Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1030

 

2025          09            02                                                                                 2025/ДШМ/1030

 

Х.Ш-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Х.Ш- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1664 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ш-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн түүнд холбогдох 2503000080393 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.    

И- овогт Х-ын Ш-, ................, /РД:............../,

Шүүгдэгч Х.Ш- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Механик инженерийн сургуулийн уулзварын урд замд “Toyota Crown” загварын ****УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Д.С-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Х.Ш-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоон/ жилийн хугацаагаар хасаж, 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-гийн цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-гээс нийт 23.628.627 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц-ад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Ш-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ш- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр 3 настай охины хамт амьдардаг. Гэр бүл маань түрээсийн байранд амьдарч байна. Өндөр настай ээжийн минь бие муу асаргаанд орсон байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, амь хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, хохирлоо барагдуулсан болно. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Ш-гийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ш- нь оршуулгын зардал буюу бодит хохирлыг төлөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхээс 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан. Мөн шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг 8,370,000 төгрөгөөр тогтоосон. Ингээд нийт 23 сая төгрөгийг хохирогч талд төлөхөөр тогтоосон. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Х.Ш-гийн эрх зүйн байдал дээрдсэн гэж харж байна. Учир нь, оршуулгын зардлыг төлсөн, сэтгэцэд учирсан 8.000.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Х.Ш-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн  ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс машин руу буруугаа өгдөг болохоос биш өөрийнхөө хариуцлагагүй байдлыг дурдахгүй байна. Тухайн үед ядаж л дуу дохиогоо ажиллуулаад осол гаргахгүй байх ямар нэгэн алхам хийсэн бол осол гарахгүй байсан. Оршуулгын зардлыг төлсөн. Сэтгэл санааны хохирлыг өчигдөр өгсөн. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг бага тогтоосон. Бидний хувьд сэтгэл санааны байдал маш хүнд байна. Миний эхийн биеийн байдал хүнд байгаа. Даралтын эм байнга ууж байна. Бид гэрийнхээ хажууд эцгийгээ алдсан. Би өглөө болгон тэр уулзварыг харах маш хүнд байдаг. Орон байраа зарах дээрээ тулаад байж байна. Миний эцгийн амь насыг юугаар ч орлуулшгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны дараа оршуулгын зардал гэж 15 сая төгрөг өгсөн. Өчигдөр 8.500.000 төгрөгийг өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц-ын өмгөөлөгч Д.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон. Учир нь, оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан байдаг. Тоормос ажиллахгүй болж байна шүү гэж анхааруулсан байхад ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлөхгүй байж байснаа анхан шатны шүүх хуралдааны дараа оршуулгын зардлыг төлсөн байдаг. Хүний амь нас хохирсон тул хор уршиг арилаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 Шүүгдэгч Х.Ш- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Механик инженерийн сургуулийн уулзварын урд замд “Toyota Crown” загварын ****УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Д.С-г мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

ТЦА, ЗЦГ жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд авсан дуудлага лавлагааны хуудас /хх 9/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 11-19/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц-ийн “... 2024 оны 12 сарын 04-ний өглөө Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгнө гээд явсан. 09 цаг 30-40 минутын орчим байшингийнхаа буланд тааралдахад иргэний үнэмлэхээ гэрээс авна гэсэн. Өдөр 14 цагийн үед  залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн 15 цаг өнгөрч байхад цагдаагаас эгчтэй холбогдоод аавыг зам тээврийн осолд орсон байна гэдгийг хэлсэн байсан…” гэх мэдүүлэг /1 хх 26/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 163 дугаартай “… Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал, тархи, хүзүү, сээр, цээж, мөчний хавсарсан олон гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. …гавал, тархи, хүзүү, сээр, цээж, мөчний хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. …2024.12.04-ний 14:16 цагт цогцост анх үзлэг хийхэд нас бараад 1-3 цаг болсон байжээ…” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 42-46/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “…явган зорчигч нар ногоон гэрэл дохиогоор гарцаар гарч байгаа нь харагдах бөгөөд тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл дохио мөн ногоон өнгөөр асаж байв. Явган зорчигч нар явган хүний ногоон гэрэл дохиогоор  зам хөндлөн гарч байх үед  хар өнгийн тээврийн хэрэгсэл хяналтын камерын харах хэсэгт орж ирж байгаа нь харагдаж байна. Энэ үед явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч дуусаж байгаа нь харагдаж байна. …явган зорчигчийг хар өнгийн тээврийн хэрэгслээр мөргөж байгаа нь харагдаж байна. … Тээврийн хэрэгслээр явган зорчигчийг мөргөж улмаар цааш яван барилгын хашааг мөргөж нурааж байгаа нь харагдаж байна.” гэх тэмдэглэл /1 хх 130-133/,

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000434 дугаартай “Жолооч Х.Ш- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.С- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /2 хх 89-91/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар, хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ш-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгч Х.Ш- нь “...хувийн байдал, тухайн гэмт хэрэгт гэмшиж амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж хохирлыг барагдуулсан учир оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Х.Ш-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан эрх хасах, хорих ялын төрлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Тухайн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь дээр дурьдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байх агуулгыг илэрхийлдэг учир шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Хандсүрэнгийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд гаргасан “шүүгдэгч Х.Ш- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд хохиролыг бүрэн төлж барагдуулсан учир оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий санал, тайлбарыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Х.Ш- нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15.055.000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснээс хойш буюу 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 8.573.500 төгрөг, нийт 23.628.500 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлж өгснийг дурдаж,

мөн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1664 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “…3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “…2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Ш- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц-ад 23,628,500 /хорин гурван сая зургаан зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-гийн шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                   Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БААСАНБАТ