Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00606

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00606

 

 

Б.Дарьцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00070 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Дарьцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Цогбадралд холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай тухай иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Дарьцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Дарьцэцэг миний бие 2009 онд Ц.Цогбадралтай танилцаж, түүнээс хойш хамт амьдарсан. Тухайн үед Инжинаш нэртэй байсан бөгөөд 2016 онд нэрээ Цогбадрал болгож солиулсан. Ингээд бид нэг гэрт орж амьдарсан. Том охин Ц.Үжинлхам нь 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, хүү Ц.Галбадрах нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 2011 онд албан ёсоор бэр гуйсан. Бид 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хадам аав, ээж, эмээ, өвөө нарын авч өгсөн байранд тусдаа гарсан ба 2015 оны 08 дугаар сард байраа томсгож Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг рүү шилжин амьдарсан. Өнгөрсөн хугацаанд буюу том охин гэдсэнд байх үеэс бие болон сэтгэл санааны дарамтанд байсан. Тодруулбал архи ууж агсам тавина, миний эцэг эхийг амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй гэх шалтгаанаар гар хүрч эхэлсэн. Миний бие 2014 онд "Эм Си Эс групп" ХХК-ийн Скай ресорт цанын баазад ажилд орсон. Тус ажилд орноос хойш дээрхи шалтгаан дээр хардалт нэмэгдэж зэрлэг зан авир гаргасаар байсан тул би ажлаасаа гарсан. Ц.Цогбадрал нь 2014 оны 8 дугаар сард миний баруун нүдэнд хүчтэй цохисны улмаас нүдэнд минь суулт өгсөн бөгөөд цохих шалгаан нь Ц.Цогбадралын ээж Эрдэнэтуяатай таарамжгүй харьцаа үүсгэж байна гэх шалтгаанаар эрүүл байх үедээ цохьсон. Үүний дараагаар 2015 онд би "Мөнхийн дөлгөөн мөрөн" ХХК-ийн ерөнхий менежерээр ажилд орсон бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа болно.

Мөн 2015 оны 10 дугаар сард хардаж согтуугаар шалтгаангүйгээр хувийн захиа фэйсбүүкийг уншиж байснаа сандал авч толгой тус газар руу шидсэн бөгөөд үүний улмаас хүнд гэмтэл, толгой тус газраа 4 оёдол тавиулсан. Ц.Цогбадрал нь 2016 оны 5 дугаар сард намайг ажлаас аваад гэрлүүгээ явж байх үед өөрийнхөө цүнхийг ажил дээрээ үлдээснээс болж маргалдан машин дотор гараараа нүүрэн тус газар цохин зүүн нүдний эргэн тойронд нэлэнхүйдээ хөхөрсөн. Үүний улмаас миний бие улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би өөрийн 2 хүүхдийг аваад очих газар байгаагүй бөгөөд Ц.Цогбадралтай хамт нэг өдрийг өнгөрөөнө гэдэг маш их айдаст автуулж байсан тул эхлээд ганцаараа гэрээсээ явсан. Тусдаа амьдраад нэг cap болоход Ц.Цогбадралын найз нөхдийнх нь мэдээллэснээр өөр эмэгтэйтэй дотно харилцаатай байсан бөгөөд хоёр хүүхдийн хажууд өөр эмэгтэйчүүд авчран архидан согтуурч ёс бус үйлдэл гаргаж хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсан.

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүүхдүүдээ эцэг Ц.Цогбадралаас авч өөрийн эцэг эхтэй хамт амьдрахаар Эрдэнэт хотод хүргэж өгсөн. Одоо миний авч байгаа цалин маань амьжиргаанд минь хүрэлцэж байгаа хэдий ч эцэг Ц.Цогбадрал нь хоёр хүүхдийн минь эцэг хэвээр, мөн гэр бүлийн тухай хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд би нөхөр болох Ц.Цогбадралтай хамтран амьдрах боломжгүй учир хоёр хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цогбадралын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Дарьцэцэгийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би Б.Дарьцэцэгтэй 2009 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Хоёр хүүхэд эхлээд миний асрамжид байж байгаад 2016 оны наадмаас хойш ээжийнхээ асрамжид байгаа. Хоёр хүүхдийнхээ нэгийг өөрийн асрамжид авмаар байна. Би өөрийн Инжинааш гэсэн нэрийг 2016 онд Цогбадрал болгож өөрчилсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин И.Үжинлхам, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү И.Галбадрах нарыг эх Б.Дарьцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин И.Үжинлхам, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү И.Галбадрах нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус cap бүр төрсөн эцэг Ц.Цогбадралаар тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шййдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дарьцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цогбадралаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дарьцэцэгт олгож, улсын тэмдэгтийн хураамжид 68,345 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Цогбадрал давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн зүгээс 2 удаа шүүх хуралдаан зарласан бөгөөд миний бие өмгөөлөгч авах хүсэлтээр хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарласан бөгөөд би өөрийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн хамт хурлын товыг хүлээж авч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэн нотлох баримт цуглуулж, сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байх хугацаанд миний өмгөөлөгч Х.Даваасүрэн өвдөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэхдээ бид хурлыг товлосон хугацаанд нь хийлгэхээр төлөвлөж байсан болно.

Гэтэл шүүгчийн туслах 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр утасдан гэнэт хурлын тов өөрчлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдахаар болсныг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааныг өмгөөлөгч өвчтэй байгаа товлосон өдрөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөө хийхийг хүссэн боловч хүлээж аваагүй. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч өвчтэй болох нотлох баримт хүсэлтийн хамт гаргаж өгсөн боловч шүүгчийн зүгээс хүлээж авалгүй шууд хуралдааныг хийлгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. Үүнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчин, хэргийн оролцогч миний эрхийг зөрчин шүүх хуралдааны товыг гэнэт өөрчлөн хурал зарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангалгүй мөн миний өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 184/шш2017/00070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Дарьцэцэг нь хариуцагч Ц.Цогбадралд холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2009 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин И.Үжинлхам, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү И.Галбадрах нарыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд эхийн асрамжинд байгаа үйл баримт тогтоогджээ.

Хэргийн 5-6 дугаар талд авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээнээс үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд Ц.Инжинааш нэрээр овоглосон байх ба хариуцагч Ц.Цогбадрал шүүх хуралдаанд ... Инжинааш гэсэн нэртэй байж байгаад 2016 оны намар нэрээ өөрчилж Цогбадрал болгосон... гэж тайлбар өгсөн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон, хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Дарьцэцэг нь охин И.Үжинлхам, хүү И.Галбадрах нарыг өөрийн асрамжид авах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч аль нэг хүүхдээ өөрийн асрамжид авна гэж тайлбарласан боловч шүүх хэргийн нөхцөл байдлыг анхааран үзэж бага насны хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нь бага насны хүүхдүүдийг эхээс нь илүү орчин, нөхцөл бүрдүүлж асарч, хүмүүжүүлэх боломжтой гэдгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш үүрэг хүлээх бөгөөд шүүх охин И.Үжинлхам, хүү И.Галбадрах нарыг эх Б.Дарьцэцэгийн асрамжид үлдээж, хариуцагч Ц.Цогбадралаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ.

Хариуцагчийн гаргасан ...шүүх хуралдааны товыг гэнэт өөрчлөн хурал зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн... өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэргийн 40 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд шүүх ...хариуцагч, түүний өмгөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны тов өөрчлөгдөж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагт болохыг мэдэгдэхэд хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн ...тов мэдлээ, шүүх хуралдаан давхцсан тул хурлын зарыг мэдэгдэх хуудасны хамт явуулна... гэж хэлснийг баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу боломжит хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтдээ хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч, ерөнхий эмчийн нэр тодорхой биш, тэдгээрийн гарын үсгийг баталгаажуулсан тэмдэг дарагдаагүй, мөн өвчтөн асарсан эсхүл өөрөө эмчлүүлж байна уу гэдэг нь ойлгомжгүй байх тул шүүхийн зүгээс тухайн баримтыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ