Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00033

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00033

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ****ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ХХК-ийн,

Хариуцагч: Ц.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,418,750 (арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2025/01903/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ****ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 11,418,750 төгрөг. Энэхүү дүнд: Үндсэн төлбөр 7,612,500 төгрөг, анз 3,806,250 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2015.04.23. Гэрээ дуусгавар болох огноо: 2015.11.25-30. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2015.11.25.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө өр авлагыг ****ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ****ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцлөөр дэмждэг. Ц.Г нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 7,612,500 төгрөг байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1.  2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ТШ-2015/Бу№22 дугаар 2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 825,000 төгрөг, урьдчилгаа 412,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 412,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Тус гэрээгээр 000570214 дугаартай Хөвсгөл аймгийн Тариалан суманд байрлах 20га, Ц.Г ын нэр дээр газрыг барьцаанд тавьсан болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувь байхаар тооцоход алданги 206,250 төгрөг болно. Иймд ТШ-2015/Бу№22 дугаар 2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 412,500 төгрөг, алданги 206,250 төгрөг, нийт 618,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

2.  2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ҮР-2015/Бу-№009 дугаар 2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 8,000,000 төгрөг, урьдчилгаа 800,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,200,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Тус гэрээгээр 000570214 дугаартай Хөвсгөл аймгийн Тариалан суманд байрлах 20га, Ц.Г ын нэр дээр газрыг барьцаанд тавьсан болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувь байхаар тооцоход алданги 3,600,000 төгрөг болно. Иймд ҮР-2015/Бу-№009 дугаар 2015 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 7,200,000 төгрөг, алданги 3,600,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

 

Иймд хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ болон хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,418,750 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч ****ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** ХХК нь Ц.Г ад холбогдуулан хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ болон хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,418,750 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.

Хариуцагч нь үндсэн төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул алдангиас татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 41 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ХХК нь хариуцагч Ц.Г ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,418,750 (арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...хариуцагч үндсэн төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул алдангиас татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нэхэмжлэлийн шаардлагыг багасган, алданги 3,806,250 (гурван сая найман зуун зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 7,612,500 (долоон сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг төлж барагдуулан, зохигч эвлэрсэн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн үнэ 11,418,750 (арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавь) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 197,650 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Г аас 7,612,500 (долоон сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 136,750 төгрөгийн 50 хувь болох 68,375 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ****ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Г ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,418,750 (арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги 3,806,250 (гурван сая найман зуун зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзан зохигч эвлэрч, хариуцагч Ц.Г зээлийн үндсэн төлбөр 7,612,500 (долоон сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Г аас улсын тэмдэгтийн хураамж 68,375 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА