| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1066 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох эрүүгийн 1806051571233 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дөргөн суманд 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Т овгийн Н Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н Б нь 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 23-37 тоотод төрсөн дүү Н.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Бямбсүрэнгийн мэдүүлэг /хх-6-9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7378 дугаартай дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгч ял шалгах хуудас /хх-16/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н Б нь 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 23-37 тоотод төрсөн дүү Н.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бямбсүрэнгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 8-ны өглөө ажлаа тараад гэртээ унтаж байхад миний төрсөн ах Батмагнай гарч явах гээд хувцсаа өмсөөд сууж байсан. Би сэргээд хувцсаа өмсөөд сууж байхад миний төрсөн эгч Оюунбилэг миний утас руу залгасан. Би утсаа аваад эгчтэй утсаар ярихад эгч нөхөр Тогтохтой маргалдсан гэсэн, та хоёрын харьцаа гайгүй юу гэж асуусан. Би Оюунбилэг эгчид Батмагнай ах эр эмийн хооронд илжих жороолоод Тогтохыг өмөөрөөд намайг өчигдөр ажил дээр зодож шахсан гэж хэлтэл Батмагнай ах шууд босож ирээд намайг цохисон. Миний толгой руу цохихоор нь би гараараа хамгаалахад миний гар руу удаа дараа цохисон. Дараа нь утас цэнэглэгчээр миний нуруу болон хөлийн шилбэ дээр ороолгосон... нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна.." /хх-6-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7378 дугаартай дүгнэлт:
1. Ш.Бямбасүрэнгийн биед нуруу, шилбэ, бугаганд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2.ШЭГЗТЖ-Н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжой.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно. /хх-12/,
Шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/,
Шүүгдэгч ял шалгах хуудас /хх-16/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 23-37 тоотод төрсөн дүү Н.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Н.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Н.Б 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Н Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Б 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС