Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00803

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00803

 

 

Г.Т- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00401 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Т- ХЗХ нь Ө.Б д холбогдуулан 79 097 260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, хариуцагч Ө.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Т- ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.Б , хамтран зээлдэгч Ү.Сувдмаа нар Г.Т- ХЗХ-тай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1400000082 тоот зээлийн гэрээ, мөн тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд иргэн Ө.Б гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 40 дүгээр байр, 3 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2205028793 дугаартай, 89.28 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийг зээлдэгчид кассын зарлагын баримтыг үндэслэн бэлнээр олгосон. Зээлдэгч нар нь 1400000082 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Г.Т- ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүнд 1 500 000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 30 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 40 910 595 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 186 301 төгрөг нийт 79 097 260 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан 1400000082 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 40 910 595 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8 186 301 төгрөг, нийт 79 097 260 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ө.Б , Ү.Сувдмаа нартай байгуулсан 1400000082 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 79097260 төгрөгийг Ө.Б , Ү.Сувдмаа нараас гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Т- ХЗХ-оос 30 000 000 төгрөгийг миний өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хорооны 3 өрөө 89.28 метр квадрат байраа барьцаанд тавьж зээл авахаар, хамтран зээлдэгч Ү.Сувдмаагийн хамт Г.Т- ХЗХ-д зээл авахаар очсон. Тухайн үед миний өмчлөлийн эд хөрөнгийн гэрчилгээ нь Ариг банк ХХК-аас авсан зээлийн 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба энэ тухайгаа би тус Хадгаламж зээлийн хоршооны ажилтанд хэлсэн юм. Гэтэл Г.Т- ХЗХ-ны зээлийн ажилтан надад 5 000 000 төгрөгийг урьдчилан өгч Ариг банк ХХК-ийн зээлийн үлдэгдлийг төлж үл хөдлөхийн бичиг баримтаа авчран зээлээ авч болох талаар бид тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Ингээд тухайгаа би Ариг банк ХХК руу тэр дороо явж үл хөдлөх байрныхаа бичиг баримтаа аваад ирэх хооронд авах зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг жинхэнэ гол зээлдэгч миний биеийг оролцуулахгүйгээр хамтран зээлдэгч Ү.Сувдмаад өгөөд явуулчихсан байсан. Би үл хөдлөх хөрөнгийн эзэн бөгөөд гол зээлдэгч надад мөнгийг өгөлгүйгээр хамтран зээлдэгчид өгөөд явуулсан байсан тул би зээлийн мөнгө өгсөн кассын баримт дээр би гарын үсгээ зураагүй ба зээлийн гэрээний нэг хувийг ч аваагүй явсан болно. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 5 000 000 төгрөгөө төлөөд буцаан авах, зээлийн 25 000 000 төгрөгийг аваагүй талаар хэлсэн боловч Г.Т- ХЗХ зөвхөн кассын мөнгөний баримт дээр гарын үсэг зурахыг л шаардаж байсан юм. Харин кассын баримт дээр миний гарын үсгийг дуурайлган зурсан байсныг саяхан олж мэдлээ. Зээлийн 25 000 000 төгрөгийг Ү.Сувдмаа зээл, зээлийн хүүг өөрөө төлнө та санаа зоволтгүй гэж байсан болно. Г.Т- ХЗХ-оо хамтран зээлдэгч Ү.Сувдмаатай холбогдож зээл болон зээлийн хүүг төлөх талаар ярьж мэдэгдэл өгч байсан эсэхийг би мэдэхгүй. Харин надтай хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгөний баримт дээр л гарын үсэг зурахыг шаардаж байснаас зээл, зээлийн хүүний төлбөр төлөх талаар хэлж албан мэдэгдэл огт өгч байгаагүй. Тус Хадгаламж зээлийн хоршооны нягтлан Ү.Сувдмаад өгч явуулсан зээлийн 25 000 000 төгрөгөөс тэр өдөр 5 000 000 төгрөгийг өөрөө авсан гэснийг би дараа нь Ү.Сувдмаагаас сонссон. Би Хадгаламж зээлийн хоршооноос авсан 5 000 000 төгрөгөө түүний нэг жилийн үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүний хамт төлөхөд татгалзахгүй, өөрөө гардан 25 000 000 төгрөг аваагүй тул уг үндсэн зээл түүнд холбогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцах үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Олхонууд овогт Өлзийтогтохын Батхүүгээс 48 265 479.14 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Т- ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 30 831 780.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Б шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 40 дүгээр байрны 3 тоотод байршилтай 89.28м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-2205028793 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Ү.Сувдмаад холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 469 477 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Т- ХЗХ-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ө.Б давж заалдах гомдолдоо: Тухайн үед миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ариг банк ХХК-д 5 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Г.Т- ХЗХ-оос 5 000 000 төгрөг аваагүй бөгөөд авсан баримт байхгүй. Гэтэл тухайн өдөр Ү.Сувдмаа нь надад 5 000 000 төгрөг өгсөн гэдгээ шүүх хуралдаанд мэдэгдсээр байтал шүүгч шийдвэр гаргахдаа Г.Т- ХЗХ-оос 5 000 000 төгрөг авсан болгож бичсэн.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ү.Сувдмаагаас би 5 000 000 төгрөг аваад тухайн өдрийн орой 17 цагт Ариг банк ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ аваад ирэхэд тухайн өдрийн 14 цагийн үед Ү.Сувдмаа нь банкнаас ирээгүй байхад Г.Т- ХЗХ-оос 25 000 000 төгрөг авсан гэдэг талаараа тодорхойлолт гаргаж өгсөөр байтал шүүгч шийдвэртээ огт дурдаагүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ү.Сувдмаа нь Г.Т- ХЗХ-д тодорхой хэмжээний зээлийн төлбөр дансаар төлсөн байдаг. Гэтэл шүүгч зээлийн төлбөр хэн төлсөн эсэхийг баримтаар шалгалгүйгээр шийдвэр гаргасан.

Г.Т- ХЗХ-ны нягтлан, хуулийн зөвлөх 2 нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд 30 000 000 төгрөгийг хүлээж авсан баримтад гарын үсэг зуруулах гэж байнга гуйсан боловч би зурж өгөөгүй, хийсэн гэрээгээр 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байсан боловч гарын үсэг зураагүйгээс болж 2 жил хуулийн байгууллагад хандаагүй. Мөн Ү.Сувдмаа нь шүүх хуралдааны өмнө /шүүх хуралдааны нарийн бичгийн даргад/ Г.Т- ХЗХ-ны хуулийн зөвлөх, өмгөөлөгч нарт би танай зээлийн 30 000 000 төгрөгийг авсан хүүгийн 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийг төлж барагдуулах эвлэрлийн гэрээний санал тавьсан тухайгаа шүүх хуралдаанд шүүгчид хэлсээр байтал Ү.Сувдмааг гэрч болгон намайг холбогдогч болгон орон гэрийг минь шүүхийн шийдвэрээр хураалгаж заруулах шийдвэр гаргаж байгаа нь нэг талыг барьсан эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харахад хүргэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.Т- ХЗХ нь хариуцагч Ө.Б , Ү.Сувдмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 097 260 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Сувдмаагаас татгалзсан байна. Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 25 000 000 төгрөгийг Ү.Сувдмаа авсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Ө.Б , Ү.Сувдмаа нар Г.Т- ХЗХоршооны гишүүнээр элссэн, Ө.Б нь Ү.Сувдмаатай хамтран тус хоршоотой 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэхээр харилцан тохиролцож, 1400000082 дугаартай зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Тус хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж гишүүддээ зээл олгосон үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Шүүх гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Ө.Б , Ү.Сувдмаа нар гэрээнд гарын үсэг зурснаар хамтран зээлдэгч болсон байна. Иймд тэдгээрийн хэн аль нь ямар хэмжээгээр мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас үл хамааран хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г.Т- ХЗХ нь Ө.Б гээс зээлийн үүргийг шаардаж буй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв учир хариуцагч Ө.Б гийн хүлээн авсан хөрөнгийн хэмжээгээр үүргийг гүйцэтгэнэ гэх татгалзал, гомдол үндэслэлгүй.

Талууд гэрээгээр зээлийн хөрөнгийг хүүтэй олгохоор, мөн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 3 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд нийт 1 500 000 төгрөг төлснөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй тул түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Үүний улмаас түүнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн ба нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас үл хамааран шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлагдсанаас хойшхи хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудыг зарчмыг үндэслэн шийдэл хэвээр үлдэнэ.

Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид буюу нэхэмжлэгч Г.Т- ХЗХ, хариуцагч Ө.Б нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулж, энэ талаар шүүхэд мэдэгдсэн тохиолдолд шүүх уг эвлэрлийг батлах эсэхийг шийдвэрлэх журамтай тул гэрч Ү.Сувдмаагийн мэдүүлэг, тайлбарыг үндэслэн зохигчдыг эвлэрсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн Ү.Сувдмаа нь ХЗХ-нд эвлэрэх санал тавьсныг шүүх анхаараагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Г.Т- ХЗХ, хариуцагч Ө.Б нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ө.Б , О.Гангантогос, Б.Цогзолмаа нарын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 40 байр, 3 тоотод байрлах 89.28 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр нотлогдож байна. /хх13-18/ Гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Шүүх уг гэрээг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв, зохигчдын хэн аль гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 399 277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД