Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 787

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч, хохирогч Б.,

Шүүгдэгч, хохирогч М.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зөөд овогт ...ын , Онход овогт ...ын ... нарт холбогдох 1808034870986 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Наран ...тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Онход овогт ...ын ... /РД: .../.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин хийдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан овоо ...тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Зөөд овогт ...ын  /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дараахь нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

М.... нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б. түүнийг машиных нь шилийг хагалсан хүнтэй андуурч түүн дээр шууд  ирээд толгойн тус газар нь удаа дараа цохисны хариу үйлдэл болгож түүнийг нэг удаа толгойн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.гийн “...би машинруугаа гүйгээд явж байхад миний араас манай нөхөртэй хамт зогсож байсан эрэггэйг машины цонх хагалчихсан гэж бодоод очоод хоёр алгадсан чинь өөдөөс дайраад байсан тэгэхээр нь би зайл гээд гараа савсан чинь хамрыг нь оносон бололтой цус гараад байсан тэгсэн нөгөө эрэгтэй намайг эргүүлээд толгой руу цохиод авсан. ... Тэр залуу миний толгой руу нэг удаа цохьсон. Миний биед учирсан гэмтлийг ... гэх эрэгтэй учруулсан. ... би эхлээд эмний хайрцгаар 5-6 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 10-11 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            - Шүүгдэгч М....н “...намайг хар машины жолооч эрэгтэйтэй маргалдаад байж байхад хар машинаас бууж ирсэн эмэгтэй над руу дайраад намайг алгадаад толгой тархи руу цохиод байсан. Тэгээд би нөгөө эмэгтэйг нэг цохьсон чинь нөгөө эмэгтэй гараа саваад миний хамар луу цохиж хамрыг маань гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Д....ын “... би гадаа гараад салхинд цохиулаад нилээн согтоод тухайн үед ухаан орж гараад байсан юм. Нэг ухаан орсон чинь манай дүү ... нэг эмэгтэй нэг эрэгтэй хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Би тэгэхээр нь гарт байсан чулуугаар шидсэн чинь машины шилийг нь хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

- Шинжээчийн 9011 тоот дүгнэлт

            1.Б.гийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 16 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүгдэгч М....н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

М....г зогсож байхад нь хохирогч, шүүгдэгч Б. машины шил хагалсан хүн гэж андуурч түүнийг гартаа байсан эмний хайрцгаараа түүний толгойн тус газар 5-6 удаа цохих довтолгоон үргэлжилж байх явцад уг довтолгооны эсрэг хийсэн нэг удаагийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М....н хувьд өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хууль бус халдлага үргэлжилж байхад түүний эсрэг хийсэн үйлдэл нь Аргагүй хамгаалалтын шинжтэй, уг үйлдлийг хийх эрхтэй бөгөөд зайлшгүй хийх нөхцөл бүрдсэн байсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул М....н үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн болно.

 

Б. нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт “машины шил хагаллаа гэх шалтгаанаар иргэн М....н нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            - Хохирогч М....н: “...Нефтийн зам хөндлөн гарах гэж байхад ... нь замруу ганцаараа яваад машинд дайруулах шахсан юм. Би араас нь татаж унагасан чинь урдуур явсан хар өнгийн машин өнгөрч явчихаад машинаа хол тавиад жолооч нь бууж ирсэн. Тэр үед би ... ахыг босгох гэж байсан юм. Тэгтэл нөгөө машины жолооч чи наад хүнээ аятайхан авч яв л даа гэж хэлээд надруу дайрсан. Тэгээд би нөгөө залуутай маргалдаад зогсож байхад нөгөө машинаас нэг хүүхэн бууж ирээд надруу чулуу шидсэн. Тэгээд би болон нөгөө машины жолоочтой маргалдаж байгаад хэсэг маргахаа болиод зогсож байхад нөгөө эмэгтэй нь утсаар яриад байсан. Тэгэхээр нь би чи хүн амьтан дуудаад яах гэж байгаа юм гэсэн чинь чамайг яадаг юм гээд миний хамарлуу цохисон. Би эргүүлээд нөгөө эмэгтэйн толгой руу цохисон. Хар машинаас бууж ирсэн эмэгтэй намайг жолоочтой маргалдаж байхад ирээд 2 удаа алгадаад дараа нь миний хамар луу гараараа цохисон. Миний биед учирсан гэмтлийг хар машинаас бууж ирсэн эмэгтэй учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,

            - Шүүгдэгч Б.гийн: “...миний араас манай нөхөртэй хамт зогсож байсан эрэгтэйг машины цонх хагалчихсан гэж бодоод очоод хоёр алгадсан чинь өөдөөс дайраад байсан тэгэхээр нь би зайл гээд гараа савсан чинь хамрыг нь оносон бололтой цус гараад байсан. М....н биед гарсан гэмтлийг би учруулсан. ... би 5-6 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Д....ын “... Нэг ухаан орсон чинь манай дүү ... нэг эмэгтэй ... хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Би тэгэхээр нь гарт байсан чулуугаар шидсэн юм. Тэгсэн чинь машины шилийг нь хагалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

- Шинжээчийн 9031 тоот дүгнэлт

            1.М....н биед баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 20 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

           Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х/

- М....н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/

- Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/

- Б.гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Б. нь М....г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Б. нь М....г зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн М....н эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 16, 20 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. 

 

Шүүгдэгч Б. өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б. хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч М.... хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Б.гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 460 нэгжтэй тэнцэх 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж тэдгээрт тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар М....д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М....г цагаатгасугай.

 

2.Зөөд овогт ...ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.г 460 нэгжтэй тэнцэх 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.д үүрэг болгосугай.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.д мэдэгдсүгэй.

  6.Б., М.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б., М.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ