Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2020/00047

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар

нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги,

Итгэлт эстимэйт ХХК-д тус тус холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдуламын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38.140.279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлтэй сендвичен барилгыг шийдвэрийн гүйцэтгэлийн албанаас төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээг хийхдээ барилгын онцлог шинж, ашигласан элэгдэл, бодит орлого зарлага зэргийг харгалзан үзэлгүй Үйлчилгээний зориулалттай барилга гэх байдлаар үнэлгээ гаргажээ. Уг барилга нь сендвичен буюу зөөврийн барилга билээ. Уг барилга Барилгын тухай хуульд заасан зөвшөөрөл авсан даацын барилга биш бөгөөд тухайн барилгын онцлогийг харгалзан үзэлгүй үнэлгээ гаргасан байна. Мөн үнэлгээг хийхдээ орлогын зарлагын аргыг хэрэлэсэн гэх боловч орлого зарлагын бодит байдлын талаарх татварын тайлан холбогдох баримтыг огт харгалзан үзэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Итгэлт эстимент ХХК үнэлгээний байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийж дүгнэлт гаргахдаа дээрх барилгын онцлог шинж, орлого зарлагыг харгалзан үзээгүй 164.225.300 төгрөгөөр үнэлсэн талаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас танилцуулсан. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны саналаар хийгдсэн нь Итгэлт эстимент ХХК үнэлгээний байгууллагын үнэлгээ хийхдээ А зэрэглэлийн газарт байрлаж байгаа бусад обьектуудтай жишиж үнэлгээг тогтоосон гэх боловч эдгээр обьектуудын м2 250-1000 м2 талбайтай 70-250 сая төгрөгөөр 2019 онд худалдаалагдсан, үнэлэгдсэн обеьктуудтай жишиж үнэлгээг гаргасан атлаа тэднээс өндөр үнэтэйгээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэсэн ба хуулбарлан авах хүсэлт гарахад мөн боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хүсэлтээр хийгдсэн Итгэлт эстимент ХХК үнэлгээний байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 тоот үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шүүхийн шийдвэрээр *******, Г.Манлайбаяр нараас 38.140.279.05 төгрөг гаргуулж Хас банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан Өрлөг Зэлмэ ХХК-ны нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2101016808, Ү-2101010761 Г-)15749 эд хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18140378/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр н 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээч Д.Отгонцагааныг шинжээчээр томилсон бөгөөд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээн дээр гомдол гаргаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаартай шүүхийн шийдвэрээр, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны 107 дугаартай магадлалаар хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар дахин талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164.225.300 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Итгэлт Эстимэйт ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллага нь Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар/хэлтэс/-ийн 55-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Чанцалдуламын 2019 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/07 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин 3 хороолол 13-р байрны ард байрлалтай 2ш үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн №64/03 тоот үнэлгээний тайланг хүргүүлсэн. Уг тогтоолын дагуу судалгаа шинжилгээ хийн бид ҮОУС-ын аргын дагүу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэж зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан. Бидний үнэлгээ хийж буй обьект нь Эрдэнэт хотын 3-р микрт, 3-13-р байрны ард, Орос 8-р цэцэрлэгийн урд байрлалтай, 1-р барилгын хувьд сууриараа 10,6м*6,4м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, налуу төмөр дээвэртэй, 2-р барилгын хувьд сууриараа 8,0м*6,8м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, төмөр налуу дээвэртэй, хуванцар рамтай вакум цонхтой, төвийн дулааны шугаманд холбогдсон барилгууд байсан. Зах зээлийн жиших хандлагын дагуу бүх үнийн мэдээллийг энэхүү үнэлгээг шинэчлэн хийх үед буюу 2019 оны 09 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00140 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2-д заасныг баримтлан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч нараас тус тус 35.100 төгрөг гаргуулан нэхэмлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №64/03 дугаар үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих 437 дугаар нээлттэй хорих ангийг татсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 193 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгч *******т төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч, хугацаа өгч байсан боловч төлбөрөө төлж барагдуулах үүргээ биелүүлэхгү байсан тул хуульд заасан арга хэмжээг авч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураасан. Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнлгээ тогтоолгохоор Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааныг шинжээчээр томилсон бөгөөд төлбөр төлөгч тал шинжээчийн үнэлгээн дээр гомдол гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаартай шүүхийн шийдвэрээр, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны 107 дугаар магадлалаар хөрөнгийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд дахин дуудлага худалдааг явуулахаар талуудаас санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шиийтэд нь 164.225.300 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр томилохдоо шинжээчийг дуудан ирүүлж биеийн байцаалттай танилцах, тогтоолыг танилцуулах, эрх үүргийг тайлбарлах ажиллагааг хийгээгүй байна гэж үзэн үнэлгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдсэн. Итгэлт эстимэйт ХХК-ийн захирал Э.Ганбаатартай урьд өдрүүдэд нь утсаар ярьж үнэлгээ хийх объектийнхоо талаар урьдчилан утсаар танилцуулсны эцэст энэ компаниар үнэлгээ хийлгүүлэхээр амаар тохиролцсон байна. Ингээд өөрийн компанийн шинжээч гэх н.Баасанпүрэвийг явуулж байна. Энэ хүн очиж хэмжилтүүдээ хийнэ, бусад дагалдах баримтуудыг манай компанийн дамга миний гарын үсэг зурагдаж тайлантай хамт явуулна гэсний дагуу өгч явуулсан. Шинжээч томилох тогтоол, эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл дээр зурагдсан мэтээр тайлбарлаж үнэлгээг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги болон Итгэлт эстимэйт ХХК-д холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч *******, Д.Манлайбаатар нараас 38.140.279.05 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Хас банкны барьцаанд байгаа Өрлөг зэлмэ ХХК-ийн нэр дээрх үр хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг Уурхайчин 3-р хороолол 13-р байрны ард байрлах 40м2 талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 40м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 80м2 талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хураан авсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй саналтай байсанучраас тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэснийг нэхэмжлэгч ******* хэтэрхий хямд үнэлсэн гэж маргаж эдхөрөнийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт эд хөрөнгийн үнэлгээ хийсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн хэрэгт ач холбогдол бүхий гол нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулж аваагүй, /хавтаст хэргийн 14-16 дахь тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээ хийх тухай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтыг хуулбарласан хувийг хавсаргасан/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т ... бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь боломжгүй бол нотариатаар батлуулсан хуулбарыг өгнө ... гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шийдвэрлэлтэд дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас үндэслэлгүйгээр чөлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасан заалтыг зөрчжээ. Хуулинд зааснаар төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба төсвийн байгууллага хариуцагч байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ