Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1107

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          Улсын яллагч Ц.Гантулгабат,

       Шүүгдэгч Д.О , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О д холбогдох эрүүгийн 1806010051205 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 8, дүү, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн   тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Д  О .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О  нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 40 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Э.Энхтөгсийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Энхтөгсийн мэдүүлэг, /хх-20-22/, гэрч Ө.Энх-Оюуны мэдүүлэг /хх-27-29/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1140 дугаартай дүгнэлт /хх-31/, шүүгдэгч Д.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-48/, шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Д.О  нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 40 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Э.Энхтөгсийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Энхтөгсийн өгсөн: “утсаар яриад 5 дугаар давхрын шатан дээр сууж байсан. ...араас эмэгтэй хүн босооч гээд өшиглөхөөр нь эргээд хартал Энх-Оюун, О  гэх хоёр жижүүр зогсож байсан. ...Энх-Оюун, О  нар нь доошоо буухаар нь би араас нь очиж яахаараа хүн өшиглөж байгаа юм бэ гээд маргалдсан. ...О  гэх эрэгтэй нь үснээс зулгааж зүүн хацар руу хүчтэй алгадсан. Тэгээд гараа атгаж хамар руу цохиж боож хувцас урсан. ...бүх гэмтлийг О  гэх эрэгтэй хүн учруулсан..” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Энх-Оюуны өгсөн: “....араас Энхтөгс гүйж орж ирээд манай нөхөр О г цохиод байхаар О  уурандаа Энхтөгсийн хамар руу бөгжтэй гараараа цохисон. Энхтөгсийн хамарнаас цус гараад цусаа арчаад хашгираад байсан...” /хх-27-29/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1140 дугаартай дүгнэлт:

1. Э.Энхтөгсийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, баруун шуунд цус хуралт баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  /хх-31/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.О гийн яллагдагчаар өгсөн: “Гарынхаа ар хэсгээр хамар руу нь 1 удаа алгадсан. Энхтөгс өөрөө согтуу, маргаан үүсгээд хэрэлдээд дайраад байсан.” /хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-48/,

Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-49/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн

шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.О  нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 40 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Э.Энхтөгсийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь баримтаар 153.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Д.О д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.О д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.О д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  овогт Д  О г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.О  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.О гээс 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Энхтөгст олгосугай.

 

 7. Хохирогч Д.О  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

             9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС