| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0607/э |
| Дугаар | 652 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч С.Сонинбилэг, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, хохирогч Ж.Цэндээхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саарал адуу овогт Сайнбаярын Сонинбилэгт холбогдох эрүүгийн “1711004660355” дугаартай, 186/2018/0604/э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1989 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-151 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй Саарал адуу овогт Сайнбаярын Сонинбилэг /РД:ТЗ89042163/,
Холбогдсон хэргийн талаар:
С.Сонинбилэг нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пийс Тауэр үйлчилгээний төвд байрлах "Хөх түг трейд" ХХК-ний лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,994,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч С.Сонинбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Ж.Цэндээхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..өмнөх шүүх хурал дээр бүх нотлох баримтаа гаргаж өгсөн, одоо өөр нэмж өгөх нотлох баримт байхгүй. Шүүгдэгчтэй өмнө нь цуг ажиллаж байсан болохоор ар гэрийн байдлыг нь сайн мэднэ, тиймээс асуудлыг дахин хүндрүүлэхгүй шүүхийн журмаар шийдвэрүүлнэ гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Цэндээхүүгийн:...манай "Хөх түг" ХХК нь арьсан цүнх, жижиг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манайх Чингэлтэй дүүргийн Пийс молл худалдааны төвийн 6 давхарын 616 тоот лангуун дээр нэрийн барааны дэлгүүрээ ажлуулдаг ба 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс С.Сонинбилэг гэх эмэгтэйг худалдагчаар авч ажлуулсан юм. Ингээд нэг жил гаруй ажиллаад 2017 оны 6 дугаар сард явуулсан тооллогоор С.Сонинбилэг нь 3,327,000 төгрөгийн барааны үнийг дутагдуулсан, ийм учир 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 234 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингээд Сонинбилэгтэй дутагдуулсан барааг хэрхэн яасныг асуухад миний дутагдуулсан үнэн удахгүй төлнө гэж хэлээд алга болчихсон ингээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. \хх-19\,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Байгалмаагийн:..Би "Хөх Түг" компанид 2013 оны 11 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан нягтлан бодогч хийж байсан. Сонинбилэг гэх хүн нэг жил орчмын өмнө манай компанид худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 19-нд хийсэн тооллогоор Пийс Тауэрын Сонинбилэгийн ажиллаж байсан лангуунаас 3,327,000 төгрөгийн бараа дутсан гэх мэдүүлэг:..... \хх-23\,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цэндсүрэнгийн:...манай компани Сонинбилэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгө хариуцлагын талаар тодорхой дурдаж өгсөн байгаа. Харин эд хөрөнгийн хариуцлагын гэрээг бол тусад нь байгуулаагүй. 2016.5.1-нд захирал Ж.Цэндээхүүгийн 163 дугаар тушаалаар ажилд авч 2017.6.20-ны 234-р тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа гэх мэдүүлэг. \хх-24\,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сонинбилэг гэрчээр мэдүүлэхдээ:...Би 2016.3.13-ний өдрөөс 2016 оны 7 сар хүртэл "Хөх Түг" компанид худалдагчаар ажиллаж байсан. Уг компани Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутагт байрлах Пийс Тауэрын 6-н давхарын 616 тоот нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 3,327,000 төгрөгийг дутагдуулсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. \хх-25\,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Чулуунбаярын:....миний эхнэр С.Сонинбилэг нь 1989 оны 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн арван жилийн 35 дугаар сургууль төгссөн бид хоёр 2004 он буюу 8 дугаар ангиасаа үерхэж эхлээд сургуулиа төгсөөд хамтран амьдрах болсон манай том хүү Анхбаяр 2009 онд гарсан бөгөөд Сонинбилэг цаашаа сургуульд суралцаагүй гэртээ хүүхдээ хардаг болсон, 2012 онд хуримаа хийж , 2015 онд охин Чинсолонго, 2017 оны 9 дсарын 14-нд бага хүү Азбаяр төрсөн. Ажил төрлийн талаар нарийн ширийн зүйл сайн мэдэхгүй 600.000 мянга орчим төгрөгийн цалин авдаг байсан. Зан аашийн хувьд даруу төлөв зантай гэх мэдүүлэг. \хх-26\,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Туяагийн:..Миний охин С.Сонинбилэг нь 1989 оны 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод гурван хүүхэдтэй айлын бага охин болж төрсөн, цэцэрлэгээр хүмүүжиж, арван жилийн 35-р сургууль төгссөн. Санхүүгийн бололцоогүйн улмаас МУИС-н хуулийн ангийн хуваарь авсан ч сургаж чадаагүй. Одоо гурван хүүхэд нөхрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гурван сартай хүүхдээ харж байгаа. Зан аашийн хувьд сэргэлэн цовоо, жаахан амтай ааштай л охин байгаа юм. Сургууль соёлд байхдаа хамт олны дунд нэр хүндтэй спорт урлаг хичээл сургуулиар тэргүүний сурагч байсан гэх мэдүүлэг. \хх-27\,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 21-22 дугаар хуудас хохирогч Ж.Цэндээхүүгийн мэдүүлэг, 118 дугаар хуудас гэрч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлэг, 25 дугаар хуудас шүүгдэгч С.Сонинбилэгийн мэдүүлэг, 53-55 дугаар хуудас “Хөх туг” ХХКомпани С.Сонинбилэг нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, 129-134 дүгээр хуудас бараа тоолсон тооллогын баримтууд, 103-104 дүгээр хуудас хохирлын тооцооны баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож шүүх хуралдаанд шинээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргийг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.Сонинбилэг нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пийс Тауэр” үйлчилгээний төвд байрлах "Хөх түг трейд" ХХК-ний лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,994,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь :
- Хохирогч Ж.Цэндээхүүгийн:...манай "Хөх түг" ХХК нь арьсан цүнх, жижиг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манайх Чингэлтэй дүүргийн Пийс молл худалдааны төвийн 6 давхарын 616 тоот лангуун дээр нэрийн барааны дэлгүүрээ ажлуулдаг ба 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс С.Сонинбилэг гэх эмэгтэйг худалдагчаар авч ажлуулсан юм. Ингээд нэг жил гаруй ажиллаад 2017 оны 6 дугаар сард явуулсан тооллогоор С.Сонинбилэг нь 3,327,000 төгрөгийн барааны үнийг дутагдуулсан...гэх мэдүүлэг
- Гэрч Г.Байгалмаагийн:..Би "Хөх Түг" компанид 2013 оны 11 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан нягтлан бодогч хийж байсан. Сонинбилэг гэх хүн нэг жил орчмын өмнө манай компанид худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 19-нд хийсэн тооллогоор Пийс Тауэрын Сонинбилэгийн ажиллаж байсан лангуунаас 3,327,000 төгрөгийн бараа дутсан гэх мэдүүлэг
- Гэрч Ц.Цэндсүрэнгийн:...манай компани Сонинбилэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгө хариуцлагын талаар тодорхой дурдаж өгсөн байгаа. Харин эд хөрөнгийн хариуцлагын гэрээг бол тусад нь байгуулаагүй. 2016.5.1-нд захирал Ж.Цэндээхүүгийн 163 дугаар тушаалаар ажилд авч 2017.6.20-ны 234-р тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа гэх мэдүүлэг.
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сонинбилэг гэрчээр мэдүүлсэн:...Би 2016.3.13-ний өдрөөс 2016 оны 7 сар хүртэл "Хөх Түг" компанид худалдагчаар ажиллаж байсан. Уг компани Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутагт байрлах Пийс Тауэрын 6-н давхарын 616 тоот нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 3,327,000 төгрөгийг дутагдуулсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.
- Ашид Билгүүн ХХКомпаний үнэлгээний:...нийт 2,994,300 төгрөгөөр тогтов гэсэн дүгнэлт /хх-182/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан “бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэсэн үндэслэлээр С.С холбогдох хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ингээд С.Схолбогдуулан прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Схолбогдох эрүүгийн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сары
н хугацаа өнгөрсөн байх тул С.Сонинбилэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Сонинбилэгээс 2.944.300 төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Ж.Цэндээхүүд олгохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Саарал адуу овогт Сайнбаярын Сонинбилэгийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.С холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Сонинбилэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Сонинбилэгээс 2.944.300 /хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун/ төгрөгний хохиролыг гаргуулж хохирогч Ж.Цэндээхүүд олгосугай.
4. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2018-09-13 12 цаг 50 минут