Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1127

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х д холбогдох эрүүгийн 1806 00307 1177 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Х  овгийн Б  Х .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Х 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “И Март” худалдааны төв дотор байрлах Вургер Кинг түргэн хоолны газрын ажилчдын өрөөнд иргэн Г.Лхамдуламын цэнэглэж байсан 576.000 төгрөгийн үнэтэй ай фоне эс-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Лхагвадуламын өгсөн мэдүүлэг /хх-9-13/, “Дамно” ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-16-17/, шүүгдэгч Б.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч Б.Х ын ял шалгах хуудас /хх-36/ баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Х 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “И Март” худалдааны төв дотор байрлах Вургер Кинг түргэн хоолны газрын ажилчдын өрөөнд иргэн Г.Лхамдуламын цэнэглэж байсан 576.000 төгрөгийн үнэтэй ай фоне эс-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

 

        Мөрдөн байцаалтад хохирогч Г.Лхамдуламын өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бургер кинг”  ажил дээрээ очсон. Ачаалал ихтэй байсан тул гаднаас бараа ирэхээр нь би бараа зөөж байсан. Тэр үед миний утасны цэнэг дуусч байсан тул ажилчдын өрөөнд 14 цаг 30 минутанд оруулж цэнэглээд санал хүсэлтийг хайрцаг дээр тавьсан. Бараагаа зөөж дуусаж байхад Б.Х  орж ирж байсан. Менежертэй уулзаад гар тогооноос гараад явж байсан…Өрөөндөө ороход миний гар утас алга болсон байсан. Тэгээд камер шүүгээд үзэхэд хуучин манайд ажиллаж байсан Батболд овогтой Хишигжаргал 15:10 цагт ороод 15:41 цагт гарч байгаа бичлэг бичигдсэн байсан.” /хх-9-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хишигжаргалын яллагдагчаар өгсөн: “…Би 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэл “Бургер кинг” түргэн хоолны газарт ажиллаж байсан. Би ажлаасаа гарахаасаа өмнө “Бургер кинг”  түргэн хоолны газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Март” худалдааны төв дотор байрлах салбарт нь ажиллаж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуучин ажиллаж байсан газартаа очиж хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаад ажилчдын өрөөнд ус уух гэж байгаад цэнэглэсэн байсан ай фоне эс-6 маркийн гар утсыг салгаж аваад гараад явсан. Уг гар утсыг тухайн үед хэний гар утас гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаагаас яриад “та хүн гар утас авч явсан байна” гэж хэлэхээр нь би айсандаа таслаад хаясан. Тэрнээс хойш өөр газар ажиллаж байгаад баригдсан. Би уг авсан гар утсаа “Теди” төвийн гадаа аваачаад 50.000 төгрөгөөр зарсан.Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.”/31-32/ гэх мэдүүлэг,     

 

-“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-17/,

-Шүүгдэгч Б.Х ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-36/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Х  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Лхамдуламд 576.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Хишигжаргалын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “И Март” худалдааны төв дотор байрлах Вургер Кинг түргэн хоолны газрын ажилчдын өрөөнд иргэн Г.Лхамдуламын цэнэглэж байсан 576.000 төгрөгийн үнэтэй ай фоне эс-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруу нь хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х  нь хохирогч Г.Лхамдуламд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хишигжаргалд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х  овгийн Б  Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Х  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Х  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС