Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

 

 

 

 

 

  2025       09         03                                             2025/ДШМ/50

 

 

                                              А.Ст холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Э.Г

Шүүгдэгч                                                     А.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Э

Хохирогч                                                       С.Б

            Нарийн бичгийн дарга                             Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Ст холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овогт А-ны С, Монгол Улсын иргэн,.

 

  Шүүгдэгч А.С нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчим       аймгийн     сумын      баг       тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн эх С.Б-н хоолойг боож, зүүн хөлийн өвдөг рүү 2-3 удаа атгасан гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн тойг ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Г  овогт А-ны Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Сыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.С давж заалдах гомдолдоо:

 

 “... надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэх ба хохирогч С.Бурмаагийн бие байдал хэвийн сэтгэл санааны хохирол болон өөр бусад хохиролгүй учир миний хэргийг дахин хянаж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ... ” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.С тайлбартаа: ... Би хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад оногдуулсан ялыг хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Э тайлбартаа: ... Шүүгдэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Б тайлбартаа: ... Би анх хүүгээ хашраах гээд цагдаа дуудаж өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү ... гэв

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Сын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр        аймгийн      сумын      багийн      тоотод өөрийн төрсөн эх С.Б-с архины мөнгө нэхэж, улмаар түүний хоолойг боож орон дээр унагаан, зүүн хөлийн өвдөг хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-н гэрчээр өгсөн “... гэртээ ганцаараа байж байтал хүү С гэрт орж ирээд надаас мөнгө нэхэж, мөнгө байхгүй гэсэн чинь хөлийг чинь нугалаад хаячихья гэж хэлээд миний хөлийг хөшиж нугалж хоолой боож гэмтээсэн ... байнга согтуу ирээд нөдөөс мөнгө нэхэж, дарамталдаг ...” гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

мөн түүний хохирогчоор өгсөн “... С над руу дайрахдаа миний хоолой хэсгийг баруун гараараа боож орон дээр унагааж байгаад хоолой боохоо болиод ... 4 мөчийг чинь мөчлөөд хаячихья ... гээд зүүн хөлний өвдөгний нүд хэсэг рүү гараа атгаж байгаад баруун гараараа 2-3 удаа цохисон, тэгэхээр нь би ... боль миний хүү ээжийгээ битгий ингэ ... гэж хэлсэн, тэгсэн чинь надад юм хэлэлгүй гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм ... миний хоолойг боох үед хоолой хэсэг улайсан байсан ба миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисны улмаас миний зүүн хөл гишгэхэд зовиурлаж явж чадахаа байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 15-17/,

гэрч А.А-н “...ээж Бурмаа 18  цагийн орчим миний гар утас руу залгаад С миний хөл рүү цохисноос болж миний хөл гишгэж болохгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би яахаараа таны хөл рүү цохидог юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй, согтуу байна лээ гэж хэлсэн, тэгэхээр нь би хөдөө явж байсан болохоор дүү П-г ээж рүү явуулсан юм ... ” гэсэн мэдүүлэг /хх 20/,

            гэрч П.А-ны “... манай эхнэр Б миний гар утасны руу тус өдрийн 18 цагийн орчим залгаад С агсам тавьж намайг зодоод байна, хурдан ирээрэй гэж хэлсэн. Би ажлаасаа буугаад гэртээ яваад ирсэн чинь манай эхнэрийн хөл нь гэмтчихсэн гишгэж болохгүй байна гэж байсан. Тэгээд намайг ажлаасаа бууж гэртээ ирэхээс өмнө манай дүү П манайд очоод Б-г аваад эмнэлэгт үзүүлсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

            хохирогч С.Б-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 386 дугаартай “ ... С.Б-н биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” гэсэн дүгнэлт /хх 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Сын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож,

түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч А.С нь “... надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол, мөн хохирогч С.Б нь “... миний биеийн байдал хэвийн, сэтгэл санааны байдал хэвийн, хохиролгүй, гомдолгүй ...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Э нь “ ... шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн саналыг гаргажээ.

 

Хууль тогтоогч тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд хуульчилж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэдэг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага оногдуулах зорилго, төрөл нь

дан ганц гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээс хамааралгүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээгээр буюу 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сын “... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ             

 

                        ШҮҮГЧИД                                                     Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                              С.УРАНЧИМЭГ