Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1158

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Э.Д , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д д холбогдох эрүүгийн 1809 00000 0386 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд терсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 21-ний өдрийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ч  овогт Э н Д .

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

 

Шүүгдэгч Э.Д нь Б.Энхтөртөй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар" караоке үйлчилгээний төвийн гадна байрлуулсан 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки свит” маркийн автомашины цонхыг хагалж, “Ленова” маркийн зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 150.000 төгрөг, 18 ам доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлан авч хохирогч Б.Баясгаланд 2.590.408 төгрөгийн, “Делл М-4010” маркийн зөөврийн компьютер, компьютерийн цүнх, гар утас, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Батболдод 665.000 төгрөгийн, цүнх, түрийвч, 170,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахлын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн хавтас, флаш, Жи-Мобайлын сим карт, зургийн аппарат, соёмбо архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Л.Эрдэнэбатад 1.281.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “…Тухайн үед Б.Энхтөр намайг таксинд явуулах гэж дуудсан байдаг. Тэгээд бид хоёр таксинд явж байхад Улаанхуаран хавьд нэг хүнтэй уулзсан. Дараа нь буцаад хойгуураа явж байтал Б.Энхтөр Сансарын хавьд байрны голоор ороод буусан. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй байсан. Б.Энхтөр бууж яваад эргэж ирэхдээ цүнхтэй юм барьж ирээд “хөдлөе” гэхээр нь явсан. Тэгээд АТМ дээр очиж карт уншуулаад “болохгүй байна, чи уншуулаад өг” гэж Б.Энхтөр хэлэхээр нь би уншуулж өгсөн. Тэгээд сүүлд нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14/, гарын хээний мөр /хх-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-47, 52, 54/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-44, 48, 53/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-55/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-58-59/, хохирогч Б.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /1хх-78/, хохирогч Д.Батболдын өгсөн мэдүүлэг /1хх-87-88/, хохирогч Л.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, эд зүйлийн үнэлгээ /1хх-84-85, 89, 95-96, 104/, гэрч О.Эрдэнэсайханы өгсөн мэдүүлэг /1хх-64/, Б.Энхтөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-107-108, 109-110/, прокурорын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх-173/, прокурорын тогтоол /1хх-186/, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-187-188/, шүүгдэгч Э.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-189-190/, прокурорын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /2хх-34-35/, шүүгдэгч Э.Д ын ял шалгах хуудас /2хх-41/, шинээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Д нь Б.Энхтөртөй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар" караоке үйлчилгээний төвийн гадна байрлуулсан 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки свит” маркийн автомашины цонхыг хагалж, “Ленова” маркийн зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 150.000 төгрөг, 18 ам доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлан авч хохирогч Б.Баясгаланд 2.590.408 төгрөгийн, “Делл М-4010” маркийн зөөврийн компьютер, компьютерийн цүнх, гар утас, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Батболдод 665.000 төгрөгийн, цүнх, түрийвч, 170,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахлын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн хавтас, флаш, Жи-Мобайлын сим карт, зургийн аппарат, соёмбо архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Л.Эрдэнэбатад 1.281.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баясгалангийн өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн хурлын дарга Лхагвадорж, Өмнөдэлгэр сумын Иргэдийн хурлын дарга Д.Батболд, Норовлин сумын засаг даргын орлогч Л.Эрдэнэбат нарын хамт 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки Свифт” маркын автомашинтай Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирэх замд найз Өлзийсайхан утсаар яриад Д.Батболдын төрсөн өдрийг тэмдэглэхээр дуудсан. 10 дугаар хороололд Лхагвадоржийг буулгаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Сансар” караокед 01:30 минутанд ирсэн. Шөнийн 04 цагийн үед "Сансар" караокенээс гарч ирэхэд машины баруун хойд хаалганы том шил хагарсан байсан. Машины урд суудлын урд байсан Л.Эрдэнэбатын цүнх, хойд суудал дээр байсан Д.Батболдын цүнх алга болсон байсан. Мөн машины хойд суудлын ард байсан “Леново” маркийн нөүтбүүк, урд хайрцаг дотор байсан түрийвчтэй эд зүйлс, “Самсунг” брендийн зургийн аппарат, Д.Батболдын цүнхтэй нөүтбүүк, албаны бичиг баримтууд, Л.Эрдэнэбатын цүнхтэй бичиг баримтууд болон түрийвчтэй эд зүйлс алдагдсан. Миний алдагдсан 5938009478 дугаарын данснаас 1.050.000 төгрөг, Л.Эрдэнэбатын данснаас 750.000 төгрөг 06 цагийн гарсан. Бэлнээр 150.000 төгрөг, 18 ам доллар-35928 төгрөг, 60 юань-18480 төгрөг, данснаас 1.050.000 төгрөг нийт 2.805.500 төгрөгийг нэхэмжилж байна.” /1-хх-78-81/ гэх мэдүүлэг,

         Мөн түүний шүүхэд гаргасан хүсэлтэд: “…Б.Баясгалан миний бие хохирлын 1.185.000 төгрөг, Д.Батболдын 15.000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг ээжийн найз Энхмаагаас хүлээн авлаа. Э.Д аас нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй. Шүүх хуралдаанд суухгүй болно.” гэх хүсэлт, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батболдын өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн хурлын дарга Лхагвадорж, Өмнөдэлгэр сумын Иргэдийн хурлын дарга Д.Батболд, Норовлин сумын засаг даргын орлогч Л.Эрдэнэбат нарын хамт 19-80 ХЭҮ улсын дугаартай жижиг жип машинтай гарсан. Улаанбаатар хотод 4-нд шилжих шөнө 01:00 цагийн үед ирсэн. Шөнийн 04 цагийн үед караокенээс гараад харахад Б.Баясгалангийн машины баруун хойд талын хаалганы шилийг хагалсан байсан. Машины хойд талын суудал дээр байсан миний цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. Мөн багажинд байсан Б.Баясгалангийн цаасан хайрцагтай нөүтбүүк, Л.Эрдэнэбат ахын урд суудал дээр тавьсан байсан цүнхтэй бичиг баримт, урд хайрцагт байсан Б.Баясгалангийн түрийвч, Налайхаас авсан ууттай эд зүйлс алдагдсан байсан. Л.Эрдэнэбат ахын данснаас 719.000 төгрөг, Б.Баясгалангийн данснаас эхлээд 800.000 төгрөг, дараа нь 250.000 төгрөг авсан. 2014 оны 9 сард нөүтбүүкний хар цүнхээ 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг үнээр нь үнэлнэ. Жи-Мобайлын гар утасны цэнэглэгчээ 5000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан эд зүйлсээс би өөрийн

нөүбүүкээ хүлээн хүлээн авсан.” /1хх-87-88/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Эрдэнэбатын өгсөн: “…Би 2015 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Б.Баясгалан, Д.Батболд, Лхагвадорж нарын хамт Улаанбаатар хотод ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Д.Батболдын төрсөн өдөр байсан тул ирэх замд Д.Батболдын найз Өлзийсайхан залгаад баярын мэнд хүргээд цугтаа баярыг нь тэмдэглэхээр болсон. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх “Сансар” караокены гадна ирээд Б.Баясгалан өөрийн “19-80 ХЭҮ” дугаартай “Сузуки Свит” маркын машинаа байрлуулсан. Караоке хаах 04:00 цагийн үед гарахад Б.Баясгалангийн машины баруун хойд хаалганы цонхыг хагалсан байсан. Харахад урд суудал дээр байсан миний цүнхтэй эд зүйлс хойд суудлын дунд байсан Д.Батболдын цүнхтэй эд зүйл. Б.Баясгалангийн эд зүйлс байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр бүртгүүлж байхад Б.Баясгалангийн данснаас 1.050.000 төгрөг алдагдсан гэж утсанд мессеж ирсэн. Би өөрийн сим картаа Д.Батболдын утсанд хийхэд миний 5950014313 дугаарын данснаас карт ашиглаад 710.000 төгрөг авсан байсан.” /1хх-91-92, 93/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний шүүхэд гаргасан хүсэлтэд: “…Миний бие хохирлын 585.000 төгрөгийг Э.Д ын ээжийн найз Энхмаагаас хүлээн авлаа. Э.Д аас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй.” гэх хүсэлт, 

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэсайханы өгсөн: “…Би “Эрдэнэс” ломбарданд 2015 оны 8 сараас эхлэн ажиллаж байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Энхбат овогтой Дашням нь өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирээд “Леново” маркийн нөүтбүүкийг 250.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатайгаар 8 хувийн хүүтэй барьцаанд тавьсан. Би нөүтбүүкний өнгийг санахгүй байна. Манай ломбарданд ямар нэгэн хохирол байхгүй. Төлбөрөө хүүгийн хамт төлсөн.” 1хх-64/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Б.Энхтөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 3, 4 хороололд интернед суух, хоол идэх гэх мэтээр өдрийг өнгөрүүлсэн. Би охинтой хамт архи уусан. Нилээн согтуу байсан. Шөнө танил Э.Д ыг дуудсан. Тухайн үед такси барьж байхад Э.Д  Соната-5 маркын автомашинтайгаа явж байгаад таарсан. Тэгээд утсыг нь аваад “хэрэгтэй бол чам руу ярьж байя, чи хүрч ирээд авч байгаарай” гэсэн. Хэрэг үйлддэг өдрөө Э.Д тай уулзаад “би ийшээ тийшээ явах гэсэн юм, чи цуг яваад өг, газыг чинь өгөөд 100.000 төгрөг өгье” гэхэд Э.Д  зөвшөөрсөн. Э.Д ын машины тосны гэрэл ассан байсан. Тэгээд тос нэмэх гээд “Хил хамгаалах ерөнхий газар”-ын хойгуур явж байгаад “Магнай трейд” ШТС-ын хажуу талаар харанхуй гудамж руу оруулсан. Явж байгаад Э.Д ыг “зогсож бай” гэж хэлээд үлдээсэн. Би ШТС-аас хойшоо алхаж байхад холгүй газар 5 давхар байрны орц руу шахаж тавьсан байсан “Сузуки Свифт” маркын саарал өнгийн шороонд дарагдсан машин зогсож байхаар нь машины баруун хойд талын хаалганы цонхыг отверкаар хөшиж хагалж хулгай хийсэн. Тэгээд Э.Д тай ярьж байгаад очсон. Машин дотор хулгайлсан зүйлүүдээ үзэхэд цаасан хайрцаг дотор “Леново” маркын нөүтбүүк, хар цүнхэн дотор “Делл” маркын хэрэглэсэн нөүтбүүк, түрийвч байсан. 2 ширхэг түрийвч дотор бичиг баримтууд болон банкны картууд болон бэлэн мөнгө байсан. 100 айлын орчим явж байхдаа би картанд нь мөнгө байж магадгүй гэж бодсон. Замдаа би АТМ дээр буугаад машины дугаар болон утасны сим картны үүрэн дээрхи утасны дугаарын сүүлийн 4 орон зэргийг хийж үзэхэд болохгүй байсан. Э.Д  2 газар очоод төрсөн өдөр он сарыг хийгээд таарсан учир 2 картнаас 1.700.000 төгрөг авсан. Ингэж явж байгаад 05 цаг өнгөрсөн тул Э.Д ын гэрт очиж хоносон. Маргааш нь Э.Д  “гупер солих хэрэгтэй байна” гэхээр нь би мөнгө өгөөд “Өгөөмөр” захад очиж солиулсан. “Леново” маркын нөүтбүүкийг Э.Д ын бичиг баримтаар 21 дүгээр хороололд байдаг ломбарданд тавьсан. Энэ мөнгөнөөс Э.Д ын машинд газ хийж өгөөд 50.000 төгрөг өгсөн.”/1хх-107-108, 109-111/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Э.Д ын яллагдагчаар өгсөн: “…2 картнаас нийт 1.700.000 төгрөг авсан. Инэд явж байгаад 05:00 цаг өнгөрч байсан. Тэгээд манай гэрт очиж хоносон. Гэрт унтаад өдөр 12:00 цагийн үед боссон. Би Б.Энхтөрд “машиныхаа юмыг солих хэрэгтэй байна” гээд цугтаа “Өгөөмөр” зах дээр очиж машинхаа гупер, доод эд ангийг шинээр авч сольсон. Тэр өдрөө хоол идээд, архи, пиво уугаад маргааш нь хоол унд идээд мөнгө дууссан. Мөнгө дууссаны дараа “Делл” маркын нөүтбүүкийг 1 дүгээр хороололд байдаг таньдаг залууд 100.000 төгрөгөөр зарсан. 4-5 хоногийн дараа “Леново” маркын нөүтбүүкийг 21 дүгээр хороололд байдаг ломбарданд 250.000 төгрөгөөр өөрийн нэрээр тавьсан.” /1хх-115-117/ гэх мэдүүлэг, 

 

           -Хэрэг учралтын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-18/,

           -Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-46, 50/,

           -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-47, 52, 54/,

           -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-44, 48, 53/,

           -Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-58/,

           -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1хх-59-60/,

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-61-63/,

           -Банкны депозит дансны хуулга /1хх-82, 94/,

           -Эд зүйлийн үнэлгээ /1хх-84-85, 89, 95-96, 104/, 

           -Шүүгдэгч Э.Д ын ял шалгах хуудас /2хх-41/ ял шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Д 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт эмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга  хүндэрсэн байх тул прокуророорс шүүгдэгч Э.Д ыг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д ын гаргасан: “…Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй байсан. Б.Энхтөр бууж яваад эргэж ирэхдээ цүнхтэй юм барьж ирээд “хөдлөе” гэхээр нь явсан. Тэгээд АТМ дээр очиж карт уншуулаад “болохгүй байна, чи уншуулаад өг” гэж Б.Энхтөр хэлэхээр нь би уншуулж өгсөн. Тэгээд сүүлд нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн.” гэх тайлбар гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад хэрэгт авагдсан гэрч О.Эрдэнэсайханы өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Энхбат овогтой Дашням нь өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирээд “Леново” маркийн нөүтбүүкийг 250.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатайгаар 8 хувийн хүүтэй барьцаанд тавьсан. Би нөүтбүүкний өнгийг санахгүй байна. Манай ломбарданд ямар нэгэн хохирол байхгүй. Төлбөрөө хүүгийн хамт төлсөн.” /1хх-64/ гэх мэдүүлэг, Б.Энхтөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Хэрэг үйлддэг өдрөө Э.Д тай уулзаад “би ийшээ тийшээ явах гэсэн юм, чи цуг яваад өг, газыг чинь өгөөд 100.000 төгрөг өгье” гэхэд Э.Д  зөвшөөрсөн. Э.Д ын машины тосны гэрэл ассан байсан. Тэгээд тос нэмэх гээд “Хил хамгаалах ерөнхий газар”-ын хойгуур явж байгаад “Магнай трейд” ШТС-ын хажуу талаар харанхуй гудамж руу оруулсан. Явж байгаад Э.Д ыг “зогсож бай” гэж хэлээд үлдээсэн. Би ШТС-аас хойшоо алхаж байхад холгүй газар 5 давхар байрны орц руу шахаж тавьсан байсан “Сузуки Свифт” маркын саарал өнгийн шороонд дарагдсан машин зогсож байхаар нь машины баруун хойд талын хаалганы цонхыг отверкаар хөшиж хагалж хулгай хийсэн. Тэгээд Э.Д тай ярьж байгаад очсон. Машин дотор хулгайлсан зүйлүүдээ үзэхэд цаасан хайрцаг дотор “Леново” маркын нөүтбүүк, хар цүнхэн дотор “Делл” маркын хэрэглэсэн нөүтбүүк, түрийвч байсан. 2 ширхэг түрийвч дотор бичиг баримтууд болон банкны картууд болон бэлэн мөнгө байсан. 100 айлын орчим явж байхдаа би картанд нь мөнгө байж магадгүй гэж бодсон. Замдаа би АТМ дээр буугаад машины дугаар болон утасны сим картны үүрэн дээрхи утасны дугаарын сүүлийн 4 орон зэргийг хийж үзэхэд болохгүй байсан. Э.Д  2 газар очоод төрсөн өдөр он сарыг хийгээд таарсан учир 2 картнаас 1.700.000 төгрөг авсан. Ингэж явж байгаад 05 цаг өнгөрсөн тул Э.Д ын гэрт очиж хоносон. Маргааш нь Э.Д  “гупер солих хэрэгтэй байна” гэхээр нь би мөнгө өгөөд “Өгөөмөр” захад очиж солиулсан. “Леново” маркын нөүтбүүкийг Э.Д ын бичиг баримтаар 21 дүгээр хороололд байдаг ломбарданд тавьсан. Энэ мөнгөнөөс Э.Д ын машинд газ хийж өгөөд 50.000 төгрөг өгсөн.”/1хх-107-108, 109-111/ гэх мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоол болон мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, нарын мэдүүлгүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн  гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Миний үйлчлүүлэгчийг Б.Энхтөртөй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж буруутгаж байгаа. Э.Д ын өөрийнх нь мэдүүлэг үндэслэж түүнийг хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж буруутгаж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д заасан “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдсан байвал яллах үндэслэл болно” гэж заажээ. Шинэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэжээ. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг Б.Энхтөртөй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж буруутгаж байгаа нь буруу гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 2015 оны эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.2-д заасан гэм буруугийн зарчим байгаа. Энэ хуулийн хэрэглэх явцад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр шүүх хуралдаанд Э.Д  нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн мөртлөө цааш ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас прокуроросс Э.Д ыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэсэн зүйл ангиар зүйлчлэх боломжтой гэж тайлбар гаргах боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө,  эд зүйлсээ бусдад борлуулах, хадгалуулахаар өгөхөд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсэн байж санаатай авсан, хадгалсан, борлуулсан идэвхитэй үйлдэл байхыг шаарддаг.

 

Харин хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс тооцох тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй прокуророос шүүгдэгч Э.Д ыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

        Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Д ын Б.Энхтөртөй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар" караоке үйлчилгээний төвийн гадна байрлуулсан 19-80 ХЭҮ улсын дугаартай “Сузуки свит” маркийн автомашины цонхыг хагалж, “Ленова” маркийн зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 150.000 төгрөг, 18 ам доллар, 60 юань, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлан авч хохирогч Б.Баясгаланд 2.590.408 төгрөгийн, “Делл М-4010” маркийн зөөврийн компьютер, компьютерийн цүнх, гар утас, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Батболдод 665.000 төгрөгийн, цүнх, түрийвч, 170,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахлын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгийн хавтас, флаш, Жи-Мобайлын сим карт, зургийн аппарат, соёмбо архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Л.Эрдэнэбатад 1.281.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж буй нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Д  нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнээс гадна ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б Э.Д д ял шийтгэл оногдуулахад тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг тогтоов.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба шүүгдэгч Э.Д  нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн энэ хэрэгтээ ялладагчаар цагдан хоригдсон ба нийт 88 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Э н Д ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Э.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Д д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 21-ний өдрийн 53 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Д ын цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ                            Э.ЧИНГИС

ШҮҮГЧ