| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1113 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч, шүүгдэгч Р.Д , түүний өмгөөлөгч Д.Дэлгэрням,
Хохирогч, шүүгдэгч С.Ө , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Д , С.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 00754 0759 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг регистерийн дугаар , хариуцах чадвартай, Ш овгийн Р Д .
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Ө , Р.Д нар нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний
өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ногоон дэнж" амралтын газарт маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Өнөржаргалын өгсөн мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-36, 37/, хохирогч Р.Д гийн өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Э.Сувдаагийн өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүгдэгч Р.Д , С.Ө нарын ял шалгах хуудас /хх-46, 47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ногоон дэнж" амралтын газар Р.Д , С.Ө нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Д өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1 цагийн үед 88811593 дугаарын утсаар залгаад “танай гэр амралтанд бууна” гэж яриад 32-14 УНХ цагаан өнгийн xrtail маркий машинтай 4 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 6 залуу ирээд гэр үзээд орцгоосон. Гэтэл 1 эмэгтэй нь “орны даавууг сольж өг” гэхээр нь учраа хэлсэн. “2 хоног бороо ороод даавуу нойтон солих боломжгүй” байна гэж хэлтэл үйлчилгээ муу байна гэтэл гар утсаараа бичлэг хийж фейсбүүк дээр тавина” гээд бичлэг хийхээр нь би болиулах гэтэл тэр эмэгтэйн сандаалын олом нь тасарсан байсан. Би зөндөө гуйсан “өөр гэр амралт зөндөө байгаа” гэж хэлсэн боловч дээрхи эмэгтэй намайг зодож нөгөө залуучууд нь салгаж авсан юм. Нүүр хамар орчимд хавдсан байна. Нүүр энд тэнд маажсан байна. ... Миний хувьд тэр хүүхнийг 1 удаа үсдэж дарж авсан. Цуг явсан хүмүүс нь хажууд байсан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Ө өгсөн: “...Шөнийн 04 цагийн үед очиж нэг монгол гэр авсан тухайн гэр нь их заваан байхаар нь амралтын газрын эзэн гэх Р.Дэчинмаад “та орныхоо цагаан хэрэгслийг солиод өг” гэсэн чинь “манайд солих даавуу байхгүй, чи ямар тансаг хүүхэн бэ” гээд хэл амаар доромжлоод “амрахгүй бол зайл” гээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь нөгөө эмэгтэй над руу дайраад миний үснээс зулгаагаад гэрээс чирж гаргасан тэр үед хажууд байсан манай найз нар нөгөө эмэгтэйг салгах гээд дийлэхгүй байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгэхэд нөгөө эмэгтэй хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” /хх-18-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батмэндийн өгсөн: “…Би 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр найз нарынхаа хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон дэнж” амралтын газар амрахаар очсон. Тэгсэн бид нарын хөлсөлж авсан монгол гэр их заваан бас цагаан хэрэглэлээ сольж өгөхгүй гээд амралтын газрын нэг эмэгтэй уурлаад байсан чинь манай найз С.Өн “та юу яриад байгаа юм бэ бид нар танай амралтын газар ирэх гэж шороон замаар их хол явж ирлээ” гээд хэлсэн чинь нөгөө эгч “таны хэлээд байгаа цагаан хэрэглэлийг өгч чадахгүй та нар гар” гэж хөөгөөд байхаар нь С.Өн гэнэт гар утсаа гараад бичлэг хийсэн чинь нөгөө эмэгтэй утсыг нь авах гээд дайрад байсан. Түүнээс болж энэ хоёр хоорондоо маргалдаж муудалцсан.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Сувдаагийн өгсөн: “...С.Өнөржаргал гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нөгөө эгч гар утсыг нь булааж авах гээд тэр хоёр хоороноо маргалдаад гэрээс гарсан тэгтэл гадаа тэр хоёр үснээсээ зулгаалцсан байхаар нь бид нар салгасан.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №10242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. С.Өнөржаргалын биед цээж, хэвлийд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун гарын долоовор хуруу болон баруун хөлний дунд хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-36/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн №9831 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Р.Д гийн биед тархи доргилт, эрүү, уруулд зулгаралт, зовхи хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-37/ гэх дүгнэлт,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-63/,
-Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-46, 47/,
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45, 61/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч, хохирогч нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсныг өөрсдөө хүлээсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нар дээрхи болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Р.Д , С.Ө нарын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ногоон дэнж" амралтын газарт маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Р.Д , С.Ө нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цуг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Р.Д , С.Өн нар нь 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Р Д , Б овогтой С овогтой Ө нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасныг тус тус журамлан прокуророос шүүгдэгч Р.Д , С.Ө нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Р.Д , С.Өн нарт урьд авсан таслан сэргийлах арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Р.Д , С.Өн нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Д , С.Өн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ