| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00091/И |
| Дугаар | 317/ШШ2026/00278 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2026/00278
2026 01 30 317/ШШ2026/00278
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Мобифинанс ББСБ” ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор/
Хариуцагч: Б овогт Цэрэннямын Цэндмаа
/Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг 4 дүгээр баг, Ногоо тасаг, 2-14 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,156,456 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Цэндмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,156,456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ц.Ц нь "Мобифинанс ББСБ" ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 00 дугаартай Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг тус тус бичгээр байгуулж мөн өдрөөс зээл авах эрх үүссэн байна. Зээлдэгч нь өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 00 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглан 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аппликейшн дэх дэлгүүрээс 5,459,000 төгрөгийн 2025 оны 05 дугаар 14-ний өдөр 669,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сарын 2.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай лизингийн зээлийн нөхцөлөөр тус тус авсан болно. Мөн Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 960,000 төгрөгийг сарын 3.0%- ийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай авсан боловч огт төлбөр төлөөгүй болно. Зээлдэгч нь лизингийн зээлүүдийг авснаас хойш 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 58,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн боловч бүх зээлүүдийнхээ сүүлийн 5 сарын хуваарьт төлбөрийг төлөөгүй байна. Зээлдэгч нь зээлүүдийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бөгөөд ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй болно. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр бүлгийн 9.3.1-т зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар заасан тул Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,156,456 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц овогтой Ц нь М ББСБ-ын нэхэмжилсэн 8,156,456 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,360,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,360,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,360,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,360,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,356,456 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,156,456 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,453 төгрөгийн тал хувь болох 72,726.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72,726.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,156,456 төгрөгийг хариуцагч Ц.Ц хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,453 төгрөгийн тал хувь болох 72,726.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид 72,726.5 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ