Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 697

 

 

 

 

                                             

 

 

 

 

Д.Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Жаргал,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжавын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 276 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Жаргалын бичсэн 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар  эсэргүүцлээр эрүүгийн 201526021288 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Номч овогт Даваадоржийн Дэлгэрсайхан, 1982 оны 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 15-761 тоотод оршин суух,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба уг хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар өршөөсөн. /РД:ЦД82120118/,

 

Д.Дэлгэрсайхан нь 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим Д.Баяржаргалыг согтуугаар тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картыг уншуулахгүй, хэл амаар доромжиллоо гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, автобуснаас чирч буулгаж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хавирган тус газарт нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Дэлгэрсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Дэлгэрсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаажээ. Учир нь мөрдөн байцаагч “сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол”-д Д.Дэлгэрсайханд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан ял сонсгож /хх-ийн 222/, ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэлд “...урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллагдах болсныг зөвшөөрч байна уу” /хх-ийн 221/ гэсэн байна. Гэтэл прокуророос яллагдагч Д.Дэлгэрсайханыг үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгосноо өөрчлөх, эсхүл хүчингүй болгоогүй нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ байдлыг шүүхийн шатанд засах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй. Иймд Д.Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Дэлгэрсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заажээ.

Прокурор Б.Жаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад  Д.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж анх шалгасан боловч хэргийг шалгах явцад Д.Дэлгэрсайхан нь  “үл ялих зүйлээр шалтагласан танхайн сэдэлттэй,  бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Иймд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар “сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах”  тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн дээр дээрх 2 хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэмж сонсгож байгаа нь мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллагдах болсныг илэрхийлж байх бөгөөд яллагдагч болон түүний өмгөөлөгч нь  энэ талаар гомдол гаргаагүй байна. Харин яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй талаар маргадаг байхад шүүхээс мөрдөн байцаагч нь “сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол”-д өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох гэж бичээгүй буюу мөрдлөгө болгон хэрэглэж заншсан нэршлийн дагуу үйлдэгдсэн тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь мөрдөн байцаагч нь “Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол”-ын тогтоох хэсэгт “Яллагдагч Номч овогт Даваадоржийн Дэлгэрсайхан-д урьд сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан ялыг сонсгож одоо яллагдагч Д.Дэлгэрсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллагдах болсоныг яллагдагчид танилцуулахаар тогтов” гэсэн бөгөөд “Одоо” гэсний дараа ямар зүйл хэсгээр яллагдаж байгааг тодорхой илэрхийлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

                                                   ХЯНАВАЛ:

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 276 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Прокурор 2016 оны 7 дугаар сарын 21-ний тогтоолдоо “яллагдагч Д.Дэлгэрсайханд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан ялыг сонсгож, одоо 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах болсон” гэж тогтоосон байх бөгөөд урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн “96 дугаар зүйлийн 96.1” дэх хэсэгт зааснаар ял сонсгосноо өөрчилсөн хүчингүй болгосон эсэх нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Прокурорын яллах дүгнэлт хууль зүйн шаардлага хангасан, ойлгомжтой, тодорхой, үнэдэслэлтэй гарсан байх шаардлагатай бөгөөд “энэ заалт дээр энийг нэмж сонсгоод  өмнөх нь хасагдсан юм” байна гэх мэтчилэн таамаглан ойлгож, шүүх дүгнэн шийдвэрлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан эсэргүүцлээс үл хамааран хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд өмнө Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байсан бөгөөд уг тогтоолын “3” дахь хэсэгт “хохирогч Д.Баянжаргалын мэдүүлгээс гэрч З.Цацрал эрс зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд З.Цацрал сэжигтэн Д.Дэлгэрсайханыг урьд нь батлан даалтад авч байсан. Гэрч З.Цацрал нь Д.Дэлгэрсайханы жолоодож явсан  21-63 УНБ улсын дугаартай автобусанд сууж явсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэсэн заалт бүрэн биелэгдэж шалгагдаагүй байна.

Мөн шүүгдэгч Д.Дэлгэрсайханы жолоодож явсан “Хайлааст-Сүлжмэл” чиглэлийн 21-63 УНБ улсын дугаартай автобусанд суурилагдсан байх ёстой камерыг хэн авсан, уг камерын бичлэгийг устгасан эсэхийг тогтоох шаардлагатай.

Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд дурдагдсан дутуу ажиллагааг гүйцэд хийх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой тул прокурор Б.Жаргалын бичсэн 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 276 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Б.Жаргалын бичсэн 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ