| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1126 |
| Огноо | 2017-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Д.О холбогдох эрүүгийн 1806043021207 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суудаг, ажилтай, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д н О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол дээр иргэн Э.Сэндэртэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Энэ өдөр би хүүхдээ салхилуулах гээд явж байтал Ёндонжамц гэдэг залуу хүүхдийн машин дээр суухаар нь би босооч наадах чинь яаж чамайг даадаг юм бэ гэхэд эхнэртэйгээ нийлээд тэр залуу намайг доромжлохоор нь би уурлаад мөрөн дээрээс нь татахад малгай нь газар унасан. Гэтэл Урангоо нь намайг зүүн тал руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Гэтэл тэр залуу намайг өвдөг рүү цохихоор нь би маажчихсан. Тэгээд намайг бүр гараа далайгаад аймар цохих гэхээр нь би хүмүүсээ гээд орилоход хүмүүс ирсэн.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Сэндэрийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч Г.Урангуагийн өгсөн мэдүүлэг /хх-25/, гэрч Г.Ёндонжамцын /хх-50 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №6157 /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, шүүгдэгч Д.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол дээр иргэн Э.Сэндэртэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч Э.Сэндэрийн өгсөн: “"2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нөхөр Ёндонжамц, хадам эгч Урангуа нарын хамт автомашины зогсоол дээр машин байрлуулах гэж байсан. Тэгээд хүүхэд унадаг жижиг машин зам дээр байхаар нь манай нөхөр Ёндонжамц холдуулж тавиад машинаа байршуулсан байсан...бид нар цаашаа явж байхад О гэх эмэгтэй араас хүүхдээ тэвэрч бууж ирээд Ёндонжамцийн ар дагз руу цохиж малгайг нь унагасан...Тэгээд хоорондоо маргалдаад О гэх эмэпгэй Ёндонжамцтай зууралдаад байсан. Зууралдаж маргалдаж байх үед О гэх эмэгтэй Ёндонжамцыг өшиглөхөд халаасанд байсан гар утас нь унаж дэлгэц нь хагарсан. Тэгээд нөхрийгөө салгах гээд О гэх эмэгтэй та тайван бай, хүүхэд чинь айчихлаа гэж хэлээд гараараа хориглоход чи муу халтайсан юм цаашаа зайл гэж хэлээд нүүр рүү 2 удаа самардаж нүүр маажсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Урангуагийн өгсөн: “О гэх эмэгтэй бид 3-ын араас хүрч ирээд Ёндонжамцын толгой руу цохиод малгайг нь унагаасан. Манай дүү Ёндонжамцыг өшиглөж халаасанд нь байсан гар утас нь газарт унаж дэлгэц нь хагарсан. Тэгээд манай бэр Сэндэр очоод та яаж байнаа нялх хүүхэдтэй юм байж болиоч гээд түлхэхэд О гэх эмэгтэй Сэндэрийг өшиглөж цохьсон...Сэндэрийн нүүрийг харахад баруун шанаа, зүүн хацарт маажигдсан байсан.” /хх-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ёндонжамцын өгсөн: “О гэх эмэгтэй ирээд ар дагз хэсэг рүү цохиж малгай унаж, баруун хөл рүү өшиглөж халаасанд байсан гар утас унаж дэлгэц хагарсан. Тэгээд манай эхнэр Сэндэр эрэгтэй хүний толгойд хүрдэг ямар хаашаа юм гэж хэлэхэд О гэх эмэгтэй явах, явахгүйгээ чамаар заалгах юм уу гээд Сэндэрийн нүүрийг цохиж маажсан. Тэгээд Сэндэрийг аваад цаашаа холдоход нүүр нь маажигдсан цус гарч байсан.” /хх-50 / гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №6157:
1. Сэндэрийн биед дух, баруун шанаа, зүүн хацарт зулгаралт, жирэмсэн, умаайн булчингийн чангарал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-31/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/,
Шүүгдэгч Д.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Сэндэр нь мөрдөн байцаалтын явцад гар утасны дэлгэц хагарсан гэж 300.000 төгрөгийн нэхэмжилнэ гэсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар, хохиролтой холбоогүй хохирогчийн нөхрийн гар утас байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Харин хохирогч Э.Сэндэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.О ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д
зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.О нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Э.Сэндэрийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Э.Сэндэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС