Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

 

 

 

 

 

2025       09        03                                           2025/ДШМ/51

 

 

М.М, М.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Шүүгдэгч                                                       М.М, М.О

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч                     Б.Б, О.С, Н.М

Хохирогч нарын өмгөөлөгч                      Д.О /цахимаар/

Нарийн бичгийн дарга                               Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Э.Энэрэл, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлоор М.М, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Е овогт М-н М, Монгол Улсын иргэн,

 

Б овогт М-н О, Монгол улсын иргэн

 

М.М нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Э-г “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч     аймаг    сум    баг      худалдааны төвийн нотариатын газар зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг авсан,

 

мөн хамтран амьдрагч М.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан ... “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж          аймгийн        сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч, 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Ниссан Мурано” маркийн     улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч” гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу бусдад 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

шүүгдэгч М.О нь хамтран амьдрагч М.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориулаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан ... “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж     аймаг      сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Ниссан Мурано” маркийн      улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч ... гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу

бусдад 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 103,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.М, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Е ургийн овогт М-н М, Б ургийн овогт М-н О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бүлэглэн, үргэлжилсэн үйдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан Орхон аймаг Баян-Өндөр сум болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Он цагдан хоригдсон 178 хоногийг, М.Мын цагдан хоригдсон 131 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 71 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Мын асрамжинд байгаа 10 настай А.М 14 настай М.М 2 настай М.А, 2 настай М.А       регистрийн дугаартай хүү М.А нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

   Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо: ... 2025 оны 06 дугаар сарын 02-нд болсон анхан шатны шүүх хурлаар О бид хоёрын гэм бурууг шүүхдээ Он дансанд үзлэг хийсэн. А байцаагчийн зөвхөн дэлгүүр орсон дансны хуулга баримтаар дүгнэсэн. Гэтэл энд тухайн үед намайг карт болон Он дансыг ашигласан гэж О болон прокурор ярьдаг боловч Он карт Улаанбаатар хотод уншигдаад зарлага гаргаад байгаа баримт нь дансных нь хуулган дээрээс харагддаг. Жишээ нь 2022 оны 09 дүгээр сарын 07-нд хохирогч Бэхбатаас 2.000.000 төгрөг Он дансруу орж буцаагаад 9 дүгээр сарын 07-ндоо R          hotel  U     гэсэн зарлага 1.700.000 төгрөгөөр посоор карт уншуулж тэр өдрөө             гэсэн данс руу 0 гэсэн утгатай 3.500.000 зарлага гарч байгаа нь 2 дугаар хавтаст хэргийн 201-203 хуудаснаас харагддаг. Тухайн үед миний ээж П нь авто аваарт орж хагалгаанд орж би сахиж байсан. Ингээд шүүгээд харахаар орж ирээд бөөнөөрөө гараад байгаа дансыг шүүж үзээгүй. Яг хэн нь захиран зарцуулаад байгаа АТМ-ээс гарсан зарлагын гүйлгээнүүдийг М миний бие бэлэн мөнгө аваад байна уу? О өөрийн картанд орсон мөнгийг аваад байна уу? гэдгийг шалгаж мухарлаагүйгээс О би үүнийг зарцуулаагүй М миний картыг ашигласан “У” гэсэн утгатай мөнгөн шилжүүлэг нь М өөрөө миний интернет банкаар орж шилжүүлэг хийгээд байгаа байх мэдэхгүй гэсэн битүү зүйл ярьдаг. Гэтэл 2022 оны 07 дугаар сараас авахуулаад гүйлгээ хийхдээ “U”, “m” гэх гүйлгээний утга тавьж шилжүүлэг хийж эхэлж байгаа нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний 2 дугаар хавтас хэргийн 197 хуудаснаас эхэлж харагддаг. Гэтэл би энэ үед өөрийн дансаа ашиглаад явж байсан нь 2 дугаар хавтаст хэргийн дансны хуулгаас харагддаг. 2025 оны 06 дугаар сарын 02-нд болсон гэм буруугийн шүүх хурлын үеэр дансанд үзлэг дахин шалгаж өгөөч ээ гэж гуйсан боловч үндэслэлгүй гэж авсан үзсэн. Гэтэл энэ хэрэг 2022 оны 05 дугаар сарын 30-аас нийт 8 удаагийн үйлдэлтэй 2023 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл болсон үйл явдал энэ үе миний ээж 2022 оны 09 дүгээр сарын 07-нд авто осолд орж 2023 оны 01 дүгээр сар хүртэл ээжийгээ сахиж тухайн үед одоо 2 нас хүрч байгаа хоёр ихэр маань олдоод 5 сартай жирэмсэн хордлого, даралт ихтэй гарч чадахгүй ээжийгээ давхар асардаг байсан энэ үед О морин циркийн сургагч багш хийж цалин нь данс руу нь карт руу орно гээд надад картаа өгдөг байсан би гэрийнхээ ойролцоо дэлгүүр орж картыг нь уншуулдаг байсан. Энэ үед хүмүүсээс авсан мөнгийг хааш нь яаж зарцуулж байгааг би мэдэхгүй Үйлдвэр барина тоног төхөөрөмж авна гэж ярьдаг байсан болохоор би нэг их санаа тавьж асууж байгаагүй дээр дурдсанчлан тэр үед ээж маань асаргаа ихтэй би өөрөө ихэр жирэмсэн байсан. 2023 оны 05 дугаар сарын 23-нд хоёр ихэр хүүгээ өлгийдөж авч 2023 оны 08 дугаар сарын 02-нд О Х улсаас ирж А байцаагчид хэлснээр байцаалт эхэлсэн. Ог Хятад улсад байхад би мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө Отай холбогдож асуухад би судалсан нялх хүүхэдтэй хүнийг барьж хорихгүй намайг бол шууд хорино гэж хэлэхээр нь би үнэн учрыг ярилгүй бүх бурууг өөр дээрээ авч мэдүүлэг өгч байсан. Тухайн үед би анх удаа ийм асуудалтай тулгарч нялх биетэй дээр нь маш их айдастай байсан. Өмгөөлөгч авч байцаалт өгөхөө мэдэхгүй гэм бурууг зөвхөн өөр дээрээ авч мэдүүлэг өгч байсан тэгж явсаар 2024 оны 12 дугаар сарын 06-ны гэм буруугийн шүүх хурлаар орсон айдас түгшүүр маань тийм, үгүй гэсэн хариултаар шүүх хуралд оролцсон. Би маш их хүмүүсийг хохироосон хохиролгүй л болгоё гэсэн бодол дээрээ төвлөрч байснаас энэ их мөнгө хайччихав ард үлдэж байгаа 4 насанд хүрээгүй хүүхэд архины хамааралтай аав бие муутай ээж минь яах билээ гэж бодолгүй зөвхөн хүмүүсийг хохироосондоо маш их харамсаж тэр пайнагталтаасаа айдаснаасаа гарч чадалгүй шүүх хурал дуусгаж 2024 оны 12 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 гэсэн зүйл ангиар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж        аймаг           сум         хорих ангийн цагдан хорих байранд хоригдож хоригдсон хугацаанд шийтгэх тогтоол маань шүүхийн сонсгосноос зөрүүтэй ирсэн учраас Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хурал маань 2025 оны 03 дугаар сарын 12-нд болж анхан шат руугаа буцаж миний бие М нь хувийн баталгаанд гарах хүсэлт өгснөөр 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солиулсан юм. Цагдан хоригдоод 4 сар 10 хоноод 4 хүүхэд дээрээ очиход хоёр ихэр хүү минь /2 настай/ хатигандаа баригдаж үс нь халцарч санах, бэтгэрэх сэтгэл санаа нь стресс нь деппресс болсон гэсэн оноштой хатиг гарах үс халзарч унах гэсэн шинж тэмдэгтэй дунд хүү минь /9 настай/ хумсаа мэрдэг реплекстэй сэтгэл санаа нь тогтворгүй ээжээ намайг чимхээд үздээ би зүүдлээд байна уу та ахиж биднийг орхиж явахгүй тийм ээ битгий намайг хаяж яваарай гэх бүлтэгнэх үрсийн минь гунигтай харц намайг би нээрээ юу хийчих вэ энэ их мөнгө хаашаа явчихав хоёр ихэр хүүгээ төрөхөд хүртэл том хоёр хүүгийнхээ аваас мөнгө зээлж юмыг нь бэлдэж байсан шүү дээ гэх бодлоос Он дансыг шүүж үзсэн юм. 2024 оны 12 дугаар сарын 06-ны гэм буруугийн шүүх хурал дээр 15.000.000 төгрөгийг хүүтэй нь 18.000.000 сая болгож өгч байсныг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож байсныг 2025 оны 06 дугаар сарын 02-нд гэм буруугийн шүүх хурал дээр гэмт хэргийн шинжтэй гэж авч үзсэн би Отай нийлэхдээ машины өр буюу 22.000.000 сая төгрөгний өртэй байсан хохирогч 8 хүний мөнгөнөөс 2 хүний мөнгийг өрөндөө өгсөн минь үнэн бусад хүмүүсийн мөнгө хаашаа яаж зарцуулагдсаныг нь шүүж үзэхэд миний мэдэхгүй зарлага маш их байсан. Тийм учраас хувийн баталгаанд байх хугацаандаа шүүж үзсэн Он дансны тэмдэглэлийг энд тусгаж байна ... Тухайн үед би гэртээ байсан О над руу залгаж манай найз уулзая гэж байна чи уулзаад за гэж хэлээрэй гэсэн би бие өвдөөд байна гэхэд нэг удахгүй уулзаад л болоо гэж хэлсэн тэгээд Luxusry лоунжид дуудсан очиход О найз У гээд найзтайгаа сууж байсан найзтай нь ойр зуурын юм яриад сууж байхад У-н найз Т гээд найз нь ирээд надтай мэндэлсэн ямар учиртай хүнийг нь асуухад надтай урьд нь ярьж байсан Э-н ах гэх хүн байсан. Тэгээд бид хоёр ярьж сууж байгаад ажил ярьж дуусаад би У гэх залуу О хоёр дээр буцаж ирээд юм ярьж сууж байсан. Т буцаж орж ирээд О У хоёрын хажууд надад өгсөн. Тэгээд би харьж О нэг ихү удалгүй араас ирсэн ирээд хар тортой мөнгийг авч гарсан аваад гарахад нь миний дүү болох С гэрт байсан Э-н найз Т гэх залуу 2023 оны 02 дугаар сарын 10-нд хар ууттай 10.000.000 төгрөг бэлэн өгч О авч гарч 2023 оны 02 дугаар сарын 10-нд АТМ руу орж өөрийнхөө данс руу орлогдож байгаа нь ... энэ бүх баримт 3 дугаар хавтаст хэргийн 228-235 дугаар хуудсанд харагддаг. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг сайтар хянан үзэж амьжиргааны эх үүсвэр хэн юунд хэрэглэж байсныг дахин шалгаж хэний мөнгөнөөс хэн нь хэдэн төгрөг ашиглан хэрэглэсэн байдлыг тогтоохын тулд уг хэргийг дахин шалгуулж өгнө үү. Шийтгэх тогтоолд тодорхой үнийн дүн бүхий дүгнэлт бүрэн хийгдээгүй байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: ... шүүгдэгч М.М гомдол гаргасныг дэмжиж, хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдолд дурдсан гэмт хэргийн улмаас бий болсон мөнгийг хэн хэрхэн яаж зарцуулсныг шалган тогтоогоогүй нь хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй тул шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна ... гэжээ.

 

Шүүгдэгч М.О тайлбартаа: Миний бие М.Мын давж заалдах гомдолтой танилцлаа. Давж заалдах гомдолдоо намайг илтэд гүтгэсэн худлаа зүйл их бичсэн байна. Үүнтэй холбоотой тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар хэлмээр байна ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О тайлбартаа: ... Миний данснаас гарсан мөнгөн гүйлгээг миний өөрийн мөнгө гараад байгаа юм уу, бусдаас авсан мөнгөнөөс зарцуулаад байгаа юм уу гэдгийг шалгаж үзээгүй, ялгаа, заагийг нь нь гаргаж өгөөгүйгээр хэргийг шийдсэн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Шүүдэгч М.М, өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Шүүгдэгч М.Огийн тухайд анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хугацаанд хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд маргаагүй, хүлээн зөвшөөрдөг ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Шүүхээс ял шийтгэл хөнгөрүүлсэн асуудлыг зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Мыг ганцаараа болон М.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 118.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

М.Ог М.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, зохиомол байдлыг зориулаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 103.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж тэдгээрийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэжээ.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.М нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... гэм буруу дээр маргахгүй байгаа, хэргийн зүйлчлэл дээр санал нийлэхгүй байна ... их хэмжээгээр гарсан гүйлгээнүүдийг би гайхаад байгаа ... шалгуулмаар байна ... ” гэж /7 дугаар хх 25/ мэдүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Мөн шүүгдэгч М.М нь давж заалдах шатны шүүхэд “ ... залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосныг хүлээн зөвшөөрөхгүй ... амьжиргааны эх үүсвэр хэн, юунд хэрэглэж байсныг дахин шалгаж өгнө үү ... ” гэсэн,

 

түүний өмгөөлөгч О.С “... гомдол гаргасныг дэмжиж байна... шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна ...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргаж, шүүх хуралдаанд дээрх гомдлоо дэмжсэн тайлбаруудыг тус тус гаргасан болно.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх дээрх хэргийг хуульд заасны дагуу 3 шүүгчийн  бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Э, Б.Д нарын нэрсийг бичээгүй /7 дугаар хх 7/,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч М.Мын ганцаараа хохирогч Н.Э-г залилах гэмт хэрэг үйлдсэнийг орхигдуулж, шүүгдэгч нарыг хамтатган ... бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг тус тус анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭРДЭНЭБАТ

 

                        ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРХҮҮ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ