| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04486/И |
| Дугаар | 191/ШШ2025/09996 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09996
2025 11 17 191/ШШ2025/09996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******агийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 32,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж. ******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр өөрийн машин болох Toyota Harrier 240G маркийн машиныг 32.000.000 сая төгрөгт ярьж тохирсон болно. Ингээд бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр би Б.*******т нотариатаар орж машинаа захиран зарцуулах эрхийг нь өгч Б. *******ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед эхнэртээ авч өгнө гээд 2024 оны 03 дугаар сарын 15-ны дотор мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн боловч хэлсэн амандаа хүрч чадахгүй өдий хүрсэн. Утасаар ярихаар удахгүй өгчихнө санаа зоволтгүй гэж хэлдэг. Сүүлдээ бүүр утсаа ч авахаа болсон урдаас хэрүүл хийдэг. Би за чи миний машины мөнгийг өгч чадахгүй бол буцаагаад машиныг минь өгчих гэхээр за гэж хэлээд алга болдог. Би энэ хүнээс болоод өнөөдөр машин ч байхгүй машины мөнгө ч байхгүй хохирсоор байна. Иймд Б.*******өөс машин үнэ болох 32.000.000 төгрөгийг гаргуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ж.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ж.*******аас *******д олгосон 125 дугаар Итгэмжлэл /хх-5/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6/, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ж.*******аас Б.*******т олгосон 190 дугаартай итгэмжлэл /хх-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч Ж.*******аас хариуцагч Б.*******т холбогдуулан 32,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдахаар гэрээний үүрэгт 32,000,000.00 гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
2.1 Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Нэхэмжлэгчийн хариуцагчтай 6771 ХЭҮ улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцож, тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн гэх тайлбартай хариуцагч маргаагүй, тайлбараа ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч Б.*******тэй 6771 ХЭҮ улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцож, мөн өдрийн 0190 тоот итгэмжлэлээр тээврийн хэрэгслийг бусдад худалдах, барьцаалах захиран зарцуулах эрхийг 1 жилийн хугацаанд хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна./х.х-ийн 8 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, улмаар 0190 тоот итгэмжлэлээр тээврийн хэрэгслийг бусдад худалдах, барьцаалах захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгсөн үйл баримттай хариуцагч маргаж тайлбар ирүүлээгүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 41.2-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж зааснаар нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ худалдах, хариуцагч өмчтэй болох хэрэгцээ шаардлага, зохигчдын үйлдэл, эс үйлдэхүйгээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 32,000,000.00 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хариуцагч татгалзал, тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.
Гэтэл хариуцагч Б.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. гэж тус тус зааснаар 6771 ХЭҮ улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 32,000,000.00 төгрөгийг төлсөн эсэх талаарх үйл баримттай холбоотой тайлбар гаргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 317,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******өөс 32,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 317,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА