| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00138/И |
| Дугаар | 317/ШШ2026/00200 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2026/00200
2026 01 19 317/ШШ2026/00200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Т
/Улаанбаатар хот, 00 дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоот/
Хариуцагч: Т ХХК
/Төв аймаг, Сэргэлэн сум, 00 баг, 00 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 55,431,870 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ө.Т миний бие Т ХХК-ийн Захиргаа удирдлагын албанд 2022 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэлтсийн даргаар орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл ажилласан.
2022 онд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан.
Т ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 00 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж нэг хэлтэс болсон.
Тус тогтоолын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэлтсийн дарга Ж.Ө болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т миний бие мэдэгдэл хүлээн авч Ж.Өсөхбаярыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гүйцэтгэх захирлын дэргэдэх Зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралд Хуулийн хэлтсээс Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны 42 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдэж нийлсэн хэлтэс, нэгжийн удирдлагыг Гүйцэтгэх захирлын 2023 оны 000 дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах. Тус шалгаруулалтыг уг журмын 6 дугаар зүйлд зааснаар зохион байгуулах нь хууль зүйн үндэслэлтэй талаар танилцуулж, ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэсэн.
Гэтэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгээс дараах байдлаар холбогдох журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтыг “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд бус 5.2 дэх хэсэгт заасан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
2. Журмын 3.2-т Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан, ажиллаж байгаа үндсэн албан хаагчдаас нөхөх, шилжүүлэн томилох, хавсран гүйцэтгүүлэх боломжтой бол олон нийтэд зарлахгүй гэсэн заалтыг зөрчсөн.
3. Ажлаас чөлөөлөгдөөгүй байхад 2024 оны 03 дугаар сарын 19-нд нээлттэй зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гүйцэтгэх захирал болон Ажлын хэсгийн даргад гаргасан миний хүсэлтээс санаа авч, 3 дугаар сарын 29-нд авах шалгалтаа хойшлуулж, тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. /Энэ талаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гүйцэтгэх захирал болон Ажлын хэсгийн даргад хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй.
Гүйцэтгэх захирал 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 00 дугаар тушаалаар намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс чөлөөлсөн шийдвэр гаргасан. Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 00 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 /аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/ дэх заалтыг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.
Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болсон.
Нэгж татан буугдаагүй, ажлын байр хасагдаагүй, ажлын чиг үүрэг байхгүй болоогүй. Тиймээс Захиргааны хэлтсийн дарга Ж.Ө болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т нарыг дотоод сонгон шалгаруулалтад оруулах байсан.
Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 00 дүгээр тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 55,431,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд ажилтан миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу бүтэц, орон тооцны өөрчлөлт хийсэн бөгөөд Ө.Т ажлын байр хасагдсан тул зохих тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гарааг цуцалсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж иргэний үнэмлэхний хуулбар болон лавлагаа, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаар Ө.Т туршилтаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаар “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалын хуулбар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаар “Ажилд томилох” тухай тушаалын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 29-ний 00 дугаар “Ө.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” тухай тушаалын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ө.Т 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох цалингийн тооцоолол, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 000 тушаалын хавсралт “Т” ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрүүлэх зохицуулалтын талаар танилцуулгын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ө.Т Т ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Т” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөлийг хүлээн авсан дэвтрийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Т дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, гомдлыг 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан дэвтрийн хуулбар, Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүн Д.О цахимаар өгсөн хариу, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, Ө.Түмэн-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл, дуудлагын түүх, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч Т ХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Ө.Т 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хариуцагчид гаргасан хүсэлт, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн хүсэлтийн талаарх дүгнэлтийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирлын 00 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 00 дугаар Ө.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00дугаар Ажлын байрны тодорхойлолт батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/,00 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, сонгон шалгаруулалт хойшилсон тухай тэмдэглэл, сонгон шалгаруулалтын зар, сонгон шалгаруулалтын журам, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/00 дугаар Журам батлах тухай захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т ХХК-ийн захиралд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ө.Т өргөдөл, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/00 дугаар итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/00 дугаартай журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, ажил хүлээлцэх журмын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/00 дугаартай тушаалын хавсралт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дүрэм, журам батлах тухай тогтоол, түүний 1,2 дугаар хавсралт, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Б” тоот тушаалын хэрэгжилт шалгасан аудитын ажлын тайлан, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зөвлөмжийн тайлбар хүргүүлэх тухай илтгэх хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/000 дугаартай Ж.Ө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” “Т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/00 дугаар итгэмжлэл, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/00 дугаар итгэмжлэл, Т ХХК-ийн гаднаас ирсэн бичгийн бүртгэлийн хуулбар, зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Ө.Т урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүсч нэхэмжлэлийг гаргасан.
3. Хариуцагч т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Т ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/000 дугаар Ажлаас чөлөөлөх тушаалаар компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийт ажилтан, албан хаагчдыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба Ө.Т Захиргааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/00 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Захиргаа удирдлагын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга албан тушаалд томилж, мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/00 дугаар тушаалаар Ө.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж шийдвэрлэсэн байна.
6. Т ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/00 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлагдаж, орон тоог цөөрүүлж, албан тушаалын нэршил солигдсон үндэслэлээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 83 дугаар зүйлийн 83.2, 110 дугаар зүйлийн 110.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2.1 дэх заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус баримтлан Захиргаа удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн Ө.Т чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
7. Нэхэмжлэгч Ө.Т 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/00 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй, харин дотооддоо сонгон шалгаруулалтыг зохион байгуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр маргаж байна.
8. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “…Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн ба Ө.Т ажлын байр хасагдсан тул зохих тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан … ажлаас халагдсан үндэслэл нь сонгон шалгаруулалттай хамааралтай гэж үзэж байгаа боловч энэ нь ямар ч хамааралгүй ... сонгон шалгаруулалтыг үндэслэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна. Хүсэлт гаргах үедээ нэхэмжлэгч нь ажилтан байсан бөгөөд сонгон шалгаруулалт явуулахад ажлаас халагдсан байсан. Иймд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж мэдэгдсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Ажлын байр цөөрсөн бус ажлын байр хасагдсан юм. Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтад ямар нэгэн материал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт болох өдөр ирээгүй бөгөөд үүнийгээ н.Д захирал миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхад сонгон шалгаруулалтад орохгүй гэх байдлаар хариу өгсөн. Иймд өөрөө хуульд нийцээгүй хүсэлт гаргачхаад уг хүсэлтээ шийдвэрлээгүй үндэслэлээр сонгон шалгаруулалтад ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримттай нийцэж байна.
9. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохыг ба хариуцагч Т ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/00 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 83 дугаар зүйлийн 83.2, 110 дугаар зүйлийн 110.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2.1 дэх заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус баримталсан байна.
10. Нэхэмжлэгч Ө.Т нь мэдэгдэл хүлээн авснаа шүүхэд гаргасан нэхэмжлэлд “ ... 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр … миний бие мэдэгдэл хүлээн авсан … ” гэснээр мэдэгдэл хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар ажил олгогч буюу хариуцагч Т ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 42 дугаар тогтоолыг мэдэгдсэн гэж үзлээ.
12. Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 000 дугаар тогтоолоор мөн нэхэмжлэгч Ө.Т тус газарт гаргасан өргөдөл зэргээр Захиргаа удирдлагын газар нэртэйгээр тухайн нэгжид Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтсийг нэгтгэсэн үйл баримт тогтоогдож байна. /1-р хх 158/, 2 дугаар хх 1-2/
13. Мөн түүнчлэн Т ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/00 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон 00 журмыг баталжээ. /хх 151-154/
14. Иймд нэгтгэгдэж Захиргаа удирдлагын газар болон үйл баримтыг нэхэмжлэгч Ө.Тэ мэдсэн атлаа хуучин эрхэлж байсан ажил албан тушаал гэх Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна.
15. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуй нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан.
16. Нэхэмжлэгч Ө.Т нь нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн болон түүний хүсэлтийг үндэслэн хариуцагчаас гаргуулсан нотлох баримтуудаас хуульд заасан хугацааг тоолов.
16.1 Хамгийн анх нэхэмжлэгч Ө.Т 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/000 дугаар Ө.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргахаас өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д … сонгон шалгаруулалтыг зохин байгуулах ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 51 дэх хэсгийн хүрээнд бус 5.2 дахь хэсэгт заасан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулалтад дотоодоос оролцож байгаа ажилтнаас нээлттэй сонгон шалгаруулалтын материал бүрдүүлэх, хэрэв бүрдүүлээгүй нөхцөлд бүртгэлээс хасах талаар бүртгэлийн дараа шаардсан гэж үзэж хүсэлт гаргасан. /хх 42-43/
-2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл, гомдол гаргасан /хх 44-45/-ыг бүртгэж авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаас 000 тэмдэглэлээр шийдвэрлэсэн байна. /хх 49-50/
-2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл /хх 55-57/,
-2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан /хх 59-61/
-2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэн. /хх 65-69/
17. Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Э 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ө.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэртэй танилцаж хариу өгөх хүсэлтийг гаргасан байна. /хх 70/
18. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх 78-80/
19. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/00 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэж үндэслэлээр Ө.Т нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба тухай захирамж хүчин төгөлдөр байна.
20. Дээрх захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг дурдсан байх ба нэхэмжлэгч Ө.Т гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн үндэслэлд заагдсан баримтуудыг хавсаргаж дахин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 53 минутад нэхэмжлэлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасанд нийцэхгүй байна.
21. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.
22. Хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд өргөдөл гаргахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрхийг хангагдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой. Тухайлбал: Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, мөн гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан гэсэн нөхцөл бүрдсэн үед нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэнэ.
23. Талуудаас гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл: Ө.Т нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/000 дугаар захирамжид 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах, эсхүл 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэлийг дахин гаргах нь дээрх хуулийн заалтад нийцнэ.
24. Ө.Т нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 21 хоногоор хэтрүүлсэн байна.
25. Иймд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Ө.Т хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
26. Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл, болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
27. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Т ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч А.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ