Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 149/шш2026/00254

 

2026 03 03 149/ШШ2026/00254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:Хаан банкны Зүүнхараа салбарын хүсэлттэй

Хариуцагч *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Иргэн Боржигон овогт Шинжээгийн ******* /*******/, Алаг адуут овогт Алтангэрэлийн ******* /*******/ нар нь ХААН Банкны Зүүнхараа. салбарын Түнхэл тооцооны төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 6,500,000 /Зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийн нөхцөлөөр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Адуу 31 толгой, Үхэр 24 толгой, Төл мал 12 толгой зэргийг барьцаалуулан уг зээлийг авсан юм. Энэ өдрийн байдлаар зээл, хүүгийн нийлбэр дүн 8014712 төгрөг байгаа. Зээлээ хугацаа хэтрүүлээд 248 хоног болсон, 2025 оны 05 дүгээр сарын 10-с хойш зээлдэгчтэй холбоо барьж чадахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Өөрийн хаяг нь Сэлэнгэ, Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл Хонхор хэсэгт хаягтай боловч тус хаягаар удаа дараа очсон боловч байгаагүй, хажуу айлаас сураглахад малаа зараад явсан, хаашаа явсныг мэдэхгүй гэдэг тайлбар өгдөг. Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь эхнэр нь хамт малаа малладаг байсан. Эдгээр зээлдэгч нартай холбогдох хаяг утасны дугаарыг хайсан боловч олдоогүй, хүүхдүүд нь Түнхэлийн сургуульд сурч байгаад шилжсэн, эгчээс нь утсаар тодруулахад Эрдэнэтэд айлын мал маллаж хөдөө байгаа утасгүй байдаг гэсэн сураг сонссон, өөртэй нь холбогдож чадахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Иймээс иргэн *******, ******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Хаан банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч *******, ******* нар нь Хаан банкны Түнхэл тооцооны төвөөс 6500000 төгрөгийн малчны зээлийг авч 2025 оны 05 дугаар сараас зээлээ төлөлгүй оршин суугаа хаягтаа байхгүй алга болсон. Хөлс айлаас нь асуухад малаа зараад нүүгээд явсан хаашаа явсныг нь мэдэхгүй гэдэг. Эгчтэй нь холбоо барихад Эрдэнэт рүү нүүсэн айлын мал маллаж байгаа тэр газарт нь сүлжээ байхгүй учраас ярих боломжгүй байдаг гэсэн гэх хариуг өгсөн. Тиймээс хариуцагч *******, ******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоолгохоор хүсэлт гаргасан байгаа гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банкны Зүүнхараа салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Боржигон овогт Боржигон овогт Шинжээгийн *******, Алаг адуу овогт Алтангэрэлийн ******* нарын оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Хариуцагч *******, ******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн байх тул хариуцагч *******, ******* нарын оршин суух хаягийг тогтоохоор эрэн сурвалжлуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч *******, ******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд бөгөөд 2022 онд хүсэлт гаргагч Хаан банкны Зүүнхараа салбарын Түнхэл тооцооны төвөөс 6500000 төгрөгийн малчны зээлийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон, Хонхор гэх газарт оршин сууж байх хугацаандаа 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан боловч хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй оршин суух хаягаа өөрчилж, зээлийг хугацаанд нь төлөлгүй алга болсон одоогоор хаана байгаа нь тодорхойгүй оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хүсэлт гаргагчийн зүгээс *******, ******* нарын оршин суугаа газрыг мэдэж болох иргэдтэй уулзсан боловч Орхон аймаг руу нүүсэн айлын мал маллаж байгаа яг хаана оршин суудаг эсэхийг мэдэхгүй гэхээс өөр тодорхой хаяг мэдэхгүй байгаа байх тул хариуцагч *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэг, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Шинжээгийн ******* /*******/, Алаг адуут овогт Алтангэрэлийн ******* /*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ