Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 279

 

Ж.О, Б.Ү, Р.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Г.Галсанпунцаг, шүүгдэгч Ж.O, иргэний хариуцагч С.О, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, иргэний хариуцагч Л.У, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр магадлалтай, Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох 201701000001 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Ж.О, иргэний хариуцагч С.О, Л.У, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Д овогт Ж.О,

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Р.Б,

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Д овогт Б.Ү нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт” тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Прокуророос Ж.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ү-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ү-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ж.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

шүүгдэгч Р.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ү-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д тус тус зааснаар “Ө Т Ю” ХХК-иас 582,000,000 төгрөгийг, шүүгдэгч Р.Б-с 194,000,000 төгрөгийг, “Баухаус” ХХК-иас 90,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О, Б.Ү тус бүрээс 239,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар тус тус гаргуулж улсын орлогод оруулах,

Иргэний нэхэмжлэгч Ч.Т, В.О, Ж.М нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн -т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн ээг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

5 дахь заалтад “...Р.Б-н өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн /газартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 16 тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр ороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины граж..." гэснийг “....Р.Б, Б.О нарын өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн 1угаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууцны Р.Б-н хувьд ногдох хэсгээс, Р.Б, Б.О, Э.А, О.М нарын өмчлөлийн Ү-2203027176 бүхий бүртгэлийн дугаартай, сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гражийн Р.Б-н хувьд ногдох хэсгээс...” гэж,

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д    тус тус зааснаар “Ө Т Ю” ХХК-иас 582,000,000 төгрөгийг, шүүгдэгч Р.Б-с 194,000,000 төгрөгийг, “Б” ХХК-иас 90,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О, Б.Ү тус бүрээс 239,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Ө Т Ю” ХХК-иас буюу иргэний хариуцагч Л.У-с 833,000,000 төгрөг, шүүгдэгч Р.Б-с 25 хувь буюу 291,000,000 төгрөг, шүүгдэгч Ж.О-с 20,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-с 20,000,000 төгрөг, бүгд 1,164,000,000 төгрөгийг, “Б” ХХК-иас буюу иргэний хариуцагч С.О-с 160,000,000 төгрөг, шүүгдэгч Ж.О-с 10,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Ү-с 10,000,000 төгрөг, бүгд 180,000,000 төгрөг буюу нийт 1,344,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б, өмгөөлөгч А.Нацагдорж, Г.Должинсүрэн, Д.Цэрэнханд, иргэний хариуцагч С.О, Л.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.О гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэмт хэргийг сааатай зохион байгуулж, үгсэн хуйвалдан албан тушаалаараа дарамталж байсан талийгаач н.А-г гэмт хэргийн субьект биш , худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх бүхий этгээд биш хэмээн түүнийг нас барахын өмнө гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. 3 жилийн хугацаанд энэ хэргийг дутуу шалгаж байсан нь н.А прокурорттой холбоотой байсан. Хууль, дүрэм зөрчсөн болохыг Сангийн болон Хөдөлмөрийн сайд яамны хөрөнгө оруулалт санхүүгийн албаны эрх бүхий албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн төрийн сангийн эрх бүхий этгээдүүдээс тодруулга аваагүй. Албан тушаалтнууд нь зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдчихээд доод албан тушаалтнаа түлхэж болдог тохиолдлын тод жишээ болсон. Прокурор үндэслэлгүй төлбөрийн дүнг гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хэрэв албан тушаалын гэмт хэрэг гэж үзвэл хууль зөрчиж байгааг Төрийн сан тогтоох байсан. Сайдын багцаас мөнгө зарцуулах үед их засвар тоног төхөөрөмж зэргийг худалдан авах боломжтой байдаг. Сайд батлагдсан зураг төсөлтэй зүйлд хөрөнгө зарцуулах байсан нь өөрөө хууль зөрчсөн. Иймд хэргийг үнэн зөв шүүж, анхан шатны шүүх болон прокурорт буцааж баригдсан барилга байгууламжийг улсын комисст хүлээн авч улсыг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн байна. 

 

Мөн шүүхэд иргэний хариуцагч С.О гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосныг зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг буруу ойлгож дүгнэсэн. Халуун усны газар барих сонгон шалгаруулалтаар манай компанийг шалгаруулсан. Улмаар Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хороодын засаг дарга нартай уулзахад тэдгээр нь өөрсдийн бариулах газар баршлаа хүн амд үйлчлэх хүртээмж, автобусны буудлын ойролцоо, зам дагуу зэргийг бодолцож зааж өгсөн. Манай компанийн зүгээс халуун усны газрын эскиз зураг гаргаж, зарцуулагдах төсвийг мэргэшсэн төсөвчнөөр хийлгүүлсэн. Бидний барьсан халуун усны газар 6 өрөө, хувцас солих тусгай өрөө, үсчин, коридор, хүлээлгийн том өрөөнүүдтэй. Бохирын асуудлыг Герман улсад үйлдвэрлэсэн материалаар, хамгийн дэвшилтэт технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. С.О миний бие эрх бүхий байгууллагатай сайн дурын үндсэн дээр иргэний хэлцэл хийж, тэдний тавьсан саналыг хүлээн авснаар уг хэлцэл хүчин төгөлдөр болсон нь Иргэний хуулийн 39.1, 40.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байна. Түүнчлэн бидний буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Уг гэрээний үр дүнгийн талаар Иргэний хуулийн 343.2 дахь хэсэгт заасан байх бөгөөд манай компани энэ шаардлагыг бүрэн хангасан. Энэ тухай “халуун усны байрыг их цэвэрхэн, аятайхан барьсан байсан” гэсэн гэрч Х.Э-н мэдүүлэг хэрэгт авагджээ. Дээрхээс үндэслэн иргэний хариуцагчийн хувьд халуун усны газрыг гэрээ хэлцлийн дагуу хийсэн, түүнээс биш “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй ...” гэдгээ хариуцлагатайгаар Дээд шатны шүүхэд хэлэх нь зүйтэй байна. Иймд “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулсан”, “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон”, “Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах” гэж Монгол улсын Иргэний хуулийн 497.1, 497.3, 510.1-д зааснаар зүйлчилж, шүүхээс надаас болон манай компаниас төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр. Шүүхийн шийтгэх тогтоолд: “Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Б" ХХК-ийг шууд шалгаруулж давуу байдал бий болгосон” гэж бичжээ. Энэ “давуу байдал бий болгосон” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л-н мэдүүлгийг үзвэл, “Б" ХХК-ийн барьсан хоёр халуун усны газрын талаар тодорхой дурдаагүй байна. Аудитын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаар дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд, “Б” ХХК нь хоёр халуун усны газрыг барьж дуусгасны дараа тооцоо нийлж мөнгө төгрөгөө авч байсан. Мөн цахилгааны эрчим хүч авахын тулд олон метр газар кабель утас татах, объектийг хамгаалахын тулд төмөр хашаа барих зэрэгт ихээхэн хөрөнгө зарцуулсныг анхаарах нь зүйтэй байна. Магадлалын 30 дугаар хуудсанд: “... 156.827.748 төгрөгийн баримт дээр ‘Б “ ХХК-ийн нэр бичигдээгүй, компаниас бараа материал худалдан авсныг тогтоох боломжгүй” гэснийг иргэний хариуцагчийн хувьд анхнаасаа хүлзэн зөзшөөрдөггүй. Би тухайн үед бүх баримтуудыг бүрэн өгч шалгуулсан. Гэтэл миний зарим баримтуудыг тооцооноос санаатайгаар хассан. Би холбогдох бүх хүнд энэ тухай тэр дор нь хэлсэн боловч тоогоогүй. Одоо ганцхан “хийж, бүтээсэн зүйлийг биетээр үнэлж, хэдэн төгрөг зарцуулсан”-ыг харах л үлдэж байна. Гурав. Магадлалд дурдсан “Иргэний хуулийн 497.1, 497.3, 510.1-д зааснаар “Б“ ХХК-иас буюу иргэний хариуцагч С.О-с 160.000 сая төгрөг, шүүгдэгч Ж.О-с 10.000 сая төгрөг, шүугдэгч Б.Үаас 10.000 сая төгрөг, бүгд 180.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.”, “Хэрэгт битүүмжпэгдсэн үнэлгээ бүхий ... “Б" ХХК- ийн Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 2 ширхэг халуун усны цэг”-ийг... хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй.” гэсэн заалтууд нь хоорондоо авцалдсангүй гэж иргэний хариуцагчийн хувьд ойлгож байна. Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах бодлогын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд баригдан ашиглагдах, эко шийдэлтэй германий цахилгаан зуух, бойлорууд, жижиг оврын цэвэрлэх байгууламжтай нийт хоёр халуун усны газрыг комисст бүрэн хүлээлгэн өгснийг хохиролд тооцуулна гэсэн нь ямар ч утгагүй, буруу шийдвэр гаргалаа. Бидний барьсан хоёр халуун усны газарт Барилга хөгжпийн төвөөс шинжээчийн дүгнэлт гарсан. Би мөнгө төгрөг ашиглаагүй, бусдыг хуураагүй, зөвхөн л бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл надаас, компаниас мөнгө гаргуулж улсын орлогод оруулж байгаа нь буруу. Энэ бүгдийг нарийвчлан, хийсэн юмыг хийснээр нь, бодит юмыг бодит байдлаар авч хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгсөнгүйд анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гомдолтой байна. Нэгэнт иргэний гэрээ хэлцлийн дагуу хийгдэж баригдсан, эрх бүхий албаны хүмүүстэй комисс хүлээн авсан хоёр халуун усны газрыг хууль бусаар шийдвэрлэж, зориудаар төлбөр тооцоо ногдуулж, иргэн компанийг илт хууль бусаар хохироож байгаад гомдолтой байна. Иймд асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг нар хамтран гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг зөвшөөрөхгүй байна. Албан тушаалын хэрэг гэж үзвэл Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд хоёр үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашигласнаас болж ийм зүйл болсон. Бүрлээч гишүүнийг худалдан авах ажиллагаанд биеэр оролцох субьект биш, шийдвэр гаргах эрх бүхий хүн биш гэж тайлбарладаг. Намайг 30,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зүйд нийцэхгүй байна. Мөн бүрлээч гишүүнийг нас барахаас хэдхэн цагийн өмнө хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бидэнд хүндээр тусч байна. Энэ хэрэгт Улсын Их Хурлын гишүүн, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, түүний албан тушаалтнуудын талаар ярих ёстойг тойрч яваад байна. Иймд хохирол барагдуулах асуудлыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Л.У гаргасан гомдолдоо “Миний бие “Ө Т Ю” ХХК-ийн хамаарал бүхий этгээд, иргэний хариуцагчаар татагдан Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 833,000,000 төгрөг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэрээс 242,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй байсан ба тухайн үед би 75 хувийн хувьцаа эзэмшиж байгаагүй, 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан тул үүнийг эргэн харж, зөв шийдвэр гаргахыг хүсье. Мөн би БЗД-тэй хийсэн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд дээрх үйлдэлд шинжээч томилуулах хүсэлтэй байна. Энэ хэрэгт хамааралтай хүн болох Улсын Их Хурлын гишүүн асан Д.А-г гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бол тухайн үед түүний хамаарал бүхий компани байсан. Гишүүний албан тушаал хашихаа болиод өөрөө эзэмшилдээ 100 хувь шилжүүлэн авахаар нотариатаар батлуулж хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж хэлж байсан компани нь яагаад хариуцлага хүлээх болсонд гайхаж байна. Прокурорын тогтоол ямар арга замаар яагаад гарсан талаар эргэлзэж байна. Тиймээс энэ хэргийг прокурорт буцааж хэргийн бодит байдлыг олон талаас нь тогтоон шударгаар хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, зарим нэг заалтад өөрчлөлт оруулж, хохироын хэмжээг 291,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан. Хөдөлмөрийн сайдын 2014 оны 06 дгаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1,344,000,000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулаах төсөл болгон 804,000,000 төгрөгийн санхүүжилтын зориулалтыг өөрчилсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Албан тушаалын эрх мэдлээ урвуулсан ашиглах гэдэг нь албан тушаалын эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй, төр нийгэм, Иргэний хуулиар хамгаалагдсан эрх хуул ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавар, үйлдлийн хоорондох шууд шалтаант холбоо байдаг. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг албан албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх, эсвэл хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэхийг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл Р.Б нь ямар албан тушаалаа ашиглаж, өрийн ямар ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийвэл зохих үүргээ биелүүлэгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдэл байхгүй. Зөвхөн Улсын Их Хурлын гишүүн асан Д.А-н өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу сонгогдсон тойрогт нь хийх ёстой ажлыг түүний зааварчилгаагаар халуун усны газар, Ахуй үйлчилгээний төвийн барилгыг бариулсан. Одоо тухайн барилга, байгууламжуунд байх ёстй газартаа байгаа. Түүнийг Р.Б зарж, борлуулаагүй, ашиг олоогүй. Түүний тухайн үед эрхэлж байсан албан тушаал нь албаны эрх мэдэл урвуулан ашиглах боломжгүй байсан, ажлын чиг үүрэгт нь ямар ч холбоогүй бөгөөд гишүүний нөлөөллөөр хийж байсан ажил юм. Р.Б-г буруутгаж байгаа нотлох баримтуудад түүнийг буруутайг бус буруугүйг нотлох баримт бий. Улсын Их Хурлын гишүүн асан Д.А-н 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/1251 тоот “Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Г танаа” гэсэн албан бичгээр Улсын төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг Хөдөлмөрийн сайдын төвлөрсөн арга хэмжээний төсөвт тусгуулан өөрчлөх санал хүргүүлж, Хөдөлмөрийн сайдын багцад тусгуулсан Улсын Их Хурлын гишүүн өөрийн сонгогдсон тойрогтоо зарцуулах 1 тэрбум төгрөг Төсвийн тухай хуульд хэрхэн тусгуулж, батлуулж болдог гэдгийг нотолж байфгаа төдийгүй Улсын Их хурлын гишүүн асан Д.А сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-г дуудаж уулзаад 3.4 давхар байшин барих газар хэрэгтэй байна, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хэлж, асуудлыг өөрийн биеэр удирдаж хэрэгжүүлсэн. Яагаад гэвэл бага мөнгөөр 3-4 давхар худалдааны төв барих, гүний худаг ухах, иргэдэд ойр халуун усын цаг барих гэх мэтчилэн их ажил хийгдэх ёстой, хөрөнгө мөнгө нь хүрэхгүй байх боломжтой учир өөрөө удирдлагаар нь хангаж, төслөө хэрэгжүүлсэн” гэж тодорхой хэлсэн. Мөн Хөдөлмөрийн сайд асан Я.С гэрчийн мэдүүлэгтээ “миний хувьд Ж.О, Д.А, түүний туслах нарыг байлцуулж байгаад Ж.О-т хуулийн дагуу ажлыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Түүнээс биш сайдын хувьд хууль зөрчиж, хэн нэгэнд давуу байдал олго, ямар нэгэн компани, хувь хүнийг нэр цохсон зүйл байхгүй” гэсэн байдаг. Гэвч Улсын Их хурлын гишүүн асан Д.А Хөдөлмөрийн сайд асан Я.С-т албан бичиг өгсний маргааш буюу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Эрх шилжүүлэх тухай” тушаал гаргасан нь давуу байдал олгоогүй гэдэг нь няцаагдаж байгаа төдийгүй, гэрч худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Д.А-н гишүүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолын 1-д зааснаас үзэхэд гишүүний үйлдэл холбол хэрэгсэхгүй болж, зааварчилгааны дагуу ажлыг нь гүйцэтгэсэн Р.Б буруутан болж байгаа нь ойлгомжгүй. Харин Р.Б нь Д.А агсаны сонгогдсон тойрогт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд өгсөн үүрэг даалгаврын дагуу байсан бөгөөд санхүүгийн болон барилга угсралтын ажилд талийгаач гишүүн өөрөө байнга хяналт тавьж, саналаа хэлж, бүх асуудлыг зохицуулж байсан нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/6320 тоот албна бичгээс тодорхой харагдана. Анхан шатны шүүх 194,000,000 төгрөгийг Р.Б-с гаргуулахаар, харин давж заалдах шатны шүүх 291,000,000 төгрөг буюу 97,000,000 төгрөгөө нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шиийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь хэсэгт заасныг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ү-н өмгөөлөгч Г.Галсанпунцаг хэлсэн саналдаа “Бусад өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Хөдөлмөрийн яамны сайд асан Я.С холбогдох хүмүүсийг дуудаж, Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалтын ажил хийхээр төсвийн хөрөнгөөс 1,344,000,000 төгрөгийг зохих дансанд шилжүүлсэн. Тухайн хурлаар тендер зарлагдсан эсэх асуудал яригдсан. Төрийн сангийн ажилтнуудын буруутай үйлдэл байсан гэдгийг хэлье. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Энэ хэрэгт прокурорын хяналт маш сул байсан. Д.А гишүүнийг нас барсан өдөр прокурор түүнд холбогдох хэргийг хуульд байхгүй нэр, томъёо хэрэглэж хэрэгсэхгүй болгосон. Дээрх хууль зөрчсөн нөхцөл байдлыг шүүх анзаараагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зөвтгөх саналтай байна” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагч С.О-н өмгөөлөгч Я.Б хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчаар тогтоосон. Бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан хүнийг иргэний хариуцагч гэнэ. Гэтэл С.О нь хэн нэгний өмчид хохирол учруулсан, өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Улс төрийн нөлөө бүхий этгээдүүд энэ хэрэгт нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “Б” ХХК нь Баянзүрх дүүргээс зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулж, барилгыг барьж гүйцэтгэсэн. Гэтэл “Б” ХХК-ийг бусадтай бүлэглэн өөрт давуу байдал бий болгосон гэх байдлаар 160,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаа өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2020 оны 01 дүгээр 10-ны өдөр батлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 2 дугаар зүйлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар заасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв. 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Ж.О, иргэний хариуцагч С.О, Л.У, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Нийслэлийн прокурорын газраас Ж.О-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Р.Б-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Ү-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэргийн нөхцөл байдал, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О-т, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаалаар тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө болох 1,344,000,000 төгрөгийг хэлтсийн нэмэлт санхүүжилтийн данснаас гаргахыг нягтлан бодогч Б.Ү-д даалгасан байна.

 

Мөн “Ө Т Ю” ХХК-ийн захирал Л.У нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Р.Б-д тус компанийн 25 хувийн хувьцааг, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр компанийн эзэмшлийн “Хаан банк”-ны данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг шилжүүлжээ.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О нь “Б” ХХК-ийн захирал С.О, “Ө Т Ю” ХХК-ийн захирал Л.У нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ө Т Ю” ХХК-ийн харилцах дансанд нийт 1,164,000,000 төгрөгийг, “Б” ХХК-ийн харилцах дансанд нийт 180,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байх бөгөөд эдгээр компаниуд нь Баянзүрх дүүргийн 2, 9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв, халуун усны барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьж гүйцэтгэсэн байна.

 

Дээрх барилга, байгууламжуудын хувьд хэдийгээр барьж байгуулахдаа Монгол Улсад мөрдөгдөж буй Барилгын тухай, Газрын тухай хууль, тогтоомжуудын зохих зүйл, хэсгийг зөрчсөн, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд эрх зүйн харилцаа үүсээгүй газарт байрлалтай, энэ нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгаа, бусдын өмчлөлийн газартай давхацсан зэрэг зөрчлүүд тогтоогдсон байх боловч нэгэнт санхүүжилтээр шилжүүлэн авсан үнийн дүнгээс гүйцэтгэгч нар тодорхой хэмжээний материал, зардлын зарцуулалтыг хийж, үл хөдлөх хөрөнгүүдийг барьсан, эдгээр нь биет байдлаараа хаягтаа оршин буй тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлж, үнэлэгдсэн хэмжээгээр нь нийт хохирлын дүнгээс хасч, бодитой хохирлыг тогтоох шаардлагатай байна.

 

Баянзүрх дүүргийн 2, 9, 11, 19, 22, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт баригдсан ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв, халуун усны барилгуудыг Улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь эдгээр эд хөрөнгийн үнэлгээг бууруулахаас бус огт үнэ цэнэгүй болгож устаж үрэгдсэнд тооцох хэмжээнд нөлөөлөх нөхцөл байдал биш юм.

 

Ингэснээр уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт өгөх боломж бүрдэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Ж.О, иргэний хариуцагч С.О, Л.У, шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг нарын гаргасан гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН