Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0380

 
     

З.О-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.О-ны нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалтын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэрээр:

   1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-с Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”, “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж,

   2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу З.О-ны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай” гэх өөрчлөлтийг маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад нэмэх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэг. З.О-ны нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар

Миний үйлчлүүлэгч З.О нь Төрийн тусгай хамгаалалтын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэмээн үзэж цэргийн алба хаасны тэтгэвэр буюу цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус байгууллага удирдлагад гаргажээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарах өргөдлийг шийдвэрлэж 2017 оны 12 дугаар сарын 22-ын өдрийн Б/432 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3, 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлснээр, тэтгэвэр гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор тогтоосон нь дор дурдсан байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч З.О нь “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “Цэргийн байгууллагад 12 жил 4 cap 12 хоног” гэх, “цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэх хэсэг, тушаалын 2 дахь заалт тус тус хууль зөрчсөн тул хүчингүй болгож, хуульд нийцүүлэн өөрчлөлтийг тус тус оруулахыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Хариуцагч нь гаргасан тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох асуудал нь хуулиар нийгмийн даатгалын байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус байгууллагад ажилласан жил цалин хөлсийг үнэн зөв тодорхойлж өгсөн болно” гэж маргасан нь “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын Б/432 дугаар тушаалын 1 дэх заалттай агуулгын хувьд зөрчилдөж байсан.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтаараа “Цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног алба хаасан”, “...цэргийн алба хаасны хувьд тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж заасан нь З.О-д цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон үр дагаврыг үүсгэсэн. Тодруулбал, Б/432 дугаар тушаалын 1-д “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэж буюу ямар төрлийн тэтгэвэр тогтоож байгаагаа тодорхой заасан нь түүний авах тэтгэвэр, тэтгэмжийг хуульд зааснаас бага хэмжээгээр тооцох хууль зүйн үр дагаварт хүргэсэн.

Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс З.О-ны эрхийг хангаж, түүний тэтгэврийг хуульд нийцүүлэн цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэвэр тогтоосон боловч ажил олгогчийн тэтгэвэр тогтоосон эрхийн актад зааснаас өөрөөр тогтоосон нь ирээдүйдээ З.О-ны цэргийн бүрэн тэтгэвэр авах эрхийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай захиргааны акт болсон.

Энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч З.О-ны цэргийн албан хаасны тэтгэврийн хэмжээг багасгах, нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнд буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр авах эрхийг хөндөж байгаа.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан... тагнуул... буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан.

Хариуцагч нарын тайлбараар Төрийн тусгай хамгаалалтын газар нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газартай Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг хариуцах талаар байгуулсан гэрээ байхгүй болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон.

Иймд З.О-ны тэтгэврийг тогтоох эрх бүхий этгээд Төрийн тусгай хамгаалалтын газар бөгөөд тус байгууллага хуульд нийцүүлэн уг ажилтанд цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь иргэний байгууллагад 16 жил гаруй, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сараар хорогдуулан цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор зохицуулсан ба З.О-ны иргэний байгууллагад ажилласан 16 жил нь цэргийн байгууллагад ажилласан 8 жилээр тооцогдоно. Энэ үндэслэлээр түүний цэргийн байгууллагад ажилласан нийт хугацаа 20 жил 4 сар 12 хоног болох бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэж зааснаар тэрээр цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна.

Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалаар тэтгэвэр гарахад нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлснээр тогтоосон байхад анхан шатны шүүх “...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын маргаан бүхий тушаалын 1 дэх заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хариуцагч нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалын 2 дахь заалтын үндэслэлээ тайлбарлахдаа “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал” гэх үндэслэлээр түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн гэдэг бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй, үндэслэлгүй тайлбар гэж үзэхээр байна.

З.О нь Тагнуулын төв байгууллагын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд офицер цолтой.

Энэхүү албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан хаагч бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ алба хаагч байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд тус тус ялгамжтай зохицуулсан бөгөөд эдгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу З.О нь төрийн жинхэнэ албанаас халагдсан гэх баримт хэрэгт байхгүй байна. Харин З.О нь өөрийн хүсэлтээр буюу цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа.

Маргаан бүхий захиргааны актад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг бөгөөд хуулийн эдгээр хэсэг, заалтад байгаа “...”цэргийн алба хаах нас хэтэрч” “халагдсан” гэх агуулгыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэхээр байна. Түүнчлэн З.О нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд тэрээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байна.

Анхан шатны шүүх “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагыг буруугаар тайлбарлаж маргаан бүхий захиргааны актад “...З.О-ны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай гэсэн хэсэг нэмэх байдлаар уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй байна...” хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж, төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс орж, гаргах шийдвэрийг нь зааж өгсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх энэ дүгнэлтийг хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэжээ.

Гурав. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт.

Энэхүү гомдол дурдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШЗ2018/0273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3, 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн “Цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног албан хаасан Санхүүгийн албаны нягтлан бодогч, хошууч З.О-г 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлж, З.О-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэсэн Б/432 дугаар тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ.

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч З.О болон түүний өмгөөлөгч нь “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, мөн 4-д зааснаар иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцоход миний иргэний байгууллагад ажилласан 16 жил нь цэргийн байгууллагад 8 жил болж, цэргийн байгууллагад ажилласан жилийг нэмж тооцвол нийт 20 жил 4 сар 12 хоног цэргийн албан хаасанд тооцогдох ёстой. Гэтэл маргаан бүхий Б/432 дугаар тушаалаар тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор миний цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлснээр тогтоосон нь цаашид цэргийн алба хаасны тэтгэвэр авагч миний авах тэтгэврийн хэмжээг багасгаж, нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнд буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр авах эрхийг зөрчиж байна” гэх үндэслэлээр маргажээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног...” гэж, мөн 1 дэх заалтын “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах, уг тушаалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.Оюунд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” гэсэн байдлаар тодорхойлон гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.О-ны дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч З.О нь иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байна.

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж, 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэж заасан нь ажилтны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, цэргийн байгууллагад ажилласан жилтэй нэгтгэн тооцон 20 жил хүрсэн тохиолдолд нас харгалзахгүйгээр ажилласан жилээр тооцож хувь тэнцүүлэн тэтгэврээ тогтоолгох тухай эрхийн зохицуулалт юм.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч З.О нь иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан байгаагаас үзвэл түүнийг цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног ажилласан гэж тооцож, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаараас өмнө цэргийн албаны онцлогоос хамаарч иргэний болон цэргийн байгууллагад ажилласан жилийн хугацааг тооцон тэтгэвэр тогтоолгох эрх нээж өгсөн хуулийн ойлголт юм.

Тиймээс иргэний байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, цэргийн байгууллагад ажилласан жилтэй хамтатган тооцон уг ажилласан жилийн нийт хугацаа нь 20-оос доошгүй жил болсон эмэгтэй ажилтны хувьд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсэх тул нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн байдлаар ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч 1 дэх заалтад цэргийн албанд бодитой ажилласан 12 жил 4 сар 12 хоногийн хугацааг зааж чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь иргэний байгууллагад ажилласан жилийг тооцож тэтгэвэр тогтоох асуудал нь нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг байна.

Нөгөөтэйгүүр, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “...цэргийн албан хаасны хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй, өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авахад нөлөөлөөгүй болох нь “...иргэн З.О-ны иргэний байгууллагад ажилласан 16 жилийг цэргийн байгууллагад ажилласан 8 жилээр тооцож, нийт 20 жил 5 сар 23 хоног болж байгаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2 дахь заалтыг хангасан байх тул тус хэлтсээс цэргийн бүрэн тэтгэвэр 1,309,582 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон байна” гэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 702 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.

2. “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 дугаарыг тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэжээ. Иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцсон цэргийн алба хаасан хугацааг бус цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил цэргийн алба хаагаад тэтгэвэрт гарсан тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмж юм.

Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэмж нь цэргийн албыг бодитой хаасных нь төлөө өгч байгаа нэг удаагийн тэтгэмж буюу тусламж байх бөгөөд энэ нь шууд улсын төсвөөс ажил олгогчид урьдчилан төсөвлөгдөж төсөвт зарцуулагдахаар олгодог. Харин хуулийн 6 дугаар зүйлд заасан тэтгэвэр, тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас олгодог бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс нийгмийн даатгалын санд төвлөрүүлдэг байна.

Иймээс нэг удаагийн тэтгэмж олгохдоо тэтгэвэр тогтоох хугацаанд тооцдог энгийн байгууллагад ажилласан жилийг 6 сар цэргийн алба хааснаар бодож нэмсэн хугацаагаар нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгох үндэслэлгүй.

Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэх заалт нь тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх, мөн цэргийн алба хааж байх хугацаандаа хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгох зэрэг тодорхой харилцааг зохицуулахад энэхүү ажилласан жилийг тооцох хуулийн зохицуулалттай.

Иймд нэхэмжлэгч З.О-ны 16 жил иргэний байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сараар болон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцоод нийт цэргийн байгууллагад 20 жил 4 сар 12 хоногт тооцсон хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хугацаанд хамаарахгүй тул түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

Дээрх байдлаар нэхэмжлэгч З.О-ны “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “... цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ...” гэх хэсгийг хүчингүй болгон “иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног ...” гэж, мөн 1 дэх заалтын “... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ...” гэх хэсгийг хүчингүй болгон “... цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах, уг тушаалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу З.О-ны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлтийг маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад нэмэх байдлаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг дурдсугай” гэж заасан нь буруу болжээ.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмыг заахдаа хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагаа хангаж шийдвэрлэсэн мэтээр заасан нь ойлгомжгүй төдийгүй шүүх шийдвэрлэсэн асуудлын хэмжээнээс хэтэрчээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-ны “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног...” гэж, мөн 1 дэх заалтын “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах, уг тушаалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР