| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2406 07108 8374 |
| Дугаар | 2025/ДШМ/1047 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1047
2025 09 03 2025/ДШМ/1047
Ц.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Цэцэгмаа,
хохирогч А.Тамир, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч Ц.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Л-д холбогдох 2406 07108 8374 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ц-ын Л-, ............, ял шийтгэлгүй, /РД: ............./;
Шүүгдэгч Ц.Л- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Б-ийн 8-2 тоот хашааны гадна өөрийн найз хохирогч А.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Л-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л-гээс 17.177.895 төгрөгийг гаргуулж хохирогч А.Т-т 9.257.895 төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын сан Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 7.920.000 төгрөг төлүүлж, хохирогч А.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Би тухайн хэрэг гардаг өдөр хохирогчид зодуулаад хөмсөгнөөс цус гарсан байсан бөгөөд тухайн машины ард цусаа арчаад зогсож байхад гэрч н.Г- “явъя” гэхэд нь би машин суух гэж байхад хохирогч гарч ирээд хутга бариад над руу дайраад далайсан бөгөөд би хойшоогоо ухрахад хутгатай гар орж ирэхэд нь би цааш нь түлхсэн. Үүний улмаас хохирогчид энэ гэмтэл үүсэн байх гэж ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн газрын үзлэгийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэрэгт холбоотой хутгыг шинжилгээнд хамруулахад хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй, цаашид харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн байсан. Мөн гэрч, хохирогч хоёрын зөрүүтэй мэдүүлгийг нягтлан шалгаагүй гэх мэт үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Л-гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүхийн 1381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ц.Л- нь А.Т-тай үл ялих зүйлээр маргаж байхдаа цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөтөлбөргүй нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7-р зүйлд заасан зарчмаар: Хууль дээдэлж тал бүрээс хуулийн дагуу шалгаж эргэлзээгүй нотолсон баримт, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл хохирогчийг Ц.Л-г санаатай хутгалж хүнд хохирол учруулсан гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтаар ч шүүхийн мэтгэлцээн хэлэлцүүлгээр ч, шинжлэн судалсан нотлох баримтуудаар ч нотлогдоогүй байхад дээр дурдсан байдлаар дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оноосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Л- нь хохирогч Т-ыг хутгалсан гэх шүүхийн тогтоолд заасан үндэслэл доорх байдлаар нотлогдоогүй.
Хохирогч А.Т- мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2024.09.24-ний шөнө найз Л- орж ирээд “гарья, ганц юм ууя, машиндаа байж байя” гээд гарч явахаар нь араас нь гарсан. Ц.Л-гийн машин дотор цэнхэр шилтэй 0,75 литрийн архийг хувааж уусан. Архиа дуусаад Б.Г-гыг дуудаж СU ороод 2 литрийн 2 пиво аваад буцаад гэрийн үүдэнд ирээд пиво ууж байгаад муудаад тасарсан. Юу болсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн нь хэргийн 11-12-р хуудсанд мөн шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд авагдсан. Гэрч Б.Г- “... Т-ын гэрийн гадаа очоод тэр 2 пивоо ууж байгаад хоорондоо пизда наахуугаар дуудалцаад машинаас бууж дээр дороо орж ноцолдоод байхаар нь бууж очоод салгасан. Т-ааг гэр лүү нь оруулаад Л-г “суу явъя” гээд би өөрөө машины нөгөө талаар тойроод руль дээр суух үед Т-аа буцаад гараад ирэх шиг болсноо “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь буугаад тойрч очтол Т-аа өвдөг дээрээ суусан байдалтай цээжнээс нь цус гарч байсан. Баруун гар талд нь газарт хутга нь байсныг би өшиглөж хогийн тийш холдуулсан. ... тухайн үед Л-гийн гарт хутга байгаагүй, Л- нь Т-ааг хутгалахыг би хараагүй. Л-д хутга байгаагүй, Т-аа гэрээсээ авч гарч ирсэн байх” гэж мэдүүлсэн нь хэргийн 17-18-р хуудсанд мөн шүүх хурлын тэмдэглэлд тус тус авагдсан. Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 3375 дугаартай дүгнэлтэд “Хэргийн газрын үзлэгээр хураагдсан 30,5 см урттай хар иштэй хутганы гадаргуу дээрээс гарын мөр илрээгүй” гэсэн нь хэргийн 29-30-р хуудсанд авагдсан. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Н.Энхцолмон “... хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан, хаанаас ямар чиглэлтэй байсныг тогтоох боломжгүй. Хохирогчид учирсан шархыг харахад өөрөө учруулсан, өрөөл учруулсан гэж хэлэх боломжгүй, аль аль нь учруулах боломжтой” гэж мэдүүлсэн байдаг. Хамаарал бүхий хэргийг шийдвэрлэхэд хамгийн гол ач холбогдолтой дээрх нотлох баримтууд шүүхийн тогтоолд дурдсан дээрх үндэслэлийг нотлохгүй зөрүүтэй байна.
Хоёр. Хавтаст хэргийн 3-р хуудсанд Ц.Л- цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн, ингэж дуудлага өгөхдөө найзыгаа хутгалчихлаа гэж хэлсэн байдаг. Хэргийн 21-р хуудсанд Ц.Л- нь “...Т-аа гэр лүүгээ гүйж ороод “май, одоо алчих” гээд хутга өгөхөөр нь аваад цээжин хэсэгт нь өгсөн хутгаар нь 1 удаа дүрсэн” гэж мэдүүлсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хурлын үед эдгээр мэдүүлгээ үгүйсгэж “би Т-ыг хутгалаагүй, машин дотор байхдаа би Т-т өчнөөн олон жил найзалчихаад найзыгаа битгий пизда наахуугаар дуудаж бай гэж хэлсэн. Үүнээс болж бид 2 муудалцаж зодолдсон, Т- над дээр мордож суугаад нүүр лүү цохиж байхад Г- ирж салгасан. Т- гэр лүүгээ явсан. Миний хөмсөг сэтрээд нүд рүү цус ороод байхаар нь угаах гээд Г-ас ус байна уу гэж асуугаад байхгүй гэхээр нь гараараа нүүрний цусаа арчаад явах гэтэл Т- баруун гартаа хутга бариад гарч ирээд алнаа чамайг гээд далайгаад дайрсан. Энэ үед би айж цочирдон арагш ухарсан боловч ар талд машин тулж хутга миний цээжин хэсэгт шүргээд өнгөрөх үед хутгалуулчихгүйн тулд зүүн гараараа Т-аагийн хутгатай баруун гарын тохойн хэсгээс, баруун гараараа хутга атгасан гараас нь тус тус базаж зуураад цааш түлхсэн. Энэ үед Т-аа сөхөрч суугаад чи намайг дүрчихлээ ш дээ гэж хэлсэн. Мөн энэ үед Г- бууж ирээд чи хүн хутгалчихлаа ш дээ тэнэг хүүрээ гэхэд нь хутгатай гарыг нь түлхсэнээс болсон гэж ойлгоод 102-руу залгаад найзыгаа хутгалчихлаа гэж андуу ташаа агуулгаар дуудлага өгсөн. Мөн тэр шөнөө эрүүлжүүлэхэд хоноод 09 сарын 25-ны өдөр дэслэгч Зоригт байцааж “юу болсон юм бэ” гэж асуухад нь “надад хутга байгаагүй, өөрөө өөрийгөө хутгалчихсан юм бишүү” гэхэд “битгий балай юм яриад бай, бид нар олон хэрэг мөрдөж байгаа шүү, тэгэж байж хэргээ улам хүндрүүлэв, хэргээ сайхан хүлээгээд батлан даагчаа дуудаад явсан нь дээр биз дээ” гэхээр нь хэрэг хүлээсэн мэдүүлэг өгөхгүй бол хорих юм байна гэж ойлгоод “Т- өөрөө хутга авчирч өгөөд одоо алчих гэхээр нь аваад 1 удаа дүрсэн” гэж худал мэдүүлэг өгөөд батлан даалт гаргуулаад харьсан...” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгүүд хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд авагдсан. Урьдах мэдүүлгээ үгүйсгэсэн шүүгдэгч Л-гийн 2 дахь өөр агуулгатай мэдүүлгийг харахад:
1. 102 дугаарт Ц.Л- нь дуудлага өгсөн боловч нөхцөл байдлаа илт буруу ойлгож андуу ташаа агуулгаар дуудлага өгсөн нь түүний мэдүүлгээс тодорхой ойлгомжтой байна.
2. 2024.09.25-нд Ц.Л-гээс мэдүүлэг авах үед мөрдөгч нь өмгөөлөгч авах эрхээр хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлүүд харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж сэжигтнээр байцаасан, үндэслэлгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг гаргуулахаар албадаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн нь тодорхой харагддаг. Ийм учраас эдгээр баримт мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д заасан шүүгдэгчийн эсрэг ашиглаж болохгүй нотлох баримтад хамаарч байгаа тул энэ баримт мэдүүлгээр шүүх нотлогдсон гэж дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Ийм учраас дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Л- нь хохирогч А.Т-ыг хутгалсан гэх шүүхийн тогтоолд заасан үндэслэл нотлогдохгүй байгааг шүүх онцгой анхаарч өгнө үү. Харин нөгөө талаар хохирогчийн хутгатай гарыг 2 гараараа барьж зууран цааш түлхсэн талаарх шүүгдэгч Ц.Л-гийн өгсөн мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд доорх байдлаар нотлогдсон гэж үзэх баримтууд байна.
1. Энэ нөхцөл байдлыг хохирогч гэрч нар үгүйсгээгүй.
2. Шинжээч эмч тухайн гэмтлийг хохирогч өөрөө учруулж болохыг мэдүүлсэн.
3. Хэргийн 25-26-р хуудсанд авагдсан шинжээчийн 13078 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт: Хохирогч А.Т-ын биед цээжин хэсэгт үүссэн мэс заслын үдэгдсэн шархнаас гадна баруун тохойн хонхорцог хэсэгт 12х10см-ийн хэмжээтэй хөхрөлт үүссэн нь Ц.Л-гийн өөрийгөө хамгаалсан үйлдлээс өөрөөр хэлбэл зүүн гараараа хутгатай баруун гарын тохой, хонхорцог хэсгээс барьж зуурсан гэх мэдүүлэгтээ дурдсан үйлдлийн улмаас үүссэн ул мөр гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Хохирогчийн өвчүүний зүүн талд 6-р хавирганы нугалмын харалдаа босоо хэлбэртэй гаднаас дотогш ташуу чиглэлтэй хутгалагдсан гэх ул мөр нь хохирогчийн өөрийн баруун гарын үйлчлэлээр үүссэн байх магадлал маш өндөр харагддаг. Энэ талаар мөрдөн байцаалтын туршилт хийлгэх, гэрч Б.Г-гыг машины нөгөө талаас гарч ирэхэд хохирогч яг хаана хаашаа харж сөхөрч суусан байсан, энэ үед машин аль зүгт харж хаана зогссон байсан, хутга яг хаана аль хэсэгт газарт ямар байдалтай байсан зэргийг нөхөн үзлэг хийлгэж сэргээн тогтоолгох ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаах, шүүхэд 60 хоног хойшлуулах хүсэлтүүдийг өмгөөлөгч миний бие удаа дараа гаргасан боловч шүүх хангаагүй. Хүсэлтийг хангаж дээрх ажиллагааг нэмэлтээр хийлгэсэн бол аргагүй хамгаалалтын шинжтэй дээрх үйлдэл бүрэн нотлогдох байсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөрөө дамжуулж болон өөрөө гаргасан нотлох баримт шалгуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 заалтыг зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шүүх хуралд шүүгдэгчээс гаргасан аргагүй хамгаалалтын шинж бүхий мэдүүлэгтэй холбогдуулж шүүх Ц.Л-гийн мэдүүлэгтээ дурдсан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийг үгүйсгээгүй бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ: довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж дүгнэснийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь, Т-ын хутга бариад дайрч байгаа үйлдэл дуусаагүй түүний зүгээс учруулж болох аюул хэвээр байгаа нөхцөлд хутгатай гараас нь зуурч цааш түлхсэн энэ үйлдэл бол аргагүй хамгаалалт, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс сэтгэл санаа цочрон давчдаж өөрийгөө хамгаалж арга буюу хийсэн үйлдэл мөн гэж өмгөөлөгч миний бие үзэж байгааг шүүх анхааран нягталж өгнө үү. Тэрчлэн мөрдөгч, прокурор нар энэ хэрэгт хэт нэг талыг барьж шүүгдэгч Л- нь Т-т зодуулсан үйлдэл, түүнээс учирсан гэмтлийг ч тал бүрээс нь шалгаагүй орхисон болохыг дурдаж байна. Хэргийн газраас хураагдсан хар иштэй хутга нь хохирогч Т-ын өвлийн байшингийн урд бариатай байсан монгол гэрийн тумбочикт байсан өөрийнх нь хоолны хутга болохыг Т-ын эхнэр Уранжаргал ярьдаг. Ийм учраас давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эмнэлэгт ухаан орсон, ухаан ороод сарын дараа эмнэлгээс гарсан боловч 8 хоногийн дараа дахин бие муудаад очоод үзүүлэхэд эмч “уушги чинь устаж байна, усаар дүүрсэн байна” гэж хэлсэн. Улмаас би дахин 2 сар эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлгээс гарахад Ц.Л- манай гэрт ирээд “би одоо яах вэ” гэхэд нь би “амьд үлдсэн, зүгээрээ” гэж хэлж байсан. ... Би хэрэг гарснаас хойш нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. ... Миний бие одоог хүртэл эдгээгүй бөгөөд цээж цоорхой 1 жил явж байна. Мөн шүүгдэгч “надтай тохиролцъё, гарсан зардлыг гаргаж өгье” гэж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд намайг өөрийгөө хутгалсан мэтээр тайлбарлаж байгаад би гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч А.Т-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ... Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнд амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсгэхүйц дайралт, эсхүл довтолгоо хийсэн зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь түүний өгсөн дуудлага болон өгсөн мэдүүлгээр нь тогтоогдож байхад яагаад өөрөө өөрийгөө хутгалсан гэж байна вэ, ямар баримтаар тогтоож байна вэ, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотолгооны эх сурвалжтай тайлбарлаж чадсангүй. ... Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ... Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохиролтой холбоотой гомдол гаргаагүй, аль болох асуудлыг хүндрүүлэхгүй байхыг хүсэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Г- нар байсан. Анхан шатны шүүх энэ гэмт хэрэг гараад 1 жилийн хугацаа өгсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нөхөн үзлэг болон мөрдөн байцаалтын туршилтыг хийх боломжгүй гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрч Б.Г-ас “энэ хоёр хоорондоо зодолдсон. Золдолдохдоо болох болохгүй үгээр бие бие рүүгээ дайраад байхад нь би юугаа булаацалдаад байгаа юм бэ гэж хэлж байсан” гэж тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч амь насанд аюултай байдалд оруулсан учраас би аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлсэн. Гэтэл ийм нөхцөл байдал огт болоогүй бөгөөд хохирогчийн хөмсөг хэсэг сэтэрч цус гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Л-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.Л- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Б-ийн 8-2 тоот хашааны гадна өөрийн найз хохирогч А.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж биед нь зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Т-ын “... 2024 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө манай гэрт найз Ц.Л- орж ирээд “гаръя ганц юм ууя” гэхээр нь эхнэр “гаргахгүй” гэсэн. Ц.Л- “би гараад машиндаа байж байя” гээд гараад явахаар нь би эхнэрээс гуйж байгаад Ц.Л-гийн араас гарсан. Гадаа гараад Ц.Л-гийн машин дотор цэнхэр шилтэй 0.75 литрийн архийг хувааж уусан. Архиа дуусаад байж байхад Ц.Л- найз Б.Г-гыг дуудаад Улиастайн эргэдэг дээр байдаг СU рүү Б.Г-, Ц.Л- хоёр ороод 2 ширхэг 2 литрийн савлагаатай пиво авч гараад ирээд буцаад манай гэрийн үүдэнд ирээд пиво уусан. Тэгээд пиво ууж байгаад би муудаад тасарсан байсан, юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Б.Г- архи уугаагүй, Ц.Л- бид хоёрт хань болоод машин барьж өгсөн. ...” /1 хх 11-12/,
гэрч Н.У-ын “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн орчимд гэртээ амарч байхад гаднаас нөхрийн найз болох Л- орж ирээд “ганц юм ууя, гаръя” гэсэн. Би нөхөртөө “хэрэггүй” гэж хэлсэн боловч “зүгээр ээ” гээд гараад явсан. Гэтэл шөнө 03 цагийн үед нөхрийн найз болох Б.Г- орж ирээд “Т-аа хутгалуулчихсан, гадаа хэвтэж байна” гэж хэлсэн. Гараад хартал А.Т-ын хажууд Л- зогсоод “би найзыгаа хутгалчихлаа, би цагдаа дуудсан” гэж хэлсэн. ...” /1 хх 14-15/,
гэрч Б.Г-гын “... Шөнө 01 цагийн орчимд найз Л- залгаад “чи хүрээд ирээч, СU ороод юм авах гэсэн юм” гэхээр нь би гэрээсээ гараад хохирогч А.Т-ын гэрийн гадаа яваад очиход Т-, Л- хоёр машин дотор согтуу байсан. Тэгээд би машиныг бариад Улиастайн СU орсон ба Л-, Т- хоёр ороод гарч ирэхдээ хоёр ширхэг 2.5 литрийн пивотой гарч ирсэн. Тэгээд буцаад А.Т-ын гэрийн гадаа очоод тэр хоёр авсан пивоо ууж байгаад хоорондоо пизда наахуугаараа дуудалцаад хэрэлдээд байсан. Тэгэж байгаад тэр хоёр машинаасаа буугаад дээр доороо ноцолдоод байхаар нь би очоод салгаад Л-г “суу, явъя” гэхэд Т- гэр лүүгээ яваад орсон. Л- машиндаа суух гэж байхад Т-аа “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би яваад очиход Т-аа өвдгөн дээрээ суусан байдалтай цээжин хэсгээс нь цус гарсан байхаар нь би Л-г “чи хүн хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд А.Т-ыг дээш нь харуулж хэвтүүлээд, эхнэрийг нь дуудаад эхнэртэй нь хамт гэрийнх нь үүдний таамбар хэсэгт оруулсан. ...” /1 хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Т-ын биед цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 5/6-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэлдэлт гэмтэл, цээжний хөндийн мэс засал /2024.09.25/ тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах зүсэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13078 дугаартай дүгнэлт /1 хх 26-28/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ “... Үзүүлэгч А.Т-ын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. Үзүүлэгч А.Т-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. ...” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр дүгнэлт /1 хх 149-151/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн “Би найзыгаа хутгалчихлаа.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 2-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-8/, хохирогч А.Т-ын Цэргийн төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан талаарх өвчний түүхийн хуулбар /1 хх 53-110/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-г хохирогч А.Т-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол бүрэн төлж барагдуулаагүйг болон түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгч Ц.Л-гээс “...хэргийг шийдвэрлэхдээ хэргийн газрын үзлэгийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэрэгт холбоотой хутгыг шинжилгээнд хамруулахад хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. Мөн гэрч, хохирогч хоёрын зөрүүтэй мэдүүлгийг нягтлан шалгаагүй ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс “...Хамаарал бүхий хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтууд шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээс зөрүүтэй, шүүгдэгч Ц.Л- нь хохирогч А.Т-ыг хутгалсан гэх шүүхийн тогтоолд заасан үндэслэл нотлогдохгүй, хохирогчийн хутгатай гарыг 2 гараараа барьж зууран цааш түлхсэн талаарх шүүгдэгч Ц.Л-гийн өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Т-ын хутга бариад дайрч байгаа үйлдэл дуусаагүй түүний зүгээс учруулж болох аюул хэвээр байгаа нөхцөлд хутгатай гараас нь зуурч цааш түлхсэн энэ үйлдэл бол аргагүй хамгаалалт, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс сэтгэл санаа цочрон давчдаж өөрийгөө хамгаалж арга буюу хийсэн үйлдэл болохыг анхаарч үзнэ үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон хутгыг шинжилгээнд хүргүүлсэн байх ба хутганы гадаргуугаас биологийн ул мөр болон гарын мөр илрээгүй талаар дүгнэлт гарсан боловч энэ байдал нь хохирогчид учирсан гэмтлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.
Хэрэг учрал болох үед машин дотор шүүгдэгч Ц.Л-, хохирогч А.Т- нар нь их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогч нь хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлдэггүй.
Харин тухайн цаг хугацаанд эдгээр хүмүүстэй хамт байсан гэрч Б.Г- нь хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Л-г татаад машины хойгуур тойроод хаалга нээгээд суулгах гэтэл энэ хоёрын нэг нь “хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь тойроод иртэл А.Т- хашааны хаалганы өмнө дөрвөн хөллөчихсөн сууж байсан. А.Т-ааг дээш нь харуулаад Ц.Л-д “цагдаа, түргэн дуудаач ээ” гэсэн. Эргээд хартал газар хутга, хажууд нь томхон заазуур байсан. Би тэгэхээр нь заазуурыг нь хашааны ёроол руу, хутгыг нь хогны сав руу өшиглөчихсөн. ... Хутга хаанаас гарч ирсэн, хэний хутга гэх талаар мэдэхгүй. Би Ц.Л-д “чи хүн хутгалчихлаа” гэж хэлээгүй. Энэ хоёрын нэг нь “чи хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд энийг сонсоод машин тойроод иртэл А.Т- дөрвөн хөллөчихсөн хашааны үүдэнд байсан. Хутга хэний гарт байсан талаар хараагүй, хутга газар байсан. Ц.Л-г хохирогчийг хутгалж байхыг харсан зүйл байхгүй. Би “хутгалчихлаа ш дээ” гэхийг сонсоод машин тойроод л ирсэн. ...” гэж, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Л- машиндаа суух гэж байхад Т-аа “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би яваад очиход Т-аа өвдгөн дээрээ суусан байдалтай цээжин хэсгээс нь цус гарсан байхаар нь би Л-г “чи хүн хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд А.Т-ыг дээш нь харуулж хэвтүүлсэн. ...” /1 хх 17-18/ гэсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Энхцолмон “... Хохирогчид учирсан шархыг харахад өөрөө үүсгэсэн, өрөөл үүсгэсэн гэж хэлэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлгүүдээр хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсоноос байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Үүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч Ц.Л-гийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Л- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Л-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л- нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР