Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2020/00062

 

А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэртэй, А сумын Засаг дарга С.Бийн нэхэмжлэлтэй, тус сумын 01 дүгээр багт оршин суух Ц ХХК-ны захирал Н  овогт Х-ы Б, тус компанийн гишүүн, Н  овогт Х-ы Х нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах тухай.

 

 

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын Хаш багийн нутаг дэвсгэр Бурхад нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №020057524 тоот гэрчилгээ олгосон байна. Иргэн Х.Б, Х.Х нарт Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар газар олгосон нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргав. Үүнд:

 

1.Иргэн Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, газар тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм.

 

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д ...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх гэжээ. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б, Х.Х нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар ноцтой зөрчсөн явдал мөн. 3.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар үнээр нь худалдах, эсвэл 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

 

4.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийн ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б, Х.Х нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан ...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна гэснийг ноцтой зөрчиж байна.

 

5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан. Гэтэл Х.Б, Х.Х нар нь 200 га газраа 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг хадлангийн бус хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна.

 

6. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж хатуу заасан тул Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,47.3-д заасан үндэслэлээр Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай А\47 тоот захирамжаар хүчингүй болгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу танайд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ

 

 

 

Хариуцагчийн тайлбарт: Алтанцөгц сумын Засаг дарга С.Бийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А\47 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй. Өмчилсөн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Х.Б, Х.Х бид хоёр Алтанцөгц сумын Хаш 1-р багийн нутаг болох Бурхад хэмээх газраас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан. Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий Бурхад хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос Алтанцөгц сумын Хаш 1-р багт харьяалагдах болсон түүхтэй. Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн хашаа, саравч, эргүүлэгтэй худаг, скалад, халуун ус, өвсний фондын чулуун хашаа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдэн хэрэглэж байгаа. Тэрнээс хойш Бурхад толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацарганын томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгийн) ХХААХҮЯамны ЖДҮХСанд болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа. Доод хэсэгт миний аав болох Ансабайн Х-ы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Бурахадад) Х гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Бурхад гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой. Бурхад хэмээх газарт газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой, нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан. Учир иймээс 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж ХААГазар, ХХААЯам, УИХ-ын ХХАА-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн Ц ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Бурхадад амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Х-ы айлын Х.Б, Х.Х нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан. Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын ХАА-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЭХӨЭТХЭХБЭУ Бүртгэлийн 000000 тоот гэрчилгээг олгосон. Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модны ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх халдлагаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж, Бурхад хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан. Өмчлөл газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-ийг баримтлан хариуцагч Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн Бурхад гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Алтанцөгц сумын Засаг дарга С.Б миний бие Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа 200 га газрыг хураан авах тухай иргэн Х.Б, Х.Х нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаартай шийдвэрийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэг: Болсон асуудлын талаар

 

1. Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Бурхад гэх газраас бэлчээр, хадлангийн зориулалттай ашиглагдаж ирсэн 200 га талбай бүхий газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаартай захирамжаар иргэн Х.Б, Х.Х нарт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.2-д заасан дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх журмыг зөрчиж, аж ахуйн зориулалтаар буюу фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар хууль бус өмчлүүлсэн, газар өмчлөгч Х.Б, Х.Х нар нь тухайн газрыг 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байж Монгол улсын иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон заалтыг зөрчсөн, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д заасан дуудлага худалдаагаар өмчилж авах эрхийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар Газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Иргэний өмчийн газрыг шүүхийн журмаар хураан авах үндэслэл болсон юм.

 

Хоёр: Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн

 

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч Х.Б, Х.Х нарт Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг үндэслэн 200 га газрыг фермер байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2008.05.22-ны өдрийн №000067574 дугаартай гэрчилгээ олгосноор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар газар өмчлөх эрх нь баталгаажсан ... Энэхүү Алтанцөгц сумын Засаг дарга /С.Б/-ын 2018.06.12-ны өдрийн Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай А/47 дугаартай захирамжийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон байна. Иймд Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн Бурхад гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Учир нь нэхэмжлэгч өмчлөх эрхийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх, өмчлөх эрхтэй холбоотой хуулийн зүйл заалтыг үндэслэж шийдвэр гаргах боломжгүй.

 

2.2. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай А/47 тоот захирамжийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үндэслэлээр, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасан өмчлөгч нар Газар тариалангийн газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасан Газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно гэснийг зөрчсөн үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас өмчилж авсан 200 га газрыг шүүхийн журмаар хураах шийдвэр гаргахад саад болохгүй. Харин ч өмчлөх эрх нь хэвээр хадгалагдаж байгаа иргэний өмчилсөн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан журмаар шүүхийн журмаар хураах шийдвэр гаргах юм. Хэрэв өмчлөгч Х.Б, Х.Х нарын өмчлөх эрх хүчингүй болсон тохиолдолд Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар шүүхийн журмаар хураах шийдвэр гаргах боломжгүй болох юм.

 

2.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсэгт Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал болжээ. Тухайлбал: Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д Засаг даргын нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон бол, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д Газар өмчлөгч иргэнд хориглосон хуулийн хориглолт байгаа. Харин анхан шатны шүүх нь хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримталж шийдвэр гаргах байтал, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг баримталж, шүүхийн шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Энэ нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж гомдол гаргаж байна.

 

2.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг ишлэл болгосон нь 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх эд баялгийг төрийн нийтийн өмч болгосон учир Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3-р зүйлд зааснаар төрийн нийтийн өмч нь ганц нэг хүний өмч бус, нийтээр ашиглаж, үр шимийг нийтээр хүргэх өмч болох юм. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан.

 

2.5. Хариуцагч Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглагдаж ирсэн, одоо хүртэл бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглаж байгаа болох нь хавтаст хэргийн материалаар нотлогдсон, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байхад Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай иргэнд өмчлүүлж болно гэж заасан заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй явдал нь хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бэлчээр (хадлангийн талбай), нийтийн эдэлбэр газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлэхийг хориглосон байгааг шүүх анхаараагүй байна.

 

Гурав: Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

 

3.1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл-д ... Тухайн газарт байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байна гэжээ. Хариуцагч Х.Бын шүүх хуралдаанд өгсөн тайлбарт Бид тухайн газраас 100 гаруй машин өвс хаддаг болсон. 100 гаруй машин өвс хадаж авч байна гэжээ. Эдгээр нотлох баримтууд нь Х.Б, Х.Х нар нь өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тариалангийн зориулалтаар ашиглахгүй байгаа гэдгийг нотолж байна.Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг буруу үнэлж, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь батлагдаагүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

 

3.2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Х.Б, Х.Х нар нь өмчилж авсан 200 га газрыг өнөөдрийг хүртэл хадлангийн болон мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглаж, эзэмшиж байгаа болох нь мөн Ц ХХК байгуулан ажиллаж Тирлик захад тэмээний сүү, хоормог, үхэр ямааны сүү нийлүүлж байгаа нь сүү, цагаан идээ, мах, ноос ноолуур нийлүүлж байгаа фермер байгуулан ажилласан нь батлагдсан, фермерийн цогцолбор барих төсөл боловсруулсан, Чацарганын суулгац худалдан авах гэрээ хийсэн зэргээр нотлогдсон гэжээ. Гэтэл хариуцагч Х.Б, Х.Х нарын сүү цагаан идээг Тирлик захад нийлүүлсэн явдал, ноос, ноолуур тушаасан байдал, фермер байгуулах төсөл зохиосон, чацарганын суулгац авах гэрээ зэрэг нь Газар тариалан эрхлэх зорилгоор өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж байгааг нотлох баримт биш. Тирлик зах дээр мал бүхий бүх иргэд сүү, цагаан идээг борлуулдаг, түүхий эдийг, ноос ноолуур арьс ширийг тушаадаг. Гэхдээ Тирлик зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлж, ашгийн төлөө ажилладаг салбар бүрийн ченжүүд байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага-д хамаарах нотлох баримт биш.

 

З.З. Хариуцагч Х.Б, Х.Х нар нь мал аж ахуйн төрөлжсөн фермерийн аж ахуй байгуулах тохиолдолд тэдэнд Газрын тухай хуулийн дагуу бэлчээр, хадлангийн зориулалтаар газар эзэмшүүлдэг болохоос бус Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3-дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр Газар өмчлүүлэх боломжгүй юм. Энэ талаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй байна.

 

3.4. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч С.Б миний бие 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1/51 дугаартай хүсэлтийг бичгээр гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нарын өмчилж авсан 200 га газарт газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргуулах шинжээч томилох хүсэлтийг бичгээр гаргасан байсан. Гэтэл шүүгч Х.Б, Х.Х нар зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрсдийн тайлбар, Захиргааны хэргийн шүүхээс явуулсан үзлэгээр батлагдсан тул дүгнэлт гаргах шаардлага байхгүй гэж хүсэлтийг буцааж өгсөн. Харин шийдвэр гаргахад зориулалтын бусаар ашигласныг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй гэж намайг буруутгасан. Энэ нь шүүгчийн ёс зүй зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж гомдол гаргаж байна. Иймд шүүгч өөрөө хүсэлтийг буцаасан тул шинжээч томилох хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн зөрчлийг арилгах боломжтой гэж үзнэ.

 

3.5 Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний бие 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авсан. Шийдвэр гарснаас хойш бүтэн 1 сар 18 хоног буюу 48 хоногийн дараа гардуулж өгсөн. Гэтэл хариуцагч Х.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүх шийдвэрлээд 7 хоногт шийдвэрийг гардаж авсан байсныг шийдвэр гардуулсан хуудасны тэмдэглэлээс үзэж, учрыг шүүгчийн туслахад хэлсэн. Надад ямар зорилгоор хугацаанд өгөөгүй бэ, миний бие өмгөөлөгчөөр дамжуулж шийдвэрийг гардан авах талаар байнга шаардаж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 28-нд аймагт ирж өмгөөлөгч бид хоёр шийдвэр нэхэхэд шүүгчийн туслах шийдвэр бичгээр гараагүй гэсэн хариу өгсөн. Гэтэл маргааш нь 6 дугаар сарын 29-нд дуудаж, шийдвэр ав гэхээр тэр өдөр хүлээн авсан. Тухайн үед би аймгийн төвд байсан. Энэ нь ноцтой зөрчил бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.

 

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан 200 га газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа Х.Б, Х.Х нараас хураах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

 

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас хариуцагч Х.Б, Х.Х нарт холбогдуулан тус сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тухайн газрыг хууль бусаар өмчлүүлсэн, газрын суурь үнэ 230707200.00 төгрөгийг төлөөгүй, өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар өмчлөөгүй гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тус газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлж байна. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилтээ хүлээж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд ... хамгаалж, усалгааг сайжруулсан... Өвс, хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж, хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон гайхамшигтай үр дүн гарсан... гэж хариу тайлбар гаргасан байна.

 

 

 

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[1] Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн Бурхад гэх газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн ба тэдгээрийн нэр дээр нэгж талбарын 030200017 дугаартай, улсын бүртгэлийн Г-020200010 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 020057524 дугаар гэрчилгээ[2] олгожээ. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай үнэлгээгээр тус газрын үнэлгээг 230707200.00 төгрөгөөр тогтоогджээ. Түүнчлэн тухай газрыг өмчлүүлсэн Бугат сумын Засаг даргын үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Аудитын газрын ахлах аудитор Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын хүсэлтийн дагуу хяналт, шалгалт хийж, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн аудитын танилцуулга[3] үйлдсэн нь хэрэгт авагджээ.

 

Мөн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тухайн үед Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Нурахметээс гэрчийн мэдүүлэг[4] авсан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд тэрээр Миний бие Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байх үед буюу 2008 онд энэхүү захирамжийг гаргасан. ... Миний бие 2 удаа ийм том газрыг өмчлүүлэх боломжгүй гэж татгалзсан. Дараа нь 4 дүгээр сарын үед Хөдөө аж ахуйн яамнаас утасдаж, ...Х.Хуанган, Х.Б нар нь фермер байгуулах гэж байгаа, боловсруулсан төсвийн төсөл нь батлагдана, тийм учраас газрын асуудлыг нь шийдвэрлэж өг гэсэн чиглэл өгсөн. Нэгэнт яамнаас шаардсан тул миний бие энэ захирамжийг гаргасан нь үнэн... гэж мэдүүлсэн байна. Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Х.Хуанган, Х.Б нарт өмчлүүлсэн 200 га газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийсэн газрын нийт талбайн хэмжээ 217.35 га, уг газарт Х.Хуанганы өвөлжөөний байшин, малын хашаа хорооны хамт, Х.Минатын хаваржааны байшин, малын хашаа хорооны хамт, Х.Жалдетийн өвөлжөөний байшин, малын хашаа хорооны хамт, Х.Аманкелдийн өвөлжөөний байшин, малын хашаа хороо, өвсний хашааны хамт байрладаг, тухайн газарт байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байгаа талаар үзлэгийн тэмдэглэлд[5] тусгагдсан байна.

 

 

 

3. Алтанцөгц сумын Засаг даргаас иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай захирамж[6] гаргаж, тус сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгосон боловч иргэн Х.Б, Х.Х нар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг баримтлан, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, газар өмчлөх эрхийг дуусгавар болгох, хязгаарлах тухай харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ хуулиар газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах, газар өмчлөх эрхэд халдах эрхийг сумын Засаг даргад олгоогүй байна. гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. гэж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. гэж заасныг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасан аймгийн Засаг даргын бүрэн эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтад заасан сумын Засаг даргын бүрэн эрх, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан иргэний өмчийн газрыг хураах журам зэрэгтэй харьцуулан тайлбарлахад, сумын Засаг дарга нь иргэний газар өмчлөх эрхийг өөрөө шийдвэр гаргаж хязгаарлаж үл болох бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэл гаргах замаар шүүхэд мэдүүлж, иргэнд өмчлүүлсэн газрыг шүүхийн журмаар хураах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна.

 

 

 

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, мөн зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу иргэн өмчийнхөө газрыг газар тариалангийн зориулалт бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий харьяаллын шүүх харьяалан шийдвэрлэх маргаан мөн бөгөөд уг нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцжээ.

 

 

 

4. Нэхэмжлэгч Алтанцөгц сумын Засаг даргын нэхэмжлэл үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлөлийн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргуулах гэж тодруулсан[7] бөгөөд хариуцагч Х.Б, Х.Х нар нь Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар, тус сумын Хаш багийн Бурхад гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар өмчлөхгүй байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тал тухай 200 га газрыг үндсэн зориулалтаар нь буюу газар тариалангийн зориулалтаар өмчилж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, тариалан эрхэлж байгаа тухайгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй байна.

 

 

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад зааснаар газар өмчлөгч иргэн нь газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.Б, Х.Х нар 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш энэхүү үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой, үүрэгтэй боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлжээ.

 

 

 

Хариуцагч нараас тухайн өмчилж авсан газрыг хамгаалалтад авч, усалгааг сайжруулсан, үүний үр дүнд өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдсэн, усалгаатай хадлангийн талбайн аж ахуй эрхэлж, өвс хадаж малчдад борлуулдаг гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч нар тухайн 200 га талбайд буюу тариалангийн талбай, эсхүл атаршсан газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, тариалангийн зориулалтаар өмчилж байна гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагч нь хариу тайлбартаа тухайн газарт газар тариалан эрхэлж эхлээгүй, санхүүжилт хүлээж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд тухайн газарт ямар нэгэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй, харин байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

 

 

Иймд 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Алтанцөгц сумын Засаг даргын шийдвэрээр 200 га талбайтай газар өмчилж авсан хариуцагч Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүргээ биелүүлээгүй, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалт бусаар буюу хадлангийн талбай болгон ашиглаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон учраас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гаргасан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын нэхэмжлэлийг хангаж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураахаар шийдвэрлэв.

 

 

 

Давж заалдах шатны шүүх Алтанцөгц сумын Засаг даргын хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай шийдвэр гаргахдаа, хоёр хүнд их хэмжээгээр буюу 200 га газрыг өмчлүүлсэн, хариуцагч нар уг газрыг өмчилж авсан цагаас, удаан хугацааны турш зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг илэрхий үйл баримтууд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.3 дахь заалтад тусгасан иргэнд газар өмчлүүлэхэд баримтлан зарчим бүхий нийтийн эрх ашигт нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

 

Хариуцагч Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрыг хураан авсан энэхүү шүүхийн шийдвэр нь тухайн газарт оршин суугч Х.Хуанган, Х.Минат, Х.Жалдет, Х.Аманкелди нарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар, хууль ёсоор газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг үл хөндөхийг тэмдэглэж байна.

 

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож Тогтоох нь:

 

 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Н  овогт Х-ы Б, Н  овогт Халамжаны Х нарт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаар захирамжаар фермер байгуулах, газар тариалан-ийн зориулалтаар өмчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 020057524 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 030200017 дугаартай, улсын бүртгэлийн Г-020200010 дугаарт бүртгэгдсэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр баг, Бурхад гэх газарт байрлах 200 га газрыг хураасугай. гэж, 2 дахь заалтыг: 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Баяннуур сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Б, Х.Х нараас 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баяннуур сумын Засаг даргын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 4 дүгээр тал.

 

[2] Хэргийн 5 дугаар тал.

 

[3] Хэргийн 62-64 дүгээр тал.

 

[4] Хэргийн 78 дугаар тал.

 

[5] Хэргийн 80 дугаар тал.

 

[6] Хэргийн 8 дугаар тал.

 

[7] Хэргийн 61 дүгээр тал.