| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 2525000000153 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
2025 09 03 2025/ДШМ/47
Г.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Г-н А, Монгол Улсын иргэн,
Яллагдагч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд аймгийн сумын багийн тоотод хамтран амьдрагч М.О рүү аягатай хоол шидэж дух хэсэгт нь оносон, толгой, нүүр рүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний зовхи, зүүн шуу, цээжинд цус хуралт, дух, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
“... Шүүх яллагдагчийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шалгах нь хэргийн зүйлчлэлд өөрчлөгдөхгүй, хэргийн аль нэг оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд хамааралтай, оногдуулах ялыг тогтоосон байдалтай холбоотой хэрэгжих учиртай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Үндэслэл нь:
Яллагдагч Г.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан ба прокуророос түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл яллагдагч Г.А нь прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан байна.
Шүүх шийдвэр гаргахдаа яллагдагч Г.Аын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр байдлыг яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэх үндэслэл дурдан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр дахин гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлж болохоор хуульчилжээ.
Хуулийн агуулгаас үзэхэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэх бөгөөд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд хууль зүйн дүгнэлт хийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой, хэргийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулснаар түүний эрх зүйн байдал дээрдэхгүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эдлэх ял шийтгэлийн эрх зүйн үр дагавар өөрчлөгдөхгүй, харин хууль хэрэглээний зөв практик тогтоох нь Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зорилт, зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэж байна.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр заасны дагуу шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэх Хууль ёсны зарчимд нийцэхээр байтал анхан шатны шүүх яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг нэгтгэх, тусгаарлах эрх хэмжээ нь дан ганц прокурорын эрх хэмжээ тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх асуудлыг шүүх хэрхэх талаар шийдвэрлэх эрх хэмжээг тусган өгсөн байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Г.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд аймгийн сумын багийн тоотод хамтран амьдрагч М.О рүү аягатай хоол шидэж дух хэсэгт нь оносон, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч А.Т урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, “... гэмт хэргүүдийг нэгтгэн шалгах нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, хэргийн аль нэг оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй ..., шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай “ гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорын газарт буцаасныг эс зөвшөөрч прокурор Ц.Лхамсүрэн эсэргүүцэл бичсэн байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.
2015 онд батлагдан 2017 оны 07 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг Шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтойг үгүйсгэхгүй.
Харин хэд, хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үйлдсэн гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч нь өөр гэмт хэрэгт холбогдоогүй, эсхүл түүний үйлдсэн гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хэргийг нэгтгэх тухай зохицуулалтыг хэрэглэх боломж хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд
хэдийгээр яллагдагч нь гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү яллагдагч, шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.
Яллагдагч Г.Ат холбогдох дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүйн дээр яллагдагчийн өмгөөлөгч А.Т-ны гаргасан хүсэлтийн “...Г.А нь өөр гэмт хэрэгт холбогдсон ... ” гэсэн үндэслэл нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй атал анхан шатны шүүх түүний хүсэлтийг дангаар үнэлэн хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгчийн захирамжид заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгчийн захирамжид дурьдсан ... яллах дүгнэлтэд хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн ... гэсэн хэсгийн тухайд прокурор яллах дүгнэлтдээ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ... гэж /хх 80/ алдаатай бичсэн нь тухайн хэргийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй боловч прокурор дээрх зөрчлийн талаар цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Ат урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
С.УРАНЧИМЭГ