Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1058

 

2025           09            04                                                                                 2025/ДШМ/1058

 

Э.Б-, Н.Б- нарт

холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Наранхүү,

хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Оргил,

нарийн бичгийн дарга Э.Б- нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1585 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- болон хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Б-, Н.Б- нарт холбогдох 2506000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1.Б- овгийн Э-ы Б-, ................, (РД:.............), урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/711 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялын хугацаа дуусаж суллагдсан;

2.Б- овгийн Н-ын Б-, .............., ял шийтгэлгүй (РД:..............);

1.Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч Э.Б-ын гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдэх, хохирогчийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөсний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн орчимд хохирогч Б.Д-тэй түүний тээврийн хэрэгсэл дотор уулзаж, “2 ширхэг гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана” гэж хэлж хохирогчийн 2 ширхэг “Iphone 16 pro max” загварын 8,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тээврийн хэрэгслийг ашиглаж авч зугтаасан,

2.Шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч С.А-с “Toyota Vellfire-20” загварын тээврийн хэрэгсэл худалдан борлуулахаар мэдээлэл тавьсны дагуу хохирогчтой холбогдож, тээврийн хэрэгсэл худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, уг тээврийн хэрэгслийг “автомашины худалдаа эрхэлдэг найздаа 28,000,000 төгрөгөөр худалдахаар боллоо, төлбөрийг нь дансаар шилжүүлнэ” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Да хүрээ” автотээврийн захын хашаанд байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт очиж тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан,

-цахим орчинд хохирогч А.Г- нь “Iphone 15” загварын гар утас худалдан борлуулах талаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй, санхүүгийн боломжгүй байж “Iphone 15 загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлэн, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын орчимд Ш.А-тай уулзаж, “та машин харж бай, би эхнэртээ үзүүлээд ирье”  хэмээн хохирогч А.Г-ийн өмчлөлийн 6,850,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг “Iphone 15 pro max”, “Iphone 15 pro” загварын гар утсыг шилжүүлэн авсан,

-цахим орчинд хохирогч З.А-гаас “Iphone 15 pro” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, “Iphone 15 pro” загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлэн, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар” сувиллын урд талын 72а байрны гадна хохирогчтой уулзаж, өөрийн унаж яваа тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа хохирогч З.А-гийн 5,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь үзэж буй дүр үзүүлэн, урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг орхиж тээврийн хэрэгслийг ашиглаж зугтаасан,

-цахим орчинд хохирогч А.М- нь “Iphone 15 pro max” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж, “Iphone 15 pro max загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлэн, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчтой уулзаж, “машин дотор сууж бай, гэртээ ороод мөнгө аваад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн 3,679,920 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг залилсан,

-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Автотээврийн үндэсний төвд хохирогч Б.Г-д “Toyota Crown загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж итгэл төрүүлэн, “эгчээсээ бэлэн мөнгө авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулан төөрөгдөлд оруулж, 47,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Crown” загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авсан,

-цахим орчинд хохирогч О.Б-с “Iphone 16 pro max” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “Iphone 16 pro max загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлэн, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23-24 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны орчимд уулзахаар тохиролцож, “Iphone 16 pro max” загварын 4,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хохирогчоос авч, хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд ирмэгц урьдчилан төлөвлөсний дагуу, тээврийн хэрэгсэл ашиглаж зугтаасан,

-цахим орчинд хохирогч Б.Д-гээс “Iphone 16 pro max” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, “Iphone 16 pro max загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлэн, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22-23 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн орчимд уулзахаар тохиролцож, гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч Н.Б-т гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдэх, хохирогч Б.Д-гийн эд хөрөнгийг хэрхэн авах талаар зааж зөвлөн нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 103,379,920 төгрөгийн үнэтэй, их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

-2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.У-ын өмчлөлийн “Toyota Prius-20” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор “би машины кабин дотор цүнхээ үлдээсэн байна, цүнхээ аваад ороод ирнэ” гэж хохирогч Б.У-ад худал хэлж, түүнээс тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 3, 4 дүгээр хорооллын “Ачлал” их дэлгүүрийн хажуугаас Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороолол хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-гийн өмчлөлийн “Honda” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор гэрч Б.Э-т “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Шинэчлэл” хотхоны зогсоол дээрээс машин аваад өгөөч” гэж худал хэлж, түүний унаж явсан тээврийн хэрэгслийн кабинд ганцаараа үлдэж, улмаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байр хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Б-ыг “залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Н.Б-ийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Э.Б-аас 3,750,000 төгрөгийг хохирогч А.Г-т, 59,000,000 төгрөгийг хохирогч Г.Г-д, 5,800,000 төгрөгийг хохирогч З.А-д, 3,679,920 төгрөгийг хохирогч А.М-ад, 2,650,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Амаржаргалд, 3,500,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Батсайханд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсан гэмшиж, хохирол төлбөрөөс хохирогч С.А-д 27,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хувийн байдал, хохирлоос нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Мөн би мөрдөн байцаалтын шатанд дэслэгч н.Ариунбаярт Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргүүд байгаа гэж удаа дараа мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн прокурор М.Сүхчулуунд мэдэгдэж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлж байсан боловч тухайн хэргүүдийг минь нэгтгэж шийдээгүй эрх зүйн байдлыг минь хөндсөн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст байгаа нэгтгүүлэх хэрэг нь 250900266 хэрэг бүртгэлтийн дугаартай, Н.Анхсайхан байцаагч дээр байгаа ба прокурор н.Төвхүү хяналт тавьж байгаа. Иймд тухайн хэргүүдийг минь нэмж нэгтгэн эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагчаар татсан 2 тогтоолыг гаргаж өгсөн. Сүхбаатар дүүргээс 2509002661278 дугаартай 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн яллагдагчаар татах тогтоол гарсан. Энэ хэргийн талаар шүүгдэгч нь гэмт хэрэгт шалгагдах хугацаанд анх сэжигтнээр бүх үйлдлээ илчилж, хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ хэргийн талаар лавлагааг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийн чанартай тоот өгсөн бөгөөд “н.Ч- гэдэг хүний гомдол байна, тухайн нөхцөл байдал, хэргийн үйл баримт яг тохирч байна, Э.Б-ын лавлагаа байна, өөр хийгдсэн ажиллагаа байхгүй учраас би дэлгэрэнгүй мэдээлэлтэй тоот гаргаж өгөхгүй” гэсэн тул урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд тодорхойгүй тоот гаргаж өгсөн учраас мөн адил шүүхээс хүлээж аваагүй. Харин прокурор М.Сүхчулуун, Л.Төвхүү нар хоорондоо ийм хэрэг байгаа талаар ярилцсан зүйл байгаа бөгөөд “энэ хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмж нэгтгэхэд татгалзах зүйлгүй” гэж хэлсэн талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Мөн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж шалгаагүй орхигдсон хэргүүдийг нэмж нэгтгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэг гэмт хэргийн шинжийг олон удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн үйлдлээр тооцдог. Шүүгдэгч Э.Б- нь нэг төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэх тогтоол гарснаас хойш дахин ял авах нөхцөл байдал байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулна. Яллагдагчаар татсан тогтоолыг цагдан хоригдож байх хугацаанд танилцуулсан. Эдгээр хэргүүдийг нэмж нэгтгэх нь зүйтэй. Тухайн үед прокуророос тоот авсан бөгөөд үйлдэл, үйл баримтын талаар тоот аваагүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэсэн. Хан-Уул дүүрэгт байгаа 2 үйлдлээ дахин шалгуулж, хэрэв байхгүй бол эдгээр 2 үйлдлийг нэмж нэгтгэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хохирлыг гаргуулахдаа хохирогч Б.Г-д холбогдох хэсгийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй. Э.Б- нь “Toyota Crown” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхэлж өөрийн нэр дээр шилжүүлж аваад Ж.Д-ид худалдсан. Ж.Д- нь 40,000,000 төгрөгөөр авсан гэх боловч 20,000,000 төгрөг бэлэн өгсөн баримт хэрэгт байхгүй. Уг автомашин бүрэн бүтэн Ж.Д-ийн эзэмшилд байгаа. Хэргийг мөрдөн шалгах явцад Ж.Д-ийн хүсэлтээр “Ашид билгүүн” ХХК нь үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур 47,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шүүх Б.Г-д автомашиныг гаргуулан олгохгүйгээр 59,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Хохирогч Ж.Д- нь Иргэний хуулийн 101, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан шударга бус өмчлөгч болно. Шүүх зөрчилтэй эрхийг сэргээдэггүй. Автомашин биетээр байхад үнийг Б.Г-д олгож шийдвэрлэж буй нь шударга бус юм. Түүнчлэн Ж.Д- нь иргэний хариуцагч байх байтал иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын хохирогч Б.Г-д холбогдох 59,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг “Б.Г-д “Toyota Crown” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олгож” гэж өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Г- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогч Б.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд: Давж заалдах гомдлынхоо агуулгыг уншиж танилцуулсан.  

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар гэмт хэргийн замаар олсон орлого гэдийг мэдээгүй. Иймээс хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн нэр дээрх автомашиныг 40,000,000 төгрөг төлөөд худалдаж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг авагдсан бөгөөд эдгээр мэдүүлэгт бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн, АТМ-ээс 20,000,000 төгрөг авсан баримт байгаа. Иймээс зах зээлийн үнэлгээ болох 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ямар нэгэн байдлаар эрхийн зөрчилтэй, гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэж мэдээгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч С.Мягмарсүрэнгийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Учир нь, эрх хуулийн дагуу шилжсэн учраас шударга өмчлөгч нь Ж.Д- мөн тул тухайн автомашиныг Ж.Д-ид олгох нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан тул Э.Б-т холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эдгээр гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт авагдаагүй байсан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байсан учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөн хохирогчид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 58,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийг шударга өмчлөгч, эзэмшигч гэж үзэж тээврийн хэрэгслийг олгосон нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Б-, Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Э.Б- болон  хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

1.“Iphone 16 pro max загварын гар утас худалдаж авна гэсний дагуу үзүүлэхээр очтол намайг хуурч, 2 ширхэг гар утсыг авч тээврийн хэрэгсэлд суугаад, намайг суухаас өмнө хөдлөөд явсан” гэх агуулга бүхий хохирогч Б.Д-гийн (1хх 12-13, 14-15, 16-17), тухайн гар утаснуудыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан талаарх иргэний нэхэмжлэгч Н.Батсайхан, Ж.Баянсан нарын (1хх 54-55, 59-60) мэдүүлгүүд,

-тус 2 ширхэг гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 8,700,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1хх 69),

-“Найман анд-6” болон “Алтан тахиа” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ, мөнгө тушаах тухай баримт (1хх 44-45),

-хохирогч Б.Д-д 1 ширхэг “Iphone 16 pro max” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1хх 32) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б-, Э.Б- нар бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн орчимд хохирогч Б.Д-тэй түүний тээврийн хэрэгсэл дотор уулзаж, “2 ширхэг гар утсыг нь худалдаж авахын тулд манай машинд сууж имей кодыг нь шалгана” гэж хэлж хохирогчийн 2 ширхэг гар утсыг нь өөрөөс нь авч, өөрсдийнхөө унаж яваа тээврийн хэрэгсэл рүү түүнийг дагуулан ирж, суухаас нь өмнө хохирогч Б.Д-гийн өмчлөлийн 2 ширхэг “Iphone 16 pro max” загварын 8,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тээврийн хэрэгслийг ашиглаж авч зугтаасан,

2.“Toyota Vellfire-20” загварын тээврийн хэрэгслийг 28,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон ба хуурч тээврийн хэрэгслийг түүний гэрчилгээний хамт шилжүүлэн авсан талаарх хохирогч С.А-ын мэдүүлэг (1хх 202) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч С.А-с “Toyota Vellfire-20” загварын тээврийн хэрэгсэл худалдан борлуулахаар мэдээлэл тавьсны дагуу хохирогчтой холбогдож, тээврийн хэрэгсэл худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж, уг тээврийн хэрэгслийг “автомашины худалдаа эрхэлдэг найздаа 28,000,000 төгрөгөөр худалдахаар боллоо, төлбөрийг нь дансаар шилжүүлнэ” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Да хүрээ” автотээврийн захын хашаанд байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт очиж тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан,

3.Гар утас худалдаж авна гэсний дагуу “Iphone 15 pro”, “Iphone 15 pro max” загварын гар утас үзүүлэхэд хуурч 2 ширхэг гар утсыг авч явсан талаарх хохирогч А.Г-ийн (2хх 24-25), үүнийг нотолсон гэрч Ш.А-гийн (2хх 29), тус гар утаснуудыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан талаарх гэрч Э.Б-гийн (2хх 34), барьцаалан зээлдүүлэх газраас тус “Iphone 15 pro” загварын гар утсыг худалдан авсан талаарх гэрч, иргэний нэхэмжлэгч Г.А-ын (2хх 37, 54) мэдүүлгүүд,

-тус 2 ширхэг гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 6,850,000 төгрөгөөр тодорхойлсон “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний магадалгаа (2хх 40),

-хохирогч А.Г-т “Iphone 15 pro” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2хх 55) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч А.Г- нь “Iphone 15” загварын гар утас худалдан борлуулах талаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй, санхүүгийн боломжгүй байж “Iphone 15 загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын орчимд Ш.А-тай уулзаж, “та машин харж бай, би эхнэртээ үзүүлээд ирье” хэмээн хохирогч А.Г-ийн өмчлөлийн 6,850,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг “Iphone 15 pro max”, “Iphone 15 pro” загварын гар утсыг шилжүүлэн авсан,

4.Iphone 15 pro загварын гар утас худалдаж авна гэсний дагуу үзүүлэхээр очтол хуурч 2 ширхэг гар утсыг авч зугтсан талаарх хохирогч З.А-гийн (3хх 183-184),

-тус 2 ширхэг гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 5,800,000 төгрөгөөр тодорхойлсон “Арвижих эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (3хх 186) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч З.А-гаас “Iphone 15 pro” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж “Iphone 15 pro загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар” сувиллын урд талын 72а байрны гадна хохирогчтой уулзаж, өөрийн унаж яваа тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа хохирогч З.А-гийн 5,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь үзэж буй дүр үзүүлэн, урьдчилан төлөвлөсний дагуу хохирогчийг орхиж тээврийн хэрэгслийг ашиглаж зугтаасан,

5.“Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авна гэсний дагуу шилжүүлэн өгч залилуулсан талаарх хохирогч Б.Э- болон Б.Г-гийн (2хх 121-123, 184), тус тээврийн хэрэгслийг худалдан авсан гэрч Ж.Д-ийн (2хх 126, 189-190) мэдүүлгүүд,

-тус тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 47,000,000 төгрөгөөр тодорхойлсон “Ашид билгүүн” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан (2хх 199),

-“***** гарден” ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн 01/10 дугаар “Toyota Crown” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Б-ын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт, мөн тус компаниас гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/11 дүгээр “тус тээврийн хэрэгсэл нь “***** төмөр гэгээрэл" ХХК-ийн захирал Б.Г-гийн захиран зарцуулах бүрэн эрхтэй хөдлөх хөрөнгө мөн” гэх утгатай албан бичиг (2хх 131, 171),

-“Хаан банк дахь Ж.Д-ийн эзэмшлийн ******** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (2хх 151),

-хохирогч Б.Г-гаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл (2хх 116-117) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Автотээврийн үндэсний төвд хохирогч Б.Г-д “Toyota Crown загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж итгэл төрүүлж, “эгчээсээ бэлэн мөнгө авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулан төөрөгдөлд оруулж 47,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Crown” загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авсан,

6.“Iphone 16 pro max” загварын гар утас худалдаж авна гэсний дагуу үзүүлэхээр очтол хуурч, гар утсыг авч явсан талаарх хохирогч О.Б-гийн (1хх 139-140), үүнийг нотолсон гэрч Ц.Г-ийн (1хх 143-145) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 4,350,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1хх 172) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч О.Б-с “Iphone 16 pro max” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санхүүгийн боломж, санаа зорилгогүй байж “Iphone 16 pro max загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23-24 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны орчимд уулзахаар тохиролцож, “Iphone 16 pro max” загварын 4,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хохирогчоос авч, хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд ирмэгц урьдчилан төлөвлөсний дагуу тээврийн хэрэгсэл ашиглаж зугтаасан,

7.Хохирогч А.М-ын “Iphone 15 pro max” загварын гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 3,679,920 төгрөгөөр тодорхойлсон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь цахим орчинд хохирогч А.М- нь “Iphone 15 pro max” загварын гар утас худалдан борлуулахаар зар тавьсны дагуу хохирогчтой холбогдож, гар утас бусдаас худалдаж авах санаа зорилгогүй байж “Iphone 15 pro max загварын гар утас худалдаж авна” гэж хохирогчид итгэл төрүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогчтой уулзаж, “машин дотор сууж бай, гэртээ ороод мөнгө аваад ирье” гэж хуурч, хохирогч А.М-ад 3,679,920 төгрөгийн хохирол учруулсан,

8.“Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг худал хэлж авч явсан талаарх хохирогч Б.У-ын (3хх 102) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.У-ын өмчлөлийн “Toyota prius-20” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор “би машины кабин дотор цүнхээ үлдээсэн байна, цүнхээ аваад ороод ирнэ” гэж хэлж, түүнээс тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 3, 4 дүгээр хорооллын “Ачлал” их дэлгүүрийн хажуугаас Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороолол хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

9.“Honda” загварын тээврийн хэрэгслийг худал хэлж авч явсан талаарх гэрч Б.Э-ын (3хх 240) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-гийн өмчлөлийн “Honda” загварын **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явах зорилгоор гэрч Б.Э-т “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Шинэчлэл” хотхоны зогсоол дээрээс машин аваад өгөөч” гэж худал хэлж, түүний унаж явсан тээврийн хэрэгслийн кабинд ганцаараа үлдэж, улмаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байр хүртэл тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

шүүгдэгч Э.Б-ын их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Б-ийн бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч Э.Б-, Н.Б- нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. 

Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн “Залилах” гэмт хэрэгт 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба тэрээр гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээрийн талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлд маргаагүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүй буюу хөл дайх, унаж тодорхой газар хүрэх зорилгоор бусдын эд хөрөнгө эзэмших эрхэд хууль бусаар халддаг.

Шүүгдэгч Э.Б- нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, өөрийн хууль бус үйлдэлдээ харамсан гэмшиж буйгаа илэрхийлсэн, учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлж, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар хуурч, мэхлэх замаар авахаар урьдаас төлөвлөн зохион байгуулж, олон тооны хохирогчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж буй хууль бус үйлдлээ бүрэн ухамсарлаж, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүн хэрхэн хохирч болохыг мэдсээр байж, хүсэж хор уршиг учруулсан байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох, хорих ялын төрлүүдээс шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогч нарын зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй нөхцөл байдал зэрэгт тохируулан хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн өөртөө дүгнэлт хийсэн эсэх хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэх боловч түүнээс илүү ял шийтгэл хүлээж буй хүн аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, бусад хүний эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг ухамсарлаж, нийгэм болоод бусдад хохирол учруулахгүй байх нь чухал юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Э.Б-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б- нь бусад дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргүүд байгаа талаар дурдаж, хэргүүдээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хууль тогтоогчоос ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг Эрүүгийн хуульд хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-, Н.Б- нарт холбогдох 2506000000099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б-т холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа эсэх нь тогтоогдоогүй байх тул тэрээр өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлүүдийг нэгтгэн шалгуулах замаар энэ хэргээс тусад нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуульд заасан журмын дагуу шүүхээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх байдлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд шүүгдэгч Э.Б-ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Харин хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан “Б.Г-д 59,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрх эдлэх ба улмаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байхаар баталгаажуулан заажээ.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба ийнхүү бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг Иргэний хуулиар зохицуулсан.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлд “Гэм хорыг арилгуулах эрх”-ийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж, гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй ба хэрэв зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлж болно.

Хэргийн хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл, хохирогч Б.Г-гаас залилах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлаараа иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн эзэмшилд байгаа нь тогтоогджээ.

Дээрх тохиолдолд залилах гэмт хэргийн объект болсон уг тээврийн хэрэгслийг биет байдлаар нь тухайн гэмт хэргийн хохирогч Б.Г-гийн эзэмшилд шилжүүлэн өгч, харин иргэний нэхэмжлэгч Ж.Д-ид учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх байдлаар хэн алиных нь зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах” зохицуулалтад нийцэж, “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангана.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...59,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгож...” шийдвэрлэснийг “...40,000,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Д-ид олгож...” гэж,

8 дахь заалтыг “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц AWS********* арлын дугаартай “Toyota Crown” загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, хохирогч Б.Г-д олгож” хэмээн тус тус өөрчлөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 84 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1585 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...59,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгож...” гэснийг “...40,000,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Д-ид олгож...” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц AWS********* арлын дугаартай “Тоёота Кроун” маркийн **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг цуцалж, прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг даалгасугай.” гэснийг “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц AWS********* арлын дугаартай “Toyota Crown” загварын **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, хохирогч Б.Г-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон нийт 84 (наян дөрөв) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ