Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

 

 

 

 

 

  2025       09         03                                             2025/ДШМ/48

 

 

                                              Д.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Ц.М

Шүүгдэгч                                                     Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т

Хохирогч                                                       Р.О

Хохирогчийн өмгөөлөгч                            Д.Э

            Нарийн бичгийн дарга                             О.Орхонсэлэнгэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Р.О-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-н О, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим    аймгийн     сумын     баг           урд талын засмал зам дээр       улсын дугаартай “Toyota Rumion” /Тоёота Румион/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган  явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Оыг мөргөж, түүний эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

 

Шүүгдэгч Б овогт Дн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Оын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.От авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.От анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Оаас 12.246.110 төгрөг гаргуулж,10.241.808 төгрөгийг хохирогч Р.Од, 2.004.302 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгож,

 

   хохирогч Р.Оын нөхөн төлбөр, олох байсан орлоготой холбоотой болон цаашид гарах эмчилгээний төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

   эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн     аймаг     сум     баг      уулзварын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Р.О давж заалдах гомдолдоо:

 

“... Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед миний хөлийг дайрч улмаар баруун хөлний шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясгы хугарал, шагайн үений мултрал бүхий хүнд гэмтлийг учруулж, энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна.

Одоо бага зэрэг алхаж явж байгаа боловч жаахан яваад хөл хавдаж доод хэсэг рүү лугшиж өвдөөд удаан явж чадахгүй байна. Цалин мөнгөгүй болж хүүхдүүдийнхээ наад захын хэрэглээг нь хангаж чадахгүй, хүүхдийн мөнгөөр нь хоол хүнсээ аваад хаанаа ч хүрэлцэхгүй хүндхэн байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар 1 жилийн хугацаатай тогтоогдож сард 680,000 төгрөг авахаар болсон.

Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өглөөнөөс орой болтол машин угааж олсон орлогоороо амьдарлаа авч явж ирсэн. Дээр нь банкнаас байрны зээлтэй тул зээлээ төлж чадахгүйгээс орох орон гэргүй болох нөхцөл үүсч байгаа тул үнэхээр гомдолтой байна. Шүүх миний иргэний нэхэмжлэлээс нөхөн төлбөр нэхэмжилсэн хэсэгт нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д эрүүл мэндийг хохироосноос хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг тогтоох замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан байхад шүүх хуулийн энэ заалтыг яагаад хэрэглэх боломжгүй талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Мөн шүүх сэтгэл санааны хохирлыг тооцохдоо буруу тооцооллоо гэж үзэж байна. Энэ тухай үндэслэлээ хурал дээр тодорхой тайлбарлах болно.

Хэдийгээр энэ хүн намайг санаатай дайраагүй ч гэсэн замын хөдөлгөөнд маш хариуцлагагүй оролцсон. Надад учирсан хохирлыг нэхэмжлэлээр бичгээр гаргаж холбогдох баримтуудыг өгсө байхад надад учруулсан хохирлыг төлж арилгах талаар ямар ч санаачлага гаргаагүйгээс гадна миний биеийг яаж байна гэж асууж байгаагүй тул маш гомдолтой байна. Түүнд оногдуулсан ял шийтгэл хэт хөнгөдлөө гэж үзэж байна ... ” гэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитой илэрхийлээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилаагүй байхад анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Р.Оын зүгээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргасан /шийтгэх тогтоолд тусгагдсанаар/ байтал шүүх үүнийг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой заах ёстой бөгөөд үндэслэл тодорхойгүй үед хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл болон бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж, түүнийгээ нотолсон байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзвэл зохино.

Гэтэл шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хэрхэн нөхөн төлөх талаар бодитой илэрхийлээгүй шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба ямар үндэслэлээр шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх “Тэнсэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ "...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж, биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай.

Шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй, уг үг, баталгаа нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалгаж, дүгнэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах бөгөөд үүнийг үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болохыг илэрхийлдэг.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул энэ талаар огт тайлбар, дүгнэлт хийгээгүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа:

“... Шүүхээс Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ялыг тэнссэн.

Мөрдөн байцаалтын ажиллагааны үеэс эхлэн Д.О өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид учисан гэм хорын хохиролын зарим хэсгийг төлж барагдуулсан мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн юм.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад Д.Оын гэр бүл буюу хууль ёсны нөхөр нь биеийн байдал муу, зүрхний хүнд өвчний улмаас Улаанбаатар хотод эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгааг илэрхийлж энэ талаар нотлох баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргасан. Д.О анх удаа, болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа түүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж үйлдэлд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хохирогчоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... “ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.О тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо нөхөн төлнө ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: ... прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Р.О тайлбартаа: ... прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч Р.Оын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд буюу зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-17/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “ ... хүрэн улаан өнгийн тээврийн хэрэгсэл ногоон өнгийн гэрлэн дохиогоор уулзвар луу орж, явган хүний гарцаар ногоон өнгийн гэрлээр алхаж байгаа явган зорчигчийг мөргөж байгааг харуулав ... ” гэсэн тэмдэглэл /хх 19-20/,

хохирогч Р.Оын “ ... ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үед улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн үед миний баруун хөлийн өсгийн дээгүүр гарч би газар унасан ... ” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

гэрч Ц.С-н “ ... аавын      улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээж жолоодоод             талбай руу уруудаад гэрлэн дохиогоор баруун эргэтэл ээж огцом тоормозлоод яанаа ээж нь хүн мөргөчих шиг боллоо гээд буугаад хартал газар нэг эгч хэвтэж байсан. Тэгээд бид хоёр сандраад би эмнэлэг рүү залгаад, ээж цагдаа руу дуудлага өгсөн ... машины цонх хоёр талаараа цантсан байдалтай байсан учраас сайн хараагүй юм шиг байна лээ ... ” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,

гэрч Ө.Б-ны “ ... ажил руугаа явж байтал эхнэрийн дүү Д над руу залгаад О эгч        талбайн баруун урд талд машинд дайруулчихлаа, би дайруулсан газар нь ирсэн байна, та хүрээд ирээч гэж гар утсаар залгасан. ... иртэл О газар хэвтсэн байдалтай босож чадахгүй, 3 цагдаа ирсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 38/,

иргэний нэхэмжлэл 2.004.302 төгрөг ЭМДСан /хх 41-42/,

шинжээчийн 74 дугаартай “... Р.Оын биед баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо ... хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ...” гэсэн дүгнэлт /хх 49-50/,

Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 37 дугаартай дүгнэлт,

Мөрдөгчийн 08 дугаартай “...     улсын дугаартай Тоёота Румион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д-н О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй /хх 74-75/ гэсэн магадлагаа,

Мөрдөгчийн нэмэлтээр гаргасан 11 дугаартай “...     улсын дугаартай  маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн байна ...” гэсэн магадлагаа /хх 78-79/ зэрэг нотлох баримтуудаар

шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагийн орчимд         улсын дугаартай        маркийн автомашиныг жолоодон        аймгийн        сумын         баг        талбайн урд талын уулзвараар эргэх хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 10.1, 16.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Оын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Оын гаргасан “... Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг боломжоороо төлнө ... ” гэсэн мэдүүлгийг үндэслэн түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ уг мэдүүлэг бодит байдлаар биелэгдэх боломжтой эсэхийг тогтоогоогүй байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Тодруулбал: Шүүгдэгч  нь хохирогч Р.Од учруулсан хохирол, хор уршгийг  нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний мэдүүлгээр хангагдахгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оыг хохирлоо нөхөн төлөхөө бодитой, хэрэгжихүйц байдлаар  илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад

 

анхан шатны шүүх түүнийг хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч Р.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч Р.Оын гаргасан давж заалдах гомдлын “... шүүх хохирлыг буруу тооцоолсон ...” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисныг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.От урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч Р.Оын гаргасан давж заалдах гомдлын “ ... түүнд оногдуулсан ял шийтгэл хэт хөнгөдсөн гэж үзэж байна ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

 

                        ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРХҮҮ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ