| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00466/И |
| Дугаар | 317/ШШ2026/00366 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2026/00366
2026 02 12 317/ШШ2026/00366
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Г банк” ХК
/Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-5 00, РД:00/
Хариуцагч: Б овогт Б Ц
/Төв аймаг, Баянчандмань сум, 00 баг, 00 дугаар байр, 00 тоот, /РД:00/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,529,597.41 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Б.Ц зээлийн гэрээний үүрэгт 6,529,597.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г банкнаас Б овогтой Ц нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-00 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан. Гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч 1,126,296.51 төгрөгийг 76 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд зээлийн үлдэгдэл 6,237,462.17 төгрөг, хүү 285,210.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,924.88 төгрөг нийт 6,539,597.41 төгрөг. Зээлдэгчид хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд 6,529,597.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б овогт Б Ц нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 6,529,597.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 725,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 729,597.41 төгрөгийг тус тус төлж барагдуулан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,529,597.41 төгрөгийг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,424 төгрөгийн тал хувь болох 59,712 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,529,597.41 төгрөгийг хариуцагч Б.Ц хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,424 төгрөгийн тал хувь болох 59,712 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид 59,712 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ