Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1093

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Б.Чимгээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр,

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.С эд холбогдох эрүүгийн 1806 00000 0774 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой,   мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Бо  овогт Г  С .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Г.С  нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Н.Хишигжаргалаас “визэнд орох банкны баталгаа хэрэгтэй байна” хэмээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15.000.000 төгрөг бэлнээр авч өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 457042299 дугаартай дансандаа байршуулсан боловч 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мөнгийг нь банкнаас авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах

ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний зээл гарна гэж хэлсэн. Хэрвээ гарахгүй бол компаниараа зээл гаргуулахаар гэрээ хийсэн байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: “…2018 оны 2 дугаар сард Н.Хишигжаргал маань тодорхойлолт гаргах гээд мөнгөө энэ хүний дансанд нь байршуулсан гэдгийг мэдсэн. Манай охин Солонгост эмчилгээ хийлгэж байгаа. Гэтэл одоо ингээд эмчилгээ хийлгэж чадахгүй байдалд хүрээд байна. Одоо санхүүгийн хүндрэлд ороод миний хүүхдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохиролд хүрээд байна. Надад энэ хүнийг шоронд оруулах хүсэлт алга. Хохирол барагдуулах гэрээ байгуулсан.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Хишигжаргалын өгсөн мэдүүлэг /хх-6/, гэрч П.Жавхлангийн өгсөн мэдүүлэг /хх-10/, шүүгдэгч Г.С ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-7/, “Хаан” банкны дансны хуулга /хх-20-23/, шүүгдэгч Г.С ын ял шалгах хуудас /хх-26/ баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.С  нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Н.Хишигжаргалаас “визэнд орох банкны баталгаа хэрэгтэй байна” хэмээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15.000.000 төгрөг бэлнээр авч өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 457042299 дугаартай дансандаа байршуулсан боловч 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мөнгийг нь банкнаас авч залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Хишигжаргалын өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 88105825 дугаараас 1 эмэгтэй залгаад “Германы визэнд орох гэж байгаа юм 15 сая төгрөг дансандаа байршуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “болно” гэсэн чинь тэр эмэгтэй “өнөөдөр амжихгүй юм шиг байна, маргааш тань руу ярьж байгаад данс руугаа хийлгэе” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь над руу залгаад “би өнөөдөр 4 цагаас Германы элчинд материал өгөх ёстой юм, 2 цаг гээд дансандаа мөнгөө хийлгэмээр байна” гэхээр нь “Жуков”-ын “ХААН” банкин дээр уулзаад би данснаасаа бэлэн 15 сая төгрөг аваад тус “ХААН” банкны замын урд талд байрлах “Худалдаа хөгжлийн банк” руу ороод 15 цаг өнгөрч байхад Г.С  гэх хүний 457042299 дугаартай данс руу 15 сая төгрөг хийсэн. Би 15 сая төгрөг данснаасаа авахаасаа өмнө нотариат орж Г.С ийн данснаас би өөрөө 1 удаа 15 сая төгрөг шилжүүлж авах итгэмжлэл хийсэн. Ингээд надаас тэр хүн тодорхойлолтоо аваад явсан бөгөөд би маргааш нь эрт мөнгө авах ёстой байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өглөө 09.30 минут болж байхад “Бөхийн өргөө”-ний зүүн талын “Худалдаа хөгжлийн банк” дээр очиж мөнгөө авах гэсэн боловч нөгөө дансанд ямар ч мөнгө байхгүй байсан.” /хх-6/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч П.Жавхлангийн өгсөн: “…Г.С  нь хувиараа бизнес эрхэлснээс хойш буюу 2017 оны 5 сард 1 хүнээс өдрийн хүүтэй 10.000.000 төгрөг зээлээд 1 хүнд алдчихсан гэж ярьж байсан. Ингээд 2018 оны 3 сараас бид 2

тусдаа байгаа бөгөөд 2 хүүхэд над дээр байгаа.” /хх-10/ гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.С ийн яллагдагчаар өгсөн: “…Би Герман явах визэнд орох гээд банкны тодорхойлолт хэрэг болоод фейсбүүкийн зарын дагуу Н.Хишигжаргал гэх хүнтэй холбогдсон. Ингээд Н.Хишигжаргалтай 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 14 цагийн орчим уулзаад эхлээд нотариат ороод итгэмжлэл хийгээд “Худалдаа хөгжлийн банк”-н дээр очоод миний 457042299 дугаартай дансанд 15 сая төгрөг бэлнээр байршуулсан. Ингээд тухайн дансанд барилт хийгдээд маргааш өглөөний 9 цаг гэхэд барилт тавигдах ёстой байсан бөгөөд тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан бөгөөд би мөнгийг нь аваад зээлүүдээ шинэчилье гэж бодсон. Ингээд маргааш өгөлөө нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн өглөө 9 цаг болж байхад “Гэгээнтэн” төвийн урд байрлах “ХААН” банк ороод тэндээс авсан жижиг зээлүүдрүүгээ мөнгө шилжүүлж хаасан. Ингээд Н.Хишигжаргалтай уулзсан.”/хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

-“ХААН” банкны дансны хуулга /хх-20-23, 54-69/,

-Депозит дансны хуулга /хх-34/,

-Хохирол төлбөр төлсөн баримт /хх-47/,

-Шүүгдэгч Г.С ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-26/ зэргээр тогтоогдсон болно.

 

Хохирогч Н.Хишигжаргал нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.С ийн үг, үйлдэлд хууртагдан, түүнд 15.000.000 төгрөг өгснөө тодорхой мэдүүлдэг ба мөрдөн байцаалтад Г.С  нь “Германы визэнд орох гэж байгаа юм 15 сая төгрөг дансандаа байршуулах гэсэн юм” гэх зэргээр хуурч мэхлэх аргаар хохирогч 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.С ийн үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдад 15.000.000 төгрөгийг залилж авахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Г.С  нь 2018 оны 5 дугаар сарын        1-ний өдөр иргэн Н.Хишигжаргалаас “визэнд орох банкны баталгаа хэрэгтэй байна” хэмээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15.000.000 төгрөг бэлнээр авч өөрийн “Худалдаа хөгжил”-ийн банкны 457042299 дугаартай дансандаа байршуулсан боловч 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мөнгийг нь банкнаас авч залилсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.С эд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяртай гэрээ байгуулсан зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Шүүгдэгч Г.С  нь хохирогчид 15.000.000 төгрөгийн хохирол учруулсанаас 2.350.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 12.650.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаярт олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.С  нь энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бо  овогт Г  С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Г.С эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.С ээс 12.650.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаярт олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС