “…22 цагийн үед шиг санаж байна бүгдээрээ биеэ засах гээд гарсан би биеэ засаад Наранчимэгийн хамт гэрийн хажууд зогсож байтал гэрийн хойно хүмүүс маргалдаад бужигнаад байхаар нь юу болж байгаа юм бол гэж ганцаараа очтол Ууганбаяр, Ганзориг, Лхасүрэн, Пүрэвжав нар хэсэг залуучуудтай юунаас болсоныг нь мэдэхгүй маргалдаж байсан. Тэгсэн чинь эрэгтэйчүүд нь хориод байхад тэр хэдийг хэл амаар доромжлоогүй байхад цахилгаантай цагаан цамцтай охин над руу дайраад байсан. Намайг гайхаад зогсож байтал “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд намайг үсдээд авахаар нь адилхан үснээс зулгаасан. Тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Уг охин ямар хувцастай байсаныг мэдэхгүй. Би газар унахдаа хамгийн анх үсдсэн охины үснээс тавиагүй байсан ба тэр охин ч тавиагүй. Цагаан цамцтай охин миний үснээс тавиач гэхээр нь зэрэг тавъя гээд зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас аймаар хүчтэй цохисон. Уг залуугийн царайг хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. Уг залуу намайг цохиод юу ч яриагүй. Би уг залууд цохиулаад тэнгэр хараад унасан.” /1хх-18-20/ гэх мэдүүлэг, мөн түүний дахин 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогчоор өгсөн: “…Зодоон болох үед би гэрээс гараад очиход гэрийн хойно хүүхдүүд бөөгнөрсөн зодолдож байсан. Би тэд нарыг салгах гэхэд над руу нэг охин нь дайрч ирээд унагаасан. Тэгтэл хажуунаас өөр нэг охин дайрч орж ирээд газар унагаад зодсон. Тэгээд би босох гээд өндийтөл хажуунаас нэг өндөр залуу миний нүүр рүү цохисон. Тэгээд би ухаан алдаж түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн.” /1хх-108-109/ гэх мэдүүлэг, мөн түүний дахин 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн: “…С нь надад хандан “Чи яах гээд байгаа юм бэ” чи юу гэж” хэлээд миний үснээс үсдэж зулгаагаад барьсан. Тэгэхээр нь би тэр С ыг адилхан үснээс нь үсдэж аваад бид нар хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд Урангэрэл хажуунаас орж ирээд миний үснээс барьж аваад намайг хавсарч унагаасан. Ингээд намайг газар унахад миий баруун талын бөөр рүү Урангэрэл өшиглөсөн. Тэгээд байж байхад охидуудаа өмөөрөөд А хүрч ирээд миний баруун талын нүд хамар руу гараараа цохисон. Тэр үед миний нүд бүрэлзээд толгой эргээд хэсэг сонин болоод гэрийн хаяа руу налж суусан.” /1хх-130-131/ гэх мэдүүлэг, мөн түүний дахин хохирогчоор 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би очоод та нар болиоч гэтэл Б.С намайг ирж хэл амаар доромжлоод хараагаад шууд үсдсэн. Намайг үсдэхээр нь энгэрээс нь зөрүүлж бариад намайг тавихгүй байхад Урангэрэл хажуунаас орж ирээд үсдээд хавираад унагасан. Унагаад бөөр рүү маш их хүчтэй өшиглөсөн. Тэгээд гурвуулаа зууралдаад өнхөрч байхад А ирээд баруун талаас толгой хэсэг рүү маш их хүчтэй дэвссэн.” /2хх-154/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ.
Шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт яллах эсхүл цагаатгах, хөнгөрүүлэх агуулгатай байж хэргийн аль нэг талд ашигтай байдгаас хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нотлох баримт цуглуулахад оролцох нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Г.А ыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.С Э.У нарыг бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгт хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлож, тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Б.С Э.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.А , Э.У , Б.С нар нь энэ хуулийн 1.1-д заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4-д тус тус зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
шүүгдэгч Э.У , Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2012 0102 1120 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Г.А , Э.У , Б.С нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.А , Э.У , Б.С нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5
дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС