| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01150/И |
| Дугаар | 317/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2026/00124
2026 01 12 317/ШШ2026/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК,
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Сөүлийн гудамж Твин таур-00 давхарт байрлах/
Хариуцагч: С ХХК,
/Төв аймаг, Жаргалант сум, 00 дүгээр баг, 00 тоотод байрлах/
Нэхэмжлэлийн шаардлага:Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 237,133,562,39 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Э ХХК нь хариуцагч С ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 237,133,562.39 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь С ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 тоот "Лизингээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан.
2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 тоот гэрээгээр New Holland 00 техник 1 ширхгийг худалдсан.
Талуудын хооронд байгуулсан 00 тоот гэрээний 5.1-т "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт №2-д заасан нөхцөл, хуваарийн дагуу төлж барагдуулна.
Хавсралт №2-т New Holland 00 техник 73,400 ам.доллар гэж заасан бөгөөд 73,400 ам.доллар төлөхөөс С ХХК нь худалдан авсан New Holland 00 техникийн урьдчилгаа төлбөрт 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 5,764.29 ам.доллар төлсөн. Мөн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5,764.29 ам.доллар, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,151.43 ам.доллар, 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 5,923.42 ам.доллар, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам.доллар буюу нийт 26,526.29 ам.доллар төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Тус гэрээнүүдийн 5.4-т "Түрээслэгч уг гэрээний хавсралт №2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож түрээслүүлэгчид төлнө" гэж заасныг зөрчиж түрээслэгч тал үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх тул 00 тоот гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-нд төлөх ёстой байсан 27,299.71 ам.долларын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 583 хоногийн алданги 10,492.11 ам.доллар, Мөн 00 тоот гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн төлбөрийн үнэ төлөх хуваарьт зааснаар "түрээсийн хүү ам.доллароор 8%, төгрөгөөр 16%-ийг тухай бүр тооцоолж төлнө" гэж заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.долларын хүү 4,407.41 ам.доллар болон үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд С ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 тоот "Лизингээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 46,873.71 ам.доллар, алданги 10,492.11 ам.доллар, хүү 8,869.46 ам.долларын хамт нийт 66,235.28 ам.долларыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,580.17 ам.доллароор тооцож 237,133,558.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч С ХХК хариу тайлбартаа: Манай С ХХК-д холбогдуулан Э ХХК-аас гаргасан 237.133.558.39 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Бидний хооронд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 тоот Лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж манай компани New Holland 00 маркийн техник буюу тракторыг худалдан авахаар тохирсон. Анх тохиролцохдоо урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 3 намар ургацаа хураан авч худалдан борлуулсны дараа нь төлж байхаар тохиролцсон юм.
Гэрээ байгуулагдах үед бид хөдөө тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан ба 2- 3 хуудас гэрээн дээр гарын үсэг зурж, тамга дараад, бидэнтэй гэрээ байгуулсан ажилтан нь гүйцэтгэх захирал Улаанбаатар хотод байдаг тул гэрээгээ хот руу явуулж, гарын үсэг зуруулаад тамга дараад 1 хувийг өгнө гэж байсан боловч нэг хувийг буцааж бидэнд өгөөгүй.
Тухайн үед 2-3 хуудас гэрээ трактор худалдан авч байгаа, төлбөр төлөх хугацааг заасан гэрээ байсан. Ямар нэгэн байдлаар алданги, хүүгийн талаар огт дурдаагүй байсан. Гэтэл одоо манай компанийн гарын үсэг зурж, тамгалсан арын хуудасны урд талд гэрээний өөр заалтууд тодруулбал алданги төлөх заалтыг нэмж бичин, биднээс үндэслэлгүйгээр алданги нэхэмжилж байна.
Энэ нь гэрээний 2.5-д Тал тус бүр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэлдүүлсэн буюу гэрээний 12.1.1-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон бол түрээсийн зүйлийг Түрээслэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж дурдсан боловч гэрээний 12.1.1 гэх заалт байхгүй байгаагаас бидэнд мэдэгдэлгүй гэрээний заалтыг нэмсэн гэдэг нь харагдаж байна.
Манай компани гэрээний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сүүлийн төлөлтөө төлөх ёстой байсан. Гэрээний хугацаа болоод төлөлт хийх хугацаа ч дуусгавар болоогүй байгаа. Төлөлтийн хуваарь бага зэрэг 2, 3 хоногийн хугацаанд хоцорсон хэдий ч бид 2024 оны хуваарьт төлөлтөө гүйцэтгэсэн. 2, 3 хоногийн хугацаанд төлөлтөө хоцроосон нь өнгөрсөн 2024 онд нийт газар тариалангийн үйл ажиллагаа цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдаж, маш их хэмжээний хохирол амссан юм. Энэ талаар сум, багийн засаг даргын тодорхойлолт байгаа. /Хариу тайлбартаа хавсаргав/. Мөн бид цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан ургац авч чадалгүй хохирол амссан талаараа Э ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан. Бид анхнаасаа тухайн гэрээн дээр хүү, алданги нэмж төлөх талаар тохиролцоогүй, энэ талаар гэрээндээ, гэрээний гол нөхцөлд ч зааж тусгаж харилцан тохиролцоогүй байгаа. Хэрвээ анхнаасаа хүү болон алдангийн хэмжээг тохирсон тохиолдолд гэрээний гол нөхцөлдөө тусгаж худалдан авагч болох манай компани уншиж танилцан, зөвшөөрсөн тохиолдолд гарын үсгээ зурах ёстой байсан. Гэрээний Хавсралт 1 гэх утгатай хавсралтад дурдсанаар төлбөр төлөх хуваарь, үндсэн төлбөр, хүүгийн хэмжээ зэргийг тооцоолон гаргажээ. Ингэхдээ ам доллароор 8%, төгрөгөөр 16%-ийн хүү мөн алданги нэмж төлөх ёстой байдлаар тооцон ахлах нягтлан бодогч Б.Л гэгч нь гарын үсэг зурсан байна. Бид хэрвээ хүү, алданги нэмж төлөх талаар тохиролцсон бол гэрээний гол нөхцөл хийгээд энэхүү хавсралтад заасан хүү, алданги төлөх хуваарьт гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь гэрээнд тусгаагүй, харилцан тохиролцоогүй зүйлийн дагуу хүү, алдангийг өөрсдийн дураар, хууль бусаар нэмж манай компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа буюу бидний хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, хавсралтад заасан үндэслэлээр хүү нэмж нэхэмжлэх, мөн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймээс бид Э ХХК-ийн зүгээс үндэслэлгүйгээр нэхэмжилж буй хүү, алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай компани нэхэмжлэлд дурдсан
2023.05.09-ний өдөр 5764,29 ам.доллар
2023.05.10-ны өдөр 5764,29 ам.доллар
2023.05.11-ний өдөр 3151.43 ам.доллар
2024.04.19-ний өдөр 5923,42 ам.доллар
2024.04.22-ны өдөр 5922,87 ам.долларыг төлснөөс гадна 2024.11.19-ний өдөр 40.000.000 төгрөгийг С гэсэн утгатайгаар Э ХХК-
ийн данс руу шилжүүлсэн.
Гэрээний дагуу тракторын үлдэгдэл төлбөр 46.873,11 ам.доллар буюу 167.813.702 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг хасч тооцвол одоо 127.813.702 төгрөгийг төлөх байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компани дүрэм, итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаар Лизингээр худалдах-худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, техник хүлээлцсэн актын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Сургалт, засвар үйлчилгээ, сэлбэгийн талаарх мэдээлэл төлбөр төлөлтийн хүснэгт, мэдэгдэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс ханшийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ХААН банкны 00 дугаар дансны хуулга, Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаар албан бичиг, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаар албан бичиг, итгэмжлэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс ханшийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
6. Шүүхээс хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч С ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 146,425,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,270,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 237,133,562,39 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 196,896,064 болгож багасгаж тайлбарласан.
3. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн төлбөр 120,907,136 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж, үндэслэлээ “ ... төлбөрийг хүү, алданги хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оноос хойш төлсөн төлбөрүүдийг хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаар нэмэлт баримтыг гаргаж өгөөгүй. ... сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг хасаагүй хасаад 196.000.000 төгрөг болгож тооцооллоо өгч байсан. Манайх үндсэн төлбөр 120.907.136 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ханшаар тооцно гэж гэрээнд заасан тул үлдэгдлийг төлбөрийг тооцоход 201.572.842 төгрөг болоод үүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр, 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 40.000.000 төгрөгийг хасахаар 120.907.136 төгрөг гарна гэж тайлбарласан болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Э ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 73,400 ам долларын үнэтэй New Holland 00 маркийн 00 серийн дугаартай тракторыг хариуцагч С ХХК-нд лизингээр худалдах худалдан авах 00 дугаар гэрээг байгуулан тракторыг хүлээлгэн өгөх акт үйлдэн хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтыг талаар маргаагүй.
6. Харин төлбөрийн үлдэгдэл болон валютын ханшны талаар маргаж байна.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.1 Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан.
7.2 Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч С ХХК-ууд нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн байна.
8. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү, төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заажээ.
9. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу Лизингээр худалдах-худалдан авах нэртэй 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 00 дугаар гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан гэрээг байгуулсан байна.
10. Лизингээр худалдах худалдан авах 00 дугаар гэрээнд түрээсийн зүйл гэж тодорхойлсон зүйл нь гэрээний гол зүйл болох трактор байна.
11. Тракторын үнэ 73,400 ам долларын үнэтэй бөгөөд урьдчилгаа болон хариуцагч С ХХК-аас нийт 26,526.29 ам долларыг нэхэмжлэгч Э ХХК-д төлжээ. Үүнд 5,764.29 ам. долларыг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр, 5,764.29 ам долларыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 3,151.43 ам долларыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр/ урьдчилгаанд авч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 5,923.42 ам доллар, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,922.87 ам долларыг тус тус төлсөн байна.
12. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
13. Харин талууд гэрээний төлбөрийг валютаар тооцсон бөгөөд төлбөрийг доллар болон төгрөгөөр тооцож төлөгдсөн байдал болон төлбөр төлөх үеийн валютын ханшийн зөрүүтэй байдлаас маргаж байна.
14. Хариуцагч С ХХК-нд зээлээр худалдсан төлбөрийн нөхцөлийг гэрээний 5.1.-д …төлбөрийг энэхүү гэрээний хавсралт №2-д заасан нөхцөл, хуваарийн дагуу төлж барагдуулна. 5.6.-д “2023 оны хуваарьт төлбөр гүйцэтгэсэн гадаад валютын ханшийг төлбөр шилжсэн өдрийн Монгол банкны валютын албан ханшаар тооцно гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч Э ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж зааснаар тооцож шаардаж байна.
15. Хариуцагч С ХХК нь төлбөрийн үүрэг гүйцэтгэх хуваарийг зөрсөн нөхцөл байдлаас шалтгаалан үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд гэрээний үүргийг дээр дурдсан Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах эрхтэй ба хариуцагч С ХХК нь гэрээний үүрэг биелүүлэх үүргийг хүлээнэ.
16. Талууд гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байх ба маргааныг гэрээнд зааснаар шийдвэрлэнэ.
17. Лизингээр худалдах-худалдан авах 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 00 дугаартай гэрээний нотариатаар баталгуужуулсан хувийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж ирүүлсэн бөгөөд гэрээний 5.6-д 2023 оны хуваарьт төлбөр гүйцэтгэсэн гадаад валютын ханшийг төлбөр шилжсэн өдрийн Монгол банкны валютын албан ханшаар тооцно. Үүнээс хойших буюу 2024, 2025 оны хуваарьт гэрээг байгуулж Үүнээс хойших буюу 2024 болон 2025 оны хуваарьт төлбөр гүйцэтгэх ханшийг 2023 оны сүүлийн хуваарьт төлбөр гүйцэтгэх өдрийн ханшаар тооцно гэжээ.
18. Гэрээний хавсралтад төлбөр төлөх үнийн дүн тодорхойлсон байх бөгөөд хариуцагч С ХХК нь урьдчилгаа төлбөрт 14,680 ам доллар /5764.29 ам долларыг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр, 5764.29 ам долларыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 3151.43 ам долларыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр/-ыг төлсөн.
19. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5923.42 ам доллар, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5922.87 ам доллар төлсөн.
20. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчаас 40.000.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөр төлөх хугацаанд төлөх төлбөрийг валютаар төлөөгүй төгрөгөөр 40,000,000 төгрөг төлснийг хэрэгт авагдсан Монголбанкнаас зарласан ханшаар буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн ханш 3432.78 төгрөгөөр тооцож 11652.36 ам долларт тооцсон.
21. хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д нийт 73,400 ам доллароос 38178.66 ам доллар төлсөн, үлдэгдэл 35221.34 ам доллар төлөхөөр байна.
22. Үлдэгдэл 35221.34 ам долларыг гэрээний 5.6-д зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны зарласан ханш болох 3432.78 тооцож төгрөгт шилжүүлсэн төлбөр нийт 120,907,111 төгрөг байна.
23. Талуудын мөн гэрээний 4.1, 4.2-т гэрээн хугацааг тохиролцсон байх ба гэрээний 5.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байх тул төлбөрийн үлдэгдэл 35221.34 долларын алданги 0.1 хувиар тооцож хариуцагчаар гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасанд нийсэн гэж үзэж алданги тооцож гаргуулах нь зүйтэй байна.
24. Хугацаа хэтрүүлсэн хоногийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 213 хоногийг хэтрүүлсэнд тооцож, гэрээний үлдэгдэл 35221.34 доллароор тооцож 7,502 ам долларын алдангийг хариуцагч С ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.
25. Харин талууд хүүг 8 хувь ам доллар, 16 хувь төгрөг /хүүг тухай бүр тооцоолж төлнө/ гэх байдлаар хүснэгтэд бичиж гэрээг бичгээр байгуулсан байх хэдий ч хугацааг тодорхойлоогүй тохиролцсоныг хүү төлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.
25.1 Гэрээнд заавал тусгагдах нөхцөлийн хүү авах хугацааг гэрээнд тусгаагүйг хүү шаардах эрхгүй гэж гагцхүү гэрээнд тохиолцсон эд хөрөнгийн үнэ болон эд хөрөнгийн үнийг төлөх хугацаа хэтрүүлсний төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл: Хугацаа /хоног, сар, жил/ тодорхойгүйг хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Э ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/244 дугаар итгэмжлэлээр Д.Мөнхтуяа, Б.Ц нарт итгэмжлэлээр өөрийн бүрэн эрхийг олгосон.
27. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 196,896,064 төгрөг болгож багасгасан.
28. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь үндэслэлгүй. Энэ нь нэхэмжлэлийн үнийг тодорхойлох буюу улсын тэмдэгтийн хураамж тооцоход хамаарна.
29. Мөнгөн төлбөрийн үүргийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар тодорхойлно.
30. Иймд Э ХХК-ийн 196,896,064 болгож багасгаж шаардсан төлбөрөөс хариуцагч С ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 146,625,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,270,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т заасанд нийцнэ гэж үзсэн болно.
31. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 891,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар хариуцагч С ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 146,625,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,270,728 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 891,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ