| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0294/Э |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
2025 09 10 2025/ДШМ/52
О.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Хохирогч Б.Б
Нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Э.Энэрэл , шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор О.Бид холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт О-н Б, Монгол Улсын иргэн,
О.Бнь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуурсан үедээ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Б-г хардалтын улмаас хэвлийн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний язрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цээжний зүүн талын есдүгээр хавирганы хугарал, хуйх, баруун тохойнд зулгаралт, хоёр цавинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б овгийн О-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 2 жил 7 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялыг 2 жил 7 сар 5 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 14 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 7 /долоо/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 7 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 4 жил 5 сар 14 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Баас 1 631 828 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун хорин найм/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сан /100900020080, РД: 6263305/-д олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Бдавж заалдах гомдолдоо:
... Би өөрийн хамтран амьдрагч Быг байнга зоддог асуудал байхгүй бөгөөд хэрэг явдал болсон цаг хугацаанд түүнийг бусадтай хардаж харилцан маргалдаж улмаар хохирогчийн биед хохирол учруулсан үйлдэл болсон юм. Энэ байдал минь болвол тухайн үед гэнэт үүссэн таарамжгүй харилцааны улмаас үйдэж гарсан учир би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний холбогдсон хэргийн зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Бтайлбартаа: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад оногдуулсан ял шийтгэлийн хэмжээг багасгаж хөнгөлж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... О.Бид холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Б тайлбартаа: ... Надад одоо гомдол санал байхгүй учир ялын хэмжээг нь хөнгөрүүлж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Бийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б“ ... би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч
хавтаст хэрэгт хохирогч Б.Бын ... Б нь миний хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед миний хэвлий хэсгээр аймаар өвдөж байсан. Ингээд дуудсан таксины жолооч руу залгасан чинь хүлээж байгаад явчихсан гэж хэлсэн чинь Б миний утсаар яриад хэрүүл хийгээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх 57-58/,
гэрч Ж.Г-н ... албан ёсоор гэр бүл болсон юм байхгүй, одоогоос 4 жилийн өмнө охин минь хүүхэдтэй болсон, одоо хүүхэд нь 4 настай Б миний охинтой гэр бүл болоод амьдарсан зүйл байхгүй, ирж яваад л байдаг ... гэсэн мэдүүлэг /хх 60/,
хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 26 дугаартай “ ... Б.Бын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний язрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэх, хэвлийн хөндийг гуурс тавих хагалгааны дараах байдал, цээжний зүүн талын есдүгээр хавирганы хугарал, хуйх, баруун тохойнд зулгаралт, хоёр цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний язрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэх, хэвлийн хөндийг гуурс тавих хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ... ” гэсэн дүгнэлт /хх 65-68 / авагдсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн зүйлийн 5.1.6-д “Хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгохоор заасан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд (хамтран амьдрагч) энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хамааруулахаар тодорхойлсон байдаг.
Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “байнга” гэсэн тооны давтамжийг тухайн гэмт хэргийн объектив үндсэн шинж болгон хуульчилсан бөгөөд харин дээрх “байнга” гэх ойлголт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн шинжид хамааралгүй юм.
Шүүгдэгч О.Бийн шууд санаатай үйлдлийн улмаас хамтран амьдрагч Б.Бын биед хүнд хохирол учирсан, хохирогчид учирсан гэмтлүүд нь ...мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд ... болох нь шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Бийг шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бын биед халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 2 жил 7 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялыг 2 жил 7 сар 5 хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 14 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 7 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бийн “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний холбогдсон хэргийн зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
С.УРАНЧИМЭГ