Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00776

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00776

 

 

Г.Б -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б -ы "Р" ХХК, Б.А нарт холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 186 900 000 төгрөг гаргуулах, хариуцагч "Р" ХХК-ийн зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, хариуцагч Б.А , хариуцагч "Р" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 12 дугаар сард Б.А Хари Балл нарыг танилцуулж ОХУ руу явж 200 000 тонн улаан буудайн гэрээ хийсэн боловч хэрэгжих боломжгүй болсон учир рапс нийлүүлэхээр болсон. Улмаар зуучлуулагч талын хүсэлтээр би ОХУ-ын Барнаул хотод түрүүлэн очиж, бараа бэлтгэн нийлүүлэх байгууллагатай уулзаж paпс бэлтгэн нийлүүлэх байгууллагуудыг судлаж өөрийн танилаар дамжуулан АБТИС ХХК-тай холбогдож 10 тонн бараа бэлтгэн нийлүүлэхээр болсон. Дараа нь О.Ганбаяр, Б.А нар ОХУ-д ирж тухайн зуучлалын гэрээг байгуулсан. Миний зүгээс зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ОХУ-д өөрийн түншүүдтэй уулзаж зуучлуулагчийн эрх ашгийн өмнөөс уулзалт ярилцлага хэлцэл хийх ажлуудыг биечлэн хариуцаж байсан. Дээрх хүчин чармайлтын дүнд paпс бэлтгэн нийлүүлэх гэрээ "Р" ХХК болон АБТИС ХХК-ийн хооронд байгуулагдсан. Зуучлагч болох миний бие гэрээнд заасан үүргээ шударгаар зохих ёсоор биелүүлсэн боловч "Р" ХХК-ийн зүгээс гэрээний 3.3-т зуучлалын хөлсний урьдчилгаа төлбөр болгож 125 000 юанийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор зуучлагч талд шилжүүлэх, 3.2-т үйлчилгээ үзүүлсэний төлбөрт 1 тонн тутамд 50 юань буюу нийт 500 000 юань төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 500 000 юань буюу нийт 186 900 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Р" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Б -ы дурдсан шиг зуучлалын гэрээ байгуулагдсан үйл баримт болоогүй. Б.А над руу холбогдоод Г.Б - ОХУ-д байна, барааг БНХАУ руу гаргахын тулд Монгол Улсын компанийн нэрээр дамжуулах хэрэгтэй гээд миний нэр дээрх компанийн нэрийг ашиглахаар болсон. Тухайн үед яг яаж ашиглах гэж байгааг сайн ойлгоогүй ч Б.А ын үгэнд итгээд түүнтэй хамт ОХУ руу тамга тэмдэгээ аваад явсан. Г.Б - нь итгэл төрөхөөр олон зүйл ярьсан. Б.А нь надад худал хэлж, хуурч байгаагүй учраас итгэсэн. ОХУ-д очиход Г.Б - нь Монгол Улсаас н.Батхуяг гэж хүн ирнэ гэсэн ирсэнгүй гээд өр төлбөрийн барьцаа, зардалаа биднээр төлүүлсэн. Тэрээр н.Батхуягтай гурил, цагаан будаа нийлүүлэх гэрээ хийх гэж очсон ч тэр нь очоогүй байдаг. Хожим Г.Б -ы хэлсэн зүйл бүгд худлаа байсныг хэн хэн нь ойлгож, түүнтэй харьцахаа больсон. Гэтэл тухайн үедээ намайг хуурч төөрөлдүүлж гарын үсэг зуруулсан гэрээг ашиглан ийнхүү нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хамтран хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б -тай найз А.Мөнхбаатараар дамжуулан танилцсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Б - надаас 40 000 000 төгрөг зээлээд ОХУ руу явсан. Үүнээс хойш худлаа яриад зугатаад байсан учир түүнтэй ажиллахгүй, зээлсэн 40 000 000 төгрөгөө авна гэхэд өөр ашигтай бизнес байна гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн.

Үүний дараа Г.Б - ...рапсын наймаа хийх гэсэн юм гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ямар нэгэн өр төлбөргүй компани олоод өгчих, зөвхөн нэрийг нь ашиглана... гэснийх нь дагуу найз О.Ганбаяр буюу "Р" ХХК-ийг Г.Б -д танилцуулсан. Г.Б - нь тухайн үедээ "Р" ХХК-ийн нэр дээр гэрээ хийхгүй бол ОХУ-аас нийлүүлэх рапс дуусах гээд байна, О.Ганбаярт анх надад ярьсан шигээ бүх зүйлийг худлаа ярьж, түүнд итгэл төрүүлсэн байсан. Ингээд түүний утсаар ярьсаны дагуу О.Ганбаяр, н.Батхуяг нарын хамт ОХУ руу явах болсон. Миний хувьд Г.Б -аас мөнгөө авах хүсэлтэй байсан ба миний мөнгийг өгөхийн тулд гэрээ хийх компани хэрэгтэй гэхэд найзыгаа танилцуулж гэрээг хийж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өглөө ОХУ-д очсон. Г.Б - зуучлалын гэрээ гэсэн зүйл өөрөө бэлдчихээд намайг байхгүйд найз О.Ганбаяраар гэрээнд гарын үсэг зуруулсан байсан. Г.Б - нь худалдан авагч талд үзүүлж, мөнгө авах зорилгоор гэрээг ашиглана гэж тайлбарласан, бид ч насны байдлаас нь хамаараад итгэсэн. Уг гэрээнд би гарын үсэг зураагүй. О.Ганбаярын ""Р" ХХК-д рапсын бүтээгдэхүүн ямар ч шаардлагагүй, тэгээд ч гэрээнд бичсэн шиг Г.Б - бид 2 түүнд зуучлах хэрэгцээ шаардлага, бэлтгэн нийлүүлэх санаа бодол төлөвлөгөө огт байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Р" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Б - нь БНХАУ-ын компанид энэ гэрээг үзүүлж байж урьдчилгаа авахад хэрэг болно гээд намайг тулгаж гарын үсэг зуруулж, компанийн тамга даруулсан. Гэтэл Г.Б - тухайн үед ОХУ-ын Барнаул хотод байх үед өөр зорилгод хэрэглэх гэж гарын үсэг тамга даруулж, хэлбэрийн төдий бичигдсэн гэрээг бодитой зүйл болгон нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, Г.Б - нь надад зуучлаагүй, би зуучлуулаагүй бөгөөд манай компани Paпс худалдан авах хэрэгцээ шаардлага байгаагүй, дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Иймд зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар "Р" ХХК, Б.А нарт холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 500 000 юань буюу 186 900 000 төгрөг гаргуулах Г.Б -ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Г.Б -д холбогдох зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч "Р" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгч Г.Б - нь 1 092 450 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Р" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б - давж заалдах гомдолдоо: Рийчвүүд ХХК нь ОХУ-ын АБТИС худалдааны хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй гэрээ байгуулсан ба уг орос хэл дээрх гэрээг орчуулсан баталгаат орчуулга нь хэрэгт авагдсан. Г.Б - нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж талуудыг хооронд нь холбон өгч, гэрээ байгуулахад зуучилсан болох нь хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн талууд зуучлалын гэрээг харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дах хэсэгт хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно гэсний дагуу гэрээний хугацааг тохиролцоогүй байж болно. Гэтэл шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудыг гэрээний хугацааг тодорхойлоогүй учир гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн хэрэглээний алдаа болсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг үндэслэл болгохгүйгээр харин хариуцагч талын бодит үндэслэлгүй тайлбарыг шууд үндэслэлтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Г.Багчулууныг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаас худалдагч, худалдан авагч, гэрээний талууд нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудад хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримттай танилцах хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй орхигдуулсан байна.

Мөн хэргийн оролцогчийн биеийн байдал муудан хуралдаанаас гарсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй шүүх хуралдааныг нэхэмжлэгч талаас хүн байлцуулалгүйгээр үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.Б - нь хариуцагч "Р" ХХК, Б.А нарт холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 500 000 юань буюу 186 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч "Р" ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлага гаргажээ.

Г.Б -, "Р" ХХК нар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ бичгээр байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх 5-6/ Хариуцагч "Р" ХХК-ийн захирал О.Ганбаяр манай компанийн нэрийг ашиглахаар болсон, ... гэрээнд хуурч төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан хүчин төгөлдөр бус гэрээ ... гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрч Н.Жуков, Д.Батхуяг нарын мэдүүлэг, мөн нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Б -, хариуцагч "Р" ХХК-ийн төлөөлөгч О.Ганбаяр нар ОХУ-д очсон, мөн ОХУ-ын иргэн Татьяна Ивановна Суткова нь О.Ганбаяр, нэхэмжлэгч нарт рапсын зах зээлийн үнэ, хэмжээний талаарх зурвас явуулж байсан үйл баримтууд тогтоогдож байна. /1хх 169-171, 189-194, 2хх 174-175, 201-204/

Хариуцагч "Р" ХХК-ийн төлөөлөгч нь гэрээ байгуулахдаа өөрөө ноцтой төөрөгдсөн, мөн түүнийг хууран мэхэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймээс нэхэмжлэгч Г.Б -, хариуцагч "Р" ХХК нарыг өөрсдөө гэрээний агуулгаа тодорхойлон, хүсэл зоригийн үндсэн дээр 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 002 дугаартай гэрээ байгуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь алдаатай боловч давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой байна.

Нэгэнт талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал зуучлалын гэрээгээр рапс бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. /1хх-5/ Нэхэмжлэгч Г.Б - нь зуучлалын хөлсийг хариуцагч нараас шаардаж буй үндэслэлээ ... ОХУ-ын АБТИС ХХК-тай холбогдож, рапс бэлтгэн нийлүүлэх гэрээг хөнгөлттэй нөхцлөөр худалдан авах гэрээ байгуулан, 10 000 тонн рапс авахаар тохиролцсон, ... зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ОХУ-д өөрийн түншүүдтэй уулзаж, ярилцага, хэлцэл хийх ажлыг хийсэн, үүний үр дүнд "Р" ХХК, АБТИС ХХК-тай рапс нийлүүлэх гэрээ байгуулсан ... гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. /1хх1, 2хх-201-202/ Иймд нэхэмжлэгч нь хариуцагч "Р" ХХК-аас зуучлалын хөлс шаардах эрхгүй. Түүнчлэн уг зуучлалын харилцаанд хариуцагч Б.А ыг оролцсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч тал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан гэх хүсэлтээр шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулсан байна. /1хх 155-156, 186-187, 2хх 99-100, 115-116, 158-159/ Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мөн дээрх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүх харьцуулан үнэлээд хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх, тэгш байх зарчимд нийцжээ. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Б - нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг орхиж гарсан гэх боловч уг нөхцөл байдалтай холбоотой шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/02108 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД