Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2020/01389

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01389

 

ф- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 101/ШШ2020/01157 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ф- групп ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ОХУ-ын Х-ийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдох

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 642 966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, түүний орчуулагч Б.Үржинцэрэн, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагч байгууллагатай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 21/18-03 тоот байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан Гэрээгээр ф- Групп ХХК-ийн төлөөлөгчдийг Дархан хотод байрлах орон сууцад байршуулах, ф- Групп ХХК нь үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон. Гэрээний 7.1-д гэрээ нь 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд талууд гэрээний бүх нөхцөлийг биелүүлсэний дараа дуусгавар болно гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд үйлчилгээний төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн. Гэрээний 4.1 -д аль нэг тал нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд буруутай тал нь нөгөө талд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсвэл зүй ёсоор гүйцэтгээгүй улмаас гарсан алдагдалыг төлнө гэж заасан. Гэрээний 3.1-д гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлэх үед объектыг байлгах, ашиглах талаар бүх зардал нь сард 600 ам.доллар байна, уг зардлыг гүйцэтгэгч тал буюу хариуцагч төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Хариуцагч ашиглалтын зардлыг төлөөгүй бөгөөд нийт 12 186 656 төгрөгөөс 9 642 966 төгрөгийг төлж хохирсон. Гэрээ дуусгавар болоогүй байхад бидэнд мэдэгдэлгүйгээр Номин эрдэнийн өргөө ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 101/19-01 тоот гэрээг давхар байгуулсныг 2019 оны 11 дүгээр сард мэдэгдсэн. Гэрээний хугацаа сунгагдсан, хүчин төгөлдөр байгаа. Номин эрдэнийн өргөө ХХК-тай гэрээ байгуулсан гэх шалтгаанаар орон сууцыг чөлөөлж өгөхийг шаарддаг. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9 642 966 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээний 5.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол улсын шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд хэргийн харьяалал зөрчөөгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улс болон ОХУ-ын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 24-р зүйлд гэрээний дагуу хүлээх үүрэг нь зохигчдын сонгож авах улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно гэж заасан. Гэрээний 5-д талуудын сонгосон хэрэглэх хууль нь ОХУ-ын хууль болохыг заасан. Гэрээг 2018 оны 7 дугаар сарын 1-ээс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болсон бөгөөд үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээгээр ашиглалтын зардлыг гүйцэтгэгч төлөх үүрэгтэй боловч сарын төлбөр 600 ам.доллараас илүү гарсан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу захиалагч гүйцэтгэгчид нөхөн төлөх үүрэгтэй. Гүйцэтгэгч төлбөрийг төлөх боломжгүй байсан учир хэрэглээний зардлыг дур мэдэн төлсөн нь гэрээг зөрчсөн. Төлбөр тооцоог төлж болохгүй гэдгийг удаа дараа сануулж байсан. Нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулаагүй байсан мөртлөө төлбөр тооцоог ямар үндэслэлээр хийж байсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн гаргасан баримтаар ашиглалтын зардлыг төлсөн хугацаа нь гэрээний үйлчлэх хугацаанаас илүү байгаа нь харагдана. Төлбөрийн нөхцөлийг удаа дараа зөрчиж байсан учир дахин гэрээ байгуулаагүй. Нэг тал нь Оросын хуулийн этгээд байгаа учраас талууд ОХУ-ын холбогдох хуулиар Москва хотын Арбитрын шүүхийн харьяаллаар хэрэгжүүлнэ. ф- Групп ХХК нь гэрээ дуусгавар болсон байхад уг орон сууцыг ашигласаар байгаа нь манай эрхийг зөрчиж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй. Гэрээнд 600 ам.доллар төлөх талаар заасан зүйлгүй. Гэрээний 3.1-д үйлчилгээ үзүүлэх бүх зардал нь өдөрт 120 доллар гэж заасан. Иймд ашиглаж байгаа тал нь бүх зардлыг төлөх ёстой. 600 ам.доллараас давах тохиолдолд нөхөн олгохоор заасан болохоос бүхэлд нь төлөхөөр заагаагүй, байрыг ашиглаж байх үед ашиглалтын зардал хэтэрсэн зүйлгүй. Нэхэмжлэгч нь дураараа нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь өдрийн 120 ам.долларын төлбөр төлөх үүрэгтэй. Гэрээний 3.2-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлбөрөө төлөх үүрэгтэй, энэ төлбөрөө төлж байгаагүй. 600 ам.доллар нь өдрийн 120 ам.долларт орсон дүн. Нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хууль бусаар ашиглаж байна. Шүүхээс өмнө нэхэмжлэгч нь бидэнд мэдэгдэл өгч байгаагүй. Урьдчилж хандаад тохиролцоонд хүрээгүй бол шүүхэд хандах ёстой байсан. Түрээсийн гэрээ биш байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ юм. Зочид буудал тул урт хугацаагаар гэрээ байгуулах боломжгүй. Түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан гэдэг баримт байхгүй. Зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй боловч түрээсийн төлбөрийг 3 сараар урьдчилж төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. 2017 оны 1 дүгээр сараас төлбөр төлсөн гэж байгаа боловч 2017 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан тул өмнөх төлбөрийг ямар учраас төлсөн нь ойлгомжгүй байна. Гэрээний 7.1-д заасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс болж гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож орон сууцыг чөлөөлөхгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОХУ-н Х-ийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 615 518 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ф- групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 027 448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19 115 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 763 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 9 027 448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4.1-д үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талдаа хохирлыг төлөхөөр заасан. Мөн гэрээний 3.1-д ашиглалтын зардал нь сард 600 ам.доллар байх бөгөөд уг зардлыг хариуцагч төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Ашиглалтын зардлыг төлсөн болох нь ф- Групп ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дархан Ус Суваг ХК-ийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ф- Групп ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 2, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн байрны дулааны тооцооны харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн дулааны тооцооны харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэргээр нотлогддог. Шүүхээс төлбөр төлсөн баримтаас үзэхэд зарим ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлсөн гэж үзэх боломжгүй байна, төлсөн төлбөр нь маргаж буй эд хөрөнгөд хамааралтай эсэх нь шууд харагдахгүй байна гэж дүгнэлт хийсэн. Уг 9 642 966 төгрөгийг нэхэмжлэгч байгуулага хариуцагчийн өмнөөс төлсөн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж, дүгнээгүй. Хариуцагчийн өмнөөс ашиглалтын зардал төлсөн баримтуудыг үгүйсгээгүй, ашиглалтын зардал гэдэг дээр хариуцагч тал маргаагүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанаар нэмэлт нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай болсон тул хурлыг хойшлуулж өгнө үү, өнөөдрөөс хууль зүйн туслалцаа авч байгаа тул эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна. Нотлох баримт бүрдүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангаагүй. Өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах 20 минутын хугацаа өгсөн, бүрэн танилцаж амжаагүй шүүх хуралд орсон. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлээс 9 027 448 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохих ёсоор бүрдүүлсэн нотлох баримтын шаардлагыг хангасан баримт бичгийг хүлээн аваагүй, гэрчийн мэдүүлгийг сонсоогүй, гуравдагч этгээдийн мэдүүлгийг тогтоогоогүй байж шийдвэр гаргасан. Шүүх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ гэж тайлбарласан нь буруу. Учир нь гэрээг ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 7.2-т байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ юм гэдгийг заасан. Шүүх гэрээний хугацаанаас илүү хугацааны төлбөр шаардаж байгааг үндэслэлтэй гэж тооцсон нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч талууд гэрээний бүх нөхцөлийг биелүүлсний дараа дуусгавар болно гэрээний 7.1 заалтыг баримталж байна. Захиалагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байх нөхцөл үүсч байгаа, энэ нь үүргээ гүйцэтгэх хүртэл эд хөрөнгийг ашиглах боломжтой гэж үзэхэд хүргэж байна. Захиалагч ашиглалтын үйлчилгээ үзүүлсэн төлбөр 600 ам.доллараас давж хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгчид нөхөн төлөх үүрэгтэй. Ашиглаагүй эсвэл зардал нь сард 600 ам.доллараас доош байвал төлөх ёсгүй. Шүүх хариуцагч сар бүрийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүх гэрч болох ашиглалтын үйлчилгээ үзүүлэх байгууллагын төлөөлөгчдийг оролцуулаагүй. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/18-03 тоот гэрээнээс өмнө болон дараа нийт 5 гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч энэхүү гэрээнүүд хийгдээгүй гэж тайлбарладаг боловч гэрээг өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байгаа бол ямар учраас бусад гэрээнүүд байгуулагдсан талаар тайлбар өгч чадаагүй. Нэхэмжлэгч төлбөрийн нөхцлийг тогтмол зөрчсөн учраас дахин гэрээ байгуулагдаагүй болохыг шүүх харгалзан үзээгүй. Ашиглаж буй талбайг чөлөөлөх шаардлагатай тухай бичгээр мэдэгдэл хүргэсэн боловч ашигласаар байгаа нь манай эрх ашгийг зөрчиж байна. Эд хөрөнгийг зочид буудлын зориулалттай гэж тайлбарлаагүй зүгээр л зохих жишээ болгож тайлбарласан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Эдгээр баримтаар төлсөн төлбөр нь маргаж буй эд хөрөнгөд хамааралтай эсэх нь шууд харагдахгүй байх болов хариуцагч энэ талаар үгүйсгэж маргаагүй болно гэсэн нь бодит байдалд нийцээгүй. Нэхэмжлэгчийг шүүх хүлээн авах, хэлэлцэх ёсгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ф- групп ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 642 966 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай шүүх хуралдаан болохоос 20 минутын өмнө танилцсан нь түүний хэргийн материалтай танилцсан тухай хуудсанд хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх84/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан бөгөөд мэтгэлцээний явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зардал төлсөн баримтаа шинээр гаргах боломжоор хангахыг хүсжээ. /хх86/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.

Талууд орон сууцтай холбоотой зардлыг гэрээгээр хэн хэрхэн төлөх талаар тохиролцсон байдал, уг зардлыг хариуцагч төлсөн эсэх, хариуцагч төлөх үүрэгтэй байсан эсэх асуудлаар маргаж байна. Иймд орон сууцтай холбоотой ямар зардал гарсан, түүнийг хэн хэрхэн төлснийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт бөгөөд хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зардал төлсөн баримтаа шинээр гаргах боломжоор хангахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Харин шүүхийн харьяаллын талаар хариуцагчийн гаргасан гомдол үндэслэл муутай байна. Гэрээний 5.4-т сонгох харьяаллын талаар тохиролцсон бөгөөд эд хөрөнгө байрших газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан байна. /хх9-14/

Уг эд хөрөнгө нь Дархан -Уул аймагт байршдаг. Шүүхээс онцгой харьяаллын асуудал мөн эсэхийг мөн анхаарч шалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материалыг богино хугацаанд танилцуулсан, нотлох баримт гаргуулах боломжоор хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 101/ШШ2020/01157 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД