Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1037

 

2025            09             02                                                                              2025/ДШМ/1037

 

К.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч К.Б-, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1410 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Б-, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар К.Б-т холбогдох 2506 00000 0119 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Ц- овгийн К-айн Б-, .............., /РД: ............./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 193 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар сольж, 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;                         

Шүүгдэгч К.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ****** тоот хашаанд Ц.Э-ыг “банхар” нохойн гөлөг үзүүлнэ гэж оруулаад, согтууруулах ундааны зүйл авч өгөхийг шаардаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавирга орчим нь өшиглөх зэргээр биед махбодид нь халдаж, түүний эсэргүүцлийг няцаан, өмсөж явсан куртик, зүүж явсан мөнгөн бөгж, гар утас, Хаан банкны виза карт, тортой хүнсний зүйл зэргийг нь авч, илээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: К.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч К.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч К.Б-ын тус шүүхийн тамгын газрын барьцаа хохирлын дансанд байршуулсан 224.248 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Э-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ын цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч К.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүрэгт эхнэр, хүүхэд, хүргэн бэр, зээ нарын хамт ам бүл 9-үүлээ амьдардаг. Энэхүү холбогдсон хэрэгтээ гэм буруугаа хүлээж, маш их харамсаж, гэмшиж байна. Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. Өдий насандаа ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хойшид гэр бүлийнхээ төлөө архи согтууруулах ундааны зүйлээс татгалзаж, эрүүлээр амьдрах чин хүсэлтэй байна. Би хохирогч талд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Энэхүү хүсэлт гомдлыг минь хүлээн авч, гэм буруутайд маргаагүйг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгч К.Б-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Б-т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд: шүүгдэгч К.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч К.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний үйлчлүүлэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийг маш сайн ухамсарласан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч К.Б- нь хувийн байдлын хувьд 47 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж, ар гэрээ авч явдаг байсан. Тэрээр даруу төлөв зан ааштай, хүнд тусархуу хүн. Хэдийгээр хохирогч нь шүүх хуралд хүрэлцэн ирдэггүй, түүнтэй холбоо тогтоож чадаагүй ч гэсэн шүүгдэгчийн ар гэрийнхний зүгээс хохирогчийг олж уулзах талаар бүхий л арга хэмжээг авсан боловч хохирогчтой холбоо тогтоож чадаагүй тул шүүхийн барьцаа байршуулах дансанд хохирлын мөнгийг байршуулж хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Мөн миний үйлчлүүлэгчийн дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлын хэмжээнээс доогуур хохирол учирсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч К.Б-ыг гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хуулийн заалтыг шүүхээс заавал биелүүлэхээр үүрэг болгосон шинжтэй зохицуулалт биш боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрмийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ 224.248 төгрөгийн хохирол учруулсан атлаа 2 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын хуралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч гэх саналыг хэрхэн үгүйсгэсэн, ямар шалтгаанаар уг хуулийн заалтыг хэрэглээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ....эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан. Иймд миний үйлчлүүлэгч К.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ бага зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан “... ялын дээд хэмжээний 2-ны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний 2-ны багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч К.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээний хамгийн доогуур буюу 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч К.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ****** тоот хашаанд Ц.Э-ыг “банхар нохойн гөлөг үзүүлнэ” гэж оруулаад, согтууруулах ундааны зүйл авч өгөхийг шаардаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавирга орчим нь өшиглөх зэргээр биед махбодид нь халдаж, түүний эсэргүүцлийг няцаан, өмсөж явсан куртик, зүүж явсан мөнгөн бөгж, гар утас, Хаан банкны виза карт, тортой хүнсний зүйл зэргийг нь авч, илээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Э-ын “... Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... гэртээ харихаар Дарь-Эх захын эсрэг талын авто угаалгын гудамжаар явж байтал зүс таних залуу тус гудамжаар ороход зогсож байсан. Тэгээд над дээр ирээд “тамхи байна уу хө, нэг тамхилаач” гэхээр нь би зүс таних залууд өөрийн тамхинаас гаргаж өгчихөөд явах гэтэл миний араас зүс таних залуу надад хандан “чи Монгол банхарын гөлөг авах уу” гээд асуухаар нь ... би “тэгье” гээд хамт авто угаалгын гудмаар өгсөөд нэг их хол явалгүй нэг айлын хашаа байшин руу яваад орсон. Би араас нь дагаад ороход нэг хөгшин өвгөн ах сууж байсан. Тэгээд тус байшинд юуны гэдэг нь тодорхойгүй 2-3 ширхэг нохойн гөлөг байсан. Тэгээд би тус нохойн гөлөгнүүдийг харж байхад намайг байшинд дагуулж орсон зүс таних залуу надад хандан “дүү хүү ганц юмны мөнгө байна уу” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэхэд миний нүүр хэсэгт баруун гараа атгаад шууд цохиод авсан. Тэгээд бас хавирга хэсэгт өшиглөсөн. Би нүүрээ дараад тонгойгоод сууж байхад намайг цохисон үл таних залуу миний куртикийг мулт татаад тайлаад авсан. Тэгээд миний куртикний халаасыг ухаад халаасанд байсан Хаан банкны виза картыг гаргаж ирээд “картынхаа нууц үгийг хэл” гэхээр нь би картынхаа нууц үгийг худлаа хэлэхэд зүс таних залуу миний зүүн гарын ядам хуруунд байсан мөнгөн бөгжийг мулт татаад гараас авсан. Тэгээд миний Дарь-Эх захаас худалдаж авсан байсан цэнхэр тортой хүнсийг маань аваад гараад явсан. ...” /хх 13-14/,

гэрч Д. А-гийн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ****** тоот гэртээ байж байхад гаднаас үл таних залуучууд орж ирээд манай гэрийн үүдний буйдан дээр хоорондоо юм ярьж сууж байгаад нэг залуугаа цохиод хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг залуугийнхаа барьж явсан тортой зүйлийг нь булаагаад авсан. Би тэр хүмүүсийг “битгий манайд маргалдаад бай, гарцгаа, яв” гэж гэрээсээ хөөж гаргасан. ...” /хх 29-30/,

гэрч Б.Э-ын “... 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед Б- нь хоёроос гурван хүний хамт орж ирсэн. Тухайн үед Б- нь архи уучихсан бололтой архи үнэртсэн. Б- ууттай мах барьчихсан “эгч ээ, мах авах уу” гэж надаас асуусан. Би “мах авахгүй” гэж хэлэхэд Б- “ядаж махаа жин дээр тавьж байгаад жинлүүлчихье” гэж хэлэхээр нь Б-ын барьж байсан махыг жин дээр тавихад 5 кг болж байсан. Тэгээд Б- нь нөгөө хүмүүстэйгээ хамт гараад явсан...” /хх 33-34/,

гэрч Б.Н-гийн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дарь Эх захын махны лангуун дээр худалдаа хийж байсан. Өдөр 13 цаг өнгөрч байхад хар куртиктэй, саравчтай малгайтай 30 орчим насны намхан үл таних эрэгтэй хүн манайхаас адууны мах, хонины мах, зэргийг худалдан авсан. Тус махны тооцоо нь 50.000 гаруй төгрөг болж байсан. Яг хэдэн грамм, хэдэн төгрөг болсныг санахгүй байна. Би тухайн хүнд тус махыг 2 тусдаа уутанд хийж өгөөд явуулсан. Бид хоёрын мах зарсан, авсан бичлэг манай захын хяналтын камерт бичигдсэн байгаа байх. ...” /хх 36-37/,

гэрч Л.Б-ын “... Би 2025 оны оны 01 дүгээр сарын эхээр Дарь Эх захын урд талын урд талын Багваахай дэлгүүрийн гадна Б- над руу хандан “шартаад байна” гэсэн. Тухайн үед гартаа тортой мах барьсан ба “дэлгүүр ороод жинлүүлээд 5 кг байна лээ чи ганц шил архиар авчих” гээд байхаар нь Б-ыг таньдаг болохоор нь юу ч бодоогүй өөртөө байсан 25,000 төгрөгийг бэлнээр өгөөд махыг нь аваад гэртээ харьсан. ...” /хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “... бичгийн цаасан дээр наасан зурагнуудыг хохирогч Ц.Э-т харуулахад 4 дугаартай К.Б-ын зургийг заасан ба “Энэ хүн миний нүүр лүү баруун гараа атгаж байгаад цохиж, миний гар утас болон савхин бээлий, куртик, банкны виза карт зэргийг булаан авсан эрэгтэй яг мөн байна. Би царайг нь сайн санаж байна. ...” гэснийг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 16-18/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Дарь эх захын дотор талд ...мах худалдаж авч байгаа нь харагдана... гоймон худалдаж авч байгаа нь харагдана... үзлэгийг цааш үргэлжлүүлэн 3 дахь бичлэгийг эхлүүлэхэд 5 секундийн урттай байх бөгөөд хар өнгийн куртик, цагаан пүүзтэй эрэгтэй хүн цэнхэр ууттай зүйл барьсан байдалтай, хүнтэй уулзаж байгаа нь харагдах ба бичлэг хийж байгаа хүн нь “үгүй үгүй, үхрийн мах авахгүй” гэж хэлж байгаагаар бичлэг дуусаж байна. ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 38-41/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас /хх 7/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42-44/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /хх 24-27, 87-90/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч К.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч К.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 224.248 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч К.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч К.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1410 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч К.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Шүүгдэгч К.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б- нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР