Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 821

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 08 дугаар  сарын 5/4914 дүгээр албан бичгүүдийн “Д” ХХК-д холбогдох хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 9 дүгээр багц буюу “Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Г.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ат, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С*******, Ш.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Г.Е, түүний өмгөөлөгч Б.Ат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь Уул уурхайн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан УУЯ-2016/2 дугаар “1:50000 машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000 машстабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад зохих баримт бичгийг бүрдүүлэн оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ялагч болсон. 

Улмаар гүйцэтгэгч “Д” ХХК нь захиалагч Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т “гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 5 хоногт багтаан эхлүүлнэ” гэж заасны дагуу ажлаа 7 дугаар сарын 13-ны дотор эхлүүлсэн. 

Ийнхүү гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийг 8 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичиг нь тус яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2016-2/9 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6 гэрээ цуцлах тухай заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийн талаарх заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Түүнчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгээр “Уул уурхайн яамнаас холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл, журмыг илт зөрчлөө. 

Учир нь Сангийн яамнаас холбогдох баримт, материалыг ирүүлээгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэсэнтэй нийцэхгүй байна. Хуулийн дээрх заалтад “энэ хуулийг зөрчсөн” бол захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхаар заажээ. Харин холбогдох баримт, материалыг ирүүлээгүй гэсэн үндэслэл хуульд тусгагдаагүй. Мөн хуулийн 54-56 дугаар зүйлээр тендер шалгаруулалттай холбогдох маргааныг ямар байгууллага шийдвэрлэхийг хуульчилсан байдаг. 

“Д” ХХК нь Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, ажил эхэлсэн байхад Сангийн яам нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш гаргасан гомдлыг хүлээн авч, тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэснийг зөрчсөн. 

Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдээрээ “Д” ХХК-ийн Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин тендер шалгаруулалт явуулахыг Уул уурхайн яамнаас шаардсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн.  

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх албан бичгүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчин, тендерт шударгаар шалгарсан нэхэмжлэгч “Д” ХХК нь гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж байна.  

Дээрх захиргааны хууль бус актуудын улмаас “Д” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, эдийн засгийн болоод нэр хүнд, сэтгэл санааны хохирол үүсээд байна. Тухайлбал, Гэрээний ерөнхий нөхцөлийн 2.1 заасан гэрээ хүчин төгөлдөр болох заалт, 2.2 заасан үйлчилгээг эхлэх заалт, 2.6 заасан гэрээ цуцлах заалт, 7.1 заасан шударга байдлын заалтуудыг тус тус зөрчиж гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэх эрхийг зөрчиж байна. Түүнчлэн гэрээ байгуулагдаад ажлаа хийж байхад гэнэт гарсан энэ шийдвэрүүд нь гэрээний эрхээ эдлэж, үүргээ биелүүлэх нөхцөлгүй болгож тус компанийн ажилчдын ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Уул уурхайн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1255 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай “Үнэлгээний хорооны дүгнэлт” гарсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 зүйлд заасны дагуу шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хасбанкаар 29 672 918 /хорин есөн сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арван найман төгрөг/ гаргуулсан. Эдийн засгийн хямрал, уналттай үед ийм хэмжээний мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа нь аж ахуйн үйл ажиллагааг хязгаарладаг. 

Гэрээний дагуу нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны анги Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс сумдын нутагт ажилласан. Энэ хугацаанд манай компаниас ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл,албан томилолт, хоол хүнс, хангамжийн материал, машин техник, орон гэр, топо суурь бэлтгэх, агаарын фото зураг Геологи мэдээллийн төвөөс авах, сансрын зураг авах, агаар сансрын зургийн тайлалт хийх, хээрийн ажлын бэлтгэл, зэрэг зардал гаргаж 120.899.241 төгрөгийн геологийн судалгааны ажил хийсэн.

Манай компанийн Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2016/2 тоот гэрээ нь  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх заалтад нийцээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Ийм байхад уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь улс орондоо татвар төлөгч, төсвийг бүрдүүлэгч манай компанийн төрд итгэх итгэлийг үгүй хийж, цаашид Төрийн захиргааны ямар нэг байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлтэй гэдгийг мэдрүүлэн сэтгэл санааны болон нэр хүндийн хохирол учруулж байгаа нь зүйд нийцэхгүй байна.  

Иймээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 08 дугаар сарын 5/4914 дүгээр албан бичгүүдийн “Д” ХХК-д холбогдох хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 9 дүгээр багц буюу “Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэдэг болно. 

Уул уурхайн яамнаас зарласан “1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000 масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Г*******” ХХК, “Г” ТӨҮГ, “Г*******” ХХК, “Н*******” ХХК, “Г*******” ХХК, “Ж*******” ХХК, “Л*******” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн  хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот “Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай” албан бичгээр Уул, уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан ба хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн байна. 

Уул уурхайн яам нь тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлээгүй нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгосон байна.

 Тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байдаг. Улмаар гомдол хянан шийдвэрлэх хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдлаар хангаагүй тул хүчингүй болгосон байхад хууль зөрчин гэрээ байгуулсан нь хууль зүйн хүчин төгөлдөр бус гэрээ гэж Уул, уурхайн яаманд 2016 оны 8 дугаар сарын 03-ны 5/4914 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Иймд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 03-ны 5/4914 тоот албан бичгийн шаардлагыг хүчингүй болгуулах нь зөвхөн нэг хуулийн этгээдийн тухай эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй бусад хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, Х.С******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уул уурхайн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 10, улсын геологийн 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөөг баталжээ. 

Шинээр 2016 оноос хэрэгжүүлэх 12 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4  дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 12 төслийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгаруулж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Захиалагчид гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Захиалагч төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ байгуулах мэдэгдэл, тендер шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллагад шалгараагүй үндэслэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүргүүлжээ. 

Уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Г” ТӨҮГ, “Геосан” ХХК, “Г*******” ХХК, “Ж*******” ХХК, “Л*******” ХХК, “Н*******” ХХК, “Г******* “ ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг Захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагад тендерийн хуульд заасны дагуу гомдол гаргахдаа нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд гомдлын хариуг захиалагч талаас хянан үзээд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/1297 тоотоор мэдэгджээ. 

Дээрх аж ахуйн нэгж, байгууллага нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байна. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоотоор захиалагчид ирүүлжээ. 

Сангийн яамны дээрх 5/4565 тоот албан бичиг Уул уурхайн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн даргад Д.*******т танилцуулагдсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.******* “Гэрээ байгуулагдсан тул хуулийн дагуу дараагийн шатанд хандах нь зүйтэй” гэсэн хариуг Сангийн яаманд уламжлах үүргийг холбогдох албан хаагчид өгсөн. 

Энэ хугацаанд буюу 7 дугаар сарын 08-ны өдөр Захиалагч, гүйцэтгэгч тал тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уул уурхайн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 тоот албан бичгээр гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлсэн. 

Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгээр геологийн судалгааны ажлын тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг захиалагч байгууллага заасан хугацаанд ирүүлээгүй нь шийдвэр гаргах боломжгүй нөхцөлийг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж, захиалагч болон гомдол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.*******т танилцуулсан байна. Тус албан бичигт “Манай яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргах этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргах нь зүйтэй” гэсэн хариултыг өгөхөөр төлөвлөн албан бичгийн төсөл боловсруулан хүргүүлэх үед Засгийн газрын бүтэц өөрчлөгдөн Уул, уурхайн яамны тамга, тэмдэг хураагдан хариу өгөх боломжгүй болсон. 

Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 03-н өдрийн 5/4914 тоот албан бичгээр Уул уурхайн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 албан тоотоор хүргүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж үндэслэлгүй болохыг мэдэгдэж буцаасан. “Г*******” ХХК-иас Уул уурхайн яамнаас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний үр дүнтэй холбоотой оролцогч компаниудаас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Маргаан үүсгэх тухай” албан бичигт тус компани нь албан ёсоор оролцож гарын үсэг, тамга тэмдэгээ дарж баталгаажуулаагүй болохоо мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 тоотоор тайлбар ирүүлсэн байна. 

Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 , 8 дугаар сарын 09-ны өдрийн 5/5048 тоотоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичиг, шийдвэрийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, энэ тухай мэдэгдлийг тендерт шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр, Сангийн яаманд мөн өдрийн 4/64 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

“Д” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ат шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгүүдийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон болно. 

1. Уул уурхайн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, төсөв батлах тухай” А/38 дугаар тушаалаар Уул уурхайн сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын төсөв, хийгдэх ажлын төлөвлөгөөг баталсныг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулжээ. 

Үнэлгээний хорооны шийдвэрээр “Улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 10 төсөл, “Монгол орны “К”  хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрэл зургуудыг нэгтгэх ажил”-ын 1 төсөл, “УУЯ-2016/2”, “Агаарын геофизикийн 5-н сувгийн судалгааны ажил”-ын 1 төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын Багц-9-д “Д” ХХК-ийн ирүүлсэн тендер “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарсан тул захиалагч Уул уурхайн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1255 дугаар албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ. 

Тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Г” ТӨҮГ, “Геосан” ХХК, “Г*******” ХХК, “Жинст-Уул” ХХК, “Л*******” ХХК, “Н*******” ХХК, “Г*******” ХХК-иуд захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргажээ. 

Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр “... компаниудаас гомдол гаргасан, шаардлагатай баримт материалыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлээгүй, гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны 5/4914 дүгээр албан бичгээр “гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй” гэсэн шийдвэрийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ. 

Дээрх 5/4708, 5/4914 дүгээр албан бичгүүдийн дагуу Захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгээр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/9 гэрээ” нь хүчин төгөлдөр бус, тендер бүхэлдээ хүчингүй болсон тухай “Д” ХХК-д мэдэгдсэн байна.

2. Сангийн яам нь Уул уурхайн яамыг тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг ирүүлээгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгосон гэх хариуцагчийн тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйл “Өргөдөл гомдолд тавих шаардлага”, 1. “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно”, 2. ”Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана”, 14 дүгээр зүйл “Өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах”, 2. ”Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заажээ.

Дээрх нэр бүхий 7 компаниас Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон захиалагч байгууллагад гаргасан гомдол  нь дээрх хуульд заасан гомдолд тавигдах шаардлагыг хангаагүй, өргөдлийн бүрдэл дутуу, холбогдох баримтуудыг хавсаргаагүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2, 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус зөрчсөн байхад гомдлыг хүлээн авч хянан үзсэн нь хууль бус болжээ. 

Мөн “Г*******” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 тоотоор  “...тендерийн Үнэлгээний үр дүнтэй холбоотой нэр бүхий компаниудаас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан албан бичигт тус компани нь албан ёсоор оролцож гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй болохоо мэдэгдэж” тайлбар ирүүлсэн байдаг. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх”, 521 дүгээр зүйлийн 521.2.3-т “энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах”, 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх болон гэрээг цуцлах эрхийг Сангийн яаманд олгосон байх бөгөөд Сангийн яам нь гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч хянан хэлэлцээд, захиалагч хууль зөрчсөн нь баттай тогтоогдсон тохиолдолд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой байжээ.

Гэтэл Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч захиалагч болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэхийг хянан шалгаж, тогтоогоогүй байж дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгч  “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

Иймд Сангийн яам нь хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн захиалагч буюу Уул уурхайн яамны хууль зөрчсөн эсэхийг тогтоолгүйгээр тендерийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар  тогтоогдож байх тул Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар , 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр  албан бичгүүдийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр  “Гүйцэтгэгч сонгох ажиллагаа”-г түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэхийг мэдэгдсэн байхад Уул уурхайн яам гэрээ байгуулсан нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчсөн гэх, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч манайх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгийг 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад  хүлээн авсан бөгөөд үүнээс өмнө захиалагч болон “Д” ХХК-ийн хооронд “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/9 дугаар гэрээ ” байгуулагдсан байсан гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон захиалагч байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоогүй байдлаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж болохгүй.

Иймээс Захиалагч болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хуульд заасан эрхээ хэтрүүлсэн Сангийн яамны албан бичгийн дагуу 20016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгээр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-г хүчин төгөлдөр бус, тендер бүхэлдээ хүчингүй болсон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар  албан бичгийн 9 дүгээр багц буюу “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийвэрлэх нь зүйтэй байна. 

Маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1-д тус тус заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 -т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1 хэсэгт заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдийн “Дипирамд” ХХК-д холбогдох хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 9 дүгээр багц буюу “Дипирамд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Сангийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дипирамд” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ЦЭЦЭГМАА