Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0396

 

М.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.О-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрээр:
   1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/32 тоот тушаалыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй,
   2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,598,585 /арван нэгэн сая таван зуун ерөн найман мянга таван зуун наян тав/ төгрөгийг М.О-д олгож, М.О-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай,
   3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/32 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай,
   4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэл, шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тус бүрээр, хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулсан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг биелүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч нь хороо хариуцаж байсан мэргэжилтнүүдийн дунд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т тодорхой тоочиж, нэрлэж заасан шалгуур үзүүлэлтүүд тус бүрийг хэн нь илүү хангаж байгаа эсэхэд шалгаруулалт явуулах ёстой байжээ” гэж дүгнэлт хийсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сонгон шалгаруулалт явуулаагүй болохыг тогтоосон мөртлөө шалгаруулалт явуулах чиг үүрэг, уг шалгаруулалтын дүнг үндэслэн томилох бүрэн эрх нь шүүхийн эрх хэмжээ биш хариуцагчийн чиг үүрэг, бүрэн эрх тул албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан мэргэжилтний орон тоо цөөрсөн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Гэтэл нэгэнт хууль зөрчиж гаргасан тушаалыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сонгон шалгаруулалт нөхөн явуулах үндэслэлгүй бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой юм. Мөн шүүхийн шийдвэрт “...шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээ тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна” гэжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж хариуцагч талаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/2014 тоот албан бичгээр сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар нотлох баримтыг шаардсан боловч энэ талаар үндэслэл бүхий баримт, тайлбарыг ирүүлээгүй болохыг дурдсан байна. Ийнхүү шүүхээс шаардлагатай нотлох баримтыг шалгаж, тодруулах ажиллагааг хийсэн боловч сонгон шалгаруулалт явуулаагүй хууль зөрчсөн болох нь нотлогдсон байхад байхгүй баримтыг нэмж шалгаж, тодруулж, шинжлэн судлах боломжгүй тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
   Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Тус шийдвэрт хариуцагчаас “...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 54.1.8 дахь заалтын дагуу нэхэмжлэлээс татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хянаж шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан үүргээ анхан шатны шүүхээс хэрэгжүүлээгүй байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-д заасан “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэл, шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тус бүрээр, хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулсан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг биелүүлсүгэй” гэсэн нь тодорхойгүй шийдвэр байна. Учир нь маргаан бүхий акт нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан ба шалгаруулалтыг нөхөн хийх боломжгүй юм. Нэхэмжлэгчээс Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнээр 2 дугаар хороонд томилуулах шаардлага гаргасан бөгөөд дахин шалгаруулалт явуулах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
   Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.О нь “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол батлагдсан байна.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар харьяалагдах болжээ.
Дээрх тогтоолын дагуу аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгтгэн, тус хоёр хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдан “дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болон өөрчлөн байгуулагдсаныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ гэж үзэхээр байна.
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгууллагдснаар Сонгонихайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийт 76 ажилтныг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст цалингийн сангийн хамт” шилжүүлжээ.
Байгууллага нэгтгэн зохион байгуулагдсанаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт ... зэргийг баримтлан “Байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр хуучин дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний үйлчилгээний хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн М.О-г ажил, албан тушаалаас нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр чөлөөлж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаал гаргасан нь үндэслэлгүй юм.
Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгтгэсэнтэй холбоотойгоор “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан бөгөөд тус газрыг нийт 78 орон тоотой, түүн дотроо Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 42 орон тоотой байхаар баталсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн “хороо хариуцсан Нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалаар батлагдсан дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлага “Ерөнхий шаардлага” болон ажлын байрны үндсэн зорилт нь ижил байгаагаас үзвэл нэхэмжлэгч М.О-ийн өмнөх эрхлэж байсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан Нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг сүүлд батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдаж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, “Байгууллагын бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан тул...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.О-г ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн маргаан бүхий Б/32 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчжээ.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг... байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаар тушаалыг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгтгэн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж өөрчлөн байгуулагдаж, ажлын байрны орон тоо цөөрсөн тохиолдолд хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг нь М.О-ийн өмнө ажиллаж байсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан Нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн уг ажлын байранд тавигдах шаардлагыг Ц.Х, М.О нарын хэн нь үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг харгалзан үзэж Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтний ажил, албан тушаалд томилох байжээ.
Иймд “2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулж М.О-г ажил, албан тушаалаас нь чөлөөлж, уг ажлын байранд Ц.Х-г томилсон” гэх хариуцагчийн тайлбар болон холбогдох нотлох баримт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан...” гэсэнд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулж, уг ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага илүү хангаж байгаа ажилтны сонгон шалгаруулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэл бүхий байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг Ц.Х, М.О нарыг хэн нь илүү сайн хангаж байгаа эсэхийг сонгон шалгаруулах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар уг албан тушаалд томилох эрх бүхий этгээдэд олгожээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                            ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.О, хариуцагч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ                  С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР