Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01564

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01564

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 320/2025/001585/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 8 дугаар ангиа 1982 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлийн тариаланч малчин залуусын хороололд туслах малчнаар ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Тэгээд цэргийн албыг 3 жил хаагаад 1987 онд халагдаж ирээд, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчин, жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажилласан үеийн тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан жилд тооцогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл туслах малчнаар, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2.  Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлээс 1983 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газраас 1988 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон №*** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, №*** дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэсэн бичилттэй *** дугаар Баталгаажилтын хуудас-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11/695 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн YIII анги төгсөгчдийг ажилд томилох тухай №43 дугаар тушаалын архивын хуулбар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №189 дугаар тушаал, 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай №129 дугаар тушаал, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №199 дугаар тушаал, хавсралтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт (1987-1991 он), Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/898 дугаар албан бичиг зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 2-22, 38, 51 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.М ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбарууд, Батлан хамгаалахын төв архиваас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбарыг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Х , Б.С нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-31, 32-36, 42-45 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.М нь өндөр настны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.  Нэхэмжлэгч Б.М Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

а. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлээс 1983 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон 01. 1982 оны 06 сарын 01. Рашаант сумын Улаан од нэгдлийн 1-р бригадад малчнаар томилов. Нэгдлийн даргын 1982.07.27-ны өдрийн 43 тоот тушаал. 02. 1987 оны 06 сарын 15. Рашаант сумын Улаан од нэгдлийн даргын 1987.06.10-ны өдрийн 56-р тогтоолоор Мөрөн шилжүүлэв. Нэгдлийн дарга гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Сумын 8 жилийн дунд сургуулийн YIII анги төгсч МХЗЭ-ийн илгээлтээр ирж, тус нэгдэлд ажиллагсдыг өөрсдийн санал хүсэлт, ар гэрийн байдлыг харгалзаж үзээд доорх ажилд томилсугай. Үүнд: ...6. Б М , тариаланч малчин залуусын хороололд...тус тус томилж, 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Ерөнхий боловсролын сургуулийн YIII анги төгсөгчдийг ажилд томилох тухай №43 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8 дахь тал)

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.М ын 1983 оны 3-4 дугаар сар, 9-12 дугаар сард Рашаант сумын Улаан од нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 13-20 дахь тал)

Гэрч Б.С-н ...Бид 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд илгээлт авч байсан. Б.М нь 1982 оны 07 сарын 01-нээс 1984 оны 06 сард цэргийн албанд татагдан явах хүртэл туслах малчнаар, цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт жолооч хийдэг болсон. Тус байгууллагад цэргээс ирээд орсон байсан, түүнээс хойш хэр удаан ажилласан талаар мэдэхгүй байна...Б.М нь нэгдэлд тасралтгүй 1982-1984 онд ажиллаж байгаад цэрэгт явсан...Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1982 оны 07 сарын 01-нээс хувьчлал болж нэгдэл тарах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

б. Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газраас 1988 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон 01. 1987 оны 09 сарын 25. Тээврийг удирдах газарт засварчнаар томилон ажиллуулав. Тээврийг удирдах газрын даргын 1987-10-01-ний өдрийн 189 тоот тушаалаар. 02. 1988 оны 07 сарын 15. Засварчнаас чөлөөлж, жолоочоор томилон ажилуулав. Тээврийг удирдах газрын даргын 1988-08-12-ны өдрийн 129 тоот тушаалаар. 03. 1991 оны 03 сарын 25. Жолоочийн ажлаас чөлөөлж, Цагдаагийн газар шилжүүлэв. XIV баазын даргын 1991.03.29-ний өдрийн 33 тоот тушаалаар гэх бичилттэй №*** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)

Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1. Гомбосүрэнгийн Мэндбат ...Б ийн М ...нарыг 1987 оны 9 дүгээр сарын 25-наас засварчнаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №189 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэн Тушаах нь: 1. Б ийн М ыг засварчнаас чөлөөлж, жолоочоор 1988 оны 7 дугаар сарын 15-наас... тус тус шилжүүлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж шилжүүлэх ажиллуулах тухай №129 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...Тушаах нь: 1. 1989 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сард амрах ажиллагсдын хуваарийг хавсралтаар баталсугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №199 дугаар тушаал, тус тушаалын ТУГ-ын даргын 1989 оны 199-р тушаалын 1-р хавсралт. ...245. Б.М , жолооч, 18, 8-15, 9-5... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9-12 дахь тал)

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн овог: Б , нэр: М , байгууллага: Тээврийг удирдах газар гэх бичилттэй 1987 оны 10 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарын цалингийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 21 дэхь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РЭ***...5. овог: Б , 6. нэр: М ...14. Ажилладаг байгууллага: Тээврийг удирдах газар. Ажилд орсон он: 1987. Цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: жолооч, эрхэлж эхэлсэн он: 1987. Оршдог сум район: Мөрөн...бүртгэгчийн нэр: Цагаач, он сар өдөр: 1988.09.19 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 28 дахь тал)

Гэрч Б.Х ын ...Би Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19-р бааз гэж байхад 1971 оноос ажилласан. Сүүлд нь Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын харъяанд орсон. Аж ахуй, төрийн захиргааны хэсэгтэй болж нэг байгууллага болсон гэсэн үг. 1972-1975 онд намайг цэргийн алба хаагаад ирэхэд тийм болсон байсан. Ирээд би 1975 оноос Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт авто машины жолооч, эдийн засагч, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажилласан...1990 онд Тээврийг удирдах газар, 19-р бааз салахад би 19-р баазын даргаар томилогдон ажилласан. Б.М нь миний мэдэхийн 1987 онд цэргээс халагдаж ирсэн гээд Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9, 10 сарын үеэс 1990 оны 7 сар хүртэл, Авто тээврийн 19-р баазад 1990 оны 7 сараас 1991 оны 4, 5 сар хүртэл жолоочоор ажилладаг байсан. Засварчин ч хийж байсан. Хөдөө ажлын буюу дуудлагын УАЗ-469 машин барьдаг байсан. Тэгээд 19-р баазаас аймгийн Цагдаагийн газарт жолооч болоод явсан...Тасралтгүй ажиллаж байсан. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь салж нийлж, Тээврийг удирдах газар, 19-р бааз нь нэг нийлээд, нэг салаад байсан үе л дээ...Тэгээд ажиллаж байхад өмч хувьчлал болж, бааз татан буугдаж, хүмүүст машин техникийг нь хувьчилж өгөөд, Тээвэрчин компани байгуулагдаж, захирлаар нь 1993 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 44 дэхь тал)

Нэхэмжлэгч Б.М ын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4.1. Харин Б.М ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарт дээрх хугацааны цалин хөлс бичигдээгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний хаягийн хуудас №7 баримтад 1. Овог нэр: Б ийн М , 2. Төрсөн он сар өдөр: 1966-03-20...10. Хаана ямар ажилтай: Рашаант суманд ажилгүй...14. Хуудас бичсэн: 1984 оны 03 сарын 05 гэж бичигдсэн, Батлан хамгаалахын төв архивын Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад 1. Овог нэр: Б М . 2. Төрсөн он сар өдөр нас: 1966-03-20, нас 18. 3. Яс үндэс: Халх. 4. Үндсэн захиргаа: Мөрөн хот. 5. Одоогийн байгаа хаяг: ОСГ-3-10-11. 6. Юуны гишүүн: МХЗЭ. 7. Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: Ажилгүй...бүртгэлд авсан: 1984 гэж бичигдсэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдлээс 1983 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1984 онд ажилласан хоног, авсан хөлс: 4 дүгээр сард ажилласан хоног 30, тооцсон үндсэн хөлс 70, үүнээс урьдчилгаанд олгосон 56 гэх бичилттэй боловч албан тушаалтан гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна. Тодруулбал дээрх баримтуудаар Б.М 1984 онд ажилгүй байсан болох нь нотлогдож байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 13-20, 29, 36, 4 дэхь тал)

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Б.М ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: №*** дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэсэн бичилттэй *** дугаар Баталгаажилтын хуудас-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 6, 30-31 дэхь тал)

6.  Нэхэмжлэгч Б.М од холбогдох зарим тушаал байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1987 он, Тээврийг удирдах газар, Авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1991 оны тушаалыг шүүж үзэхэд Б.М ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/695 дугаар албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрыг Авто тээврийн 19 дүгээр бааз болсонтой холбоотой дээд газрын тогтоол, шийдвэр манай архивт шилжиж ирээгүй тул Б.М од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/898 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 7, 51 дэхь тал)

7.  Нэхэмжлэгч Б.М 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн 186 /212/ дугаар ангид алба хааж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 555550 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 22 дахь тал)

8.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Б ийн М ын, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан од нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА