| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2402 00533 0122 |
| Дугаар | 2025/ДШМ/1036 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 20.8.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1036
2025 09 02 2025/ДШМ/1036
Э.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар шүүгч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4614 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр прокурорын эсэргүүцлээр Э.Ж-д холбогдох 2402 00533 0122 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Э-ы Ж-, ............., /РД: ............./,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Э.Ж- нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны ******** тоот данснаас 290.000 төгрөгийг Б.М-т шилжүүлэх зорилгоор О.Ц-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансанд “m” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамины /methamphetamine/ агууламжтай, мөс гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,4007 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, гар утсаар уг сэтгэцэд нөлөөт бодисын байршлыг Б.М-ээс авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд байрлах Никитон клубын хашааны гадна цэнхэр өнгийн дугуйн зогсоол гэх төмөр зүйлийн доод талын булангийн нүхэнд хадгалсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Э.Ж-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын санал, тайлбар зэргийг харгалзан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. ... Хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан Г-0215 дугаартай тэмдэглэл /1 хх 12/-д “...нууц эх сурвалжаас...” гэх баримт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно...” гэж заажээ. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166.1.5 дахь заалтад “...гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа...” бол эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасан байсан. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, гаргах үндэслэлийг шинэчлэн найруулжээ. Гэтэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байсан “гүйцэтгэх ажиллагаа” гэх мөрдөх ажиллагааг халж 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар мөрдөн шалгах нууц ажиллагаа гэх нэр томьёогоор бүхэлд нь шинэчлэн найруулсан бөгөөд аливаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл нь гагцхүү хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт мэдээллээр хэрэг бүртгэлт үүсгэхээр хуульд шинэчлэн найруулжээ. Тодруулбал, аливаа иргэнд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах нь зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явагдах журамтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.10 дахь заалтад “мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг" хэлнэ тодорхойлжээ. Гэтэл зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд олсон баримт мэдээллийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор бусдын орон байранд үндэслэлгүйгээр нэгжлэг хийж, улмаар илрүүлсэн үр дүнгээ нотлох баримтыг устгах, зөөвөрлөх, нуух үрэгдүүлэх гэж байсан мэтээр танилцуулдаг хууль бус арга хэлбэр мөрдөн шалгах ажиллагаанд төдийгүй тус хууль бус мөрдөх ажиллагааны үр дүнгээр илрүүлсэн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргадаг хуучин практик шүүн таслах ажиллагаанд ч амь бөхтэй оршсоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26 дахь заалтад “...хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг...” ойлгоно гэжээ. Хойшлуулшгүй ажиллагааг хаана, хэзээ, хэнд явуулж байгаагаасаа хамаарч нарийвчлан тодорхойлох шаардлага үүсэх юм. Тухайлбал хаана гэдгээс шалтгаалж олон нийтийн гудамж талбайд, орон байранд, тээврийн хэрэгсэлд, шалган нэвтрүүлэх хилийн боомт дээр, ажлын байранд гэх мэт. Харин хэзээ гэдгээс нь хамаарч бусдын нүдэн дээр ил гэмт хэрэг үйлдэгдэж байхад, бусдын эзэмшлийн орон байр, хашаанд хэн нэгэн хашхирах, тусламж гуйх зэргээр орилж байхад, тээврийн хэрэгслийн цонхоор гэмт хэрэгт илт сэрдэгдэж болохуйц нотлох баримт ил харагдах, цухуйх, аливаа толбо үлдсэн зэргээр шууд хардах илт үндэслэл байгаа болон гэмт хэрэг үйлдэж буй тухайн цаг дор эсхүл гэмт хэргийн ул мөрөө баллаж байгаа тухайн цаг мөчид гэх зэрэг тодорхой тохиолуудыг хамааруулж ойлгож болно. Харин эдгээр мөрдөн шалгах ажиллагаа нь хууль тогтоомжоор халдашгүй дархан эрхтэй субъект /УИХ-ын гишүүн, шүүгч, дипломат албан хаагч/ байхаас хамаарч хаана, хэзээ гэдэг нь өөрөөр тодорхойлогдож болно. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай тогтоолд “...Эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийн хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэхийг прокурор зөвшөөрөл олгохдоо хянан үзэх үүрэгтэй..., ...Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, өөрчлөгдөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит эрсдэл байсан эсэх, хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө...” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “...халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тогтоожээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ. Иймд нууц эх сурвалжийг үндэслэн хэрэг бүртгэлт нээсэн тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх нь зүйтэй бөгөөд эс бөгөөс шүүхэд нөлөөлөх оролдлого гэж дүгнэхэд хүргэх юм. Түүнчлэн яллагдагчийг мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үйлдэлд буруутгаж яллагдагчаар татсан бөгөөд энэхүү үйлдэл нь бусдаас худалдаж авсан тухай баримтыг хэрэгт хавсаргажээ. Гэтэл мансууруулах бодис худалдсан гэх иргэнд холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлахдаа Э.Ж-г оргон зайлсан гэх үндэслэлээр хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй гэж улсын яллагчаас тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, мансууруулах бодис худалдсан гэх үйлдэл нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд худалдан авсан үйлдлийг гэм буруутай гэж шийдвэрлэх логикийн хувьд зөрчилтэй дүгнэлтэд хүрэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл өгсөн, авсан хоёр үйлдэл нь харилцан эсрэг ашиг сонирхолтой бөгөөд эдгээр үйлдлүүдэд хоёр тусдаа шүүн таслах ажиллагаа явуулж тус тусад гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх заалт, 33.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэн, яллагдагч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичив. Үүнд:
1. Хэргийг буруу тусгаарласан гэж шүүхээс үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Яллагдагч Д.М-т холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагч Э.Ж- нь түүнээс хууль бусаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тусад нь хэрэг бүртгэлтийн 240200533 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар прокуророос 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг тусгаарласан прокурорын шийдвэр гараагүй байхад хэргийг буруу тусгаарласан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сэдэлт, санаа, зорилго, гэмт хэргийн объектив талын шинжээрээ бүрэн ялгагддаг бөгөөд бусдад худалдсан этгээдийн холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, онцлог, хууль бусаар олж авсан этгээдийн оргон зайлсан нөхцөл байдал зэргээс тус тусад гэмт хэргийн шинжийг тодорхойлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Харин гэмт хэргийн субъектын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийж гэм буруутай эсэхийг тогтооход ямар саад учруулж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой, ойлгомжтой, прокурорын гаргасан тайлбарыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна гэж үзлээ.
2. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаахдаа гэмт хэргийн талаарх мэдээллийн эх сурвалж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх талаар дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар бүлэгт мөрдөн шалгах бусад ажиллагааны төрлийг хуульчилсан байна. Дээрх ажиллагааны үр дүнг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд тусгаж нотлох баримтаар бэхжүүлдэг. Бусад байдлаар нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийг Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэж үздэг. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх эхсэгт “Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна” гэж тус тус заасан байна. Дээрх хууль тогтоомжийг үндэслэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хууль сахиулах байгууллагын зүгээс явуулж буй ажиллагаа нь өөр бие даасан хуулиар зохицуулагддаг бөгөөд гэмт хэргийг илрүүлэх нь хууль сахиулах байгууллагын үүрэг боловч арга хэрэгсэл, эх сурвалж нь нууц байхаар хуульчлагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно...” гэж заажээ. Шүүх дээрх хуулийн заалтыг захирамждаа иш татаж дурдсан атлаа гүйцэтгэх ажлын баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэх талаар даалгасан нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх, хууль ёсны байх анхан шатны шаардлага хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно” гэж, 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж тус тус иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаж болохоор хуульчилсан байна. Гэмт хэргийн талаарх мэдээллийг гаргасан албан тушаалтан бүрийг эх сурвалжаа нотол, холбогдох баримтыг хавсаргаж өгөх талаар хуульд зааснаас илүү шаардлага тавих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Дээрх үндэслэлээр хэргийг буруу тусгаарласан, хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4614 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “нууц эх сурвалжаас” гэж бичсэнтэй холбогдуулан хэргийг буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг амаар, бичгээр, цахим хэрэгсэл ашиглаж, өөрийн хувийн мэдээллийг нууцалж мэдээлэх боломжтой. Энэ мэдээллийн дагуу мөрдөн шалгах байгууллага, эрх бүхий албан тушаалтан шалгах үүрэгтэй. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Д.М-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Э.Ж- нь сэтгэцэд нөлөөт бодсыг хууль бусаар олж авсан үйл баримт тогтоогдсон учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Анхан шатны шүүх “... Нууц мөрдөн шалгах ажиллагаагаар Э.Ж-гийн үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хэргийг буруу тусгаарласан гэж үзсэн. Д.М-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад түүнээс худалдаж авсан, худалдсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь гинжин холбоотой, нэгээс нөгөөд дамжуулдаг, худалдаж байгаа хүн, худалдан авч байгаа этгээдийг мэдэхгүй, өөр хоорондоо нууц, далд аргаар үйлдэгддэг учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад худалдсан, худалдан авсан этгээдэд холбогдох хэргийг нэгтгэн шалгах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ хэргийг тусгаарлаагүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ж- нь оргон зайлсан учраас Д.М-т холбогдох хэрэгт нэгтгэн шалгах боломжгүй байсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Э.Ж-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамины /methamphetamine/ агууламжтай, мөс гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,4007 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах зорилгоор 290.000 төгрөгийг Б.М-т бусдын дансаар шилжүүлж, уг бодисын байршлыг Б.М-ээс авч, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ж-г уг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.М-ээс худалдан авсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж прокурор үзсэн атлаа Б.М-т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болон явуулсан эсэх нь тодорхойгүй, цаашлаад Э.Ж-д холбогдох хэргээс Б.М-т холбогдох хэргийг тусгаарласан эсхүл Б.М-т холбогдох хэргээс Э.Ж-д холбогдох хэргийг тусгаарласан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Нөгөөтээгүүр, мөрдөн шалгах ажиллагаа бүрийг хуульд нийцүүлэн явуулах нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах ач холбогдолтой.
Иймд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн тул Э.Ж-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4614 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР