Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/53

 

 

 

 

 

 

  2025        09          10                                              2025/ДШМ/53

 

 

                                              Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Шүүгдэгч                                                     Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Д

Хохирогч                                                       Б.Г

            Нарийн бичгийн дарга                             Н.Бямбахишиг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Д.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-н Г, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн     сумын    багийн     тоот гэртээ хохирогч Б.Гтай “чи миний аавыг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэн, хэвлий хэсэгт нь цохиж, хутга хэрэглэн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийн цус алдалт тогтоох, хэвлийг угаах, дэлүү авах мэс заслын дараах байдал, цус алдалтын дараах цус багадалтын шок, зүүн гуяны гадна босоо булчингийн бүрэн тасрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Гаас 10.000.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн цагаан шар оруулгатай ажлын куртик 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх  ... шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 ”тохиолдлын шинжтэй нөхцөл, байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн”, 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзнэ. ... шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол түүний үйлдэлтэй хамааралгүй гэж, гэм буруугаа эс зөвшөөрч мэдүүлэг өгч байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ гэж шүүх хэтэрхий нэг талыг буюу яллах байр суурийг барьсан нь Эрүүгийн хуулийн 1.2-д заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил ... учруулсан хохирол нөхөн төлсөн бол ... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна ... гэсний дагуу ялын доод хэмжээ 5 жилийн гуравны хоёр болох 3 жил 4 сар хорих ял оногдуулж, багасгаж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тайлбартаа: ... Ялыг минь багасгаж өгөөч гэж гуйж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Г тайлбартаа: ... Ялаас нь багасгаж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ        аймгийн          сумын          багийн        тоотод байрлах гэртээ хохирогч Б.Гтай “...миний аавыг доромжиллоо...” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь цохиж, зүүн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Г, гэрч Э.Н, Б.М, Б.Б нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Д нар “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь: Хохирогч Б.Гын учирсан “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /1800 мл/ ... нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь тогтоогдсон /1 дүгээр хх 234/ байх ба

 

шинжээч Э.Б-н “ ... 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэвлийн эхо болон хэвлийн тоймд хэвлийд тодорхойлогдох сул шингэнгүй байсан ба дээрх шингэн нь нэмэгдэхийн хирээр багажийн шинжилгээ болон мэс заслын үед мэдэгдэж болно. Мэс заслын үед дэлүү болон нойр булчирхайнаас идэвхитэй цус шүүрч язарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 238/ болон шинжээчийн 1033 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн болохыг давхар нотолж байна.

 

Мөн гэрч Б.М, шүүгдэгч Б.Г нарын мэдүүлгээс дүгнэвэл хэрэг учрал болохоос өмнө хохирогчийн биед учирсан гэмтэлгүй, ямар нэгэн зовиургүй байсан нь тогтоогддог.

 

Өөрөөр хэлбэл, тухайн үйл баримт болсон цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүү задрал, нойр булчирхайн язрал ... зэрэг хүнд хохирол учирсан нь нотлогдсон атал мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “ ... би булчингийн гэмтлийг учруулсан, би зодоогүй болохоор мэдэхгүй ... ” гэсэн байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 10.000.000 төгрөг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, хохирогч Б.Г нь гомдол, саналгүй гэсэн тайлбар гаргаж байх боловч

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэх үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан хэрэглэхээр шүүхэд эрх олгосон зохицуулалт ба шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан ба 

 

анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял / 5-12 жил /-ын доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд 10.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ